Луи Саа: Монгол таалагдаж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 13

Францын хөлбөмбөгийн шигшээ багийн довлогч асан Манчестер Юнайтед клубийн алдарт хөлбөмбөгчин Луи Саа, МХБХ-ны урилгаар   өнөөдөр Монголд ирлээ.39 настай тоглогч МХБХ-ны шилдгүүдийг шалгаруулах  “Алтан бөмбөг” ёслолын ажиллагааны хүндэт зочноор уригдсан юм. Луи Саа Английн Премьер Лигийн Манчестер Юнайтед, Тоттенхэм, Фулхэм, Эвертон, Ньюкасл, Сандерленд зэрэг багуудад хүчин зүтгэж явснаас гадна Францын шигшээ багт найман жилийн хугацаанд нийт 20 тоглолтод оролцохдоо дөрвөн гоол оруулжээ.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Мөнгөн медаль хүртэв

Са хамгийн сүүлд 2013 онд Италийн Лацио клубт тоглож байгаад өөрийнхөө төрсөн өдрөөр буюу наймдугаар сарын 8-ны өдөр зодог тайлснаа зарласан байна. Түүний хамгийн өндөр амжилтад хүрч явсан он жилүүд нь Английн алдарт Манчестер Юнайтед клубт тоглож явсан үе нь юм. Са “Улаан чөтгөрүүд”-ийн бүрэлдэхүүнд дөрвөн  жил тоглохдоо Премьер Лигт хоёр удаа, Аваргуудын лигт нэг удаа, Лигийн цомд нэг удаа түрүүлсэн.  2006 оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртжээ.

Хамгийн хурдан гоол оруулагч

Тэрээр 2009 онд Английн “FA Cup” тэмцээний шигшээ тоглолтод Челсигийн эсрэг ердөө 26 секундын дотор гоол оруулж, тус тэмцээний түүхэн дэх хамгийн хурдан гоолыг оруулсан байна.

Луи Саа хэвлэлийнхэнтэй уулзаж өгсөн ярилцлагадаа “Монголын цаг уур хийгээд хоол хүнс, соёл иргэншил надад маш их таалагдаж байна. Өчигдөр МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатартай уулзаж, хамтран ажиллах боломжуудын талаар ярилцаад, цааш цаашдаа хүүхэд залуучуудын хөгжлийн талаар олон ажил хийж болохыг ойлголоо” гэжээ.  Дэлхийн таван удаагийн шилдэг хөлбөмбөгчин Криштиан Роналдотой мөр зэрэгцэн тоглож явсан Луи Саа Сир Алекс Фергусоны талаар “Түүнийг би дэлхийн хамгийн шилдэг дасгалжуулагч гэж боддог. Дан ганц сайн дасгалжуулагч ч биш амьдралын сайн багш байлаа” гэжээ.

МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар “МХБХ-ны оны шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөг” ёслолын үйл ажиллагаанд анх удаа дэлхийд данстай хөлбөмбөгчин уригдан оролцож байна. Үүгээрээ дамжуулан бид “Алтан бөмбөг” ёслолын ажиллагааны ач холбогдлыг нэмэх, Монголын хөлбөмбөгийг дэлхий нийтэд таниулах, фэн клуб болон нэгдсэн хөлбөмбөг сонирхогч залууст урам зориг өгч, дэмжин ажиллах бодлого барьж байгаа.” гэлээ.

Луи Саа хөлбөмбөг сонирхогчидтой уулзана

Монгол дахь “Манчестер Юнайтед” багийн фэн клубийн төлөөлөл “Энэ боломжийг олгож байгаа МХБХ-ны хамт олонд баярлалаа. Та бүхний ачаар Манчестер Юнайтедын фэнүүд бид багийнхаа нэгэн домогт тоглогчтой уулзаж байгаадаа туйлын баяртай байна” гэв.  Өнөөдөр 21:00 цагаас Кемписки зочид буудалд болох Луи Саагийн уулзалтад хөгжөөн дэмжигчдийг хүрэлцэн ирэхийг уриаллаа.

Луи Са 12-р сарын 12-ны 18:30 цагт Шангрила зочид буудалд болох МХБХ-ны “Алтан бөмбөг” ёслолын ажиллагаанд оролцсоныхоо дараа 21:00 цагаас Кемпинкси зочид буудалд Монголын хөлбөмбөг сонирхогч фэнүүдтэй нэгэн үдшийг хамт өнгөрүүлнэ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top