Р.Дутертегийн ”Үхлийн бригад”-ыг илчиллээ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 25

Давао хотод цагдаагаар ажиллаж асан 57 настай Эдгар Матобато гэгч эр Филиппиний Сенатад сонсгол хийж, Ерөнхийлөгч Р.Дутертегийн талаарх баримтуудыг гаргаж өгсөн нь тус улсад шуугиан тариад байна. Тэрээр залуудаа Р.Дутертегийн байгуулсан “Үхлийн бригад” гэгч бүлэглэлийн гишүүн болж, гэмт хэрэгтнүүдийг хайр найргүй устгаж явжээ.  

Хуулийн байгууллага Родриго Дутертег “Үхлийн бригад” гэгчийг байгуулж олон мянган хүнд “гэмт хэрэгтэн” гэдэг шошго зүүн алж устгасан гэж олон удаа сэжиглэж байсан ч тэрээр тухай бүрт нь үгүйсгэдэг байсан юм. Харин Э.Матобато гарч ирснээр хуулийнхан маш тодорхой баримттай болж авчээ. Р.Дутертегийн хар тамхины мафитай зарласан дайныг хамгийн ихээр эсэргүүцдэг хүн нь Сенатын гишүүн, эдүгээ яг энэ асуудлыг шалгахаар байгуулагдсан ажлын хэсгийг ахалж буй Лейла де Лима гэгч эмэгтэй байдаг юм байна. Энэ эмэгтэйн ахалсан ажлын хэсэг өнгөрсөн зургадугаар сараас хойш буюу Р.Дутертег Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш 3000 гаруй гэмт хэрэгтэн шүүхийн тогтоолгүгээр амь насаа алдсаныг тогтоожээ. Тэгээд өнгөрсөн долоо хоногт энэ тухайгаа зарлатал Р.Дутерте Лейла де Лимаг хар тамхины мафитай холбоотой, толгойлогчоос нь мөнгө авч байсан хэмээн “сөрсөн базаа” хийсэн аж. Гэтэл Э.Мотабатогийн сонсголд Р.Дутерте л.де Лимаг хороох захиалгыг “Үхлийн бригад”-даа өгч байсан тухай дурьдагдах нь тэр. Л.де Лима тухайн үед хүний эрхийн асуудлаар Парламентаас байгуулагдсан комиссыг ахлан, Давао хотод иргэдийг шуухийн тогтоолгүйгээр хөнөөж байгаа асуудлыг шалгаж байжээ. Э.Мотбато тушаалыг оршуулгын ёслолын үеэр гүйцэтгэхээр Л.де Лимаг отсон ч цадах нь ирээгүй аж.          

Тэрээр Р.Дутертегийн байгуулсан үхлийн бригад 1000 гаруй гэмт хэрэгтнийг устгасан гээд өөрөө 50 хүний амь хөнөөсөн гэдгээ хүлээсэн байна.

Түүний ярьсан зүйлсээс хамгийн ноцтой нь, амиа алдсан хүмүүс бүгд гэмт хэрэгтэн биш байдаг явдал юм. Жишээлбэл, 2014 онд ажлынхаа байранд буудуулж амиа алдсан Себу мужийн баян бизнесмэн гэмт хэрэгтэн огт биш, харин Р.Дутертегийн хүү Паоло Дутертетэй эмэгтэй хүнээс болж муудалцсан нэгэн байсныг Э.Мотабато илчилжээ. Босогч бүлэглэлийн дайчин гэж сэжиглэгдсэн нэгнийг боомилж хөнөөгөөд мөчилж усан санд хаясан, Р.Дутертег хурцаар шүүмжилсэн радио нэвтрүүлэгчийг 2003 оны заргудугаар сард гудамжинд буудаж хөнөөсөн гэх мэт ноцтой баримтыг тэрээр дэлгэн тавьсан аж. Гэмт хэрэгтнүүдийн эсрэг кампанит ажил явуулах шалтгааныг Р.Дутерте өөрөө санаачилдаг байсан гэдгийг тэрээр мөн илчилсэн. Тухайлбал, алан хядагчид 1993 онд католик шашны сүм рүү халдсаны дараа Р.Дутерте Э.Матобато болон түүний хамтрагчдад католик сүм хийд рүү халдах тушаал өгч байсан гэнэ. “Үхлийн бригад” энэ тушаалын дагуу нэг бус шашны сүмд сүсэгтнүүдийг эзгүй үеэр гар бөмбөг тэсэлж, дараа нь “Сүм хийд рүү удаа дараа халдах болсон тул...” гэдэг шалтгаанаар гэмт бүлэглэлийнхний эсрэг ээжит хядлагаа эхлүүлж байжээ. Алагдсан хүмүүсийг гурван нууц газар булж оршуулдаг байсан бөгөөд далайд хаяж загасны хоол болгох нь ч цөөнгүй байсан аж. Хүмүүсийг оршуулахдаа гэдсийг нь хүүлж дотор эрхтнийг нь гаргаж аваад биеийг нь бетон цутгаж тэнгсит хаядаг байжээ. “Тэр хүмүүс яг л тахиа шиг амиа алдацгаасан даа” гэж Э.Матобато өгүүлсэн байна.    

Энэ бүх нүгэл хилэнцийг үйлдсэнийхээ дараа Э.Мотабато буруугаа ойлгон гэмшиж, гэрчийг хамгаалах хөтөлбөрт хамрагдсан юм байна. Харин Р.Дутертег Ерөнхийлөгч болсны дараа гэрчийг хамгаалах хөтөлбөр ч өөрийг нь хамгаалахаасаа өнгөрлөө гэж бодоод бүхнийг ярихаар шийдсэн гэнэ.

Э.Матобатогийн сонсгол Сенатын гишүүдийг хоёр хуваагдахад хүргэсэн нь ойлгомжтой. Сенатор Алан Питер Каэтано эл сонсголыг ”Р.Дутертег огцруулах санаатай улстөрчдийн зохион байгуулсан худал хуурмаг зүйл” гэж үзэж байгаагаа илэрхийлсэн бол Панфила Лаксон Э.Матобатог үйлдсэн хэргийнх нь төлөө шоронд суулгах санал гаргажээ. Харин Л.де Лима тэргүүтэй улстөрчид сонсголын дагуу мөрдлөг шалгалт явуулах нь зөв гэж үзэж байгаа юм.

 

С.Төгөлдөр    

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top