Р.Никсон Н.Хрущевтэй “Чиний хүүхэд капиталист нийгэмд амьдрах болно” гэж хэрэлдэж байжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 30

Н.Хрущев, Р.Никсон нар Сокольникийн паркт хэрэлдэж, “Чиний хүүхэд коммунист нийгэмд амьдрах болно доо”, “Үгүй чиний хүүхэд капиталист нийгэмд амьдарна” хэмээн бие, биенээ нөхөрсгөөр заналхийлэхээс бүр өмнө, 1933 онд Анастас Микоян тэргүүтэй ЗХУ-ын төлөөлөгчид АНУ-д маш үр дүнтэй айлчлал хийсэн талаар өгүүлье.

Н.Хрущев, Р.Никсоны хэрүүл хоёр улсын харилцааг дулааруулсан бол 1933 онд харилцаа угаасаа дулаахан байв. А.Микоян Нэгдсэн улсад очоод хүнсний үйлдвэрийн хүчин чадал, чанар стандартыг нь хараад гайхсан гэдэг. Тэгээд юун түрүүнд мах, ногоо, загас дахин боловсруулах үйлдвэрийн шугам худалдаж авчээ. А.Микояны сэтгэлд хамгийн их нийцсэн зүйл нь одоо ч нэг их өөрчлөгдөөгүй байгаа Америк түргэн хоолны жор байв. Тэр үед ЗХУ-д бүтээн байгуулалт өрнөж, ажилчин ангийг чанартай хүнсээр түргэн хангах асуудал амин чухалд тооцогдож байжээ. А.Микоян эндээс майонезыг үйлдвэрийн аргаар хийх санааг өвөрлөж ирсэн юм. Тэрээр Нэгдсэн улсад чухам л суусан газраасаа шороо атгаж, ажил хэрэгч өдрүүдийг өнгөрүүлсэн байдаг билээ. Тухайлбал, Нью Йорк хотод мөхөөлдөс идэж, Оклендод жимсний дарс уусан. ЗХУ-д ирээд өөрийн онцлогт тохируулан өөрчилж, Америкчуудаас дутахгүй, болж өгвөл илүүг хийчих санаатай махран ажилласан байдаг. Үр дүн нь 1935 онд “Пломбир” зайрмаг, 1937 онд “Советское” шампан дарс, үүнээс арай арай хожуухан алдарт “Провансаль” майонез  болж гарсан юм. Халуун котлет, булочка бүхий “Москвагийн гамбургер” 50 копейкаар зарагдаж, бас ч үгүй улсдаа алдаршиж байжээ. Энэ нь тухайн үеийн ханшаар 9.5 цент гэсэн үг юм. Харин АНУ-д хэмжээний хувьд адилхан, орц найрлагын хувьд илүү “White Castle” гамбургер таван центээр зарагдаж байжээ. А.Микояны цэргүүд энэ өртгийг бууруулахаар шаргуу ажиллаж байсан ч дайн эхлэхтэй зэрэгцээд худалдаанд гарахаа больсон гэдэг.

Зайрмаг хийх нь А.Микояны хувьд маш хэцүү даалгавар байсан бөгөөд Й.Сталинаас нэгэнтээ “А.Микояны хувьд амттай зайрмаг хийх нь коммунизм байгуулахаас илүү чухал” гэсэн хатуу үг сонсч байжээ.

 

А.Микояны АНУ-аас олж ирсэн санаа, Оросын уламжлалт хоолны уралагтай нийлснээр “Амттай эрүүл хоолны тухай” (“Книга о вкусной и здоровой пище” 1939) хэмээх алдартай ном бичигдсэн түүхтэй. ЗХУ-ын үед хамгийн их зарагдсан бестселлер, “Хүнсний библи” гэгдсэн энэ бүтээл Америк хүнс ЗХУ-д нэвтэрснээс хойших 80 жилийн хугацаанд 40 гаруй удаа дахин хэвлэгдэж байжээ. Гэхдээ эхний хэвлэлтүүдэд өмнөхөөсөө бага зэрэг өөрчлөгдсөнийг дурьдах нь зүйтэй. 1939 онд анх гарахдаа хоол хүнсний Америк “угшлыг” тэр чигээр нь бичсэн бол 1952 онд хэвлэхдээ Сэм авгын талаарх бүх үг, өгүүлбэрийг авч хаяжээ. Улмаар 1954 оны хэвлэлтээр Й.Сталин, 1974 оноос А.Микояныг “авч” хаяжээ. ЗХУ-ын төлөөлөгчид тэр нэг удаа АНУ-д хийсэн ажил хэрэгч айлчлалын талаар ч мартагнуулахыг хичээж, бүгдийг өөрсдөө хийсэн гэж итгүүлэх болсон. Гэвч үнэндээ бидний “Оросынх” гэж итгэдэг, дээр нэр дурьдсанаас ч олон брэнд бүтээгдэхүүн эхэндээ “Made in USA” гэсэн шошготой машинаар үйлдвэрлэгдэж байсан нь үнэн юм.       

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
yaz 469(66.181.180.180) 2017 оны 12 сарын 31

OROS ZOVHON HUNS UILDVERLEJ BAISAN MASHIN MEHANIZMIIN N BELARUS UILDVERLEJ BAISAN

0  |  0
Album(66.181.183.56) 2017 оны 12 сарын 30

Америкийн жор нь ялгаагүй баруун европоос угшилтай бөлгөө.

0  |  0
Top