Цагаан зуд нүүрлэж болзошгүй байна

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 20
Орхон аймагт Онцгой комиссын хуралдаан зарлаж, цагаан зудын гамшиг нүүрлэж болзошгүй байгаа талаар аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас танилцуулжээ. Тус газрын мэргэжилтнүүд аймгийн хоёр сумын нутаг дэвсгэрт “Ган, зудын нөхцөл байдлыг үнэлэх” тухай Засгийн Газрын журмын дагуу тодорхой цэгүүд сонгон авч хийсэн хэмжилтийн дүнд дээрх дүгнэлтэд хүрсэн байна.
Орхон аймгийн нутаг дэвсгэрт энэ өвөл 100 000 орчим толгой мал өвөлжиж байгаа бөгөөд 7000 тонн өвс нөөцөлжээ.  Мөн аймаг сумдын Аюулгүйн нөөцөд 360 тонн өвс, 130 тонн тэжээл бэлтгэсэн байна. Өнгөрсөн зун тус аймгийн нутаг гандуу, хадлангийн гарц муу байсан тул малчид өвс тэжээлээ худалдан авч нөөцөлжээ. Газрын гарцаа дагаад мал муу тэвээрсэн тул бүх мал байнгын тэжээлд орох шинжтэй байгааг Онцгой комиссын хуралдааны үеэр Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Бат-Өлзий онцолжээ.
Тиймд Аюулгүйн нөөцийн өвс, тэжээлийг ирэх оны нэгдүгээр сарын эхээр гаргахаар шийдвэрлэсэн байна. Байгалийн гамшгийн үеэр малчид эрүүл мэнд, амьдрах орчин нөхцлийн хувьд хүндрэл бэрхшээлтэй тулгардаг тулд шаардлагатай эм тариа, амин дэм олгох зардлыг "Эрүүл мэндийг дэмжих сан"-гаас санхүүжүүлэх боломжийг судлах чиглэлийг Орхон аймгийн Онцгой комиссын дарга Д.Батлут холбогдох албаныханд үүрэг болгосон байна. 
Жич: Орхон аймагт  өвс боодол нь 7500-9000, тэжээл нэг шуудай нь 13000-15000 төгрөгөөр борлуулагдаж байгаа аж. Харин Аюулгүйн нөөцийн өвсийг 5000, тэжээлийг 8000 төгрөгөөр малчдад худалдах аж.     

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top