Сэтгэлдээ хүлхэх шар тос /аян замын тэмдэглэл/

2017 оны 12 сарын 08

 

Тэнгэрийн уудам, газрын савслагаар ес хоногт долоон удаа нисэж, бууж яваад ирлээ. Орон дэлхийг хэрэн зорчиж,зорччихсон хүнд бол “ үдийн будаа “-ны дайны юм байх. Надад авч хэлвэл” үзээгүйгээ үзэж,үхэр цамаа харайлаа” –л гэсэн үг. Өнгөрөгч 11-р сарын 20-29-ний өдрүүдэд БНХАУ-д болсон Хятад-Монголын хэвлэл-мэдээллийн форумд оролцож, сурвалжлах ажлаар явав.

МСНЭ-ийн Ерөнхийлөгч,СГЗ Б.Галаарид, мөн эвлэлийн ЕНБД С.Алтанцэцэг нарын ахалсан төвийн хэвлэл мэдээллийн нэг үгээр ТҮ,сонин,сэтгүүл,сайтын удирдах ажилтан 30-аад хүний бүрэлдэхүүнтэй лут чадварлаг менежерүүдийн багт орон нутгийн төлөөлөл болж оролцсон маань насны завшаан гэхээс өөр хэлэх үг алга. Энэхүү уламжлал болж байгаа форумыг хоёр улсад ээлжлэн явуулж эхэлсэнээс хойш найм дахь нь энэ. Дараагийнх нь ирэх жил манай улсад болно.

Улсынхаа нийслэл-Чингис хаан ОУ-ын нисэх онгоцны буудлаас нутаг усныхаа агаарын хөлгөөр ӨМӨЗОрны Хөххотод буулаа. Биднийг ӨМӨЗОрны Ардын Засгийн газрын ХМА-ны гадаад суртал ухуулгын газрын дарга,орчуулагч Үндэсбат, мөн албаны гадаад харилцааны газрын дарга,орчуулагч Баянжаргал нар хүлээж аваад буцан, буцтал хамтдаа ажилласан юм. Нас үе тэнгийн тэд хоёул Жирэм аймгийнх, харин хошуу алс нутагладаг улс. Эндээсээ Хянган аймгийн Рашаан хот хүрэхээр нислээ. Форум болох газар. Буугаад автобусаар  лавтай гурав дөрвөн саахалтын зам туулж тус хотын Хайшэнь халуун рашааны зочид буудалд байрлалаа.

Улаанбаатараас нисэх зам зуур Төв аймгийн Сэргэлэн суманд байгуулж буй Майдар бурхны цогцолбор хэсэг явсны дараахан гэнэ сэрэггүй цонхоор шагайтал миний төрсөн нутаг Чойрын  Найрамдал хотхон,15-р байр маань уурын зуух үгүй ээ, ер буугаад мордом ойрхон харагдаж байх нь тэр. Цагаан, Улаан усны баруун толгод дээгүүр явж байгаа хэрэг. Урагшлаад Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ил уурхайн мөрөгцөг, нуур, Шивээговь сум, Ар, Энгэр шанд Хан Баянзүрх хайрхан. Тэгсгээд улсын өмнөд хил шувтарч өндөр,өндөр сархиаг, толгод болох л газар болгон нь тариан талбай ирийж, жирийгээд. Зарим газраа уул, овооныхоо оройг тэгшлээд хагалчихаж. Хар, бараан цасны жүд ч үгүй, ёстой нүдний гэм. Харин Хөх хотоос Рашаан дөхөх тусам цаагуураа жихүүн, жавартай байгаа нь мэдэгдэж байсан. Арга ч үгүй байж, том, том ширхэгтэй цасан лавсаж, явган шуурга буух талбайгаар “ гүйж “байлаа.

Цөөн тооны азарга адуу уулыг арлан бэлчээрлэж байгаа нь нэг л дулаахан, дотно харагдсан гээч. Нэг цагт алх, сүх, жоотуу,царил юу байдгаа бариад мод бүрийг толгой дараалан хядсаны уршгаар тонгоргоор хусуулсан мэт шалдан үлдсэн уул хайрхадаа аргадахдаа төрөөс бодлогоор дэмжиж хүний гараар, хүч хөрөнгө хаяж баймааж битүү ногоон ойн бүс болгож амжжээ. Хүний олноор гэвэл өрөөсгөл л юм. Сэтгэл, зөв зохион байгуулалт, халуун рашаан түшиглэсэн аялал, жуулчлалын хот байгуулж байж ой мод, ус голоо сэргээхгүй бол хэн очих аж.

Манай улсын Дорнод аймагтай бөөрөөрөө нийлсэн хилтэй хот юм билээ.Буудалдаа зүг чигээ олчихоод, оройн гүнцэг барьчихангуут шөнийн Хайшэний цас бударсан гудамжаар алхацгааж,хээрийн цэнгэг агаарыг цээж дүүртэл амьсгалах юутай сайхан байв аа. Барилга байшин нь эртний орос хэв загварынх,яг л Манжууртай төстөй. Анхнаасаа рашаанчдын хөл хөс, аялал жуулчлалын хот болгох бүс нутгийн чиглэлээр хөгжүүлэх бодлого барьсан нь харахад илт. Гудам,талбай,зам зөрөг, барилгын байрлал аливааг хот төлөвлөлттөй уялдуулж их шавааралдуулалгүй бас иргэний орон сууц байхгүй болов уу гэх сэтгэгдэл төрж байлаа.

22-ны өглөө эхэлсэн Хятад-Монголын хэвлэл-мэдээллийн ҮШ форумыг нээж  ХКН-ын ӨМӨЗОрны хорооны байнгын хорооны гишүүн,суртал ухуулгын хэлтсийн дарга Бай Юйган, МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид нар харилцан үг хэлсний дараа н.Галаарид Монгол Улсын Ерөнхий сайдын мэндчилгээг уншин гардууллаа. Хоёр улсын хэвлэл мэдээллийн зарим байгууллагууд хамтын ажиллагааны төсөлд гарын үсэг зурж, дурсгалын зураг татуулаад ёслолын хэсэг өндөрлөв. Зочид буудлаас ангид томоохон танхимд үргэлжилсэн форумын эхэнд тус бүр нэжгээд үндсэн илтгэлийг “Ажил хэрэгч хамтын ажиллагаанд мөр зэрэгцэн урагш ахицгаая. Иргэд хоорондын ойлголцолд хэвлэл-мэдээллийн хэрэгсэлүүдийн гүүрийг тавилцая” , “Хоёр орны найрамдал хамтын ажиллагааны өчигдөр,өнөөдөр.Хэвлэл мэдээллийн үүрэг,оролцоо “сэдвээр тавьсан бол зохион байгуулагч талын “Ардын өдрийн сонин”-ы гадаадтай харилцах газрын дэд дарга Шюй Бө, “Шиньхуа” агентлагийн орос хэлний редакцийн дарга Дан Дэчи, ОУ-ын радиогийн монгол хэлний хэлтсийн дарга Гэрэлт, Өвөр монголын “Өдрийн сонин”-ы дэд ерөнхий редактор Ялалт, Өвөр монголын РТВ-ийн ерөнхий редактор Жан Шинмао ,зочин талаас МСНЭ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга С.Алтанцэцэг, МСНЭ-ийн УЗ-ийн гишүүн, МҮОНР-гийн захирал Б.Баярсайхан,”Зууны мэдээ” сонины орлогч эрхлэгч Б.Төмөртогоо, Монголын Сайтын Холбооны хууль,мэргэжлийн ёс зүй хариуцсан дэд ерөнхийлөгч Б.Цоожчулуунцэцэг нар ерөнхий агуулгад багтсан энгийн илтгэлүүдийг сонсголоо. Илтгэл гээч уулаасаа албаны хийцтэй,үг,өгүүлбэр,тоо баримт,ишлэл,энэ тэр тогтсон хэв маягтай байдаг хойно. Хөндлөнгийн хүн бол залхмаар, эвшээж суниах ч энүүхэнд. Хэвлэл-мэдээллийн салбарынхны хувьд ч хужир мараа л гэсэн үг.

Илтгэлийн сэдэв, дотно түнш,сэтгэлийг мэдэгч найз бололцох, арга барилын талаар шинийг санаачлах, маш том “соронзон нөлөөлөл”-ийг төлөвшүүлэх, Бүс ба замын ОУ-ын хамтын ажиллагааг ахиулах, дэлхийн хөгжил их өөрчлөлт, их зохицуулалтын үед оршиж буй цаг дор олон туйлчлах,эдийн засгийн даяарчлах, нийгмийн мэдээлэлжих, соёлын олон янзаар гүнзгийрэн хөгжихөд анхаарах, хамтаар сонгодог брэндийг бий болгож, хамтаар цогцолбор түвшингээ дээшлүүлж, хамтаар эдэлж  мөн хамтаар хожиж,хамтаар цэцэглэн хөгжихийг уриалж тунхагласны гадна “Айраг удах тусмаа амттай,нөхөр найзлах тусмаа итгэлтэй” болдогийг цохон дурдаж байлаа, зохион байгуулагчдын нэг тал ӨМӨЗОрны Ардын Засгийн газрын хэвлэл”мэдээллийн албаны илтгэгчид. Харин манай МҮОНР-гийн захирал Бидэрийн Баярсайханы илтгэл чихэнд наалдаж,анхааралд өртөм болсон шиг. Нэр нь “Гүүр“. Ясны найрагч хүн болоод ч тэр үү, жишээ, яриа нь энгийн хүүрнэлтэй, амьдлаг, авсаархан атлаа авууштай тийм нэг хөөрхөөн бүтэц, тогтоцтой. Ер нь дүндээ, хоёр орны ард түмнүүдийг зөв, бодит мэдээллээр хангах, харилцан итгэлцэл, ойлголцлыг төрүүлэхэд хэвлэл-мэдээллийнхэн хамтран ажиллах эрх ашгийн сонирхол нэгтэй байх дээр зангидагдсан гэхэд болно.

Маргаашнаас нь буюу 23-ны өдрөөс эхлээд хөтөлбөрийн дагуу очсон газар, үзэж танилцсан үйл явдлынхаа талаар сурвалжлах уран бүтээл туурвилын аян эхлэх нь тэр. Хамгийн эхлээд Рашаан хотыг туучиж өнгөрөөд мөсөн гол, ойт уулсыг хэжин 30-аад км явсны ар дээр ОУ-ын зэрэглэлийн байгалийн цогцолбор, ЮНЕСКО-гийн соёлын өвийн таван А-тай газар зүйн хүрээлэнгээр дайрч хасах 35 хэмд хөлддөггүй уур цан болсон халуун гол дээр очлоо. Халх гол эх авдаг энэ голоо өөрсдөө”Бүдүүн гол”гэлцэх юм. Энэ хавьд долоон галт уул дэлбэрч задарсаны ул мөр тод харагдаж үзэгдэнэ. Хүчит техникээр газар, зам засч тэгшлэхээр зориуд түрсэн юм шиг энд,тэндгүй үхэр чулууд. Бүгд халсан, хайлсан, урссан, ууршсан оромтой. Тэр аюумшгийн цагт хэд, хичнээн амьд “амьдрал” амь тэмцэн сүйдээ бол гэхээс айдас, хүйдэс, жихүүдэс.

Далайн түвшнээс дээш 1323 м-т өргөгдсөн дэлбэрэлтийн улмаас үүссэн тогоонд тогтсон нуураа “Тэнгэрийн нуур “хэмээн дээдэлдэг ажээ. Нам дор газар байх “Газрын нуур”-аа бүтэн бүслүүрдэж шинэхэн модон гүүрээр хүрээлсэн нь орчны бохирдол, талхлалтаас сэргийлсэн манай аялал,жуулчлал эрхлэгчид,рашаан сувиллын байгууллагынханд санаа авах ажил санагдлаа. Урин дулаан цагтсан бол хачин сайхан орчин байх биз. Дэлхий даяарт алга дарам эрүүл газрын өрсөлдөөн, санаж эрж,бүтээж,босгосон цаг болсон хойно доо. Өвлийн эхэн сар дундалж байхад цан хүүрэг лавссан голоос үхэр мал нь тааваараа ус ууж зогсохыг харах басхүү нэгэн сонин.

Эндээсээ шууд Рашаан хот руу буцаж Өвөр Монголчуудын үндэсний бахархал, магтуу болсон Улаанхүү даргын төрсөн газар түүний нэрээр алдаршсан Улаанхотод бууж Чингисийн сүм үзэж сонирхлоо. Галлагаагүй сүрхий жихүүцэвч “Бидний дээд өвөг,дэлхийн мянганы хүн байгаа шүү” гэх хүндэтгэлт өег сэтгэлээр урт, урт хадгийг гар дамнуулан зогсож мөргөөд бас болоогүй ээ, их Эзнийхээ хатуу идээгээр сэржим өргөлөө. Тоогоо алдсан олон орон дэлхийгээр ч явсан биш дээ. Харьцуулж сүйдэх юм алга. Хийц, байц, хөрөнгө, зоорь зориулж, зарцуулжээ, зарцуулж.Танхимын хоймрыг эзлэн, эзэгнэн томоо алтан шармал Чингис хаан. Өвч бүрэн хувцастай, зэр зэвсгээ агссан дөрвөн баатрынх нь баримал ... үүх, түүх.

Улаанхотын гэрэл сүлжсэн шөнийн гудамжаар давхиж, давхиж 150,0 сая ам.долларын өртгөөр барьж байгуулсан соёлын ордноор нь орлоо. Манай хошин урлагийнхны хэлээр “ Тэр нуруу, туруу...”гэдэг шиг гэрлийн бүрхүүл, зураг чимэглэл гэж чухам л хуар юмаа. 300-400 хүний багтаамжтай кино үзвэрийн танхим хаа сайгүй монгол үндэсний хээгээр чимэглэсэн нь бахархам, сүрдэм, мэлрэм.  1 сая 600,0 мянган хүн амтай хотын өнөөгийн эрэлтэд өлхөн нийцэхээр тооцож, тохижуулж тоноглосон дуу бичлэгийн студэд зочилж, Сүхбаатар нутгийн авьяаслаг гурван уран бүтээлч С.Амартайван, С.Батсайхан, С.Осгонбаяр нарын хамтын бүтээл “Мандах нарны нутаг”-аа дуулж аяны замд алжаасан багийнхаа нөхдөө баясгасан зургаа нийтлүүлэхээр илгээв.

Шөнийн нислэгийн цаг оройтож 02 цагийн үед Бээжингийн Жинлүнь буудалд байрлалаа. Олон удаа очсон хүмүүс андахгүй биз. Хонконгийн захтай хаяа залгаа байрлалтайг нь дахин байрлахдаа мэдсэн, өглөө нь БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн хөгжил судлалын төвийн байранд очиж тус байгууллагын хүмүүстэй харилцан ярилцсан нь хоёр талын сонирхолд нийцсэн шиг санагдсан. Хятадын өнөөгийн удирдагч 10 гаруй жил ажиллаж байсан, 8 сая хүн амтай Фүжеү хотыг зорилоо. Тэнд Жиндүнфан төсөл, сүлжээний РТҮ, гурван цамхаг, долоон гудамжны байдлыг сурвалжлангуутаа хурдан галт тэрэгний буудлаас D 3304-д сууж эртний түүх, соёл дурсгалт Тайнин хот руу хоёр цаг гаруйхан явж очлоо.

Өмнүүрээ Тайваньтай хиллэдэг Фүжеү хотын нэр нь “Буян “гэсэн утгатай үг юм байна. 21-р зууны далай дээрх торгоны замын бүтээн байгуулалтын гол бүс болох зорилготой, Мин, Чин улсын үеийн эртний барилгын музейтэй. Хойноосоо урагш Удын гүүрний, Ноёны, Суваргын, Шар, Иргэдийн, ордны, Өлзий хамгаалах гэсэн НҮБ-ын соёлын байгууллага-ЮНЕСКО-гоос Ази-Номхон далайн бүс нутгийн соёлын өвийг хамгаалах өргөмжлөл хүртсэн 7 гудамжтай хот. Хуваарь шахуу болохоор шавдуу,тэвдүү яаран мэгдэн дахиад хурдан галт тэргээр хөлөглөн мөнхүү хоёр цаг хэртэй сүнгэнүүлээд хаана, юу байгааг нь тоймлох аргагүй тэнгэрт цойлсон гэрлэн баганатай 9 горхи нийлсэн есөн цээл хэмээх нэртэй Жюлүнтан-д хонолоо.

Экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын хөгжил болон Цүнжи гацааны нарийн оновчтой ядуурлыг бууруулах ажлын байдлыг сурвалжиллаа. Нярай луу, Цэлмэг луу, Цуурайтах луу гэсэн 1000 метрийн өндөртөй гурван жалгатай энэ газар 11 ширхэг хулсыг манайхны уурга засдаг шиг аргаар матан хийж дөрвөн хулсан сандал эгнүүлэн бэхэлсэн завиар 5 км-ийн усан замын аялал хийлээ. Эргэх цагт ирээчин, яваачингуудын хөл татардаггүй,овоо хэдэн юань олчихдог бололтой. Нэг эргэлтэд 30  юаний хөлстөй. Бээжинд хоёр жил суралцсан “ Human Capital” сэтгүүлийн эрхлэгч А.Баясгалан бүсгүйн орчуулсанаар. Хар тамхины хороор үндэстнийг  мөхөөх аюулд хүргэсэн Англичуудын эсрэг бослогыг оройлж хар тамхийг гудамжинд овоолон шатааж,амь,амьдралаа эрсдэл рүү үйн байж тэмцсэн ардын баатар Мин- Зо- Шигийн түүх хүүрнэсэн,үнэртсэн музейн эртний барилгаар орж явлаа.

Олон өдрийн хөтөлбөрийн төгсгөл хэрд Мао Цзе  Дун нарын хувьсгалын үйл хэрэг үүсгэсэн эрх чөлөө,тусгаар тогтнолын билэгдэл Жинганшаний аялал жуулчлалын буудалд байрласан юм. Түр амраад битүү ой модтой өндөр уулыг хэжин,хэрэн,өгсөж уруудаж цаагуураа өөдөө өгссөөр Шэншань гацаанд очиход угтан танилцуулга хийсэн намын хорооны нарийн бичгийн даргын ярианаас ишлэвэл, 12-р таван жилийн хугацаанд ядууд тооцогддог байсан 54 өрх,231 хүн амтай эдний гацааны 21 өрх,51  хүн ам нь ядуугийн эгнээнд байсан ч энэ жилийн 2-р сарын 26-нд ядуурлаас албан ёсоор ангижирсандаа хөхиүн баяртай байгаа гэнэ. Ямар чорлогогүй улсад улаан ,хөрөнгө мөнгөгүй улсад хөх карт олгож байж.

Ядуу өрх,хүнийг хамаарсан хүн байдаг.Цай тариалах,мод тарих,гар үйлдвэрлэл эрхлэх зэргээр хоршоонд элсүүлж тогтмол цалин орлоготой,хуучин байр, байшинг нь засч өнгөлж тохилог орон сууцтай болгоход анхаарч ирсэн нь үр дүнгээ өгсөн тухай байн,байн ярьж байлаа. Хоёр удаа урд их хөршийн нийслэл Бээжинд буух цаг маань шөнө таарч,захгүй үргэлжлэх ярайсан гэрлээс өөр төсөөлөлгүй шахам ирэх шахав байна. Газардах үед онгоцны цонхоор бүгчим халуун агаар нэвт мэдрэгдэж бүүр үнэртэх шиг болохыг нь яана. Хамгийн халуундаа нэмэх 40 хэм, хамаг сэрүүндээ мөн нэмэх 5 хэмтэй байдаг газар юм байна.

Сүүл рүү нэн сонирхуулахад, хүлэг морь хүртэл санаж, үгүйлээд гүйдэг элгэн халуун нутагтай байна гэдэг “Бурхан зүг оройдоо ...” хичнээн сайхан юм бэ, та минь. Цөөхөн хоногоор алс явахад л нялхамсаж санаад эхлэх. Бидний аяны замд Улс тунхагласны өдөр тохиож ,өдрийн хагас хөлөглөсөн давхар автобусандаа суумагцаа л Д.Сэнгээгийн” Эх орон”-оор эхэлсэн тэмдэглэлт өдөр оройн хүлээн авалтын дараа цагийн хугацаанд үргэлжлэн алдарт Ч.Чимэдийн “Би Монгол хүн“,Ц.Намсрайжав гуайн “Халуун элгэн нутаг”-аар өндөрлөвөй.

Говь-Алтайн хоёр гавьяат Ү.Хүрэлбаатар, Х.Чилаажав нар дориун дуучид юм, урлаг, уран сайхных биш шүү, энэ хоёр маань СГЗ улс шүү дээ. Ийм урт замыг энэ цөөхөн хоногт туулж, ийм их эрч хүч, энергитэй, лут мундаг менежмент, маркетингтэй улстай, аугаа бүтээн байгуулалт, өнө эртний дурсгал,соёлыг үзэж явахын чинээ хэн санахсан. Өндөр хөх тэнгэр,өргөн олон түмэн минь.Төрж өссөн нутаг усны уул хайрхад, гүвээ, толгод минь. Ач ивээл, буян хишгийг нь даахсан даа. Ядаж аятайхан шиг хэд, гурван юм сэлт сараачихсан даа. Цуг явсан дүү нартаа, “Баян Бандгай” хэмээх билэгдэлтэй нэрийг хайрласан Ц. Баярмагнай дүүдээ, МСНЭ-ийнхэндээ туйлаас баярлалаа. Энэ бүхэн бол миний сэтгэлдээ хүлхэх шар тос билээ.

Төмөрийн БОЛДБААТАР /Говьсүмбэр аймаг/


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top