2018 онд ирвэсний тоо толгойг нарийвчлан тогтооно

Тэртээ 1990-ээд онд эрдэмтдийн хийсэн судалгаагаар манай оронд 800-1200 орчим цоохор ирвэс байна гэсэн тооцоо гарчээ. Гэвч өнөөдрийг хүртэл тоо толгойг нь нарийн тогтоож чадаагүй байгаа юм. Ирэх 2018 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яам ирвэс судалдаг төрийн бус байгууллагуудтай хамтран Монгол орны ирвэсийн тоо толгойг нарийвчлан тогтоохоор төлөвлөн ажиллаж байгаа талаар “Ирвэс хамгаалах сан” Төрийн бус байгууллагын эх сурвалж мэдээлэв.

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд ирвэс судлах ажлыг эрчимтэй хийж байгаа ажээ. Тус байгууллагын мэргэжилтнүүд автомат камер тавих, ирвэс барьж сансрын дохиололтой хүзүүвч зүүх зэргээр шилжилт хөдөлгөөнийг нь судалж буй юм байна. Мөн гадаадын мэргэжилтнүүдтэй хамтран цоохор ирвэсийн генетикийн судалгаа хийж байгаа аж. Дээрх ажлын хүрээнд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд баруун Монгол дахь Алтай Соёоны бүс нутаг дахь Баатар хайрхан уулын ирвэсийн тоо толгойг тогтоох зорилгоор 2016 онд 68 ширхэг автомат камер тавьжээ.

Мэргэжилтнүүд автомат камеруудаа энэ оны есдүгээр сард хурааж авсан бөгөөд мэдээллээ нэгтгэж дууссан байна. Камерт орсон ирвэсийг толбоор нь тодорхойлж, Баатархайрхан ууланд 34 бодгаль нас бие гүйцсэн ирвэс байгааг тогтоожээ. Мөн найман гүем камерт бичигдсэн байна. Камер байршуулах газрыг тогтоохдоо өмнөх туршлага дээр тулгуурласнаас гадна хаана, хэдийг байршуулахаа уг уулын ойролцоо амьдардаг нутгийн иргэдтэй зөвлөлдөж хамтран гүйцэтгэсэн байна.

Монгол орны хөхтөн амьтны ‘’Улаан данс’’-д нэн ховор зэрэглэлээр, Монгол Улсын “Зэрлэг, амьтан ургамлын ховордсон зүйлийн олон улсын хэмжээнд худалдаалах тухай” конвенцийн /CITES/ нэгдүгээр хавсралтад орсон нэн ховор амьтан цоохор ирвэс нь агнах нөөцгүй болсон билээ. Тиймээс зөвхөн судалгаа шинжилгээ, амьтны хүрээлэнд байршуулах, циркэд тоглуулах зориулалтаар барьж болох аж. Гэвч хууль бус ан агнуурт их өртдөг байна. Түүний гол шалтгаан нь арьс, яс нь маш өндөр үнэ хүрдэг, мөн Азийн эмийн орцонд ашиглах зорилгоор хууль бусаар агнаж байгаатай холбоотой ажээ.

Ирвэсний гол идэш тэжээл янгир ямаа, аргаль хонины тоо толгойг тогтоох зорилгоор Тостын нуруунд Хос ажиглалтын аргаар 2012 оноос хойш тасралтгүй тооллого хийж буй юм байна. Хос ажиглалтын арга нь сонгосон судалгааны талбайд нэг замналаар хоёр судлаач явж янгир, аргаль тоолох ба хоёр судлаачийн явсан замналд янгирыг орхигдуулж тоолох магадлал нь багасч, судалгааны талбайг бүрэн хамардгаараа давуу талтай аж. Ирвэсний идэш тэжээл бологч амьтдыг хууль бусаар агнах, бэлчээр усыг нь гэрийн мал шахсанаас үүдээд байгалийн зэрлэг энэ амьтны тоо толгой багасч буйг орон нутгийн эх сурвалж мэдээлэв.

Ирвэс хоол тэжээл нь хомсдсоны улмаас гэрийн мал барьдаг. Үүнээс үүдэн цоохор ирвэс болон малчдын дунд томоохон зөрчил үүсдэг бөгөөд зарим тохиолдолд малаа хамгаалж ирвэсийг агнах ч тохиолдол гарсаар буй юм. Түүнээс гадна малчид ирвэсний эзэмшил нутаг руу шахан бууснаар амьдрах орчин нь хомсдох аюул нүүрлэдэг байна.

Монголын хувьд ихэнх хамгаалалттай газар нутгийн хэмжээ нь ирвэсний амьдрах орчныг хамарч чаддаггүй. Тийм өргөн уудам нутгийг хариуцан ажиллах байгаль хамгаалагчдын хүчин чадал дутмаг, тэднийг цалинжуулах санхүүжилт байдаггүй ажээ. Зарим тохиолдолд малчид ирвэс нь яагаад экологийн чухал элемент болох түүнийг хамгаалахын ач тусыг сайн ойлгодоггүй байна.

2008 оноос  Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тостын нуруунд 23 цоохор ирвэс барьж орчин үеийн судалгааны арга техник бүхий GPS дээр суурилсан сансрын хиймэл дагуулын хүзүүвч зүүн, цоохор ирвэсний экологийн зарим асуудлууд болох эзэмшил нутаг, байгаль дахь төрөлт, үхлийн эрчим, гүемийн амьд үлдэх чадвар, шилжилт хөдөлгөөн, амьдрах орчны ашиглалт зэргийг нарийн судалж тодорхой үр дүнд хүрчээ.

Хүзүүвчтэй ирвэсний хувьд амьтан агнасан үед сансрын байршлаар багахан хэмжээний газарт олон цэг өгдөг нь тухайн ирвэс ан хийсэн байна гэсэн дохио болдог аж. Энэ судалгаагаар ихэнхдээ янгир ямаа дийлэнх нь байсан бөгөөд мөн ямаа, аргаль хонь, хонь, морь, тэмээ зэргийг иддэг нь тогтоогджээ.

Эрдэмтдийн судалгаагаар Төв Азийн 12 оронд тархсан цоохор ирвэс нь дэлхийд 3000-7000 орчим тоо толгой, байгаль дээр зэрлэгээр амьдардаг. Эдгээрээс зоопаркуудад 600 цоохор ирвэс байдаг ажээ.

ИРВЭС: Өндөр уулын бүсэд амьдардаг, мийн овгийн хамгийн том биетэй, хар хүрэн буюу хар өнгийн толботой, саарал зүстэй, урт сүүлтэй амьтан. Биеийн урт нь 130 см, сэрвээгээрээ 60 см өндөр, 90-100 см урт сүүлтэй, жин нь 30-40 кг, хөнгөн шалмаг хөдөлгөөнтэй, тал сар хэлбэрийн хурц хумстай, хүчирхэг шүдтэй амьтан.

Уулын зэлүүд асга хадны агуй, хонгил хөндийг бараадаж амьдардаг. Орших газартаа маш сайн зохилдсон байдлаас нуугдах үедээ бусад амьтанд харагддаггүй. Ирвэс сүүлнийхээ үзүүр орчимдоо их тэнхээтэй, тал газар хурдан явж чаддаггүй амьтан.

Аргаль, янгир, тарвага, туулай, адуу, хонь, ямаа зэргийг барьж хооллодог. Үдэш орой шөнийн цагаар явж идшээ олж иднэ. Өвөл хоёрдугаар сард ороо хөөцөлдөө нь явагдаж, эмэгчин нь хээлээ 90 орчим хоног тээж, тавдугаар сард нүд, чих нь нээгдээгүй 2-6 зулзага гаргадаг. Төлийг нь гүем, эмийг нь гинс, эрийг нь гэнд гэдэг.


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page