Өмнөговь аймгийн иргэд аймгийн удирдлагуудынхаа хийсэн ажилд сэтгэл хангалуун байна

 

11-р цэцэрлэгийн жижүүр Энхтөрийн Түвшинтөгс: Хэлсэн ажлаа 100 хувь гүйцэтгэсэн гэж дүгнэж байна

Багийн ИНХ-даа суулаа. Аймгийн ИТХ, Засаг дарга түүний Тамгын газар болон багийн удирдлагууд хийсэн ажлынхаа тайлангаа тавилаа. 2017 онд мөрийн хөтөлбөрийнхөө дагуу маш олон сайхан бүтээн байгуулалт хөрөнгө оруулалт болон бодлогын шинэлэг ажлуудыг 100 хувь давуулан гүйцэтгэсэн гэж дүгнэж байна. Тухайлбал гэр хорооллийн гэрэлтүүлэг, явган хүний зам, авто зогсоол, дугуйн зам, за тэгээд боловсрол, эрүүл мэндийн салбарт их зүйлийг хийснийг онцлон дурдмаар байна. 
2018 онд ч ялгаагүй олон сайхан бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсөнтэй танилцлаа. Түүнийгээ хийнэ гэдэгт итгэлтэй байна. Иргэн хүнийхээ хувьд хийхээр төлөвлөсөн ажлуудыг дэмжих болно, ард иргэд ч дэмжиж байгаа нь ажиглагдлаа. Шат шатандаа сайн ажиллаж аймаг орон нутгаа хөгжиж байгааг харахад сайхан байна. 2018 оны ажлын төлөвлөгөөнөөс харахад хөдөө сум орон нутагт хийх олон сайхан том бүтээн байгуулалтын ажлууд анхаарал татаж байлаа. Ард иргэдийнхээ сайн сайхан, аймгийн хөгжил цэцэглэлтийн төлөө хичээн ажиллаж байгаа удирдлагууд, хамт олон та бүхэндээ талархаж буйгаа илэрхийлье. 
Өмнөх жилүүдэд ингэж ажлаа тайлагнадаггүй, хийсэн хийгээгүй нь мэдэгдэхгүй иргэд мэдээлэл муутай байдаг байсан. Цаг тухай бүрт нь ийм журмаар ажлаа тайлагнаад, төлөвлөгөөгөө танилцуулаад явна гэдэг бидэнд төр засагтайгаа ойрхон хамтын ажиллагаатай байхад их нөлөөлж, мэдээлэл сайн авч байна. Ийм журмаар ажлаа тайлагнаад явах нь цаашдаа ч бусдадаа үлгэр жишээ ажил болж байна гэж үзэж байна.

 

Даланзадгад сумын Ахмадын хорооны дарга Тангадын Наранцэцэг: Аймгийн удирдлагуудын хийсэн ажилд сэтгэл хангалуун байгаа

Аймаг, сумын удирдлагууд 2017 онд хийж бүтээсэн ажлаа ард иргэддээ тайлагнаж байгаа нь их таатай талархан хүлээж авч, хийсэн ажилд нь сэтгэл хангалуун байна. 
Урьд нь аймгийн удирдлагууд баг дээр ирж төдийлөн хийсэн ажлаа тайлагнадаггүй байсан. Даланзадгад сумын засаг дарга Т.Алтансүх ажлаа тайлагнахад би очиж сонссон. Даланзадгад сумын хувьд хүн ам олонтой хотын хэмжээний сум. Хийж бүтээсэн бүтээн байгуулалт маш их байлаа. 2018 ондоо ч гэсэн олон сайхан ажлуудыг төлөвлөсөн, тэдгээр ажлууд нь ч ард иргэд бидний хүсэж хүлээсэн ажил байгаа учраас иргэд халуун алга ташиж талархан хүлээж авч байлаа. Ер нь орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэж буй ажлуудыг багууд дээрээ ирж иргэдийнхээ санал хүсэлтийг авсны дараа судалгаа хийгээд олонхийн санал авсан ажлыг эрэмбэлж ард иргэдийнхээ санал хүсэлтийг тусгаж байгаа нь их таатай санагдаж байна. Цаашдаа ч ингэж ажиллавал аймаг маань хотын дайтай хот болоход ойрхон байна гэж бодож байна.


Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )