Нийслэлийн эмнэлгүүдэд хүүхдийн орны тоог 517-гоор нэмэгдүүлжээ

2017 оны 12 сарын 14

Амьсгалын замын цочмог халдвар буюу томуу, томуу төст өвчний дэгдэлт эхэлсэнтэй холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газраас эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор тодорхой ажлуудыг зохион байгуулж байна.

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 14-ний байдлаар, амбулаторийн 76.672 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 4124 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 5.4 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 1.1 хувиар их, өнгөрсөн оны мөн үеэс 1.8 хувиар бага үзүүлэлттэй байгаа юм.

Нийт өвчлөгсдийн 33.5 хувийг 0-2 нас, 26.6 хувийг 2-4 насны хүүхдүүд эзэлж байна. Хүүхдийн түргэн тусламжийн 1744 дуудлага ирснээс 44.9 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ. Томуу, томуу төст өвчлөлийн хувьд Чингэлтэй дүүрэгт 5.9 хувь, Хан-Уул дүүрэгт 5.8 хувийг тус, тус эзэлж байгаа нь хамгийн өндөр байна.

Нийслэлийн эмнэлгүүдэд насанд хүрэгсдийн орны 14.1 хувь буюу 175 орыг хүүхдийн оронд шилжүүлж, нөөц өрөөнүүдэд 342 ор нэмэлтээр тавьж орны зохицуулалт хийсэн бөгөөд нийт 517 ороор хүүхдийн орны тоог нэмэгдүүлсэн байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top