М.Оюунчимэг: Үндэстэн дамнасан лизингийн үйлчилгээ үзүүлэх гарц нээгдсэн

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 17

МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг БНХАУ-ын  Бээжин хотноо болсон Торгоны замын Олон Улсын Худалдааны Танхим (SRCIC) байгууллагын Гүйцэтгэх захирлуудын VII хуралд оролцсон. Энэ талаар тодрууллаа.

-Торгоны замын Олон улсын худалдааны танхим Олон улсын худалдааны танхимаас ямар үйл ажиллагаагаараа ялгардаг вэ?

-Торгоны замын Олон улсын Худалдааны Танхим (SRCIC) нь 2 жилийн өмнө Хонгконгт байгуулагдсан, дэлхийн худалдааны түүхэн замналыг шингээсэн торгоны замын дагуух улс орнуудын эдийн засаг-худалдааны хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой байгууллага юм. нийгэм-эдийн засгийг хөгжлийг нэмэгдүүлэх зорилгоор анх 22 гишүүн оронтойгоор үүсгэн байгуулагдсан. Манай МҮХАҮТ үүсгэн байгуулагчийнх нь нэг юм.Гишүүн улсуудынхаа бизнес эрхлэгчдэд хүрч ажиллах, бүс нутаг, олон улс хооронд худалдаа бизнес эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд бодлогын зөвлөмж, аргачлал, дэд бүтцээр дэмжиж ажилладаг байгууллага юм.

-Энэ удаагийн хурлын онцлог юу байсан бэ? Ярилцаж шийдэлд хүрсэн тодорхой санал санаачилга бий юу?

-Ирэх 2018 оноос Үндэстэн дамнасан санхүүгийн дэмжлэг болон лизингийн үйлчилгээ үзүүлэх санг байгуулъя гэдэг дээр энэ удаагийн хурлаар нэлээд тогтож ярилцаж, санал нэгдлээ. БНХАУ тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлд тодорхой хэмжээний санхүүжилтыг зарцуулж, энэ чиглэлд хөрөнгө оруулах сонирхол их байгаа. Тиймээс энэ санг санаачилж бусад улс орнуудыг хамтран ажиллахыг уриалсан. Мөн Торгоны зам ОУХТ-аас Худалдаа, соёл, аж үйлдвэрийн парк байгуулах ажлыг эхлүүлж, гишүүн орнуудаа идэвхтэй оролцох, өөрсдийн улс оронд салбарлуулах асуудлыг дэвшүүлсэн.

-МҮХАҮТ энэхүү байгууллагад нэлээн өндөр байр суурь эзэлдэг юм байна. Мөн Та энэ удаагийн уулзалтын салбар хуралдааныг чиглүүлсэн гэсэн. Энэ талаараа ярина уу?

-Гүйцэтгэх захирлуудын долдугаар хурлын хүрээнд гурван бүрэлдэхүүн хэсгээр хэлэлцүүлэг явагдсан.   Танхимууд “Нэг бүс-нэг зам” санаачилгын дор хамтын ажиллагаагаа яаж өргөжүүлэх вэ, бусад улс оронтой хамтын ажиллагаагаа яаж эрчимжүүлэх вэ гэдэг дээр төвлөрч ярилцлаа.  Арабын Нэгдсэн Эмирт, Румын, Итали, Польш, БНХАУ,  Португали зэрэг орны танхим, бизнес эрхлэгчдийн холбооны төлөөлөл оролцож мэдээллээ солилцож,худалдаа хөрөнгө оруулалтын гэрээнүүд дээр тулгуурлан бизнес явуулах, иннонвацийг хөхиүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг хангах, сайн туршлагуудаа хуваалцах чиглэлээр санал санаачилга, яриа хэлэлцээ өрнүүллээ. Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнууд тус байгууллагын зөвлөмжийг яаж хэрэгжүүлэх вэ, тээвэр ложистикийн асуудлыг хэрхэн хөнгөвчлөх вэ, бүх мэдээлэл, үзэсгэлэн, арга хэмжээгээ онлайнаар явуулах и-платформыг яаж хөгжүүлэх гэх мэт бодитой асуудлуудыг ярилцлаа. нь НҮБ-д ажиглагч гишүүний статустай байгууллага. Үүндээ тулгуурлаад НҮБ-ын төсөл хөтөлбөрүүдтэй үйл ажиллагаагаа уялдуулах, Глобал-компактыг хэрэгжүүлэх, НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай соёл, аж үйлдвэр, бизнес, байгаль хамгааллын чиглэлээр ажиллах гарцуудыг хэлэлцсэн.

-Тяньжин дахь ХАҮТ-тай Санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд юу хийх вэ?

-Дээрх хуралд оролцох явцдаа Олон улсын худалдааг дэмжих хүрээний Тяньжин дахь салбарын удирдлагатай уулзаж, Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Тяньжин бол манай улсын эдийн засаг, бизнесийн салбарт голлох байр суурь эзэлдэг, далайд гарах үүд хаалга болдог чухал боомтуудын нэг. Тяньжины ХАҮТ нь тус боомт дахь худалдаа, эдийн засгийн чөлөөт бүсийг хариуцдаг төдийгүй хамтын ажиллагаатай орнуудын бизнес эрхлэгчдийг дэмжих, үзэсгэлэн худалдаа, хамтарсан бизнесийн үйл ажиллагаануудыг зохиодог. Ирэх 2018 оны 4 дүгээр сард Хүнсний олон улсын экспо зохиох гэж байгаа. Үүнд оролцох монгол бизнес эрхлэгчдийг боломжтой бүх хэлбэрээр дэмжих, худалдаа, тээвэр ложистикийн асуудлыг хамтарч шийдэхэд энэхүү Санамж бичиг маань чиглэж байгаа юм. Мөн Монголд хөрөнгө оруулалт татахын тулд бизнес форум зохион байгуулах, Монголын бизнес эрхлэгчдийг сургалтад хамруулах, харилцан бизнесүүдийг сурталчлах, холбох гээд тодорхой хэдэн чиглэлүүдийг тусгасан.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top