Зэвсэгт хүчний 2017 оны онцлох үйл явдал

2017 оны 12 сарын 29

 

1.ТӨРИЙН ДЭЭД ОДОНГООР ШАГНАГДАВ
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зарлигаар ЗХЖШ-ын Зэвсэгт хүчний хөгжил, дэвшилд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж “Сүхбаатарын одон”-гоор, Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, Зэвсэгт хүчний өргөтгөн зохион байгуулалт, энх цагийн бүтээн байгуулалт, эх орноо хамгаалах эрхэм үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, Зэвсэгт хүчний 150 дугаар ангийг “Цэргийн гавьяаны Улаан тугийн одон”-гоор, Зэвсэгт хүчний 110, 120, 189, 310, 326 дугаар ангиудыг “Цэргийн гавьяаны одон”-гоор тус тус шагнав.

2. ТӨРЛИЙН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛ БИЕ ДААН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ ЭХЛЭВ
Монгол Улсын батлан хамгаалахын багц хуулиуд болон Зэвсэгт хүчний тухай хуульд Хуурай замын болон Агаарын цэргийн командлалууд нь цэргийн захиргааны удирдлагаа хэрэгжүүлдэг бие даасан байгууллага байхаар хуульчлагдсаны дагуу төрлийн цэргийн командлалууд байлдааны туг, үнэмлэх, тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээгээ гардан авч, бие даан үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

3. ОЛОН УЛСЫН БОЛОН ХАМТАРСАН СУРГУУЛЬ, СУРГАЛТ, ДАДЛАГА 
Монгол Улсад болон гадаад орнуудад зохион байгуулагдсан олон улсын хамтарсан сургууль, сургалт, дадлагууд “Khaan quest-2017”, “Сэлэнгэ-2017”, “Энхийн өвөл-2017”, “Шийдэмгий шийдвэр-2017”, “Зам-2017”, “Баланс мэжик-2017”, Балба Улсад “Шанти Праяс-3”, БНЭУ-д “Нүүдэлчин заан-2017”, Тажикстан Улсад “Бүс нутгийн хамтын ажиллагаа-2017” тус тус зохион байгуулагдлаа. Эдгээр сургалт, дадлагад давхардсан тоогоор Монгол Улсын Зэвсэгт хүчний болон бусад улсын 3600 орчим цэргийн алба хаагч, 320 орчим цэргийн зориулалттай техник оролцсон байна.

4. ХҮЧ НЭМЭГДҮҮЛСЭН МОТОБУУДЛАГЫН БАТАЛЬОНЫ БАЙЛДААНЫ БУУДЛАГАТАЙ ТАКТИКИЙН ХЭЭРИЙН СУРГУУЛЬ БОЛОН АГААРЫН ЦЭРГИЙН КОМАНД-ШТАБЫН СУРГУУЛЬ
“Хүч нэмэгдүүлсэн мотобуудлагын батальоны байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль”-ийг “Хүч нэмэгдүүлсэн мотобуудлагын батальоны ажиллагаа” сэдвээр амжилттай явуулж, мотобуудлагын болон төрөл мэргэжлийн анги, салбаруудын харилцан ажиллагааг хангаж, үүрэг гүйцэтгэх дадлага, ур чадварыг нэмэгдүүлэв. 
Зэвсэгт хүчний Агаарын цэргийн сургалтын төлөвлөгөөний дагуу зарим ангиудын команд-штабын сургуулийг зохион байгууллаа.

5. “ЦЭРГИЙН ТОГЛОЛТ-2017” ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
“Танкийн биатлон-2017” тэмцээнийг анх удаа Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын Сургалтын төвд амжилттай зохион байгуулж, улмаар ОХУ, Казакстан улсад зохион байгуулагдсан “Цэргийн тоглолт-2017” цэргийн мэргэжлийн олон улсын тэмцээний “Танкийн биатлон”, “Цэргийн хээрийн гал тогоо”, “Мэргэн буудагчийн зааг” төрлүүдэд манай цэргийн алба хаагчид амжилттай оролцлоо.

6. “АХЛАГЧИЙН УДИРДЛАГЫН АНХАН ШАТНЫ ДАМЖАА”-Г ЗОХИОН БАЙГУУЛАВ
Зэвсэгт хүчний ХЗЦК, ҮБХИС-ийн Ахлагчийн сургуулийн хамтарсан Сургалтын хөдөлгөөнт бүлэг Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн материаллаг баазыг түшиглэн баруун бүсийн алслагдсан Зэвсэгт хүчний 7 анги, 3 тусгай салбарын 40 гаруй ахлагч нартай “Ахлагчийн удирдлагын анхан шатны дамжаа”-г анх удаа амжилттай зохион байгуулж, ахлагч нарын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүллээ.

7. “МОНГОЛ ЦЭРЭГ-ДЭЛХИЙН ЦЭРЭГ” СУРГАЛТ, СУРТАЛЧИЛГААНЫ АЖИЛ
Олон улсын энхийг сахиулагчдын өдрийг тохиолдуулан жил бүр улс орон даяар зохион байгуулдаг “Монгол цэрэг-дэлхийн цэрэг” сэдэвт сургалт, сурталчилгааны арга хэмжээнд 9 их, дээд сургууль, 4 коллеж, 8 МСҮТ, 135 ерөнхий боловсролын сургуулийн 16,284 оюутан, сурагч хамрагдаж НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа болон олон улсын цэргийн бусад ажиллагаанд монгол цэргийн үүрэг, оролцоог сурталчлан таниулж, хүүхэд залуучуудад цэрэг-эх оронч хүмүүжил төлөвшүүлэх үр дүнтэй арга хэмжээ боллоо. 
“Монгол цэрэг-дэлхийн цэрэг” арга хэмжээний хүрээнд “Энхийг сахиулагч гэр бүл” тэмдгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар бий болгож, энхийг сахиулагчдын хүүхэд, багачуудад гардуулав.

8. ОЛОН УЛСЫН ЦЭРГИЙН ХӨГЖМИЙН НААДМУУДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
ОХУ-ын Хабаровск хотноо зохион байгуулагдсан “Амурские волны-2017”, БНХАУ-ын Хонконг бүсэд зохион байгуулагдсан “International Military Tattoo-2017”, ОХУ-ын Южно-Сахалинск хотод зохион байгуулагдсан “Спасская башня на Сахалин-2017” наадмуудад Зэвсэгт хүчний үлээвэр найрал хөгжимчид амжилттай оролцож, мэргэжлийн ур чадвараа 100 мянга гаруй үзэгчдэд толилуулав.

9. ЗАМ БАРИХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ
Зэвсэгт хүчний инженерийн цэргүүд зам барих стандарт, шаардлагыг хангасны үр дүнд “Зам барих тусгай зөвшөөрөл” авч, “Хансуун зам” ХХК-ны районд бутлуурын цехийг ашиглан сургалт, дадлагыг зохион байгуулж, Төв аймгийн Борнуур сум, Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамаас “Аглаг бүтээлийн хийд” хүртэлх нийт 6,2 км авто зам тавих ажлыг 3 сар гаруйн хугацаанд амжилттай хийж гүйцэтгэсэн.

10. ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ТОГООЧ НАРЫН МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР ДЭЭШИЛЛЭЭ 
“Монголын мастер тогоочдын холбоо”-ноос зохион байгуулсан “Улаанбаатарын цом” улсын аварга шалгаруулах тогооч нарын тэмцээн болон “Chingiss Khaаn cup” тэмцээнд Зэвсэгт хүчний тогооч нар амжилттай оролцож, нарийн боов хийх төрөлд алтан медаль, эмчилгээ сувиллын хоолны төрөлд хүрэл медаль хүртэж, тэмцээний нэгдсэн дүнгээр мөнгөн медаль хүртлээ.

Эх сурвалж: ЗХЖШ-ын Иргэн цэргийн харилцааны хэлтэс

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hoh tsereg(139.5.216.209) 2017 оны 12 сарын 30

mongol tserguud zevsegguigeer uhaanaar tulaldah chadvar ezemshsen argagui l hoh tolbotoi tserguud

0  |  0
tsereg(139.5.216.209) 2017 оны 12 сарын 30

UNDSEN HUULIND MONGOL ULS YAMAR ZEVSEGTEI BAIJ BOLOHIIG HYAZGAARLAMAAR BAIGAAM ERDEMTEDEES ZOVLOGOO

0  |  0
Top