Эфиопын тэрбумтан охиноо чулуугаар цохиж алаагүй

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 07

Эфиопын тэрбумтан өөрийг нь охиноо чулуугаар цохиж алсан гэж гүтгэсэн онлайн сонинтой шүүхдэж ялалт байгуулж, 175 000 еврогийн нөхөн төлбөр авахаар болжээ. Эфиопод төрсөн ч эдүгээ Их Британи, Саудын Арабт амьдардаг Мохаммед Хуссейн Аль Амуди хэмээх тэр эрийг нутгийнх нь сонинууд байнга өөлж бичдэг юм байна. Харин нэг сайтад хэтрүүлснээр ийнхүү тэрбумтан эрд 175 000 евро төлөх болсон байна. Сайтад “Н.Амуди нь Сара хэмээх охиноо 13 настай байхад нь Саудын Арабын хааны гэр бүлийн гишүүнд жишим ч үгүй худалдсан. Хайртай хүнийг нь Иракт хөнөөсөн. Улмаар охин нь эцэгтэйгээ уулзахаар Лондонд оргож ирснийг үл зөвшөөрөн Саудын Арабт чулуугаар цохиж хөнөөсөн” гэсэн мэдээлэл тавигдсан байсан юм. Ноён Аль Амуди шүүгчид мэдээллийг уншаад шооконд орсон хийгээд нэг хүү долоон охинтой, бүгдтэй нь сайн харилцаатай, Сара охин нь нөхөрт гараагүй болохыг хэлжээ. Харин хариуцагч сайтын ерөнхий редактор Элиас Кифл нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн байна. Амуди нь нэгэн үе хамгийн баян хар арьст хүнээр нэрлэгдэж байсан бөгөөд дэлхийн хамгийн баян 50 хүний нэг болж байсан юм. Түүнийг нутгийн хэвлэлүүд нь “Аль Каида”-г санхүүжүүлдэг гэх мэтээр гоочилоход дуугүй байдаг байсан ч гэр бүлээр нь “оролдохыг” тэвчилгүй Их Британийн Шүүхэд гомдол гаргасан нь энэ аж.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top