Аль тэртээ 1972 онд ийм нэртэй уянга ухаарал хосолсон нэгэн ном олны хүртээл болж их утга зохиолд гэгээ татуулан нэмэгдсэнийг уншигчид сайн санаж байх учиртай. Энэхүү номын зохиолч нь Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул Жагдалын Лхагва бүлгээ. Манай сэтгүүл “Хуучиршгүй шинэ” буландаа дэндүү их авьяаслаг “асах мэт сэтгэж, авалцан дүрэлзэх мэт бичдэг агь ганга, адууны салхи, аргалын утаа үнэртэж, эхийн сүү амтагдсан” (Б.Лхагвасүрэн) өгүүллэгийн их мастер Лхагвын бүтээлээс нийтэлж байна. Нэрт зохиолч агсан тэрбээр Саарал даага, Сарны шороо, Хулангийн тоос, Шөнө ногоо ургадаг, Атга чулуу, Алаг чулуу зэрэг арваад ном туурвин хэвлүүлж, “Анхны хайрын дууль” хэмээх кино нь дэлгэцнээ мөнхөрсөн болой. “Монгол уран зохиолын дээжис” 108 ботийн 73 дахь нь Ж.Лхагвагийнх билээ. “Толгодын цаана наанагүй ингэ буйлуулж, ботго тором тоглуулж, хүн зоныг баярлуулсан” (Д. Урианхай) дорнын шаргал говийн унага Ж.Лхагвын өгүүллэг, эссэг таалан болгооно уу? Лхагваа бол чухамхүү хуучиршгүй шинээрээ мөнх амьдрах бүтээлтэй хүн гэдгийг нэг гэж сонгож авсан “Дарцаг чамайг үүрд дурсана”, “Бээжин эссэ” зэрэг зохиол нь төвөггүйхэн гэрчилнэм билээ.
Э. Хархүү Хөрөг зургийг: Ж.Раднаасэд
ДАРЦАГ ЧАМАЙГ ҮҮРД ДУРСАНА
Жаран гурван оны зун юмдаг. Оюутны амралт дөхөх тусам Дима минь “Манай тосгон руу явна биз дээ” гэж улам шаргуу шаардах болов. Эх нутаг, гэр орондоо яарч байсан миний бие “за гэж ч бас зоригтой хэлчихэж чадахгүй, “байдлаасаа боломз” гэх маягийн үгээр дүйвүүлж өнгөрөөдөг байлаа. Уул нь би шууд л “энэ удаа амжихгүй” гэж хэлмээр байсан боловч “Ээж аав хоёр заавал авчир гэсэн, чамд би маш сонин юм үзүүлнэ, энэ бол одоогоор нууц гэсэн учир битүүлэг ярианд баахан тээнэгэлзэж нэгд настай хүмүүс уриад байгаа юм бол “ор гэхлээр шагайв” гэдэг үлгэр болох вий гэж бодлоо. Бас ч “сонин юм үзүүлнэ, нууц” гэсэн нь залуугийн сониуч занг сармагчин мэт хөдөлгөж байсан байлгүй. Шалгалт дуусангуут л Дима бид хоёр “Киев-Белая церков” гэсэн автобусанд суучихсан байлаа. Бүгчим халуун гэлгүй алчуур зангидсан авгай нар автобусны ихэнх суудлыг эзэлж, бас л хоорондох зайгаар нь хар эрээн, ногоон эрээн алчуураар бүтээсэн сагс, цүнх сав дүүрэн өржээ. Янз бүрийн жимсний уруу татсан эгдүүтэй үнэр, сонгино сармисны зугтах аргагүй зарлиг мэт догшин үнэр, гахайн махны гуйлга мэт нялуун үнэрэнд холилдож, автобусан дотор ороход хамтралын их захын хаалгаар орох шиг болж билээ. Хотын дүүргээс гарангуут замын дагуу мод, сөөг үргэлжилж тариан талбай, саваа барьж ганц үнээ туусан эрээн даашинзтай охин, хуучин сүм, орхигдсон тээрэм үзэгдэхүй мөнөөх хүнсний захын үнэр өөрөө алга болж, тэнгэр газрыг эзэмдэх хээрийн салхины нэлэнхүй автобусан доторхийг арчин өнгөрч, уушиг цээжний жаргал эдлүүлэв. Бидний очих газар Белая церковоос гурав дөрвөн километр зайтай аж. Дима бид хоёр тариан дундуур явган явлаа. Талбайгаас гараад хоёул яльгүй өгсөж, нэгэн жижиг толгой дээр гарав. Цаахна талд нь дахиад нэг намхан толгой, барилга байшин үзэгдэж, үнээ мал бэлчинэ. Гал авалцсан юм шиг алтан шаргал үстэй жаал хүү толгойн шил дээр ямаа хариулж явснаа биднийг хараад цааш гүйж одов. Дима инээмсэглэж, -Бүх юм ёсоороо хэмээн их л хангалуун пиджакаа өмслөө. Намайг бас өмс гэж байгаа бололтой, нүдээрээ дохиж байна. Юу ёсоороо болж байгаа, энэ халуунд пиджак өмсөх ямар хэрэг гарсан, энэ бүхэн нь ямаа хариулсан хүүхдийн гүйж орсонтой ямар холбоотой болох зэрэг учир битүүлэг олон асуулт толгойд эргэлдэж, дэмий л Дима руу гайхан харлаа. Тэрээр дооглож, тохуурхсан янз ер үгүй, харин их л сэтгэл догдолсон байдалтай өлөлзөж, толгойн цаадахыг шалавхан харах гэсэн хүсэлтэй нь илэрхий мэдэгдэв. Толгой дээр гартал бүрээ часхийн дуугарч, бөмбөр нижигнээд явчихлаа.
Пионерийн туг, онцлог ёслолын алхаагаар тосон айсуй. Би, -Юу болоод байнаа, юу болж байна? гэж Димагийн ханцуйнаас дугтчсан боловч мань эр, -Тэсэж хүлээ, тэгээд юу болсныг нь үзэмц гэж тайван хэлээд хэзээ язааны жагсаал хүлээн авч сурсан хүн шиг хараа цэх, цээж түхийлгэн номхон зогсов. Миний хувьд буцаад зугтаамаар байсан боловч нэгэнт оройтсон хэрэг... Димаг л дуурайхчаа болов. Туг онцлог бидний өмнө ирж байрлалаа эзлэхэд цовоо дуутай нэгэн охин ялгаран гарч пионер ёсолгоогоор ёслон, -Бидний сэтгэл зүрхэнд үүрд шингэн үлдсэн нөхөр Флажокийн эх нутгаас ирсэн хүн БНМАУ- ын иргэн та манай Васильково тосгонд тавтай морилно уу! гэж нэгэн амьсгаагаар хэлээд зайлан зогсов. Дима бид хоёр жагсаалын урдуур явж өнгөрөх юм гэнэ. Миний ичиж байгаа гэж юүхэв. Ийм янзын юманд оруулсанд Димад уур хүрээд, энэ хүмүүсээс холдвол ганц сайхан өшиглөе гэж бодож байлаа. Тэгснээ, тэр Флажок /Дарцаг/ гэдэг нь хэн болох, надтай ямар учир холбогдолтой болохыг мэдэхсэн гэж сониуч хүсэлд өөрийн эрхгүй автагдаж, юу ч гэсэн учрыг олтол төв төвшин байхаар шийдэв. Димагийн аав өрөөсөн хөлтэй, “Алдар”-ын гуравдугаар зэргийн одонтой шингэн цагаан халимагтай хүн тэврэн уулзаж, цаана нь бас хөгшин залуу нийлсэн гуч дөчөөд хүн бүчиж ирээд гар барьж, мэнд усаа мэдэлцэн танилцав. Үүргээ сайн биелүүлсэн пионерүүд нэгэн зэрэг жагсаалаар эргэж, бүрээ бөмбөрөө аяны байдалд оруулан агсаад тосгоны зүг оров. Бид ч тэдний араас хөдөллөө. Би эгзэг тааруулж байгаад Димагаас, -Дарцаг гэж юун хүн бэ? Ер нь юу болоод байгаа юм бэ? гэж шивнэн асуулаа. Дима баяртайгаар эргэн ааваа дуудаж, -Ааваа, манай монгол нөхөр дарцаг гэж ямар хүн бэ? гэж байна хэмээн инээхэд эцэг нь царайгаа төв болгож, -Явцгаая. Манайд очъё. Бүгдийг ярьж өгөмц гээд суга таяг нь хурдан хурдан гозолзож, хэрдээ яарав бололтой таягаа гялалзтал шидэлж, өрөөсөн хөл дээрээ хол хол үсрэн догонцож явахад хөлгүй талын энгэртээ зүүсэн “Алдар”- ын одон сугсрагдан үсчих нь энэ хөлний оронд би ирсэн юм гэж хэлэн алдана. Цоо шинээр шохойдож, манаасны хашлага, шороон дээгүүр асгарсан шохой нь бүрэн хатаж амжаагүй цагаан хананд тулж ирэхэд гэрээс өглөгийн эзэн баймаар бүдүүн улаан авгай, украйн үндэсний хувцас өмсөж, гэзгэндээ цэцгэн титэм сүлжсэн зэгзгэр цагаан хүүхэн гарч, улаан утсан хатгамалтай урт цагаан алчуур дээр талх давс барин зогсов. Юм үзээгүй бяцхан оюутан би балмагдаж, тэр юмыг эвгүйрхэн хумьж аваад Дима руу харлаа. “Амс” гэж байна. Талхны хальснаас ховхлон үмхэж, давснаас нь чимхээд долоож орхив. Талх давсыг маань Дима авлаа. Ээжид үнсүүл гэсэн дохио байх гэж бодоод дөхөж очвол үнсэж байна. Нөгөө бүсгүйг хацраа өгөхөд нь адуу шиг зөрж очоод л хацраараа шүргэчихлээ. Байшин дотор шинэ сүрэл дэвсэж ширээ засчээ. Намайг хоймор суухыг урьж байна. Тэнд байгаа хүмүүсийг тойруулж харсан чинь надаас дүү хүн алга. Голдуу л цагаан толгойтой өвгөд, сахалтай хижээл эрчүүд харагдав. “Би дээшээ суухгүй, манай ёсонд ахмадуудын дээр суудаггүй” гэж хэчнээн тайлбарлавч нэмэр болсонгүй. Димагийн аав босож, -Манайд анх удаа монгол хүн орж ирлээ. Дарцаг гэж ямар хүн байсан бэ? гэж замдаа сая асууж байна. Энэ бол хүнд цагт бидний аминд орж амьжиргаа залгуулсан сайн нөхөр минь юм. Залуу нөхөр минь энэ бол хүн биш морь. Гэхдээ бидний сэтгэлд энэ морь ямар нэгэн адгуус мал шиг үлдээгүй, зовлон хуваалцсан анд нөхөр минь болж үлдсэн юм. Дарцгийнхаа төлөө, дарцгийнхаа эх нутгийн хүн манай тосгонд зочилсны төлөө, дарцагтаа хэлж чадаагүй баяр талархлынхаа үгийг хэлэх эзэн олдсоны төлөө ууцгаая гэж хэлээд хундага өргөв. Дарцаг, морь гэсэн хоёрхон үгнээс босоо дөрвөлжин биетэй, хөнгөн хөлтэй цавьдар адуу ногоон талаар цагаан дэл хийсгэн давхих нь нүднээ тусаад зүсийг асуувал зээрд гэнэ. Сөнчилж, ширээ дундрахын зав өгөлгүй архи дарс, амттан дээжис овоолсоор байхын сацуу, өвөгцүүл, хөгшчүүл нэмэгдэн ирж Дарцаг хэмээх Монгол морины тухай яриа дор дороосоо ундран найр хавтгайрав. Димагийн аав Семен Чередниченко цэргийн эмнэлэгт шархадсан хөлөө тайруулаад тосгондоо эргэж ирсэн дөчин гурван оны намар цаг. Түлээнд явсан хүүхдүүд “Ойд нэг шархадсан морь байна. Дэлэнд нь ийм бичиг уяжээ” гэсээр илгэнд боосон сахиус шиг юм авчирлаа. Тэр бичигт “Хайртай морио аргагүйд орхив. Монгол улсаас бэлгэнд ирсэн, нэр Флажок, унахад хурдан, тэрэг чарганд орно. Эмчилж эдгээж аваарай. Гвардийн түрүүч Петро Засенко” гэжээ. Чередниченко малын бага эмчийн мэргэжилтэй тул хүүхдүүд түүнд уг бичгийг өгсөн хэрэг. Чередниченко тэр даруй хүүхдүүдээр газарчлуулан ой руу явж. Мэдээжээр тосгоны бүх л хүүхэд, тэр дотор Дима гуравхан настай унан тусан дагалдаж явсан гэнэ. Зээрд морины урд хөл шилбээрээ хугарч , цээжинд нь хоёр сум тусчээ. Хүүхдүүд эхлээд морийг усалж ундлав. Дима хүртэл гоё шар цэцэг түүгээд аманд нь хийх гээд оролдож байсан гэнэ. Морины хөлд чиг барьж боогоод сумыг сугалан авч, шархыг цэвэрлэн эм хийснээр энэ удаагийн эмчилгээ дуусаж арваад хоногийн дараа тэнхэрч гэнэ. Ийнхүү дайны үеийн украйн тосгоны амьдралд нэгэн Дарцаг нэмэгдэж, фронтын шугам хүрэх, партизаны ангитай холбоо барих зэрэг чухал үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ айл айлын ойр зуурын хэрэгцээнд ээлжгүй зүтгэн, үнэхээр л шилжин явах улаан дарцаг шиг өнөө энд, маргааш тэнд гялалзаж явдаг байжээ. Цагаан сахалтай, тэнхлүүн байрын өндөр өвгөн босож, -Бид Дарцагт их өртэй улс. Юмны хувь заяа гэж сонин. Хаа тэртээ долоон мянган километрийн цаанаас нэгэн адгуус ирж миний охины амийг аврах юм гэж хэн мэдлээ. Гэтэл тийм юм болдог байна. Охинд минь хурц мухар олгой ургаад ойр хагалгаа хийчих эмч байдаггүй. Дарцагаас өөр унаа ч байх биш, жаран километр газрыг хэчнээн хугацаанд ч туулсан юм бэ дээ, мэдэхгүй, ямар ч гэсэн мухар олгой нь дотроо хагарч амжаагүй л очсон юмдаг. Бачимдаж сандарсан хүн гэдэг үү малаас дор байдаг. Тэр эцсийн хүчээ шавхаж байхад би ороолгоод л байсан хэрэг... Дараа нь зөндөөн уучлалт гуйсан, ойлгож л байх шиг байсан даа. Гэхдээ л би насан туршдаа Дарцагт сэтгэлийн өртэй яваа хүн. Одоо харин энэ үгийг чамд хэлээд нүгэл нимгэрч , сэтгэл хөнгөрөх шиг болов гэснээ эргэж, аль вэ, Олеся гэвэл нөгөө талх давс барьж золгосон зэгзгэр хүүхэн олны дундаас сугаран гарч ирээд, -Миний амийг аварсан дотны нөхөр Дарцаг, хүнд үед эдийн дээж шижир алт, унааны сайн хурдан морьдоо харамгүй бэлэглэж байсан Монголын ард түмэнд баярлалаа. Бид хорин жилийн өмнө танай аав ээжээс хүлээн авч байсан бэлгийн тухай ярьж байна. Одоо та миний хувийн бэлгийг хүлээн авна уу? гээд нөгөө л рушник хэмээх хатгамалтай цагаан алчуур дээрээ “Спутник” нэртэй бугуйн цаг тавьж өглөө. “За ингээд морины өмнөөс дайлуулж, Монголын өмнөөс бэлэг авчихдаг юм байж. Би гэдэг чинь өөрөө юу билээ? гэж бодов... Бодоод байхнээ нэг л бишээ, хийж бүтээсэн юм ер үгүй, эдэлж хэрэглэсэн идэж уусан нь л их болохоос биш, хүнд тус болж гийгүүлсэн нь тун ховор санагдахуй анх удаа өөрийгөө чамлаж, фронтод дөрвөн морь бэлэглэсэн аавдаа, ийм сайхан хүмүүсийг олоод нөхөрлөчихсөн ард түмэндээ үнэхээр нэг баярлаж билээ. Маргааш өглөө нь Дарцагийн шарил дээр очих юм болов. Тосгоны оршуулах газар тун холгүй ажээ. Оршуулгын газрын зүүн жигүүрт цэцэг ногоо бүрхэн ургасан овгор их шороо. Толгойд нь ган тах суулгаж, дор нь «Дарцаг чамайг үүрд дурсана. Васильково тосгоныхон 1947.7.15” гэж сийлсэн чулуун хөшөө байна. Задгай мөнгөний түрийвчинд монгол мөнгө явдгийг гэнэт санаад гаргаж хөшөөнд тавихдаа би өөрийн эрхгүй монголоороо “Хайрт сайн хүлэг морь минь ээ! Чи эзэн ардынхаа өгье гэсэн сэтгэл шиг үнэн шударга, эгэл даруугаар явж, хүний хэрэгт чадлынхаа хэрээр тусалсаар нас эцэслэжээ. Чи адгуус ч гэсэн баргийн хүнд олдохгүй заяа-бүхэл нэгэн тосгоны хайр хүндлэл дээр нойрсож байна. Би чиний шарил дээр эх нутгийнхаа төрийн сүлдтэй зоос тавилаа. Сүлдэнд морь бий. Холын нутагт чамд хань болтугай” гэж хэлээд нулимсаа арчин зогсож байсан шүү. Дарцаг! Чи миний сэтгэлд домог үнэн хоёрын зааг дээгүүр давхина. Домог үнэн хоёрын зааг нь тэнгэр газрын савслага мэт санагдана. Хөх ногоон хоёрын заагийг эмжин цавьдар дэлтэй зээрд морь хурдлан хурдалсаар алтан манжлагатай улаан туг болон дэрвэж байгаагаар чамайг би олон удаа зүүдэлсэн.
2017-02 сар. “Зиндаа” сэтгүүл №3 /503/
Сэтгэгдэл ( 3 )
Bi xyyxed baixdaa mongoliin barag byx uran zoxioliin nomiig unshsan gexed xilsdexgyi Getel ene egyyllegiig olj unshaagyi yum baina Tanai sonind mash ix bayarlalaa
ХАРИН ТИЙН ОЙРД ИЙМ САЙХАН ӨГҮҮЛЛЭГ УНШААГҮЙ ЮМ БАЙНА.МАНАЙ ЭЭЖИЙН НЭР ДЭЭР ФРОНТОД МОРЬ БЭЛЭГЛЭЖ БАЙСАН ГЭЭД ДУРСГАЛЫН ЗҮЙЛ ЯЛАЛТЫН ХЭДЭН ЖИЛИЙН ОЙГООР БИЛЭЭ ИРСЭН БАЙНА БИЛЭЭ.
ямар гоё өгүүллэг вэ, шууд л нулимс гарчихлаа