Томуу, томуу төст өвчний асуудлаар дүүргийн эмнэлэгүүдэд ажиллалаа

2017 оны 12 сарын 19

 

Амьсгалын замын цочмог халдвар ихэсч байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг /2017.12.18/ Хан-уул, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт очиж ажиллалаа.

Энэ сарын 14-ны мэдээллээр, нийслэлийн харьяа эмнэлгүүдийн орны ачаалал 62.9  хувиар буюу 547 гоор нэмэгдсэн буюу 869 орон дээр 1416 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Насанд хүрэгсдийн орны 175 орыг хүүхдийн оронд шилжүүлж, нөөц өрөөнүүдэд 342 ор тавьснаар хүүхдэд зориулж нийт 517 орыг нэмэлтээр гаргажээ. Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсгийнхэний зүгээс өвчтөнүүдэд үзүүлж буй эмчилгээ үйлчилгээний хүртээмж, орны зохицуулалт, эм тарианы хангалт, эмч ажиллагсдын хуваарилалттай танилцаж, хэд хэдэн чиглэлд үүрэг даалгавар өглөө.

Хан-уул, дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн хувьд мэдрэл, уламжлалт эмчилгээний насанд хүрэгсдийн тасгийг чөлөөлж хүүхдийн тасаг болгосон байна. Чингэлтэй дүүрэгт мөн адил физик, уламжлалт эмчилгээ, хүүхдийн тоглоом, чийрэгжүүлэлт, эмч нарын болон эм тариа, уулзалтын өрөө зэрэг бүхий л нөөц бололцоогоо ашиглан өвчтөнүүдээ хэвтүүлсэн байна.

Дэд сайд Л.Бямбасүрэн  дээрх эмнэлгүүдэд ажиллах үеэрээ “Амьсгалын замын халдварт өвчлөл ихэсч байгаагаас үүдэн дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн ачаалал нэмэгдсэн. Ханиад томууны өвчлөлийн дийлэнхи хувийг хүүхдүүд эзэлж байна. Өнөөдөр эмнэлгүүдийн хүүхдийн тасгаар орж үзлээ. Ханиад томууны эхлэл үед хүндрэл нэлээд эрчимжих хандлагатай байгаа нь ажиглагдаж байна. Энэ өвчлөлийн үе шат гуравдугаар сар хүртэл хамгийн их ачаалалтай байдаг. Эрүүл мэндийн яамны шуурхай удирдлага болон салбарын зүгээс өнөөдрийн нөхцөл байдлын талаархи тодорхой ажлуудыг нийслэлийн эрүүл мэндийн газартайгаа хамтран хэрэгжүүлж байна. Цаашлаад урьтал үе буюу агаар дуслын замаар дамждаг амьсгалын цочмог халдвар ихэсч байгаатай холбогдуулан удахгүй эхлэх сурагчдын амралтын үеэр үзвэр үйлчилгээ, олон нийтийн газраар бага насны хүүхдүүдээ авч явахгүй байх, эцэг эхчүүд үр хүүхдүүддээ тавих анхааралаа сайжруулахыг хүслээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top