Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах сэдвийн хүрээнд гурван илтгэл сонслоо

2017 оны 12 сарын 19

Эрдэм шинжилгээний хурал “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол, арга зүйн асуудлууд” сэдвийн хүрээнд дэх илтгэлүүдээр үргэлжиллээ. Дээрх сэдвийн хүрээнд “Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлал” сэдвээр Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Амарсанаа, МУИС-ийн докторант, Үндсэн хууль судлаач Л.Төр-Од нар илтгэл тавилаа.

Ж.Амарсанаа:

 - Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаа бол бусад хуульд ямар өөрчлөлт оруулах гэж байгааг тодорхой болгомоор байна. “Хянан шалгах түр хороо байгуулж болох тухай Үндсэн хуульд нэмж тусгах” гэсэн хэсэг байна. Үндсэн хуулиар бий болгосон түр хороо гэж байгаа. Дэд хороодоо нэр зааж байгуулдаг. УИХ байнгын хороодоо байгуулдаг бол УИХ-ын дарга Хянан шалгах түр хороог байгуулах юм байна. УИХ-ын дарга захирамж гаргадаг болохоос түр хороо байгуулдаг хүн биш. Үүнийг засмаар байна. Түүнчлэн “Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой байх, шатлан дэвших зарчимд үндэслэх” гэсэн заалт байна. Үүнтэй холбогдуулаад бусад хуульд ямар өөрчлөлт оруулахыг хармаар байна. Өнөөдөр Монгол Улс Үндсэн хуулийн ба Үндсэн хуулийн бус хоёр яамтай болж байна. Үндсэн хуулийн 5 яам, Үндсэн хуулийн бус 7 яамтай болохоор байна гэсэн үг. Ийм байж таарахгүй. 1924, 1960 оны Үндсэн хуульд засгийн газрын гишүүн хэн байхыг заасан. 1940-1960 оны Үндсэн хуульд яамтай холбоотой асуудлаар 5 удаа нэмэлт, өөрчлөлт орж байсан. Нэгийг нэмдэг, нэгийг нь хасдаг байлаа. Гэхдээ бүгдийг нь жагсааж бичдэг байсан аж. Тийм учраас яам байгуулахын төлөө Үндсэн хуулиар оролдох хэрэггүй.

Л.Төр-Од:

 - Үндсэн хуулийн чиг хандлага ямар байна вэ гэхлээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсвэл бүхэлд нь өөрчлөлт оруулахад хатуу журам тогтоох, дархлагдах байдлыг тодорхойлох нь Үндсэн хуульт ёсны нэг гол шинж чанар болоод байна. Үндсэн хуулийн бүтэц-онол, арга зүйн бүтцийг хоёр агуулгаар ойлгоно. Үндсэн хуулийн хэлбэрийн бүтэц байгууламж нь орчин үеийн Үндсэн хуулийн үүсэл гарал, төлөвшил, хөгжил, шинэтгэлийн чиг хандлагатай шууд холбоотой. Орчин үеийн Үндсэн хуулиуд үндсэндээ оршил, үндсэн хэсэг, төгсгөл хэсгээс бүрддэг. Нөгөөтэйгүүр Үндсэн хуулийн агуулгын бүтэц байгууламж нь Үндсэн хуулийн тулгуур шинж чанар буюу зарчмын зүйл заалтаас бүрдэж байна. Олон улсын практик жишээнээс харахад Үндсэн хуулийн үл өөрчлөх буюу үл хөндөгдөх тулгуур зарчимд юу орж байна вэ гэхлээр Үндсэн хуулийн оршил-удиртгал хэсэг, Ардчилсан төр-бүгд найрамдах засаг, Улсын бүрэн эрхт байдал-тусгаар тогтнол, Нэгдмэл эсхүл Холбооны улс-засаг захиргааны хуваарь, Нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Хүний салшгүй эрх, эрх чөлөө, Төрийн эрх мэдлийг хуваарилах, харилцан “хяналт тэнцэл-хяналтын” зарчим, Үндсэн хуулийн дээд хүчин чадал, Үндсэн хуулийн шүүх-хяналт зэрэг тулгуур зарчмууд зайлшгүй ордог болжээ.

Үргэлжлүүлээд “Үндсэн хуулийн түвшинд зохицуулах асуудлын цар хүрээ ба нэмэлт, өөрчлөлт оруулах арга хэлбэр” сэдвээр Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ц.Сарантуяа илтгэл тавьсан юм.

Ц.Сарантуяа:

 - Үндсэн хуульд зааж өгснөөр хууль хэрэгждэг, нийгмийн харилцаа сайжирдаг, амьдрал сайхан болдог гэж үзэх нь ташаа ойлголт юм. Иймээс аливаа асуудлыг Үндсэн хуульд тусгаснаас илүүтэй холбогдох хуулиудад нарийвчлан тусгаж, хүлээлгэх хариуцлагыг оновчтой зааж өгөх нь чухал юм.

Дараа нь “Үндсэн хуулийн түгээмэл ба үндэсний онцлог зохицуулалт” сэдвээр МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл илтгэл тавилаа.

Б.Цогтгэрэл:

 - Өөрийн орны онцлогт тохирсон зохицуулалтыг Үндсэн хуулиндаа хийж чадсан орнууд хөгжин дэвжиж байна. 1992 оны Үндсэн хуулинд яагаад өөрчлөлт оруулах ёстой гэдгийг тодруулж хэлье. Үндсэн хуулийг амьлуулагч нь төр байдаг. Харамсалтай нь манай төрийн байгууламж төвөөс зугтаах хүчний нөлөөлөлтэй хуульчлагдсан тул “Бүтээгч төр бус-Нураагч төр” болсон. Түүнчлэн үндэсний валютын үнэ цэнийг хамгаалах үүрэгтэй Төв банк, улсын төсөв, гадаад өр, зээл, нийгэм, эдийн засгийн хөгжлийн амин чухал асуудлууд Үндсэн хуулийн гадна үлдсэн байна. Мөнхийн маргаан, тэмцэл, зөрчлийн объект болох газар, байгалийн баялгийн зохицуулалт огт байхгүй зэрэг нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шалтгааныг бий болгож байна.

Иймээс дараах асуудлуудыг Үндсэн хуулинд тусгах:

-Засгийн газрыг тогтвортой, мэргэжлийн байлгах

-Намчирхлыг саармагжуулах

-Эдийн засгийн бүлэг бий болгох

-Төрийн албаны мерит системийг бий болгох

-Хянан шалгах Үндсэн хуулийн институт байгуулах

-Өрх гэр гэсэн бүлэг бий болгох хэрэгтэй гэлээ.

Хөтөлбөрийн дагуу эрдэм шинжилгээний хурал үргэлжилж байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(202.9.44.78) 2017 оны 12 сарын 19

ЭРХ БАРИГЧ НАМ БОЛОН СӨРӨГ ХҮЧИН ЯМАР САНАЛ ГАРГАЖ ЯГ ЯМАР ШАЛТГААНААР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ГЭЖ ЗҮТГЭЖ БАЙГААГ МАШ САЙН СУДЛАХ ХЭРЭТЭЙ ТЭД АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ АЖИЛЛАХАА БОЛИОД УДАЖ БНА. УИХ-ЫН ГИШҮҮН БОЛООД ХУУЛИЙН ХАМГААЛАЛТАНД ОРУУЛДАГИЙГ БОЛИУЛАХ ХЭРЭГТЭЙ ТЭД ДУРААРАА АВИРЛАЖ ТЭРНИЙХЭЭ ХАРИУЦЛАГЫГ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ БНА ТИЙМ УЧРААС ХАРИУЦЛАГА ТООЦДОГ БОЛГОЁ ДАВХАР ДЭЭЛИЙГ БОЛИУЛАЯ УИХ БОЛОН ЗАСГИЙН ГАЗРЫГ САЛГАЯ ТУС ТУСДАА ХАРИУЦЛАГАТАЙ АЖИЛДАГ БАЙГУУЛЛАГА БОЛГОЁ УЛСЫН ӨМЧ БОЛОН АРД ТҮМНИЙ ӨМЧИЙГ ЯЛАНГУЯА АШИГТ МАЛТМАЛЫГ ДУР МЭДЭН ХЭН ДУРТАЙД ОЛГОДОГ АСУУДЛЫГ ЗОГСООЁ ТОДОРХОЙ ШАЛГУУР БОЛЗОЛТОЙГООР ӨГ

0  |  0
elbegee(103.57.94.131) 2017 оны 12 сарын 18

HYATDIIN MARSHAL TAUNII GADAA HYATAD AJILCHIDIIG ESERGUUTSEED JAGSAVAL MONGOL RUU TANK ORUULHAAR UNDSEN HUULTAI

0  |  0
Top