Бизнесийг хүчирхэгжүүлэх шинэ гарц бол ISO 14001 стандарт

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 21

Бид сэтгүүлийнхээ “Стандарт” булангаар Монгол Улсын төрийн ба хувийн хэвшлийн байгууллагуудад олон улсын менежментийн тогтолцооны стандартуудын талаар мэдлэг олгох, улмаар тэдгээрийг нэвтрүүлэх, хэрэгжүүлэхэд нь дэмжлэг, ашиг тус болох зорилгоор эдгээр стандартуудыг цувралаар танилцуулж байгаа билээ. Ингэхдээ Монгол Улсад анхны олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хувийн баталгаажуулалтын байгууллага болох “МонСертф” ХХК -тай хамтран ажиллаж байна. Энэ удаагийн дугаартаа Байгаль орчны менежментийн тогтолцооны ISO 14001 стандартын тухай мэдээллийг хүргэе.

БИЗНЕСИЙГ ХҮЧИРХЭГЖҮҮЛЭХ ШИНЭ ГАРЦ БОЛ ISO 14001 СТАНДАРТ

Шинэ зуун биднээс шинэлэг сэтгэлгээгээр бизнес эрхлэхийг шаардаж байна. Байгальд ээлтэй бизнес эрхлэх нь компанийн нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлэх, үйл ажиллагааны тасралтгүй сайжруулалтыг хийх, эх дэлхийгээ хамгаалах нэг үндэс юм. Нөгөө талаас өндөр өрсөлдөөнт өнөөгийн нөхцөлд компаниудыг өрсөлдөх чадвараа дээшлүүлж, үйл ажиллагаандаа тасралтгүй сайжруулалт хийхийг шаардаж байна. Цаашлаад бүхий л бизнесийн дэмжлэгүүд болох засгийн газрын бодлого, Олон улсын байгууллага, банк санхүүгийн дэмжлэгүүд нь ногоон бизнес тэр дундаа олон улсын стандартыг хэрэгжүүлсэн компаниудад илүү давуу талыг олгож байна. Энэ ч үүднээс Монголын компаниуд сүүлийн жилүүдэд олон улсын стандартууд, менежментийн арга хэрэгслүүдийг эрчимтэй хэрэгжүүлж байна. Эдгээрээс олон улсын стандартууд болох Чанарын менежментийн тогтолцоо (ЧМТ) ISO9001, Байгаль орчны менежментийн тогтолцоо (БОМТ) ISO 14001, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо (ХЭМАБУТ) OHSAS 18001 болон менежментийн арга хэрэгслүүд болох гүйцэтгэлийн удирдлага, компанийн засаглал, бүтээмжийн удирдлага, чанарын нэгдсэн удирдлага, төслийн удирдлага зэргийг нэрлэж болох юм. Компаниуд өөрсдийн үйл ажиллагааны онцлогт тохируулан дээрх аргуудыг хэрэгжүүлж байгаа ч орчин үеийн чиг хандлагаар байгууллагууд менежментийн суурь стандартууд болох байгаль эх дэлхийг хамгаалахад чиглэсэн БОМТ ISO 14001, хэрэглэгчид чиглэсэн, чанартай үйл ажиллагааг хангах ЧМТ ISO9001, ажилтан, хүний аюулгүй байдлыг хамгаалахад чиглэсэн ХЭМАБУТ OHSAS 18001-ийг нэгдмэл байдлаар хэрэгжүүлж байна. Иймд ISO 14001 нь төрийн болон ашгийн, том, жижиг гэж ялгалгүйгээр аливаа салбарын бүхий л компанид тохирохуйц менежментийн тулгуур стандартуудын нэг бөгөөд бизнесийг өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх онцгой хүчин зүйл болдог.

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГО

1. ЯДУУРЛЫГ УСТГАХ

2. ӨЛСГӨЛӨНГ ЗОГСООХ

 3. ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ

4. ЧАНАРТАЙ БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ

5. ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ

6. БАТАЛГААТ УНДНЫ УС АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖААР ХАНГАХ

7. СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ НЭВТРҮҮЛЭХ

8. ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ, БАТАЛГААТ АЖЛЫН БАЙРЫГ БИЙ БОЛГОХ

9. ИННОВАЦИ БОЛОН ДЭД БҮТЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ

10. ТЭГШ БУС БАЙДЛЫГ БУУРУУЛАХ

11. ЭЭЛТЭЙ ХОТ, ИРГЭДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ

12. ХАРИУЦЛАГАТАЙ ХЭРЭГЛЭЭГ ДЭМЖИХ

13. УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ҮР НӨЛӨӨГ БАГАСГАХ

14. ДАЛАЙ ТЭНГИСИЙН НӨӨЦИЙГ ХАМГААЛАХ

15. ХУУРАЙ ГАЗРЫН ЭКОСИСТЕМИЙГ ХАМГААЛАХ

16. ЭНХ ТАЙВАН, ШУДАРГА ЁСЫГ ЦОГЦЛООХ

17. ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ

ISO 14001 ЯМАР АЧ ХОЛБОГДОЛТОЙ ВЭ?

ISO 14001-ийг хэрэгжүүлсэнээр НҮБ-аас гаргасан тогтвортой хөгжлийг хангах зорилтуудын 2, 3, 6, 7, 8, 9, 11, 12, 13, 14, 15 болон 17-г биелүүлэхэд бодит дэмжлэг болж өгдөг. Түүнчлэн бизнесийн байгууллагууд стратегийн түвшинд хэрэгжүүлснээр гүйцэтгэлээ сайжруулах маш олон шалтгаан бий. Хуулийн шаардлагуудыг дагаж мөрдөх, манлайллыг бий болгож, ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх, компанийн нэр хүнд дээшлүүлэх, бизнесийн стратегийн зорилгодоо хүрэх, санхүүгийн давуу талыг бий болгох зэргүүдийг дурдаж болно.

КОМПАНИД ХЭРХЭН ҮР ӨГӨӨЖӨӨ ӨГӨХ ВЭ?


КОМПАНИЙН НЭР ХҮНДИЙГ ЭРС ДЭЭШЛҮҮЛНЭ

Байгаль орчны менежментийн тогтолцоог хэрэгжүүлсэн компаниудын дунд хийгдсэн Олон улсын судалгаагаар тогтолцоо нэвтрүүлсэн байгууллагад өгсөн үр өгөөжийн 34% нь компанийн нэр хүнд, брэндийн имиж өссөн гэсэн дүн гарсан байна. Мөн зах зээлд нэвтрэх боломж 14% нэмэгдсэн, хэрэглэгчийн тоо сэтгэл ханамж 14% өссөн, ашиг орлого 13% нэмэгдсэн үр дүн гарчээ.

ҮРГҮЙ ЗАРДАЛ БУУРУУЛАХ ЗАМААР АШГИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ

Ихэнх компани байгаль орчны менежментийн тогтолцоог нэвтрүүлнэ гэдэг нь зөвхөн байгаль орчны асуудал эсвэл их хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан зардал өндөртэй ажил гэсэн ташаа ойлголттой байдаг. Харин эсрэгээрээ энэ нь компанид материалын хэмнэлт гаргаж, ашиг орлогыг нэмэгдүүлдэг стандарт юм.

ТУХАЙЛБАЛ: Шунхлай ХХК нь Ногоон бүтээмж - Менежментийн нэгдмэл тогтолцооны стандартууд болох ISO9001, ISO14001, OHSAS 18001-ийг цогцоор нь хэрэгжүүлсэнээр: § Газрын тосны бүтээгдэхүүний агуулахын буулгах насосны хүчин чадлыг 30м3/цаг, § Ачих насосны хүчин чадлыг 24 м3/цаг нэмэгдүүлж, § Эрчим хүчний хэрэглээг 25% бууруулж, § Ажлын бүтээмжийг 10% нэмэгдүүлсэн үр дүнг компанидаа гаргаж чаджээ.

БАЙГАЛЬ ОРЧНЫ НӨЛӨӨЛӨЛ БУУРУУЛНА

Уур амьсгалын өөрчлөлт, хөрсний элэгдэл, ой мод устах, хүлэмжийн хийн ялгаруулалт, хүн амын өсөлт, тогтвортой бус хэрэглээнээс үүдсэн бохирдол, байгалийн нөөцийн зүй бус ашиглалт зэрэг нь глобал түвшний тулгамдсан асуудлыг дагуулж байна. Судалгаагаар долоон секунд тутамд нэг хүний амьдрах орон зай алга болж, секунд тутамд 342м3 ой устаж байна гэсэн тоо мэдээлэл ч байна. Иймд өнөөгийн тогтвортой бус хэрэглээ, үйлдвэрлэлийн үйл явц өөрчлөгдөхгүй энэ байдлаараа цааш үргэлжлэхэд 2030 он гэхэд бидэнд хоёр дэлхий шаардлагатай болно. Бид одоогоор 1.6 дэлхийтэй тэнцэхүйц нөөц ашиглаж байгаа юм. Иймд 2050 он гэхэд энэхүү хэрэглээг нэг дэлхийн түвшинд авчрах зайлшгүй шаардлагатай нүүр тулж байна. Энэхүү стандартыг хэрэгжүүлсэний хамгийн гол үр өгөөжийг хүртэгч нь эх дэлхий, түүнд оршин буй хүн төрөлхтөн бид юм.

БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ, ХАРИУЦЛАГЫГ НЭМЭГДҮҮЛНЭ

ISO 14001 нь байгууллагын удирдлагын манлайллыг нэмэгдүүлж, ажилтнуудын оролцоог дээшлүүлэхэд тусалдаг.Нийт ажилтнуудын оролцоо, байгууллагын соёлын эерэг өөрчлөлтийг бий болгох замаар компанийн стратегийн зорилгодоо хүрэхэд байгаль орчин болон бизнес менежментийн асуудлуудыг нэгтгэн нэвтрүүлснээр гүйцэтгэлийн төгөлдөршлийг бий болгоход хувь нэмрээ оруулдаг байна. Энэхүү олон улсын стандарт нь холбогдох хууль тогтоомжийн заалтыг үндэслэн байгаль орчинд хор уршигтай нөлөөлөл үзүүлэх талаарх мэдээлэлд тулгуурлан байгууллагын байгаль орчны бодлого, зорилтыг тодорхойлж, тухайн орчны менежементийн тогтолцоонд тавигдах шаардлагыг тогтоох бөгөөд уг байгууллага нь тодорхой байдлаар нөлөөлж, хянаж чадах байгаль орчны асуудлыг авч үздэгээрээ компанийн хариуцлагыг нэмэгдүүлдэг.

ISO 14001 ГЭЖ ЮУ ВЭ?

ISO 14001 стандарт нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт бөгөөд байгаль орчны менежментийн тогтолцооны шаардлагуудын цогц юм. Энэ нь байгууллага байгалийн нөөцийн ашиглалтаа илүү үр дүнтэй болгож, хаягдлыг бууруулах замаар байгаль орчны гүйцэтгэлээ сайжруулах, бусдаас өрсөлдөхүйц давуу талыг бий болгох, оролцогч талуудад илүү их итгэлийг бий болгоход тусалдаг.1 ISO 14001 стандарт нь Олон улсын стандартын байгууллага (ISO) – аас гаргасан баримт бичиг юм. Байгууллага нь байгаль орчны асуудлаа тодорхойлон, удирдаж, хэмжин хянаж, тасралтгүй сайжруулалт хийх зааварчилгаа бүхий стандарт. Энгийнээр тайлбарлавал аливаа байгууллагын байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг хэрэгжүүлсэн гэдгийг батлах нэг баримт бичиг, нотолгоо юм. Энэ нь тухайн байгууллагын бүхий л үйл ажиллагаа байгаль орчинд ээлтэйгээр явагддагийг баталгаажуулна. Энэ нь БОМТ ISO1400 багц стандартын нэг хэсэг ба уг багцад БОМТ хэрэгжүүлэх зааварчилгаа ISO14001, БОМТ-г дэмжих техникүүд баримтжуулалт ISO14004, Байгаль орчны аудит ISO14010, Байгаль орчны үнэлгээ ISO14015, Амьдралын мөчлөгийн үнэлгээ ISO14040, Үгсийн сан ISO14050, Материалын урсгал зардлын тооцоолол ISO14051 зэрэг бүлэг стандартууд багтдаг.

ХЭН ХЭРЭГЖҮҮЛДЭГ ВЭ?

Олон байгууллагууд нэр хүнд имижээ өсгөх, гадаад зах зээлд танигдах, хүлээн зөвшөөрөгдөх, зээл тусламж авах зэрэг зорилгоор энэхүү стандартыг хэрэгжүүлэн гэрчилгээ авахыг зорьдог. Харин зарим байгууллагууд эх дэлхийн нөөцийг хамгаалах, ирээдүйн тогтвортой байдлыг хангахад хувь нэмрээ оруулах зорилгоор хэрэгжүүлж байна. Олон улсын стандартчиллын байгууллага гаргасан судалгаанд 2013-2014 онд Байгаль орчны удирдлагын тогтолцоо ISO 14001-ийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн гэрчилгээ авсан байгууллагуудын тоо 7%-иар өссөн дүнтэй байна2 . Тухайлбал дэлхийд тэргүүлэгч машин үйлдвэрлэлийн Форд компани өөрсдийн үйл ажиллагаандаа ISO14001-ийг нэвтрүүлснээс гадна 5000 гаруй ханган нийлүүлэгчиддээ ISO 14001-ийг нэвтрүүлэх шаардлага тавьж, сургалт хийж дэмжлэг үзүүлдэг байна. Манай улсын хувьд 2016 оны байдлаар 150 орчим байгууллага ЧУТ ISO9001 стандартыг хэрэгжүүлсэн бол БОМТ ISO 14001-ийг 17 байгууллага хэрэгжүүлэн гэрчилгээ авсан байна. (Манай улсын хувьд Олон улсын гэрчилгээ олгодог байгууллагуудын нэгдсэн бүртгэл байхгүй тул судалгааны хэмжээнд авч үзсэн болно). АПУ ХХК, Эм СиЭс Кока кола ХХК, Эрдэнэт үйлдвэр ХХК, Оюутолгой ХК, Танан Импекс ХХК, Мера ХХК, Мултипак ХХК зэрэг үйлдвэрлэгч компани болон Шунхлай ХХК, Бамбай сервис секюрти ХХК зэрэг үйлчилгээний компаниуд хэрэгжүүлэн сайжруулалтуудыг хийжээ. Түүнчлэн Материалын урсгал зардлын тооцооллын олон улсын стандарт ISO 14051:2015-ийг хэрэгжүүлэх замаар өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх байгууллагуудын тоо сүүлийн таван жилд хүч түрэн орж ирж байна. Материалын урсгал зардлын тооцоолол гэдэг нь: 1) Материалын үр ашгийг дээшлүүлэх, 2) Эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, З) Зардлыг хэмнэх аргачлал Энэхүү стандартыг дэл-хийд нэртэй томоохон компаниуд болох Канон, Панасоник, Митсибуши, Омрон зэрэг 300 гаруй байгууллага амжилттай хэрэгжүүлж, зардлаа бууруулах оновчтой шийдлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж байна. Манай улсаас “Мөнхийн үсэг” ХХК, “Гүнгэрваа” ХХК, “Эрин” цонхны үйлдвэр нэвтрүүлж байгаагаас жишээ дурдахад “Гүнгэрваа” бетон хийц эдлэлийн үйлдвэр нэг жилийн хугацаанд 49 сая төгрөгийн материалын хэмнэлт гаргасан амжилттай байна.

КОМПАНИУД ISO 14001-ИЙГ ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА НЭВТРҮҮЛЭХ НЬ ЧУХАЛ БАЙНА

ISO 14001 нь менежментийн стандарт гэхээсээ илүү компанийн бизнесийн үйл ажиллагааг хүчирхэгжүүлэх нэг арга хэрэгсэл юм. Компаниуд зөвхөн тендэрт оролцох, эсвэл имиж бүрдүүлэх гэхээс илүү нийгмийн хариуцлагаа дээшлүүлэх, үргүй зардлаа бууруулан ашгаа нэмэгдүүлэх өнцгөөс харвал үр өгөөжөө өндөрт өгч байгаа нь олон судалгаанаас харагдаж байна. Мөн хэрэгжүүлсэн байгууллагуудын гүйцэтгэлийн түвшинг үнэлж үзэхэд, стратегийн менежментийн түвшний эрс сайжруулалт, баримт бичгийн боловсруулалтад сайжруулалт хийхээс гадна ажилтнуудын хандлагад эерэг өөрчлөлтүүд бий болж, байгаль орчны хамгаалал, түүний ашиг тусын талаар мэдлэгийн түвшин нэмэгдсэн байдаг. Нөгөө талаас зарим нэг санаачлага гарч байгаа нь сайшаалтай ч байгалийн баялагт түшиглэсэн манай улсад энэхүү байгаль орчны менежментийн тогтолцоог хэрэгжүүлсэн байгууллагын тоо арав гаруй байгаа нь маш хангалтгүй байна. Иймд өөрсдийн бизнест болон нийгэмд өгөх үр өгөөжийг ухамсарлан ойлгож компаниуд ISO14001-ийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх нь чухал байна.

ХОЛБОО БАРИХ: Мэйл хаяг: info@moncert.mn Утас: 99829822, 91113010, 70115522 Facebook: http://www.facebook.com/ moncert

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top