Монгол Улс 66.2 сая тоо, толгой малтай

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 28

Монгол Улсын хэмжээнд энэ оны мал тооллогын ажлыг арванхоёрдугаар сарын 7-ноос 17-ны хооронд зохион байгуулсан. Мал тооллогын 2017 оны урьдчилсан дүнг өнөөдөр /2017.12.28/ Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.

2017 оны мал тооллогын урьдчилсан дүнгээр өмнөх онтой харьцуулахад мал сүргийн тоо 7.8 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Ингэснээр жилийн эцсээр Монгол Улсын нийт мал сүргийн тоо 66.2 сая тоо, толгойд хүрснийг Үндэсний статистикийн газраас дуулгалаа.

Өнгөрсөн оноос адууны тоо толгой 303.9 мянган буюу 8.4 хувиар, үхэр 307.3 мянга буюу 7.5 хувиар, тэмээ 32.7 мянга буюу 8.2 хувиар, хонь 2.2 сая буюу 8.1 хувиар, ямаа 1.7 сая буюу 6.9 хувиар тус тус өссөн талаар тус хорооны дарга А.Ариунзаяа танилцууллаа. Монгол Улс 1918 онд анх удаа малаа тоолж эхэлсэн. Энэ жилийн мал тооллогод 11.5 мянган тоологч улс даяар ажиллаж, хяналтаар 1688 хүн ажиллажээ.

Нийт мал сүргийн бүтцээр авч үзвэл хонь 45.5 хувь, ямаа 41.3 хувь, үхэр 6.6 хувь, адуу 5.9 хувь, тэмээ 0.7 хувийг тус тус эзэлжээ. Сүүлийн 27 жилийн хугацаанд мал сүргийн бүтцэд ямааны эзлэх хувь 21.5 хувиар өссөн бол бусад хонь 12.9 хувь, үхэр 4.4 хувь, адуу 2.8 хувь, тэмээ 1.4 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

 

Өвөрхангай аймаг мал сүргийн тоогоороо тэргүүлжээ

Энэ оны мал тооллогын урьдчилсан дүнгээр Өвөрхангай аймаг нийт 5.7 сая мал  тоолуулж, мал сүргийн тоогоороо улсдаа тэргүүлжээ. Хөвсгөл аймаг 5.2 сая, Архангай аймаг 5.2 сая, Төв аймаг 4.6 сая, Баянхонгор 4.5 сая мал тоолуулж, эхний таван байрт орсон байна. Мөн энэ жил Булган, Сэлэнгэ, Төв, Улаанбаатар, Дархан-Уул, Орхон аймгаас бусад аймаг, хот мал сүргээ таван төрөлд өсгөсөн үзүүлэлттэй гарчээ.

Энэ жил Өвөрхангай, Дундговь, Хэнтий, Сүхбаатар аймгуудад мал сүргийн тоо хамгийн их буюу 497-534.9 мянган тоо толгойгоор тус тус өссөн байна. Харин адуу, үхэр, хонины тоогоор Архангай аймаг тэргүүлсэн бол тэмээний тоогоор Өмнөговь, ямааны тоогоор Баянхонгор аймаг тэргүүлжээ.

Бага малтай өрхийн тоо буурав

Нийт малтай өрхийн тоо 228.9 мянгад хүрчээ. Энэ үзүүлэлт нь өмнөх оныхоос 5.2 мянга буюу 2.3 хувиар өссөн байна. Малчин өрхийг малын тоогоор нь авч үзвэл 200 хүртэл малтай малчин өрх өмнөх оныхоос 1.8 хувиар буурсан бол 201-ээс дээш малтай өрх 0.04-1 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Үүнээс үзэхэд бага малтай өрхийн тоо буурсан үзүүлэлт харагдаж байна. Мөн нийт малчин өрхийн 74 хувь буюу 169.4 мянган өрх нь жилийн дөрвөн улиралд малаа маллаж, амьдардаг аж.

Энэ жил шинээр малтай болсон 17 мянган өрх бүртгэгджээ. Үүнээс баруун бүсээс бусад бүсэд шинээр малтай болсон өрхүүдийн тоо өмнөх оныхоос өссөн үзүүлэлтэй байна. Харин өөрийн малыг бусдад шилжүүлсэн, малаа худалдсан, хорогдсон зэрэг шалтгаанаар малгүй болсон 12.2 мянган малчин өрх байна.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hg(202.72.245.165) 2017 оны 12 сарын 28

hudlaa hudlaa ,malchid maliinha toog nemdeg gj bailee,50 garan say l bh gesen

0  |  0
Top