Эмгэнэл

2017 оны 12 сарын 20

 

 

                                                          БОРООХОЙН БАТХҮҮ

                                                                                    /1959-2017/

 

            Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Бороохойн Батхүү хүндээр өвчилж байгаад 2017 оны 12-р сарын 18-ны өдөр таалал төгслөө.

            Бороохойн Батхүү нь 1959 онд Завхан аймгийн Сонгино сумын нутагт айлын ууган хүү болон төржээ. 1967 онд Завхан аймгийн Улиастай хотын арван жилийн дунд сургууль, 1977-1980 онд Хилийн цэргийн дунд сургуулийг төгссөн.

            Ажил хөдөлмөрийн гараагаа НАХЯ-ны харьяа Хилийн цэргийн “Эх орны манаа” сонинд сурвалжлагчаар эхэлсэн. Завхан аймгийн “Туяа” сонинд сурвалжлагч, Монголын радиод сурвапжлагч редактор, “Монголын залуучууд” сонинд сурвалжлагчаар тус тус ажиллаж байжээ.

            Тэрээр 1990-ээд оны эхээр Дархан хилийн төлөө хөдөлгөөний ‘Гал голомт” сониныг эрхлэн гаргаж улмаар уран зохиол уран сайхны “Гэгээн судар” сониныг санаачлан эрхлэгчээр нь ажиллаж байсан.

.           Б.Батхүү нь 1970-аад оны сүүл үеэс шүлэг уран зохиол бичиж арав гаруй ном бүтээл хэвлүүлснээс тууж өгүүллэгийн “Бэртэй болох цаг" “Шувууд ганганах намар” “Урсгал” “Амьдрал өөрөө” “Хуучин найз” зэрэг түүврүуд, яруу найргийн “Нүүдлийн түрүүч” “Холын хол” “Ноён шүлэг” номууд бүтээж монголын утга зохиолын их ай савд өөрийн тод мөрөө үлдээж чадсан билээ.

            Тэрээр өөрийн шүлгүүдээс бүтсэн дуунуудаараа 2016 онд “БОРОО” нэртэй уран бүтээлийн тайлан тоглолтоо ард түмэндээ толилуулж байв.

            Б.Батхүү нь нэрт 1980-аад оны монголын утга зохиолын нэртэй, мөртэй зохиолч, яруу найрагчдын томоохон төлөөгчдийн нэг байлаа. Түүний зохиол бүтээл нь Өвөр Монголд хэвлэгдэж, улмаар орос, япон хэл дээр орчуулагдан түгсэн.

            Түүний зохиол бүтээлийг төр засаг, мэргэжлийн байгууллагууд өндрөөр үнэлж Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал, “Аптан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль болон бусад ойн медиалуудаар шагнажээ.

            Бидний журмын нөхөр, үзэг нэгт садан Б.Батхүүгийн гэгээн дүр, авъяас билиг, гэгээлэг сайхан сэтгэл, шударга үнэнч зан чанар үүрд дурсагдах болно.

Ум сайн амгалан байх болтугай.

МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ЭВЛЭЛ

"ЦОГ" СЭТГҮҮЛ

"УТГА ЗОХИОЛ, УРЛАГ" СОНИН

ҮЗЭГ НЭГТ НӨХӨД


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top