Шүүхийн шилдэг тамгын газруудыг шалгарууллаа

2017 оны 12 сарын 15

-Монгол Улсын нийт шүүх энэ оны ажлаа үнэлүүлж, 2018 оны үр дүнгийн гэрээ байгуулав-

Шүүхийн тамгын газруудын 2017 оны ажлын үнэлгээг танилцуулах, 2018 оны үр дүнгийн гэрээ байгуулах арга хэмжээ өнөөдөр (2017.12.15) Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо. Тус арга хэмжээд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн О.Зандраа, Д.Эрдэнэчулуун, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Монгол Улсын 40 шүүхийн тамгын газрын дарга нар оролцлоо.

Шүүхийн шилдэг тамгын газруудыг шалгарууллаа 

2017 оны ажлын үнэлгээгээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар "Нэгдүгээр байр”, Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар "Хоёрдугаар байр”, Дархан-Уул аймаг дахь анхан шатны шүүхийн тамгын газар "Гуравдугаар байр” эзэлжээ. Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах, шүүн таслах ажиллагааг хэвийн, тасралтгүй хэрэгжүүлэх нөхцөл бүрдүүлэх, шүүхийн үйлчилгээг олон нийтэд хүртээмжтэй, нээлттэй хүргэх чиг үүргээ манлайлан хэрэгжүүлсэн шилдэг тамгын газрын дарга нарт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд шагналыг нь гардуулж, ажлын амжилт хүссэн юм.

Шүүхийн шилдэг тамгын газруудыг шалгарууллаа
Шүүхийн шилдэг тамгын газруудыг шалгарууллаа
Шүүхийн шилдэг тамгын газруудыг шалгарууллаа 

Энэ онд 40 шүүхийн тамгын газраас 17 шүүхийн тамгын газар "А” буюу "Маш сайн” үнэлгээ, 20 шүүхийн тамгын газрын дарга "В” буюу "Сайн”, 3 шүүхийн тамгын газрын дарга "D” буюу "Дутагдалтай” үнэлгээ авсныг Шүүхийн хүний нөөцийн газрын дарга С.Энхбаяр танилцууллаа.

Шүүхийн шилдэг тамгын газруудыг шалгарууллаа 

Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тамгын газрын дарга Д.Энхбаатарыг "Сайн туршлагыг түгээгч”, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга Д.Чулуунжавыг "Шүүхийн ил тод, нээлттэй байдлыг манлайлагч”, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга Д.Ганбаатарыг "Шинийг санаачлагч”, Өвөрхангай аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Д.Мөнхбаярыг "Хүний хөгжлийг дэмжигч”, Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Б.Батсайханыг "Бүтээн байгуулагч” шүүхийн тамгын газрын даргаар тус тус өргөмжилснийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны нэгжийн дарга нар гардуулж, баяр хүргэлээ.

Үүний дараа Төсвийн ерөнхийлөн захирагч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж төсвийн шууд захирагч болох шүүхийн тамгын газрын дарга нартай 2018 оны үр дүнгийн гэрээ байгуулж, гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болсон юм. 

Н.Лүндэндорж: 2017 оны зорилт биелэсэн нь судалгаагаар батлагдлаа 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, профессор Н.Лүндэндорж шүүхийн тамгын газрын дарга нарт хандаж хэлсэн үгэндээ "2017 онд шүүхийн үйлчилгээний шинэ соёлыг нэвтрүүлж, шүүгч ажилтнуудын хариуцлага, харилцаа хандлагад эргэлт гаргах зорилт тавьсан. Мөн шүүхэд итгэх иргэдийн итгэлийг батжуулъя гэж зорьсон. Энэ зорилтууд маш сайн биелсэн нь хэд, хэдэн судалгааны үр дүнгээр батлагдлаа. Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны үнэлгээ, "Шүүхэд итгэх иргэдийн итгэл” судалгаа, "Нээлттэй нийгэм форум”-ын хийсэн "Шүүхийн ажиглалт” судалгааны дүнгээр 2017 оны зорилтоо биелүүлсэн нь баталгаажсан. Шүүхийн шинэ соёлыг нэвтрүүлж, шүүгч, ажилтнуудын хариуцлагыг нэмэгдүүлэх талаар үр дүнд хүрснийг "Нээлттэй нийгэм форум”-аас хийсэн "Шүүхийн ажиглалт” судалгааны дүн харуулж байна” гэж тодотголоо.

Шүүхэд үйлчилгээний шинэ соёлыг нэвтрүүлэхийн тулд дэд бүтцийг сайжруулахад анхаарч ажилласан. Иргэдэд зориулсан орон зай, харилцаа хандлагыг бүрдүүлсэн "Шүүхийн үйлчилгээний төв”-ийг 31 шүүхийн тамгын газарт байгуулсан. "Нээлттэй нийгэм форум”-ын "Шүүхийн ажиглалт” судалгаагаар шүүхийн байр, шүүх хуралдааны танхим хүндэтгэл төрүүлэхүйц, үйлчлүүлэхэд тохьтой байдлаараа 100 хувийн үнэлгээ авчээ.

Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын харилцаа хандлагыг өөрчлөх зорилтын хүрээнд 39 шүүхийн тамгын газрын 871 ажилтнуудаас шалгалт авч, хэд хэдэн удаагийн сургалт зохион байгуулсан. "Нээлттэй нийгэм форум”-ын судалгаагаар шүүхийн ажилтнуудын харилцаа хандлага 97 хувийн үнэлгээгээр "Эерэг” гэсэн дүн авсан нь дээрх зорилтын үр дүн гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга онцоллоо.

Шүүгчдийн хувьд ч харилцаа, хандлагын амжилт гарсан нь судалгаагаар нотлогджээ. Судалгаанд оролцогчид шүүгчийн харилцаа хандлага, хэргийн оролцогчдын тэгш байдлыг хангаж байгааг 98-100 хувь хэмээн үнэлсэн.

"Шүүхэд итгэх иргэдийн итгэл” судалгааны дүнгээр иргэдийн итгэлийг 2017 онд алдаагүй нь батлагдлаа. Энэ бүхэн Та бүхний ажлын үр дүн” хэмээн тодотголоо. 

 

Хэргийн хөдөлгөөний удирдлагыг манлайлах зорилт тавилаа

Шүүхийн шилдэг тамгын газруудыг шалгарууллаа 

Ирэх онд шүүхийн тамгын газрууд Хэргийн хөдөлгөөний удирдлагыг манлайлах гол зорилт тавьж байгааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж танилцууллаа. "Шүүхийн ажлын гол зүйл нь шүүх хуралдаан. Шүүх хурал хуулийн дагуу өндөр зохион байгуулалттай, чирэгдэлгүй, цаг хугацаандаа болох нь шүүхийн гол ажил. Гэтэл "Нээлттэй нийгэм”-ийн судалгааны үр дүнгээр шүүх хурал хойшилж байгаа нь шүүхийн сөрөг үзүүлэлт болж байгааг харуулж байна. Хэргийн хөдөлгөөний удирдлага нь зөвхөн шүүгчийн ажил биш. НҮБ-ын Шүүх эрх мэдлийн байгууллагын хараат бус байдлын түгээмэл зарчимд "Хэрэг маргааныг хуваарилах, шүүн шийдвэрлэхээс бусад нь шүүхийн захиргааны ажил” гэж тунхагласан. Мөн Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т ч шүүн таслахаас бусад ажлыг шүүхийн захиргаа шүүгчийн зөвлөгөөнтэй хамтарч шийдэх тухай заасан байдаг. Өөрөөр хэлбэл, хэргийн хөдөлгөөний удирдлагаар дамжуулаад шүүн таслахаас бусад ажилд захиргааны байгууллага оролцохыг заасан гэсэн үг. Тиймээс ирэх онд шүүхийн тамгын газрууд хэргийн хөдөлгөөний удирдлагыг манлайлах зорилт тавьж ажиллана” хэмээсэн юм. 

Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Шүүхийн тухай багц хуулийг шинэчлэх зорилт тавьсны дагуу ажлын хэсэг ажиллаж байгааг танилцууллаа.

Шүүхийн шилдэг тамгын газруудыг шалгарууллаа 

Шүүхийн шилдэг тамгын газруудыг шалгарууллаа

Шүүхийн шилдэг тамгын газруудыг шалгарууллаа

Шүүхийн шилдэг тамгын газруудыг шалгарууллаа 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.194.176.98) 2017 оны 12 сарын 16

Эрхэм Шүүгч нараа та нарыг ИХ Гишүүн Батзандан Шүүхчид Хулгайчид гээд зарласан биз дээ .Оны гилдэг Хулгайч Шүүгч нараа шалгаруулж байгаа юм байна даа

0  |  0
Top