Жинхэнэ цагаан будаа ч гэсэн шатна

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 19

Олон нийтийн сүлжээгээр хуурамч цагаан будаа хилээр нэвтрэн худалдаалагдаж байгаа гэсэн мэдээлэл цацагдаад байгаа юм. Улмаар цахим ертөнцөд цагаан будааг шатааж буй бичлэг тавигдсан нь олон нийтийг ихэд сандаргаад байгаа. Тус бичлэг дээр цагаан будааг плитк дээр тавьж халааж, шүдэнз зураад асаахад дүрэлзэн шатаж байсан юм. Тэгвэл мэргэжлийн хүнсний технологич, хоол зүйчээс энэ тухай тодруулахад “Химийн шинжилгээ хийхэд аливаа зүйлийг шатааж байж, эрдэс бодисын агууламжийг судалдаг. Шинжилгээг хийхдээ тодорхой температур, хугацаанд шарах шүүгээнд хийж шинжилнэ. Органик бүх зүйл үнс болтлоо шатдаг. Тэгэхээр жинхэнэ цагаан будаа ч гэсэн шатна. Харин хуурамч цагаан будааны хувьд мөн л ялгаагүй шатна. Харин үлдэгдэл үлдэх эсэхийг нь хэлж мэдэхгүй юм. Яг нарийн шинжилж, шатааж үзэж байгаагүй. Иргэд энэ талын мэдлэггүй болохоор төөрөгдөлд орж байгаа гэж бодож байна. Хуурамч цагаан будаа шатах эсвэл шатдаггүй гэдгийг судлаад гаргаад ирсэн ямар ч зүйл байхгүй. Хүмүүсийн мэдлэггүйг далимдуулан цахим ертөнцөд янз бүрийн зүйлс цацагдаж байна” гэлээ.

Хуурамч цагаан будаа худалдаалагдаж байгаа эсэхийг Нийслэлийн мэргэжлийн хяналтаас тодруулах гэсэн боловч одоогийн байдлаар тайлбар өгөх боломжгүй гэсэн юм. Учир нь "Хуурамч будаа импортоор орж ирсэн эсэхийг тодруулахын тулд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төв лабораторид шинжилж байгаа” гэлээ. Шинжилгээний дүн нэгдсэн байдлаар гарах үед хэвлэлийн хурал зарлах аж.

Цагаан будаа импортлох аж ахуйн нэгж нь МХЕГ-аас импортын мэдэгдэл буюу зөвшөөрөл авдаг байна. Энэ хүрээнд Худалдааны гэрээ, цагаан будаа нийлүүлэгчийн чанарын баримт (Чанарын удирдлагын тогтолцоотой нэвтрүүлсэн, баталгаатай үйлдвэр болохыг гэрчилсэн баримт) бүтээгдэхүүний шинжилгээ тэргүүтнийг хавсарган, хүсэлт тавина. Үүнийг МХЕГ шалгадаг. Бас цагаан будаа нийлүүлэх бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоосон, эсэхийг нягталдаг. Улмаар импортлох, эсэхийг нь шийддэг. Дээр нь Хил, гааль, хорио цээрийн хяналтад орно. Будаа нь өндөр эрсдэлтэй бүтээгдэхүүнд багтдаг. Иймд биет үзлэг хийж, дээж авч шинжилгээнд хамруулан худалдах эрхийг олгодог аж.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top