2017 оны ОНЦЛОХ-уудаас онцлоход

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 28

Улиран одож байгаа 2017 оны Монголын улстөр, нийгэмд олон үйл явдлаараа онцлог  байлаа. Урлаг, спортын салбарт ч олон амжилт гарав. Энэ бүхнээс онцлон хүргэж байна.

 Ерөнхийлөгчөөр Х.Баттулга сонгогдов

Монгол Улсын  Ерөнхийлөгчийн сонгуульд МАН, АН, МАХН-аас гурван хүн нэр дэвшиж 51 хувийн санал аваагүй тул хоёр дахь санал хураалт болов. Энэ удаа АН-аас нэр дэвшигч  Халтмаагийн Баттулга  нийт сонгогчдын 611,226 саналыг авч  есөн аймаг, нийслэлийн есөн дүүргийн долоон дүүрэгт ялалт байгуулж Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдов. Түүний өрсөлдөгч МАН-ын дарга М.Энхболд байлаа. 

Хүрэлсүх МАН-ын дарга, Ерөнхий сайд болов

УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 29 дахь Ерөнхий сайд Ж. Эрдэнэбатын Засгийн газар 57.5 хувийн саналаар огцорсон.  Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад У. Хүрэлсүхийг нэр дэвшүүлж аравдугаар сард хуралдсан УИХ-ын намрын ээлжит чуулганд оролцсон нийт 47 гишүүний  100 хувийн саналаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар  томилсон.  Монгол Ардын Намын XXVIII Их хурлын үеэр намын даргад УИХ дахь МАНын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар өрсөлдсөнөөс Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх 1261 төлөөлөгчийн 63.1 хувийн санал авч Монгол Ардын Намын даргаар сонгогдлоо.

Эрдэнэтийн 49 хувийн маргаан

Эрдэнэт"-ийн 49 хувийн дуулиан 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр эхэлсэн ч 2017 оныг дамжин үргэлжиллээ. Эрх баригчид 49 хувийг Засгийн газарт, улмаар ард  түмэнд очих ёстой гэж үзсэн. "Монгол зэс" компани шүүхдэлцэж  Улсын дээд шүүхийн шийдвэр гарсан ч эцэслэн шийдвэрлэгдээгүй. 2018 оныг дамжин Эрдэнэтийн 49 хувийн маргаан үргэлжлэх бололтой.

АН сунгаагаар, МАХН зодооноор даргатай болов

УИХ-ын сонгуульд томоохон ялагдал хүлээсэн АН-ынхан намын удирдлагууддаа хариуцлага тооцлоо. Ингэхдээ таван нэр дэвшигчийг сонгон өрсөлдүүлж, мэтгэлцүүлж, АН-ын гишүүдийнхээ санал хураалтаар даргаа тодруулав. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ АН-ын дарга боллоо. Нөгөө талд МАХН-ын дунд маргаан өрнөж УИХ-ын гишүүн О.Баасанхүү Төрийн ордонд шөнө дөлөөр гишүүдээ  хуралдуулан МАХН-ын даргаас Н.Энхбаярыг огцруулав. МАХН-ын Н.Энхбаяр нар эсэргүүцэж тамгатай, тамгагүй хоёр даргатай болоод байна.

Уулчид эрсдэв

Завхан аймгийн Отгонтэнгэр хайрханд 2017 оны аравдугаар сарын 22-нд 27 уулчин авираад буух замдаа 17 нь осолдож, амиа алдсан юм.  Ослын шалтгааныг мэргэжлийн хүмүүс хавтангийн гулсалт гэж тодорхойлсон юм. Онцгой байдлын аврагчид, орон нутгийн иргэд, цагдаагийнхан хамтран ажиллаж цогцоснуудыг тээвэрлэж, амьд үлдэгсдийг эсэн мэнд ар гэрийнхэнтэй нь уулзуулав. Энэ үйл явдал 2017 оны хамгийн эмгэнэлтэй бөгөөд сургамжтай үйлдлээр нэрлэгддэг.

Ой хээрийн түймэр их хэмжээгээр гарав

Өнгөрсөн  зун халуун, хуурайшилт ихтэй байснаас ой, хээрийн түймэр их гарав. Ерөнхийлөгч, Засгийн газрын сайд нараас ч иргэдтэй хамтран  гал түймрийн голомтод ажилласан. Ой, хээрийн 68 удаагийн түймэр гарч, 61 мянган га талбай шатсан  гэдэг. Асралтхайрхан, Сөгнөгөрийн голын эх бүхэлдээ галын аюулд нэрвэгдэж, самар, жимсний орон Хүдэр сум, Араараа модтой Бугатайн зоо, Хүрхрээгийн гацаа гэх байгалийн үзэсгэлэнт нутагт  сар шахам хугацаанд гал дүрэлзэж, утаа, хярвас үнэртсэн.

Төр, хувийн  байгууллага, олон улсын байгууллагууд ОБЕГ-т хандив өгч, техник илгээж, монголчууд эх орныхоо төлөө нэгдэж чадсан. Түймрийн бүс нутгуудад хүн хүч элбэг байсан хэдий ч техник хэрэгслийн дутмаг байдал хамгийн гол асуудал болж байв.

Батын Хурцын томилгоо

Улстөрийн хүрээний олон дуулианы нэг Батын Хурц БНСУ-д гишүүдийг талцуулан байж Элчингээр томилогдсон явдал. Тагнуулын ерөнхий газрын дарга асан хошууч генералыг богино хугацаанд Элчин сайдаар УИХ-ын чуулган хаалттайгаар хуралдаж шийдвэр гаргасан нь бас л анхны тохиолдол. Бараг хагас жил "виз"-ээ хүлээж байгаа Ё.Отгонбаяр, Г.Тэнгэр, Чингүүндарь нарын хажуугаар цүнхээ барьсан Хурц ногоон гэрлээр Элчин  сайдын ажилдаа оржээ.

А.Эрдэнэ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top