Иргэдиийн гар дээрээс пиротехникийн хэрэгсэл худалдан авахгүй байхыг анхааруулав

2017 оны 12 сарын 29

 
Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч хошууч С.Эрдэнэбаяр “Шинэ жилийн баярын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Онцгой байдлын байгууллагын нийслэлийн хүрээний анги, салбарын нийт бие бүрэлдэхүүн 2017 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрийн 09:00 цагаас 2018 оны нэгдүгээр сарын 2-ны өдрийн 09:00 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллана. Шинэ жилийн баярын цэнгүүнийг тэмдэглэх арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн шөнө  Сүхбаатарын талбай, Соёл амралтын хүрээлэн, Сүхбаатар дүүргийн Дамбын гүүр, Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу, Баянзүрх дүүргийн Маахуур толгой зэрэг 5 газарт албан ёсны зөвшөөрөлтэй компаниас пиротехникийн хэрэгслийг ашиглах, буудуулах ажиллагааны үеэр нийслэлийн Онцгой байдлын газраас галын аюулгүй байдлыг хангуулж, хамгаалалтанд үүрэг гүйцэтгэн ажиллах техник, хүн хэрэгслийг томилгоожуулан, бэлэн байдлыг хангуулаад  байна. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 27 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2009 оны 662 дугаар захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт пиротехникийн хэрэгслийг худалдах, ашиглахыг хориглосон мөн барилга, байгууламж дотор пиротехникийн хэрэгслийг ашиглан салют, гэрэлт үзүүлбэр зохион байгуулахыг тус тус хориглосон байдаг.
 Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд зохих зөвшөөрөлгүй газраас болон иргэдиийн гар дээрээс пиротехникийн хэрэгсэл буюу бидний хэлдэгээр салютыг худалдан авч ашиглах, хэрэглэх, буудуулахгүй байх тал дээр онцгойлон анхаарч, өөрсдийн болон бусдын эрүүл мэндэд хохирох учруулахгүй байх, түлэгдэж гэмтэх, бэртэх зэрэг эрсдэл үүсгэхгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас нийт иргэдэд анхааруулж байна” гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top