Агаарын бохирдол хүүхдийн тархины хөгжилд нөлөөлдөг

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 27

 

Улаанбаатарын утааны асуудал ид яригдаж байна. 200 тэрбум төгрөгөөр сүүлийн арваад жил тэмцээд амжилтад хүрээгүй. Өдгөө сургууль, цэцэрлэгүүдэд агааржуулалт хийх зэргээр арга хэмжээ авч байна. Хүүхдийн цусанд агаарын бохирдол тугалгын хэмжээг ихэсгэдэг  гэдэг.

Агаарын бохирдол бага насны хүүхдийн тархины хөгжилд сөргөөр нөлөөлдгийг сүүлийн үеийн судалгаа хөдөлшгүйгээр нотолж байгаа тул агаарын бохирдлыг нэн даруй бууруулах арга хэмжээ авахыг НҮБ-ын Хүүхдийн Сангаас дэлхийн улс орнуудад анхааруулж байна.

Дэлхий дээр нэг хүртэлх насны 17 сая орчим хүүхэд агаарын бохирдлын түвшин нь олон улсын дундаж түвшингээс зургаа дахин хэтэрсэн бүс нутагт амьдарч байна. Эдгээрийн 12 сая гаруй нь Өмнөд Азид, бусад нь Зүүн Ази, Номхон Далайн бүс нутагт амьдарч байна.

НҮБ-ын Хүүхдийн Сангаас гаргасан “Агаарт буй аюул: бага насны хүүхдийн тархины хөгжилд агаарын бохирдол хэрхэн нөлөөлдөг вэ?” сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлд агаарт буй нарийн ширхэгтэй хорт бодисууд нь хүүхдийн уураг тархины эд эсийг гэмтээж, танин мэдэхүйн хөгжилд сөргөөр нөлөөлж, улмаар хөгжлийн хоцрогдолд хүргэн, насан туршийн сөрөг үр дагавар дагуулдаг талаар нотолж байна.

Агаарын бохирдуулагч бодис хүүхдийн уураг  тархийг гэмтээдэг

 Агаарын бохирдол Улаанбаатарт Баянхошуу, Чингэлтэй дүүргийн долоон буудал, Сүхбаатар дүүрэг орчимд их хэмжээтэй гардаг нь тухайн газруудад оршин суугаа хүүхдүүдийн эрүүл мэндийн шинжилгээнээс харагддаг. НҮБ-ын Хүүхдийн сангийн илтгэлд дурдсанаар, агаарын бохирдлын бага насны хүүхдийн тархины хөгжилд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь хоол тэжээл, хайр халамжаар дутсан, эсвэл хүчирхийлэлд өртсөн хүүхдэд гарах сөрөг үр дагавартай адил байдаг гэжээ. Ялангуяа энэхүү аюул нь хүүхэд эхийн хэвлийд бүрэлдсэнээс хойш 24 сар хүртэлх 1000 өдрийн туршид хамгийн өндөр байдаг нь тогтоогдсон.

НҮБ-ын Хүүхдийн сан зэрэг байгууллагаас агаарын бохирдлыг бууруулах талаар санал, зөвлөмж өгч байна.

Агаар бохирдуулагч бодисууд тун нарийн ширхэгтэй тул хүүхдийн цусанд шууд нэвтэрч, уураг тархинд хүрч, судас, тархины хоорондох шүүлтүүрийг даван мэдрэлийн эдийн үрэвсэл үүсгэдэг.

Магнетит буюу монголоор соронзон хүдрийн төмөр зэрэг зарим хэт нарийн ширхэгтэй бохирдуулагч нь үнэрлэх эрхтэн, хоол боловсруулах замаар дамжин биед нэвтрэн орж, соронзон чанараараа исэлдэх стресс үүсгэдэг. Энэхүү процесс нь мэдрэлийн тогтолцооны нөхөн сэргэшгүй хүнд өвчлөлтүүдийг үүсгэх үндэс болдог.

Нүүрс, шатахуун, тос, хог, тамхи зэргийг шатаахад үүсдэг Полициклик ароматик гидрокарбон гэх мэт бохирдуулагчид нь хүүхдийн сурах, хөгжих суурь болсон тархины мэдрэлийн эсийн холбоосыг гэмтээдэг.

Бага насны хүүхдийн тархи насанд хүрэгчдийнхээс бага хэмжээтэй тул илүү мэдрэг байдаг. Тиймээс багахан хэмжээний хорт бодис ч хүүхдийн тархийг илүү хүчтэй хордуулдаг байна. Хүүхэд том хүнтэй харьцуулахад илүү хурдан амьсгалдаг тул агаарын бохирдолд илүү өртдөг. Мөн хүүхдийн бие махбодын өөрийгөө хамгаалах дархлааны чадвар сул байдаг тул агаарын бохирдолд томчуудаас илүү хорддог.

Агаарын бохирдлыг бууруулахын тулд яах ёстой вэ?

Манай улс хэдэн мянган зуух тарааж, дулаалга, утаа бага ялгаруулдаг түлш зэргээр арга хэмжээ авч байгаа ч үр дүн төдийлэн харагдахгүй “Одоо салхинд нь наадаж байна” гэсэн хошигнол хүртэл гарлаа.

“Ногоон оффис” аргачлалыг хэрэгжүүлэх Байгууллагын ногоон худалдан авалт, ногоон менежментийн журмыг баталж, хэрэгжүүлэх

Барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх тунхагийг хэрэгжүүлэх Байгууллагад ногоон орчин бий болгох /мод, цэцэг тарьж ургуулах/

Байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөвт агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаа, түүний санхүүжилтыг суулгах

Дотор агаарын бохирдлыг бууруулахад HEPA агаарын шүүлтүүр, цэвэршүүлэгчийг ашиглах

НҮБ-ын Хүүхдийн сангаас агаарын бохирдолд хүүхдүүд хамгийн ихээр өртөж байгаа газруудад  анхаарлаа түлхүү хандуулж, тэднийг хамгаалахад чиглэсэн арга хэмжээ яаралтай авч хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн байгууллагуудыг дэмжин ажиллахыг уриалж байгаа ажээ.  Үүнд агаарын бохирдол хамгийн ихтэй дүүрэг, хороодын цэцэрлэг, сургуулиудад агаар цэвэршүүлэх төхөөрөмж, цахилгаан халаагуурыг олгох, байрны дулаалгыг сайжруулж, илүү эрчим хүчний хэмнэлттэй болгох, түүнчлэн агаарын чанарыг байнга хэмжиж байх зэрэг ажил багтана хэмээн үзсэн байна.

 

А.Эрдэнэ

www.zindaa.mn 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(59.153.115.242) 2017 оны 12 сарын 27

yamar l olig bhav de mnai uls shig hedhn hunee ingej zovoodog gazar bhgui bhooo

0  |  0
Top