Тэргүүндээ хүн мацуулдаггүй догшин хайрхан- Бавуугийн Лхагвасүрэн

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 21

Бавуугийн Лхагвасүрэн хэмээх энэ эрсхэн хөх өвгөний тухай Монголчууд мэдэхийн дээдээр мэдэх. Уулаар бол хэн хүнийг тэргүүндээ мацуулаад байдаггүй хавцал асгатай, сүр бараат догшин хайрхан юм. Энэ л догшин хайрханы цуурай Монголын үе үеийн мянга мянган оюут хүмүний сэтгэлийг сэрээж, яруу найраг, уран зохиолын яруу утга төгс урсгал руу хөтөлсөн билээ. 1962 онд анхныхаа шүлгийг биччихээд, уран зохиолын хүрээнийхэн дунд шуугиан тарьж, гайхамшигтай авьяастай хүү хэмээн хэлэгдэж явсан ч 20 жилийн хойно анхны номоо хэвлүүлсэн гэдэг. Номоо хэвлүүлж амжаагүй тэр хорин жилийн хугацаа түүнийг хүлээсэн уншигчдын хувьд ч бас чилийсэн урт хугацаа. 

Аатай,  урьд өмнө үзэгдээгүй торгон, үнэн тэрс найрагч нь 1982 онд “Уянгын тойрог”-оо хэвлүүлж, хүлээсэн олны сэтгэлийг сая нэг амраасан гэдэг. Хэний ч анхны ном “Уянгын тойрог” шиг тийм сайн ном байгаагүй гэж олон хүн ярихыг сонсож, энд тэндээс олж уншиж байв. “Уянгын тойрог”-ийг нээж үзээгүй нэгээхэн ч шүлэгч, номын хорхойтон Монгол үгүй гэдэгт итгэнэ... Бавуугийн Лхагвасүрэн хэмээх эрхэм энэ хүний шүлгийг цээжилж явсан минь тэртээ 1993 оны үе. Урд жил нь “Хил дээр бичсэн шүлэг”-ээ уншиж “Болор цом” наадмын тэргүүн найрагчаар өргөмжлөгдөж байсан санагдана. Сумын сургуулийн захирал М.Эрдэнэ-Очир багшийн даалгавраар цээжилж бяцхан цээжиндээ омогшил хадааж явав.

 Одоо бодоод байхнээ захирал тэр шүлгийг зурагт радиогоор сонсож байгаад хуулж тэмдэглэж авсан юм шиг санагддаг. Зарим мөр, үг нь миний цээжилснээс өөр байхыг хожим номоос нь олж үзсэн ч анх цээжилснээр минь сэтгэлд хадаатай явдаг юм. Арван жилийн сурагч номын санд сууж, “Уянгын тойрог”-т  хүлэгдсээр оройхон гэртээ харьдаг сан. Хожим оюутан болж Улаанбаатарт ирэхэд минь ангийн нөхөд болоод сургуулийнхан минь шүлгээр “өвчилсөн” тэр дундаа Бавуугийн Лхагвасүрэн найрагчийн шүлгүүдээр асгарсан оюутнууд угтаж билээ. Манай ангийнхан гэх 62 оюутныг нэг танхимд суулгаад Ш.Дулмаа багш маань цээжээр мэддэг шүлгийг нь уншуулахад ихэнх нь:

Санаа алдахад эхийн сүү тагнайд амтагдаж

Салхины нь үзүүрийг залгихад агь хоолойд аргасан

Боржигны бор тал минь

Тэргэл саран туулж баралгүй хээр хонодог

Тэнгэрийн хэвтэр буурал тал минь.../ “Боржигоны бор тал”/ хэмээн цангинуулсан юмдаг. Ингээд бодохоор Монголын хичнээн аавын хүү ээжийн охин энэ хүний шүлгээр амласан бол... Монголын хээр тал, найр наадам, адуу малын бэлчээр, амраг хайртаа зорих цаг дор түүний хэчнээн дуугаар жигүүр хийж  явдаг бол доо... Өнөөдөр л гэхэд,

Чам дээр минь асгарах гээд
Одод түгжээ үзэсгэлэнт минь
Чамайг минь ширтэх гээд
Саран манджээ үзэсгэлэнт минь

Халуун шивнээг минь сонсох гээд
Салхи намджээ
Хаан хайрыг минь гоёх гээд
Цэцэгс дэлгэрчээ

Бүрхэх сүүдэр үгүй байг гээд
Тэнгэр цэлмэжээ үзэсгэлэнт минь
Бие биедээ хайртайг минь
Бурхан мэдчихжээ үзэсгэлэнт минь... /”Үзэсгэлэнт минь”/гээд л гэрт гадаагүй дуулцгааж явна. Хайр уярал түрүүлсэн олон сайхан дууны шүлгүүдийг бүтээж, хүн хүний зүрх сэтгэлд уярал болгон түгээжээ. Айлын хурим найран дээр ардын дуу гэж андуурч зарлагдам дуунууд хийгээд нэг л мэдэхэд гунисхийчихсэн амандаа аялж явах дуугаар ард түмнээ угжжээ энэ хүн. Тэртээ он жилүүдээс өнөөдрийг хүртэл,

Билүүтэй уулынхаа овоондоо

Чулуу ганцыг нэмлүү дээ

Биеэ хувааж төрүүлсэн

Ээжийнхээ ачийг яалаа даа... /“Ээжийнхээ ачийг яалаа даа”/ гэж л ухааруулан, бодолд автуулж,

... Халин халин нисээд ирдэг шувууд

Харзны усанд элгээ жиндээн ганганах юм

Харын хар нүдэн чамайгаа

Харж ээ суух минь хэзээ юм бол доо.../”Зүүдэн бороо”/ хэмээн гэгэлзүүлж,

...Алтан нарыг тооноо гээд

Алаг дэлхийг гэрээ гэвэл

Хөх тэнгэрийг мөрлөн өндийсөн

Хос багана нь чи бидэн хоёр оо... /Чи бидэн хоёр/  хэмээн хайртай хосын амьдралыг эхлүүлж иржээ. Ийм л өндөр найрагч Өнжүүлийн уулс, Бараатын хөндийд дуугаа хадааж өсөөд, өдгөө яруу найргийн их хойморт налайсан сайхан буурал болжээ. Үгийнх нь үнэн, ухаанынх нь уранд уяатай бид, “Бүлээн нурам”,  “Хүн чулууны нулимс” зэрэг киног нь зүрх шимшрэн үзсээр... Театрт  “Улаан тэргэл сар”, “Атга нөж”, “Тамгагүй төр” жүжгийг нь тавигдах бүрт үзэгчид сэтгэл огшин, зүрхээ базлан үздэг билээ. УИХ-ын сэнтийд суухдаа ч тэрбээр ард түмэн тэр дундаа урлаг соёлоо орхиогүй юм. Тухайлбал дөрвөн жилийн хугацаанд урлаг соёлтой холбоотой арав гаруй хуулийн төсөл санаачлан өргөн барьж батлуулсан байна. Өнөөдөр ч эрхэм найрагч маань бидний хүсэн хүлээж, үзэх дуртай “Монгол тулгатны зуун” эрхэм нэвтрүүлгийг хөтлөн айл бүхний хойморт тухлан оюун сэтгэлийг нь соронздон байна.

 Харамсалтай нь Монголын оюун санааны энэ цагийн их давлагаа Бавуугийн Лхагвасүрэн найрагч маань өнөөдөр ходоодны хорт хавдар гэх аюулт өвчин тусжээ. Харин түүний уншигч сонсогч, хүндлэн дээдлэгч, үг сургаалыг нь эш болгогч Монголын сайхан сэтгэлт түмэн түүнд туслах хандивын аян өрнүүлжээ. Та бүхний сайхан сэтгэл оюуны сор болсон эрхэм хүмүүнээ өргөн тэнхрүүлнэ гэдэгт гүнээ найдна.

 Та бүхэн Хаан банк 5077460361 Бавуу Лхагвасүрэн дансанд хандиваа илгээгээрэй. Мөн түүний номыг худалдан авахын хүсвэл Bazarsuren Batchuluun-тай холбогдон аваарай.

Л.Ганзул

www.zindaa.mn

Top