Байгаль орчны төрийн захиргааны төв байгууллагын ойд Ерөнхийлөгч илгээлт явуулав

2017 оны 12 сарын 18

Монгол Улсад Байгаль орчны төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны түүхт 30 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцогчдод хандан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт явуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваа уншиж сонордууллаа.

Уг илгээлтэд энэ салбарын үе үеийн ажилтан, албан хаагчид, ахмадууд, эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд Та бүхэнд чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.  

Монголчууд эрт дээр үеэс эхлэн байгаль эх дэлхийгээ шүтэн биширч, хайрлан хамгаалдаг өнө эртний хосгүй уламжлалтай ард түмэн билээ. Байгаль дэлхий, ан амьтнаа хайрлан хамгаалж, төрийн бодлогодоо тусгаж байсны нэг илрэл нь Чингис хааны “Их засаг” хууль, Ойрадын цааз, XVI зууны үеийн хууль цаазын бичиг “Халх журам” зэрэг Монгол улсын хууль тогтоомжид ан агнах, газар хөндөх, мод огтлох зэргийг чанд журамлан, нарийн цааз дэг тогтоож байсан явдал юм.

Бидний өмнө дүнхийж буй Богд хан уул нь Монголын төдийгүй дэлхийн анхны дархан цаазат газруудын нэг юм. 1294 онд гаргасан Монголын Их Юань Улсын хууль цаазын бичигт Богдхан уул, Отгонтэнгэр, Хан Хэнтий, Алтайн нүсэр даваа зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудыг дархан цаазтай болгож байжээ. Гэвч дэлхийн дулаарал, хүний нийгмийн хөгжлийн хурдац, үйлдвэржилт, тэдгээрээс үүссэн буруу хэрэглээний үр нөлөөгөөр хүн байгаль хоёрын хүйн холбоо холдон тасрах аюулд хүрч болзошгүйг дэлхийн зарим орны төдийгүй Монголын жишээ бидэнд харуулж байна.

Улаанбаатар хотын орчны бохирдол жилээс жилд нэмэгдэн, ялангуяа өвлийн улиралд утаа гамшгийн хэмжээнд хүрч, иргэдийн эрүүл мэндэд ноцтой хор уршиг учруулж буйг бид олон жил ярьсан ч оновчтой шийдэлд хүрч чадаагүй байна.

Энэ байдлаас гарахын тулд ядуурал ажилгүйдлийг бууруулах, дагуул хотууд суурьшлын төвийг байгуулан нийслэлийн хэт төвлөрлийг багасгах, нүүрс хүчлийн хийн ялгарлыг багасгах, уул уурхайн үйлдвэрлэлээс байгаль орчинд нөлөөлж буй сөрөг нөлөөллийг багасгах үүднээс нүүрс, зэс, алт болон бусад эрдэс баялгийн олборлолт, боловсруулалтад байгальд ээлтэй, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, ашиглах боломж бүрдүүлэх зэрэг олон ажил бидний өмнө, түүн дотроо байгаль орчны салбарынхны өмнө тулгамдаж байна.

Бидний цаашдын хөгжлийн арга зам бол байгаль орчинд ээлтэй, хэмнэлттэй, үр ашигтай, хаягдал багатай, бүтээмжтэй байх явдал юм. Манай улсын эдийн засаг дан ганц уул уурхайгаас хараат байдалд байгааг халж, эдийн засгаа төрөлжүүлэн байгаль орчинд ээлтэй, нийгмийн хөгжилд түлхэц болохуйц тогтвортой хөгжлийг цогцлоох нь чухал юм. Ингэж чадвал бид өнөө болон хойч үеийнхэндээ цэлмэг тэнгэр, цэнгэг устай ирээдүйг баталгаажуулан өгөх болно. 

Байгаль орчны салбарын ажилтан, албан хаагчид та бүхэн ахмад үеийнхээ баялаг туршлагыг бүтээлчээр өвлөн баяжуулж, Монгол орныхоо экосистемийн зүй тогтцыг хадгалан, байгалийн нөөц баялаг, биологийн төрөл зүйлийг хамгаалах, зохистой ашиглах ажлыг шинжлэх ухаан, технологийн хөгжилтэй уялдуулж бүс нутгийн төдийгүй дэлхийн улс орныг манлайлан ажиллана гэдэгт итгэж байна.  

“Уусан ус рашаан, унасан шороо алт” хэмээн байгаль дэлхийгээ хайрлан хүндэтгэдэг нандин уламжлалтай ард түмнийхээ байгаль хамгаалах үйл хэрэгт үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа Та бүхэндээ баяр хүргэж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе гэсэн байна.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top