НҮБ-ын хоригийг биелүүлж хойд Солонгосын ажилчдыг нутаг буцаана

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 07

БНАСАУ цөмийн пуужин турших нь нэмэгдэхийн хэрээр АНУ, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс хориг чангатгаж, БНСУ, Японы Засгийн газраас  хойд Солонгосыг  буруутгадаг. БНХАУ-д нүүрс экспортлохыг хориглосон нь Монгол Улсад ашигтайгаар туссан, эдийн засагт зохих хэмжээний дэмжлэг болсон гэж үздэг эдийн засагчид ч бий. Манай улсын төсвийн орлогод нүүрс, зэсийн үнийн өсөлт нөлөөлсөн нь үнэн юм.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс хойд Солонгосоос хямд өртгөөр ажиллах хүчин авдаг орнуудыг ажилтан авахыг хориглож байгаа. Энэ долоо хоногт Тус байгууллагын Аюулгүйн зөвлөл зургаан төрлийн заалттай хориг баталсан. Газрын тосны импортыг зогсоох. Эл хориг БНХАУ, ОХУ-д нэлээд хамааралтай. Мөн нэхмэл бүтээгдэхүүний экспортыг хориглох, Хойд Солонгосоос хилийн чанадад ажиллах хүч гаргадаг байдлыг олон улсын хэмжээнд зогсоохоор болж байгаа нь Монгол Улсад ч хамааралтай юм.  Манай улс олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд НҮБ-аас хориг арга хэмжээнд оруулах магадлалтай гэнэ. ХҮЭК-оос Монгол Улс хүний эрхийн зөрчил, хөдөлмөрийн мөлжлөгийг  хөхиүлэн дэмжиж болохгүй гэсэн байдлаар хандсан.  ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж “НҮБ-аас нэгэнт шаардлага тавьж байгаа тохиолдолд биелүүлэхээс өөр гарцгүй. Манайх олон улсын  хүний хөдөлмөрийн мөлжлөгийг хориглох, боолын хөдөлмөрийг хориглох тухай гэрээ конвенцуудад нэгдсэн гэх байр  суурь илэрхийлжээ.

Монгол Улс хөдөлмөрлөх эрхийг баталгаажуулсан Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын суурь найман конвенцийг соёрхон баталж, дагаж мөрдөх үүргийг олон улсын өмнө хүлээсэн байдаг. Энэ талаар  Хүний эрхийн Үндэсний Комисс Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагатай хамтран 2017оны 12 дугаар сарын 06-ны өдөр "Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл болон хувийн хэвшил дэх хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт” зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах үеэр  яригдсан юм.

Манай улсын хувийн хэвшлийн компаниуд хойд Солонгосоос ажиллах хүч голчлон авдаг аж. Засгийн газар хоригийг хүлээн авсан тохиолдолд БНАСАУ-аас хямд ажиллах хүч авах боломж хаагдах бололтой. Монгол Улсад 2013 оны үед хойд Солонгосын 2123 иргэн хөдөлмөр эрхэлж байсан бол жил ирэх тутам буурсаар өдгөө 1190 ажилтан үлдсэн гэх албан бус мэдээлэл бий. НҮБ-ын хоригийг биелүүлсэн тохиолдолд эдгээр ажилтны гэрээг сунгахгүй гэсэн үг юм. Хойд Солонгосын иргэд ОХУ, БНХАУ, Африк, Ойрхи Дорнодын улс орнуудад хамгийн хямд ажиллах хүч болдог. Хүнд нөхцөлд хоногт 14-16 цаг ажиллаж, сард 1-2 өдрийн амралттай 300-1000 ам.долларын цалин авдаг гэдэг. Үүгээр зогсохгүй Хойд Солонгосын удирдлага хилийн чанадад ажиллах хүчээр илгээсэн ажилтнуудынхаа цалингийн 70-90 хувийг төрд авдаг гэнэ. Ийнхүү ирэх жилээс хойд Солонгосоос хямд ажиллах хүч авах байдал төгсгөл болох бололтой. Манай улсын иргэд ажлын байргүйн улмаас Өмнөд Солонгост олон мянгаараа очиж ажилладаг. Хойд Солонгосын 1200 гаруй иргэнийг нутаг  буцааснаар монголчууд ажлын байранд нь очиж ажиллах уу. Бага цалинтай учраас голох уу.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top