45 жилийн түүхтэй философийн хүрээлэн ховор, шинэ бүтээлүүдээ танилцууллаа

 

45 жилийн түүхтэй Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Философийн хүрээлэн өнгөрсөн долоо хоногт нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.

Түүхийн хүрээлэнгийн дэргэд 1967 онд “Философи, эрхийн тасаг” нэртэй анх гал голомтоо бадрааж, улмаар 1972 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 192 дугаар тогтоолоор “Философи, социологи, эрхийн хүрээлэн” болж өргөжсөнөөр Монголд анх удаа философи, нийгэм судлал, улс төр, эрх зүйн судалгааг төрийн нэгдмэл бодлого, зохион байгуулалтын институцлэгдсэн түвшинд цогц байдлаар хэрэгжүүлэх боломж бүрджээ.

Өнгөрсөн хугацаанд тус хүрээлэн нийгэм, хүмүүнлэгийн ухааны мэргэжлийн боловсон хүчин, хүний нөөцийн бүхэл бүтэн үеийг бэлтгэн, өдгөө шинэ залуу боловсон хүчнээр хүч сэлбэн өргөжин ажиллаж байна.

Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 96 жил, ШУА-ийн Философийн хүрээлэн үүсэн байгуулагдсаны 45 жилийн ойн хүрээнд “Философийн хүрээлэнгийн нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгууллаа.

Өдөрлөгөөр хүрээлэнгийн түүхэн замналыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн, ховор болон шинэ ном, бүтээлийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, тус хүрээлэнгийн эрдмийн хамт олноос сүүлийн жилүүдэд туурвисан эрдмийн бүтээл, эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнг олон нийтэд сурталчилан таниулсан байна.

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн үүсэн байгуулагдсаны 45 жилийн ойн хүрээнд ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулсан шилдэг эссэ шалгаруулах уралдаанд байр эзэлсэн сурагчид болон академийн хүрээлэнгүүдийн дунд зохиогдсон “Шатрын тэмцээн”-д байр эзэлсэн ЭША-нуудад шагнал гардууллаа.

Өдөрлөгийн үеэр урлагийн тоглолтууд болж их дээд сургуулиудын оюутнууд, дунд сургуулийн сурагчид, судалгааны байгууллагуудын төлөөлөгчдөд хүрээлэнгийн эрдэм шинжилгээ, судалгаа, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв.  

Философийн хүрээлэнгийн “Нээллттэй хаалганы өдөрлөг”-өөр хүрээлэнгийн салбарууд эрдэм шинжилгээ, судалгааны хүрээнд хийж гүйцэтгэсэн эрдэм шинжилгээний ажил, судалгааны үр дүн болоод салбаруудын үйл ажиллагаа, түүхэн замналын талаар товч мэдээлэл бэлтгэж өдөрлөгт оролцогчдод танилцуулав.

Өнөөдрийн өдөрлөгт МУИС, ХААИС, ХСИС, СУИС, Шихихутаг их сургууль, Идэр их сургуулийн оюутнууд болон бусад судалгааны төвүүдийн судлаачид өргөнөөр оролцож судалгаа, эрдэм шинжилгээний ажлын талаар чөлөөт ярилцлага, харилцан санал солилцох арга хэмжээнүүдийг зохион байгуулсан байна. 

 

 

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )