Путин ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоо зарлалаа

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2018 оны гуравдугаар сард явагдах төрийн тэргүүний ээлжит сонгуульд өрсөлдөхөө зарласан явдал тус орны улстөрийн гол мэдээлэл болж байна. Тэрээр Доод Новгород хотноо ГАЗ үйлдвэрт айлчлах үедээ энэ тухайгаа мэдэгдсэн аж.

Ерөнхийлөгч тус домогт үйлдвэрийн 85 жилийн ойг тохиолдуулан үе үеийн ажилтан, албан хаагчдад мэндчилгээ дэвшүүлэхээр хүрэлцэн ирсэн бөгөөд автомашины энэхүү үйлдвэр бол зөвхөн бахархмаар түүх төдий бус, алс хэтийн гэрэл гэгээтэй ирээдүйг илтгэж байна хэмээн онцлон тэмдэглэсэн байна.

ГАЗ үйлдвэр дээр болсон баярын цуглаанд оролцогчдын нэг нь ирэх онд болох ерөнхийлөгчийн сонгуульд Владимир Путин оролцох эсэх тухай түүнээс шууд асуусан тул ийнхүү хариултаа хэлсэн бололтой.

Автомашины домогт үйлдвэр ГАЗ оршин тогтносон 85 жилийн хугацаанд автомашины 350 загварыг гаргаж байсан аж. Тэмдэглэлт ойд нь мэндчилгээ дэвшүүлэхдээ Владимир Путин: “Баярлалаа. Маш их баярлалаа. Эрхэм нөхөд өө, өнөөдөр та бүхэнтэй хамт байж энэ сайхан тэмдэглэлт баярыг тэмдэглэж байгаа явдал ихэд таатай санагдаж байна. Оросын агуу Волга мөрний эрэг дээр энэхүү том үйлдвэрийг барьж байгуулсан явдал тухайн үедээ маш зөв зүйтэй шийдвэр байсан гэж болно. Учир нь, энд авьяас чадвартай, хүсэл зорилготой, эх оронч, эрч хүчтэй хүмүүс ажиллаж амьдардаг” хэмээн онцгойлон дурдсан аж. 

 

Д.Мигаа


Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )