Технологид суурилсан хотын хөгжил

Нийслэлийн Мэдээллийн технологийн газар нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт заасан мэдээллийн технологийн салбарын чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлын бодлогыг тодорхойлж, мэдээллийн технологийн чиглэлээр олон талт үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд зохион байгуулан ажиллаж байна. Тус газар нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын програм хангамж болон техник хангамжийг стандартад нийцүүлэн, орчин үеийн ухаалаг технологийг нэвтрүүлж, цаашдын бодлогыг тодорхойлон ажилладаг юм.

НМТГ-аас 2017 онд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын харилцаа, холбооны дэд бүтцийг сайжруулан мэдээллийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангаж хадгалалт, хяналтыг сайжруулахад онцгой анхаарч, байгууллагуудын мэдээллийн хүртээмж, урсгал, мэдээллийн ой санамжийг сайжруулах, хот төлөвлөлт болон удирдлагын шийдвэр гаргалтыг оновчтой, хурдан цаг алдалгүй гаргахад ухаалаг технологийн үр ашигтай шийдлийг нэвтрүүлэн нийслэлээс иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг сайжруулан ажилласан байна.

Тухайлбал, Төрийн мэдээлэл солилцооны Хур системийг нийслэлийн үйлчилгээнд нэвтрүүлэн иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд бусад төрийн байгууллагаас гардаг лавлагаа, тодорхойлолтыг нэхэх, баримт бичгийн эх хувийг заавал нотариатаар баталгаажуулахыг шаарддаг асуудлыг шийдвэрлэв. Мөн Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эцэг эх, асран хамгаалагч, иргэдэд нээлттэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх, цахим бүртгэл мэдээллийн нэгдсэн удирдлагаар төрийн өмчийн цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2017-2018 оны хичээлийн жилд нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэл, элсэлтийн цахим системийг нэвтрүүлэн ажиллалаа.

Нийслэлийн харьяа байгууллагуудад байдаг төрөл бүрийн мэдээллүүдийг нэгтгэн харж дүн шинжилгээ хийх боломж хязгаарлагдмал байсан асуудлыг шийдвэрлэхэд орчин үеийн хотуудын ашиглаж байгаа газарзүйн мэдээллийн системд суурилсан “Хот байгуулалтын орон зайн дундын мэдээллийн сан” төслийг хэрэгжүүлэн үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ашиглаж эхлэв. Орон зайн буюу газарзүйн байршилтай холбоотой мэдээллийг бусад нийгэм, эдийн засгийн статистикийн тоон мэдээллүүдтэй хамтад нь харж дүн шинжилгээ судалгаанд суурилж шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх, иргэдийг нээлттэй мэдээллээр хангах давуу талуудыг бий болгож байгаа юм.

Цахим төлбөр, тооцооны нэгдсэн системийг нэвтрүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотод бүртгэлтэй 450 гаруй мянган тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн хэрэгцээ шаардлагыг хангасан, түүнтэй холбоотой олон төрлийн мэдээ, мэдээлэл болон үйлчилгээг нэг дороос авах боломжтой тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний “Смарткар” системийг ашиглалтад оруулав.

Төрийн байгууллагуудын албан хэрэг хөтлөлтийн системүүдтэй нийтийн түлхүүрийн дэд бүтцийг холбох зорилтын хүрээнд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд тоон гарын үсэг нэвтрүүлж үйл ажиллагааны зардал, бичиг хэрэг, шуудан хүргэлт, архивын зардлыг багасгах, нийслэлээс үзүүлж буй үйлчилгээний шийдвэрлэлтийн явц хурдсах, шат дамжлага багасах, үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч цаашид нийслэлээс үзүүлж буй үйлчилгээг онлайнаар үзүүлэх боломжтой болох юм.

Мөн хороодоос үзүүлэх төрийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар болон харьяа 23 хороог нийслэлийн нэгдсэн өндөр хурдны шилэн кабелийн сүлжээнд холбов. Ингэснээр улсын бүртгэл, газрын алба, цагдаа, төрийн сан, эрүүл мэндийн зэрэг үйлчилгээг хороодоос шууд үзүүлэх нөхцөл боломжийг бүрдүүллээ.

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийг хангах ажлын хүрээнд  нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бүтээн байгуулалт, худалдан авах ажиллагаа гүйцэтгэлийн ажлын явц төсөв, хөрөнгийн хэмжээ зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг харж болох орон зайн мэдээлийн системд суурилсан “Шилэн тендэр” системийг ирэх 2018 оны 1 дүгээр сарын 01-нээс эхлэн нэвтрүүлж олон нийтэд танилцуулахад бэлэн болсон гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээлэв.



Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

kiujh [ 41.85.161.164 ]      |     2017 оны 12-р сарын 28 -нд, 03:32 минутанд

БИДНИЙ БОЛОХ БОЛОМЖ. Банкууд хүүгийн хэмжээг дахин тогтоож болохгүй. Зах зээлд хамгийн бага үнээр тохиролцохын тулд бид таны үйлчилгээ юм. Өөрийн моргейжийн барааг зөв цагт шинэчилж, хамгийн сайн тохирол олох. Өөрийн хөрөнгийг оновчтой болго! Танд өгөх хамгийн сайн санал бидэнд байна. Олон банкнаас татгалзсан уу? Танай өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Холбоо барих: WhatsApp: 33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com

Go to top of page