Хүүхэд хэвлийд байхдаа төрөлх хэлээ сурч эхэлдэг

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 22

Хүүхэд хорвоод мэндлэхдээ сонсож байсан дуу авиагаа шууд таньдаг гэдгийг эрдэмтэд аль хэдийнэ тогтоосон юм. Тэгвэл шинэ төрсөн нярайн уйлах дуу эхийнх нь төрөлх хэлтэй холбоотой байдаг гэж “Nat Geo” сэтгүүлд бичжээ. Хүүхэд эхийн хэвлийд байхдаа, төрөхөөсөө дор хаяж 10 долоо хоногийн өмнө гаднын чимээ шуугианыг сонсож, үүнийг хэрхэн хүлээн авч байгаагаа илэрхийлэх чадвартай болдог аж. Ялангуяа тэрээр эхийнхээ дуу хоолойг сонсонгуутаа зүрхнийх нь цохилт хурдасдаг гэж судлаачид үзжээ. Эрдэмтэд шинэ судалгаагаараа, хүүхэд дуу хоолойгоо удирдах чадвартай болоход төрөлх хэл нь хэрхэн нөлөөлдөгийг тогтоохыг зорьсон байна. Вюрцбург, Оснабрюк, Бээжингийн Их сургуулийн хэсэг мэрэгжилтний  хийсэн судалгааны дүнг  Британийн “ Speech, Language and Hearing” сэтгүүлд нийтэлжээ.  Хүүхэд дөнгөж үр хөврөлийн шатандаа байх үед мөн түүний төрөнгүүтээ уйлах дууны өнгөнд эргэн тойрны хүмүүсийн хэл яриа нөлөөлдөг гэдгийг тогтоожээ. Мэргэжилтнүүд Хятад, Герман, Камеруны шинэ төрсөн 102 хүүхдийн дуу хоолойны өнгийг судалсан байна. Хятад хэл эгшиглэнтэй, үе бүр нь тодорхой хөг аялгуутай юм шиг сонсогджээ. Ийм шинж Камеруны нутгийн 260 хэлний нэг ламнсо хэлэнд харагдсан аж. Эхний тохиолдолд хэл нь дөрөв, дараагийнхад нь найман янзын хөг аялгуу сонсогдож байжээ. Герман хэлэнд болохоор эсрэгээрээ ямар ч аялгуу сонсогдсонгүй. Судалгааны дүнд Хятад, Камеруны хүүхдүүдийн уйлах дуу нь дуулж байгаа юм шиг уянгалаг байсан гэдэг.  Ялангуяа Камеруны хүүхдийн уйлалт илүү уянгалаг болж өөрчлөгдсөн байна. Харин герман хүүхдийг уйлах үед хоолойных нь өндөр нам өнгөний давтамж багасчээ. Ингэснээр нярай хүүхэд ижийнхээ хоолойн өнгөний тусламжтайгаар төрөлх хэлтэйгээ танилцаж, сонсолзүйн онцлог нь түүнийг төрөхөөс өмнө  бүрэлдэж эхэлдэгийг эрдэмтэд тогтоожээ. Цаашдаа үр хөврөлийн хөгжилд хүрээлэн буй орчны дуу чимээ хэрхэн нөлөөлж байгааг үргэлжлүүлэн судлах юм.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top