Эрэгтэйчүүдийн клубийн ДАШТ-ий сугалаа боллоо

2017 оны 12 сарын 08

 

өлөөт бөхийн эрэгтэйчүүдийн клубийн ДАШТ маргааш Ираны нийслэл Тегеран хотын “Азади” спорт цогцолборт эхэлнэ. Дөрөв дэх удаагийн тэмцээнд Иран, Монгол, АНУ, Гүрж, Казахстан, Канад, Унгар, Болгар, Киргизстан, Энэтхэг, Тажикистан гэсэн 11 орны 13 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөх юм. Энэ удаагийн тэмцээнд үндэсний шигшээ болон залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Буянжавын Батзоригийн удирдлага дор Монголын залуучуудын шигшээ баг оролцож байгаа.

Энэ сарын 06-нд тэмцээний сугалаа болж, манай залуус “В” хэсэгт Тажикистаны “Тажик Эйр”, Унгарын “Будапешт” клубтэй багтав. Харин “А” хэсэгт олимп, дэлхийн аварга Кайл Снайдер тэргүүтэй өнгөрсөн жилийн клубийн дэлхийн аварга АНУ-ын “Титан Меркури”, Канадын “Монреаль”, Энэтхэг, Болгар, “С” хэсэгт олимп, дэлхийн аварга Абдулрашид Садулаев, “Рио-2016” олимпийн мөнгө, 2015 оны ДАШТ-ий хүрэл медальт Аниуар Гедуев, ДАШТ-ий алт, мөнгөн медальт Хетик Цаболов, олимпийн наадмын мөнгө, хүрэл медальт Комейл Гасеми, ДАШТ-ий медальт Масуд Эсмаэльпур, Сейед Ахмад Мохаммади тэргүүтэй 2014, 2015 оны клубийн дэлхийн аварга нутгийн “Бимех Рази”, дэлхийн гурван удаагийн аварга Гажи Алиев, 2015 оны дэлхийн аварга Магомедрасул Газимагомедов, 2016 оны дэлхийн аварга Магомед Курбаналиев нарын бүрэлдэхүүнтэй “Сетареган Сари”, Казахстан, “D” хэсэгт олимп, ДАШТ-ий алт, мөнгөн медальт Владимир Хинчегашвили, 2017 оны дэлхийн аварга Гено Петриашвили гэсэн гүрж эрчүүдийг эгнээндээ нэгтгэсэн Ираны “Изи Пайп Кашан”, Гүржийн “Ранди”, Киргизстаны “Кылечик” клубүүд багтлаа.

Манай улсаас 57 кг-д Ц.Цогбадрах, 61 кг-д Б.Баасанням, 65 кг-д Т.Тулга, 70 кг-д Л.Батбаяр, 74 кг-д Б.Батсүх, 79 кг-д Г.Төрболд, 86 кг-д Г.Ганхуяг, 92 кг-д Б.Зоригтбаатар, 97 кг-д Т.Мөнгөншагай, 125 кг-д М.Лхагвагэрэл, О.Мөнх-Эрдэнэ нар клубийн ДАШТ-д зодоглоно.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top