Өсвөр залуу үеийн нийгмийн хариуцлага ба БЗХД

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 18

             

  Өсвөр залуу үеийнхэнтэй холбоотой сэтгэл сэрдхийлгэм, чих халууцуулсан мэдээ мэдээллүүд өдөр бүр хөврөх болж. Ялангуяа бэлгийн хүмүүжилтэй холбоотой асуудалд өсвөр залуу үеийнхний нэр холбогдох болов. Ер нь өсвөр залуу үе  гэдэг хүний амьдралын нэн чухал мөчлөг билээ. 10-19 насныхан хамрагддаг энэ үе маш эмзэг үед тооцогддог. Өөрсдийгөө том хүнд тооцон эцэг эхийнхээ хараа хяналтнаас гадуур дураараа дургих нь ердийн үзэгдэл болсон мэт. Зугаа цэнгээний газар хүүхдүүд нийлэлдэн согтууруулах ундаа хэрэглэн, цаашлаад буудалд хэсэж хоног төөрүүлдэг тухай яриа газар авчээ. Энэ нь гэр бүлийн хүмүүжил хийгээд, багш нарын хараа хяналттай холбоотой юм.  Эцэг эхчүүд бэлгийн боловсролыг сургууль олгох ёстой мэтээр ойлгон хүүхдээ зөнд нь орхидог явдал бий.

 Манайд өсвөр залуу үеийнхний сэтгэлзүйд чиглэсэн, бэлгийн боловсролд анхаарсан уран бүтээлээс эхлээд ном товхимол нэн ховор. Уран зохиолын ном ч нүдний гэм билээ. Хүүхдүүд мөн өөрсдийн бэлгийн эрүүл мэндийн төлөө анхаарсан, БЗХД гэж юу болох тухай бие биедээ таниулан сурталчилсан ажил тэр бүр зохион байгуулаад байдаггүйг бид мэднэ. Биеэ үнэлэгч үеийн охиныхоо ятгалаганд автан үеийнхээ хөвгүүдийн нэгэнтэй бэлгийн харилцаанд орсоноор ДОХ-ын халдвар авч амьдралаараа хохирч буй охины тухай өгүүлсэн барууны нэгэн  уран сайхны кино бий. Гудамжинд хар тамхи зарж, мансуурдаг хөвгүүд, биеэ үнэлэгч охидын тухай өгүүлсэн кино. Охид, хөвгүүд нийгмийн хариуцлагаа ухамсарлаагүйгээс үүдэн амьдралдаа буруу алхам хийж, эцэст нь гол дүрийн охин өөрийнхөө амийг егүүтгээд  төгсдөг. Тэр мэтчилэн өсвөр залуу үеийнхний сэтгэлзүй, ухамсарт нөлөөлөхүйц уран бүтээл дутагдаж байх шиг.

 Монголд жилд дунджаар 15 мянга орчим бэлгийн замын халдварт өвчний тохиолдол илэрдгийн 15 хувийг өсвөр залуу үеийнхэн эзэлж байдаг гэх ноцтой мэдээ байна. Өөрөөр хэлбэл бидний ирээдүй болсон залуусын 15 хувь нь үр хүүхэдтэй болох эсэх нь эргэлзээтэй болж, Монголын хүний удмын санд ч нөлөөлөхүйц тооцоо судалгаа харагдах болов.  Хүүхэд залуусын өмнө тулгамдаж буй өөр нэг асуудал бол тэдний нийгмэд эзлэх байр суурь юм. Тогтвортой амжиргаа, орлогтой байхын тулд чанартай боловсрол эзэмших нь юу юунаас ч чухал. Боловсрол эзэмших нь өсвөр залуу үеийнхний нийгмийн хариуцлага юм.

 Тэрхүү хариуцлагаасаа ухарсан өсвөр залуу үеийнхний тоон мэдээг хүргэе.   Боловсролгүй нийт залуучуудын 59.8 хувь нь хөдөөд, 21,0 хувь нь сумын төвд, 7,0 хувь нь аймгийн төв дээр, 12,1 хувь нь Улаанбаатар хотод амьдардаг гэх судалгаа бий. Боловсролгүй, бага болон суурь боловсролтой залуучуудын 51,2-68,7 хувийг эрэгтэйчүүд эзэлж байхад бүрэн дунд ба түүнээс дээш боловсролтой залуучуудын 53,0-62,5 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Насны бүлгээр нь авч үзвэл 15-19 насны залуучууд 38,3 хувь, 20-24 насны залуучууд хамгийн их буюу 40,2 хувь, 25-29 насны залуучууд 38,3 хувийг эзэлж байна. Хөдөөд боловсролгүй болон бага боловсролтой залуучууд давамгайлж байгаа бол хотод, бүрэн дунд, тусгай мэргэжлийн, дээд, магистр ба түүнээс дээш боловсролтой залуучууд ихэнхи хувийг эзэлж байна. Судалгаанд хамрагдсан суралцаж буй залуусыг бүс, нутгаар авч үзвэл 15-19 насныхны хувьд Улаанбаатар хотод сургуульд хамрагдалт хамгийн өндөр байхад, зүүн бүсэд хамгийн бага хамрагдалттай байна. Ийм эмгэнэлтэй, харамсалтай гэмээр дүр зураг харагдаж байна. Өсвөр залуу үеийнхэн маань нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, сурч боловсрохын зэрэгцээ өөрсдийн эрүүл мэндийн боловсролд анхаарах цаг  иржээ. Тэдний эцэг эхтэйгээ харилцах харьцаа, багш, ах эгч нартайгаа хэрхэн дотно, ний нуугүй ярилцаж, мэдлэг олж авдаг байдлаас ч хамаарах юм. Бэлгийн замын халдварт өвчний тухай яриад суухаас эмзэглэдэг, “наадхаа багшаасаа асуу...” гэж суудаг эцэг эхчүүд ч цөөнгүй биз.

  Гэвч аав ээжийн тэрхүү цааргаллаас болоод маргааш нь үр хүүхэд нь ямар аюулд өртөж болохыг хэн ч таашгүй. Хичнээн өсвөр, залуу үеийнхэн хүсээгүй жирэмслэлтээс болж үр хөндүүлж, хичнээн нь бэлгийн замын өвчнөөр өвчилж хохирч буйг ч тооцоолшгүй билээ. Хүүхдийг 15 нас хүрүүт л бэлгийн бойжилтын тухай, бэлгийн замын өвчин гэж юу болох тухай ярина гэсэн үг биш л дээ. Бүр багынх нь сонирхдог асуултууд нь хариулж байх хэрэгтэй мэт. Хүүхэд ээжийнхээ хаанаас гарсан тухай, эрэгтэй эмэгтэй хүүхэд яагаад ялгаатай байдаг тухай асууж шалгаадаг. Тэр бүрт нь хариулахдаа “миний үр аав ээж хоёрынхоо хайраас гарсан юм шүү дээ” гэх ч юм уу, “Чамд байгаа энэ хөөрхөн зүйл бол бурханы бэлэг юм аа...” гэх зэргээр хариулж байвал яваандаа  өөрийн мэдэх гэснээ ичиж, эмээлгүй асуугаад ойлгочихно... гэж гэр бүл судлаачийн ярьсан нь санагдана. Анхнаасаа аав ээжээсээ илэн далангүй асуугаад хариултаа авч сурсан болохоор тэр. Өсвөр залуу үеэ ниймийн хариуцлагыг үүрч, ухамсарлахад ээж, аав, багш, найз нөхөд бүгд чухал үүрэгтэй.

Бидний жишээ авах дуртай, илэн далангүй гэгддэг Америк гэр бүлийн 40 орчим хувь нь хүүхдүүдтэйгээ бэлгийн замын халдварт өвчний талаар ярьж үзсэн гэдэг судалгаа байдаг аж.  Монголчууд харин энэ талаар судалж үзсэн болов уу?

Л.Ганзул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top