А.Батсайхан:Офицеруудын дунд архидалт хавтгайрахаар оронд нь 50 төгрөг өгсөн үе бий

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 04

“Сэтгэлийн хөгжил” Төрийн бус байгууллагын тэргүүн А.Батсайхантай ярилцлаа.

-Та төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжлийнхээ талаар ярина уу?

 -Би   ЗХУ-ын алдарт маршал К.Е. Ворошиловын нэрэмжит Улаан тугийн одонт Хилийн цэргийн дээд сургуулийг төгссөн. Сургуулиа төгсөөд Монгол Улсынхаа хил дээр очсон. Цэргүүдийн сэтгэлзүйтэй ажиллах, албандаа итгэл үнэмшилтэй, үнэнч байхад нь туслах чухал үүрэгтэй мэргэжил. Сүүлд 1991 онд АИХ-ын дэргэдэх Улстөрийн дээд сургуулийг одоогийн Академийг  улстөр судлаачаар дүүргэсэн. Нийгмийн ажилтан мэргэжилтэй. Сургуулиа төгсөөд Хил цэргийн гурван отряд, Хил хамгаалах ерөнхий газрын Удирдах газар, Хилийн цэргийн дээд сургууль, 0151 дүгээр анги гээд таван байгууллагад 25 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан.

- Цэрэг, цагдаа, тусгай хүчнийхэн эрт тэтгэвэрт гардаг. Тэр хэрээрээ амьдрал ахуйд хүндээр тусах тохиолдол гардаг байх ?

-Би 45 настайдаа тэтгэвэрт гарч байсан. Мэдээж эрт гарахаар хийх ажил, цаашид хэрхэн амьдрах тухайгаа бодно. “Нарантуул зах”, “100 айл”-д хувиараа ажиллаж үзсэн. Сүүлд  өдөр тутмын  сонинуудад орчуулагчаар ажиллаж байсан.

-“Архигүй Монгол” хөдөлгөөнд хэдийнээс нэгдэв?

-2011 онд. Тухайн үеийн Ерөнхийлөгч Элбэгдорж анх удаа сүү өргөж шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж байсан. “Архигүй Монгол”  хөдөлгөөнийг хүмүүс янз бүрээр хүлээж авсан. Зарим нь улстөржүүлдэг юм. Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэгийн тэргүүн, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Цогтсугартай  уулзаж, сургалтад ороод эхний асуудлаа шийдвэрлэсэн. Сарын дотор л.

-Эхний асуудал гэдэг чинь юу билээ?

-Архинаас гарахгүй юу.

-Тухайн үеийн нийгэмд цэргийн тэр тусмаа офицер хүн архи уухгүй бол сөрөг имиж бүрдүүлдэг цаг хугацаа байсан бололтой?

-Тийм үе байсан.Цэргийн хүн архи уудаг байх ёстой гэсэн шиг нэг тийм сөрөг ойлголт, үзэгдэл бий болчихсон. Байлдааны бэлэн байдалтай л холбож байгаа юм. Биднийг ажиллаж, алба хааж байх үед “Чиний чемадонд заавал шил архи байх ёстой. Хэрэв байхгүй бол арга хэмжээ авна”  гэдэг сонин цаг байлаа шүү дээ. Офицеруудын дунд архидалт нэмэгдэхээр сүүлдээ архины оронд 50 төгрөг хийдэг болсон. Дайн, тулаан эхэллээ гэхэд 50 төгрөгөөр хаанаас  архи авна гээд дэлгүүр хайгаад явах юм бэ.  

-Яриандаа эргээд ороё. 2011 оноос хойш Монгол  орноо тойрч сургалт хийгээд байсан?

-Тухайн үед Ерөнхийлөгчийн Тамгын газраас архины хор  уршгийг сурталчлуулахаар таван хүнийг “Архигүй Монгол” хөдөлгөөнд оролцуулж, тэнд тэнцсэнээр бүх аймгийн 5-6 суманд нэг лектор  очдог болов. Энэ ажил 2011, 2012 онд үргэлжилсэн.

-Та ажиллаж  байсан хилийн байгууллагаараа нэлээд явсан. Хилчидтэй уулзаад?

-Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хошууч генерал Лхачинжав дуудаж уулзсан. Хилчин, дайчдынхаа дунд “Архигүй Монгол”-ын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, архины хор хөнөөлийн талаар яриа өрнүүлэх ийм санал хэллээ. 2013 оны үйл явдал. Ингээд 84 хоногийн хугацаанд Монгол орныхоо хилээр тойрон хилчин, дайчид, офицеруудтайгаа уулзаж, архины хор хөнөөлийн тухай яриа, лекц өрнүүлж байлаа. Хилчин дайчдынхаа 80 хувьд хүрч ажилласан. Хилээр тойрч лекц уншсан ийм тохиолдол байхгүй болов уу. Үүний  зэрэгцээ архины хамааралтай хүмүүстэй ажиллана, ухуулна, сэнхрүүлнэ. Гэхдээ ганцхан миний хийсэн ажил биш. Олон клубууд, залуучуудын хамтын зүтгэл шүү дээ.

-Хөдөө орон нутагт аймаг, сумдын удирдлагуудтай хамтарч ажиллаад. Арга хэмжээ өргөн хүрээнд өрнөсөн байх.Тэдний дундаас онцолбол?

-Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Оюунбаатар сумдынхаа Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нартай манай төвд ирж, бидний үйл ажиллагаатай танилцаад хамтарч ажиллахаар болсон. Дөрвөн жилийн хугацаанд хэнтийчүүдийн хувьд архины асуудлыг ерөнхийд нь цэгцэлсэн. 1000 хүн архины хамаарлаас ангижирсан. Эдгээр хүний цаана хэдэн айл гэрийн амьдрал азжаргал инээд хөөртэй болж байгаа билээ гэж бодохоор сайхан. Дараа нь Хөвсгөл, Төв, Өмнөговь, Булган аймгууд бид бүхэнтэй хамтарч ажилласан.

 - Таныг хил дээр олон жил ажилласан учраас сонирхож асууж байгааюм. Тувачуул хүүхдээ архиар угжидаг тухай яриа үнэн үү?

-Би хил дээр ажиллаж, үүрэг гүйцэтгэж байсан. ОХУ-ын Туватай залгаа хил дээр ч ажилласан. Тувачууд өлгийтэй хүүхэд нь уйлахаар архиар угжидаг үзэгдэл байв. Тувачуудын цалинг архиар тавьдаг байсан үе ч бий.

- Архины хор уршгийг олон нийтэд таниулж байгаа хүний хувьд багагүй судалгаа  хийсэн болов уу?  

- Сүүлийн зургаа, долоон жил давхар судалж байна. Архи хамгийн түрүүнд хүний тархи, оюун санааг гэмтээдэг. Архи уугаад хэлсэн үг, хийсэн үйлдлээ мэдэхгүй байна гэдэг оюун санаа гэмтсэний шинж. Архин дахь химийн бодис цусаар дамжин хүний тархинд хүрч эд эсийг үхүүлж, тархийг гол, ус шиг ширгээдэг юм байна л даа.  Гэтэл бидэнд ундааны дээж гээд ойлгуулчихсан учраас аав, ээждээ, найз нөхдөдөө барьж очоод байгаа юм.

-Тиймээс соён гэгээрүүлэх ажил чухал?

-Гэр бүл салалт нэмэгдлээ. Үр хүүхэд хараа хяналтгүй боллоо. Энэ бүхэн архитай холбоотой. Соён гэгээрүүлэх ажил маш их хэрэгтэй байна. Архинд донтохыг архисах гэнэ.  Хүн зуны улиралд махсах, мал хужирсах гэхтэй адилхан. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага  архийг “F-10”  гэж томьёолсон. Хар тамхийг F-11 гэж томьёолсон эндээс харахад архи ямар хор хөнөөлтэй гэдэг нь харагдана. 1945 онд арваад орон нийлж архийг хар тамхины нэг төрөл гэж албан ёсоор зарласан юм билээ.

-Монголчууд архийг амьдралын буруу хэв маяг болгосон гэсэн  санааг та хэлж байна?

-Архийг амьдралын буруу хэвшил болгосон. Архигүйгээр цагаан сар, шинэ жил, төрсөн өдрөө тэмдэглэж чадахаа байтал хавтайрсан. Найз нөхөд ирэхэд ганц шил архи гаргахгүй бол болохгүй гэсэн сэтгэхүй давамгайллаа.  Их гүрэн бага орны ард түмнийг устгадаг химийн хорт бодис бол архи юм. Монголд хайртай харь улс гэж байхгүй. Зөвхөн газар нутаг, байгалийн баялгийг авахын тулд байдаг.

-Манайд ч архины үйлдвэр олон байгаа?

-1921 оны Ардын хувьсгал ялсны дараахан 4-5 хүн ажилладаг архины үйлдвэр анхлан байгуулсан байдаг. Хожим 1950-иад оноос бүх аймаг архи, пивоны үйлдвэртэй болсон. Энэ бүхэн нэгийг хэлээд байсан хэрэг л дээ. Өдгөө нефть, сүү, будаанаас  архи гаргаж байна. Өөр бүтээгдэхүүнээс гаргасан хэдий ч хорлолын хувьд яг адилхан, ялгарах зүйлгүй.

-Эсрэгээрээ архины үйлдвэрүүд татвар бүрдүүлдэг гэдэг?

-Архины үйлдвэр олон байна. Цаана нь асар их мөнгөний асуудал байдаг шиг билээ. Архины үйлдвэр улсад татвар бүрдүүлэхэд гол нөлөө үзүүлдэг гэдэг. Ард түмнийхээ амьдралыг үрэн таран хийн татвар бүрдүүлэх хэрэг юу байна. Татвар бүрдүүлэх олон арга бий. Архигүй ард түмэн байна. Арабын орнууд архигүй болоод л байна.

-Архидалт  гэр бүлийн хувьд том асуудал болж байна?

-Бараг л айл бүрт архины асуудал бий. Үүнийгээ гэр бүл нь хүлээн зөвшөөрдөггүй. Хааяа хэрэглэдэг, тохируулдаг, соёлтой хэрэглэдэг зэргээр ярьдаг. Ингээд нууж дарагдуулдаг. Миний ажигласнаар архидалд хөдөөших хандлагатай байна. Төвлөрлөөсөө зугатааж байна. Гэр хороолол  руу гэдэг ч юм уу. Хоёрдугаарт, эмэгтэйшиж байгаа. Аав нь архичин бол айл гэр хагас зовлонтой , ээж нь уувал гэр бүл сөнөнө гэсэн үг. Мөн сургуулийн хүүхдүүд архи уух хандлага байна.

- Архигүй гэр бүлийн уур амьсгал орчин тойрны өөрчлөлтийн тухайд?

- Би шинэ жилийг архигүй тэмдэглэдэг. Манайх сүүлийн долоон жил архи задлаагүй. Төрөл садан найз нөхдөөс архитай ирдэг хүнгүй болсон. Энэ бүхэн ах дүүст ойр тойрныхонд найз нөхдөд нөлөөлдөг. Хүний нэр төр сэргэдэг юм.

-Тамхинаас гэнэт гарвал үхдэг гэдэг  шиг яриа байдаг?

-Манайхны дунд буруу ойлголт явдаг. Тамхинаас, архинаас гэнэт гарвал үхдэг гэдэг ч юм уу. Худлаа байхгүй юу. Би долоон жил архи  уугаагүй үхээгүй байж л байна. Энэ мэтээр нэгэндээ саад болдог, буруугаар  өдөөдөг үзэгдэл бий. Эдгээрээс салах хэрэгтэй.

-Архинаас гарах хандлагыг хаанаас хэвшүүлэх ёстой вэ?

-Архинаас татгалзах нийгмийн зөв хандлагыг өөрөөсөө, гэр бүлээсээ эхлээд нутагшуулах хэрэгтэй юм. Хүүхдийнхээ дэргэд архи уухгүй, согтуу байхгүй гээд эхэлнэ. Хувь хүний бодлоо хэлэхэд төрд архитай тэмцэх залгамж чанар алга уу гэсэн бодол төрдөг. Шинэ Ерөнхийлөгч шинэ жилээр архитай холбоотой ямар нэгэн зүйл хэлсэнгүй.

-Архи уусан хүний гэр бүлийнхэн лам хуварга дээр очдог гэдэг.Аргаа барсан хэрэг болов уу?

-Хүчээр шийдэх гээд байна.  Архи уудаг хүний тархийг  орос хүн кодолно гэж байна.  Хүний оюун санааг түгжиж болохгүй. Бөө, лам хуварга дээр очдог. Ерөөсөө тухайн хүн өөрөө уухгүй байх хэрэгтэй. Архинаас гарахад ямар ч мөнгө хэрэггүй. Уухгүй  байхад л болно.

-Энэ ажлын тань жинхэнэ азжаргал?

-Ажлаар явж байхад манай хүн архины хамаарлаас гарсан гээд ярьж байгаа гэр бүлийнхэнтэй, ээжтэй, аавтай, найз нөхөд нь ярихтай тааралдах л хамгийн аз жаргалтай мөч байдаг. Гэхдээ ганцхан миний ажил  биш. Архинаас гарсан хүний сэтгэл, хамаатан садангийнх нь зүтгэл энэ бүгд нийлж үр дүн гардаг.

-Сургалтад хамрагдаад архинаас гарсан хүмүүс холбоотой байдаг байх?

-       Булган аймагт сургалт хийж байхад Дашинчилэн сумын Р гэдэг нөхөр  сургалтын үеэр согтуу орж ирлээ. Миний лекц хоёр цаг 30 минут үргэлжилдэг л дээ. Мань эр сонсоод суугаад байсан. Тэгээд шууд архиа хаясан. Саяхан утсаар ярьж байна. “Манай сумынхан архинаас гарсан гэж надад шинэ гэр барьж өгч байна” гээд....

-Архи уухаа болихоор амьд харьцаа үүсдэг  гэлээ?

-       -Тэгэлгүй яахав. Хүний тархи эрүүлжээд эхэлж байгаа юм. Дундговь аймгийн нэг суманд архинаас гараад 10 жил болсон нөхөр хот хүрээнээс хүмүүс уриад архигүйгээр найр хийж, ойгоо тэмдэглэсэн удаатай. Ингэж л амьд харьцаа үүсч байна.

-       Архины хамаараалтай хүмүүстэй удаан хугацаанд ажиллахаар төр засгийн зүгээс  дэмжжэд өгвөл гэсэн зүйл харагдана биз?

-       -Дээр хэлсэн. Уусан хойно нь биш урьдчилан сэргийлж, соён гэгээрүүлэх, сургалт, сурталчилгааны ажлыг төрөөс өргөн хүрээнд дэмжиж хийх ёстой. Мөн архинаас гарсан, сургалтад хамрагдаад уухаа больсон хүмүүсийн ар гэрийн амьдралыг тухайн орон нутаг, хорооныхон анхаарч байх ёстой юм.  Ажилгүй, амьдралгүй шахам болоод архинаас гарч байхад нь гэр оронтой болгох, үгүйдээ ажлын байртай болгох зэрэг дээр давхар ажиллаад сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, урам өгөөд явбал үр дүн бүр сайн болно гэж боддог.

-       -Энэ хугацаанд хэчнээн хүн сургалтад хамрагдаж, архинаас гарсан байна вэ?

-Дундговь, Өмнөговь, Хэнтий, Хөвсгөл зэрэг аймгийн сумдаар явсан. Цагдаагийн байгууллага, хилийн цэргийнхэн, аймаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, иргэд, Төрийн бус байгууллагуудтай хамтарч ажилладаг. 2011 оноос хойш хэдэн аймаг, сумаар явсан хэдэн хүнтэй уулзсан зэргийг тэмдэглэж авдаг. Архины хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх сургалтад 15032 хүн,  ерөнхий боловсролын сургуулийн 1770 сурагчийг хамруулсан байна. Архины хамааралтай 350 гаруй хүнийг бүлгийн болон ганцаарчилсан сургалтад хамруулж архинаас гаргасан байна.

. -Энэ хугацаанд хүмүүсийн хандлага хэрхэн өөрчлөгдөв?

-Хүмүүсийн хандлагад өөрчлөлт гарсан. Залуу үеийнхэн архи уухаас татгалздаг, зугатаах хандлагатай болсон нь анзаарагдлаа. Монголчуудын маань уламжлалт цагаан сарын баяраар архи уусан, хөлчүүрхсэн хүн харагдахаа больж. Энэ бүхэн сайн хандлага.  Найз нөхдөөрөө гэр бүлээрээ архинаас гарах талаар бидэнд хандаж байна. Зарим сумаас 5-25 хүн зорьж ирж уулздаг. Энэ бүхэн хандлагын өөрчлөлт юм.

-2018 онд ч үргэлжлүүлэх байх?

- Ажлаа үргэлжлүүлнэ. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргынТамгын газрын хамт олноос хамтарч ажиллах санал, хүсэлт ирүүлсэн. Удахгүй Ардын хувьсгалын өлгий нутгийг зорино. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг мэргэжлийн байгууллагатай, хэвлэл мэдээллийнхэнтэй хамтарч ажиллахаар  бид төлөвлөж байна.

 

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2 архичин сууж байна(202.21.106.123) 2018 оны 01 сарын 07

наад архичин чинь одоо ч архи нь гараагүй юм биш үү.офицеруудын түргэний чемоданд архи заавал байлга гэж хэзээ ч шаардаж байгаагүй.шал худлаа ярьж байна.цуг суугаа нь энхтайван гэдэг цэргийн сургуульд багш байсан бас нэг архичин баагий л байна.50 төг зайлшгүй хэрэгцээнд байлгах тухай бол байдаг байсан.наад архичид чинь шал худлаа ярьж байна.архичин учир хилийн цэрэг хөөсөн байх л даа.

0  |  0
Зочин(202.9.40.98) 2018 оны 01 сарын 06

Mundag

0  |  0
jui(41.85.161.171) 2018 оны 01 сарын 06

Хувь хүн Сайн байна уу Бид ядуусыг дэмжиж, тэмцэж байгаа ядуурлыг бид богино, дунд, урт хугацааны зээл санал болгодог нэр томъёо. Санхүүгийн асуудалтай байгаа, Банкинд хориг тавьдаг, Файлууд, эсвэл танай төслүүдийг холбох санхүүгийн хэрэгцээ байгаа бол,  гэрийн зээл. Бид хувь хүн, худалдаачидад хамгийн их хурдтай, найдвартай зээлийг жилд 3% -иар олгодог. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина уу. vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

0  |  0
ㅠㅗ(103.57.94.211) 2018 оны 01 сарын 04

ert tetgevert gadg

0  |  0
bs(128.68.62.231) 2018 оны 01 сарын 04

manaid gants zakuskatai arhi uudag bayar bol tsagaan sar tiim bolohoor uudan hulchurhsen hun haragddagui neg jishee

0  |  0
Munkhsuld(202.131.229.50) 2018 оны 01 сарын 04

Amjilt husie bagshaa..mundga baina.. odoogoos 14 jiliin umnu tanii unshij baisan lekts ..bainga bodogdsoor l bna ....Ushuu olon olon huniig arhinaas gargaj, olon ger buld az jargal beleglej eleg buten amidrah zamiig neej uguuree TA CHADAA BAGSHAA...AMJIL HUSIE ......Hiliin tsergiin 2006 ond tugssun shav chin.......

0  |  0
irgen(62.167.114.16) 2018 оны 01 сарын 04

arhi uusan hyn er ni ih muuhai haragddag

0  |  0
Армийн офицер(202.131.233.251) 2018 оны 01 сарын 04

Офицерууд гэж битгий бугдийг нь хавтгайруулаад бай. Хилийн цэргийнхэн тэгтлээ их уудаг байсан юм уу. Хилээ яаж манадаг байсан юм Бол. Армийнхан харин тэгтлээ, чемодандаа 50 тегрег хийтлээархичин болчихоогуй юм шуу.

0  |  0
zochin(49.0.218.170) 2018 оны 01 сарын 04

Ta bol gavyat yils byteej bui aguu xyn yum aa Ta olon xyniig eryyl bolgoj olon ger byld az jargal avchirsan buyantai saixan yils byteedeg xyn bainaa Tanii ajild amjilt xysie Eneeder minii unshsan xamgiin saixan medeelel bol tanii yariltslaga bailaa

0  |  0
Top