А.Алтангэрэл: Соёлын өвөө ард түмэн өөрсдөө хамгаалах ёстой

АРД ТҮМНЭЭС ТӨРСӨН УРЛАГ СУДЛААЧ

Эрдэмтэн судлаач гэдэг их сургуулийн танхимаас төдийгүй ард түмний амьдрал дундаас төрөн гардгийн нэгэн тод жишээ болсон эрхэм бол “Арт хаус” төвийн үүсгэн байгуулагч, эртний үнэт эдлэл цуглуулагч, урлаг судлаач А.Алтангэрэл юм.

Түүнтэй ярилцлага хийхээр тус төвд очиход орох үүднээсээ эхлээд л монголчуудын өв соёлын хэрэглээний гайхалтай бүтээлүүд нүд баясган угтсан юм. 90-ээд оны үед анхны дэлгүүрээ нээж, урлагийн галерей байгуулан, 2005 онд цуглуулгаараа музей нээж байсан тэрбээр өдгөө орд харш мэт оффисийн барилгатай болж, нийслэл хотынхоо төв хэсэгт урлан бүтээх ажлаа хийж, урлаг соёлын үйл хэргээ хөгжүүлсээр явна. А.Алтангэрэл холбооны инженер мэргэжил эзэмшихээр суралцаж байхдаа Буддын шашны эдлэл хэрэгслийг анх сонирхож, эндээс анхны капиталаа олж Европын соёлтой танилцахаар Германыг зорьсон нь цаашдын ажил үйлсэд нь шинэ эргэлтийг авчирсан байдаг. Тэрбээр Дэлхийн хоёрдугаар дайны үед нэвт буудуулан нурсан барилгыг тор татан хамгаалж авч үлдээд үзмэр болгосон байхыг вагоны цонхоор хараад 1945 оны үйл явдлыг 1991 онд бодитоор нь үзэх боломж бий болгосныг гайхан биширч, түүхээ авч үлдэхийн гайхамшгийг нэн хурц тодоор мэдэрсэн гэдэг. Европын соёлтой танилцаж явахдаа “Монголчууд бид ингэхэд түүхээ авч үлдэж чадаж байна уу” хэмээн эрэгцүүлж, урлагийн түүхэн бүтээлүүдийн үнэ цэнэ хэчнээн чухал болохыг ухаарсан нь А.Алтангэрэлийн хувьд ирээдүйн үнэт өв цуглуулагч, урлаг судлаач болох замынх нь эхлэл байжээ. Хүний амьдралын гучин жил гэдэг их хугацаа. Тэр тусмаа энэ цаг хугацааг тодорхой нэгэн үйл хэрэгт зориулна гэдэг хүнээс ямар их хөдөлмөр, хичээл зүтгэл, тэвчээр шаардагдах нь ойлгогдох буй за. Энэ цаг хугацааг монгол соёлынхоо үнэт өв болсон эртний эдлэл цуглуулах, цуглуулсан эд зүйлсээ судлах, энэ тухай уншиж танин мэдэх, ертөнцийн хаана ч байсан очиж гараар барьж нүдээр үзэх, эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллах зэргээр мэдлэгийн цар хүрээгээ өргөжүүлж ирсэн нь өдгөө урлаг судлалын ертөнцөд эзэлж буй онцгой байр суурийг нь тодорхойлох аж. “Зиндаа” сэтгүүл “Үнэт эдлэл” буландаа монголчуудынхаа өв соёлын гайхамшигт өвүүдээс 2017 оны 10 дугаарын туршид танилцуулж, энэхүү хөдөлмөрч, бүтээлч, судлаач эрхэмийн гучин жилийн мэдлэг туршлагаас нь хуваалцаж, түүхэн он цагийн дарааллын дагуу цэгцтэй мэдээлэл өгөхийг зорьж байна. Энэ дугаарт “Арт хаус” төвийн үүсгэн байгуулагч, үнэт өв цуглуулагч, урлаг судлаач А.Алтангэрэлтэй хийсэн ярилцлагыг уншигчдадаа хүргэхээр бэлтгэлээ.

“АРТ ХАУС” ТӨВИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ А.АЛТАНГЭРЭЛ: “СОЁЛЫН ӨВӨӨ АРД ТҮМЭН ӨӨРСДӨӨ ХАМГААЛАХ ЁСТОЙ”


Таныг эртний үнэт эдлэл цуглуулагч гэдгээр нь олон хүн мэддэг. Урлагийн салбарт орж, үнэт өв цуглуулагч, урлаг судлаач болоход тань хамгийн их нөлөөлсөн зүйл юу байв аа?

Хамгийн гол нь байгалиас өгсөн өгөгдлөө олж мэдэх нь чухал юм байна. Хүүхдийн авьяасыг багаас нь илрүүлэх, давамгай талуудыг нь гаргаж ирэх хэрэгтэй байдаг гэдгийг би өөрийн туршлагаас ойлгодог юм. Би багадаа геологич мэргэжилтэй болъё гэж боддог байлаа. Социализмын үед бидэнд хүссэн мэргэжлээ эзэмших боломж бололцоо нь байгаагүй шүү дээ. Сонголт бага байлаа. Бидний ч буруу биш, ээж аавын ч буруу биш. Нийгэм маань тийм байлаа. Одоо бол хүүхдийнхээ авьяас чадвар, сонирхлыг багаас нь нээж, төрсөн өгөгдлийг нь хөгжүүлэх боломж байна. Жишээлбэл, би уран дархчуудтай хамт 30 жил ажиллаж байна. Монголд олон мянган дархан байгаа. Хүн бүр өөр өөрсдийн хэмжээнд л юмаа хийдэг. Би алдартай уран дархан, сайн хүн гэж бодоод өөрийгөө магтаад явж байгаа хүн зөндөө бий. Гэхдээ тэд нар бол ерөөсөө амьдрах гээд л явж байдаг улсууд. Зарим хүмүүс нь байгалиасаа авьяастай төрөөд, төрсөн өгөгдлөө хөгжүүлээд явж байдаг. Тийм хүмүүс ховор. Яагаад гэвэл, энэ нь тийм ч элбэг өгөгдөл биш. Өөрийгөө олж, таньж мэднэ гэдэг ч бас тийм амар юм биш. Үүний нэгэн адил би холбооны инженер мэргэжил эзэмшээд, өөр чиглэлээр сургууль төгссөн боловч амьдралын явцад урлагт дуртай юм байна, энэ маань миний байгалиас өгөгдсөн өгөгдөл юм байна гэдгээ ойлгосон.

Чухам яаж ойлгов?

Амьдрал аяндаа ойлгуулдаг юм шүү дээ. Оюутан байхдаа хоолны мөнгөө олох гээд, амьдрах гээд явж байхдаа өөрийгөө олсон. Эртний урлаг ямар байдаг юм, үнэт эдлэл ямар байдаг бол гээд сонирхож, эндээс мөнгө олж амьдралынхаа замыг олж байлаа. Тэр маань намайг хөгжүүлээд, яг энэ салбарт би хорин найман жил ажиллаж байна.

Хүний хувь заяа гэдэг сонин юм аа. Явж явж өөрийн хүсэл сонирхлыг олж чадна гэдэг нэг бодлын азтай юм биш үү?

Би 1989 онд үнэт эдлэлийн анхны бизнесээ эхлүүлж байсан юм. 1993 он хүртэл би оюутан байлаа. Энэ хугацаанд оюутны амьдралаа энэ бизнесээрээ залгуулсан. Тэгээд л энэ зах зээлд орсон доо. Миний хийж байсан бизнес, амьдарч байсан хэв маяг маань явж болоод байлаа. 1991 онд Герман оронд анх очсон юм. Тэр үедээ Европын соёлтой танилцаад, тэнд янз бүрийн бизнес хийж үзэж байхдаа соёл урлаг гэдэг ямар их үнэ цэнэтэй, хэрэгтэй юм бэ. Тухайн үндэстэн өөрийгөө таньж мэдэхэд, оршин тогтноход ямар том үүрэг гүйцэтгэдэг юм бэ гэдгийг таньж мэдсэн.

Германд хамгийн хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн зүйл нь юу байв?

Музей үзсэн. Түүхийн дурсгалт байшин барилгуудыг ч үзсэн. Дайны үед байшин руу буудсан сум нь нүхэлчихсэн, шавар нь уначихсан тэр чигээр нь тор татаад хамгаалаад үлдээчихсэн байхыг би вагоны цонхоор хараад “Өнгөрсөн цаг үеийг мөнхөлж авч үлдэнэ гэдэг ямар аугаа юм. 1991 онд Германд очиход 1945 оныг хараад, яаж буудаж байсан, тэр цаг үед юу болж байсан гэдгийг харна гэдэг бол гайхамшигтай юм аа” гэж бодож байсан юм. Энэ л хамгийн хүчтэй сэтгэгдэл үлдээсэн. Тийм учраас монголчууд бид ч бас түүхээ яаж авч үлдэх ёстой вэ? гэж бодож байсан маань санаанд тод байна. Тухайн үед дэлхийг, Европыг үзнэ гэдэг бол залуучууд бидний хувьд амар асуудал биш байсан ч таньдаг ах маань туслаад дэлхийг үзсэн. Тэр цагт миний нүд нээгдсэн. Нүд нээгдэж байж л үндэсний соёлын өвийг авч үлдэх ёстой юм байна гэдгийг ойлгосон доо.

90-ээд он бол нийгэм солигдсон их өөрчлөлтийн үе байлаа. Ёстой л бужигнаад өнгөрсөн дөө.

Ерээд онд монгол түмний ахуй амьдрал ямар байсныг бид одоо мартсан. Тэр цаг үеийг баримтжуулж авч үлдэж чадаагүй. Ядаж л Дэнжийн мянгын зах ямар байсныг баримтжуулж үлдээгүй. 90-ээд оноос Сүхбаатарын талбай дээр болсон жагсаалыг л баримтжуулсан. Бусад зүйлсийг бол 2000 он хүртэл ямар байсан бэ гэдгийг мартсан. Үндэсний түүх, соёл, он цагийн амжилт бүтээлийн арван жилийн цаг хугацааг барахад юу болж байсныг мэдэхгүй өнгөрөөчихсөн байна. Байшин, машин, хувцас, өмд гуталтай болох гэсээр явтал нэг мэдэхэд арван жил өнгөрчихсөн байлаа. Эдийн засгийн, мөнгөний энэ нийгэмд ямар юмыг мөнгө болгож болох вэ гэж л арван жил ажилласан. 2000 он гараад л бид арай сэхээрсэн гэж боддог юм.

Үнэхээр тийм л цаг үе байлаа.

Аливаа урлаг, соёл, нийгэм, улс орон хувьсан өөрчлөгддөг. Тиймээс Ази, Европын соёлоос авч сэлбэх хэрэгтэй юу гэвэл, хэрэгтэй. Гэхдээ хамгийн гол язгуурыг нь алдаж болохгүй. Үндсийг нь устгахгүйгээр амьдралынхаа хэв маягт тааруулах ёстой. Үндэс суурийг нь алдахгүйгээр шинэчилж нөхцөл байдалд, амьдралд тааруулах хэрэгтэй. Улс үндэстний оршин тогтнох төрийн нарийн бодлого гэж байна. Язгуурыг нь хамгаалаад цааш нь тэлээд явчихдаг. Ийм бодлого манайд дутагдаж байна. Ийм бодлого хэрэгжүүлэх механизм нь манай улсад бүрэлдээгүй байна. Гэхдээ бид энэ механизмыг хүлээж болохгүй, ард түмэн өөрсдөө механизмаа бий болгож дархлаагаа тогтоож авч явах хэрэгтэй байгаа учраас эртний соёл урлагийн өвийг хамгаалах, уламжлуулан авч явах, хүмүүст таниулах, зуун хүний ядаж арван хувь нь тэрийг мэдэж байдаг хэмжээнд байлгахын төлөө 2000 оноос хойш 16 жил ажиллаж байна.

ФРАНЦАД ГАРГАСАН ҮЗЭСГЭЛЭНГ 70.000 ХҮН ҮЗСЭН


Анхны алхмаа юунаас эхэлж байсан тань үнэхээр сонирхолтой байна?

 Би 1997 онд энэ гудамжинд анхны дэлгүүрийг нээж байлаа. Тэр үед хуучны урлаг соёлыг сонирхдог хүн цөөхөн. Цүлтэм гуай, Ядамсүрэн гуай гээд зураач нар л байсан даа. Тэр үед юун урлаг, монголчууд шинэ нийгэмд хөлөө олох гэж сандарч байсан үе шүү дээ. Тун цөөхөн хүн л энэ салбарыг олж харж, хүч хөдөлмөрөө зориулж байсан байх.

Таны ажил үйлс хэрхэн өргөжсөн бэ?

Улаанбаатарт анхны урлагийн галерейг нээсэн. Тэр галерейгээс дамжиж олон галерей шинээр нээгдэж, энэ төрлийн бизнес эрхлэгчдийн зах зээл бий болсон юм. Үүнийг дагаад тэдгээрийг худалдаж авдаг, цуглуулдаг, сонирхдог зах зээл нь ч хөгжсөн. Тэр бүхнийг цуглуулаад хамгаалдаг давхарга ч бий болоод байна. Энэ чиглэлээр маш олон ном зохиол, хувийн каталоги хэвлэгдэж гарлаа. Сүүлийн үед дандаа хувийн салбарынхан үүнийг хийж байна. Манай үндэсний музейнүүд өөрийн үндэсний музейнхээ каталогийг өнгөрсөн жилээс л хэвлэж гаргаж байна. Төрийн зүгээс урлагийн талаар их л анхаарах хэрэгтэй санагддаг юм.

Хэдэн жилийн өмнө Соёл, спорт, аялал жуулчлалын яам /ССАЖЯ/ гэж байсан. Өнөөгийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам /БСШУСЯ/ гэж байна. Та эдгээр яамдтай хэр сайн хамтарч ажиллаж ирсэн бэ?

ССАЖЯ нь динозавр бол үнэт өв гэж ярьсаар байгаад үндэсний язгуур соёлын өвдөө бага анхаарсан гэж боддог. БСШУСЯам бол өрөөндөө суугаад ажлаа хийх л төсөвтэй газар. Соёлын өвийг улс хамгаалдаггүй. Ард түмэн соёлын өвийг өөрсдөө хамгаалдаг. Үүнийг төр засаг нь дэмжих ёстой юм. Бид дэлхийд эзэнт гүрэн байгуулж чадсан хоёр гуравхан орны нэг. Гэтэл бидэнд эзэнт гүрний өв соёлоо харуулж үзүүлэх музей байна уу? Дэлхийгээс олон сая жуулчин авна гэж яриад байгаа. Гэтэл жуулчдын сонирхол олон чиглэлтэй. Зарим нь байгалийн аялал сонирхоно. Зарим нь Монголын урлаг соёлын бүтээлүүдийг сонирхож байгаа. Тэднийг бид юугаараа татах вэ? Бид бол гурав дөрвөн мянган жилийн соёл иргэншлийн түүхтэй, олон хаант засгуудтай том үндэстэн, олон ястны өлгий нутаг. Үүнийгээ бид тэр олон орны хүмүүст таниулж, сонирхуулахаар бэлдэх хэрэгтэй байна шүү дээ. Орчин үеийн хүмүүс бол өнгөрсөн цаг үе, өөр соёл иргэншил ямар байдгийг, яаж амьдарч ирсэн, ямар урлаг соёлтой байсныг л голчлон сонирхож, өнгөрсөн үеийн өвийг судлах, оюун ухаанаа сэлбэх зүйлийг л хайж байгаа. Тиймээс бид үүнд бэлтгэх ёстой.

 Та өв соёлын үнэт эд өлгийн зүйлс цуглуулагч, урлаг судлаач хүний хувьд үүнд ямар бэлтгэлтэй байна вэ?

2009 онд Францын засгийн газар миний хувийн цуглуулгыг дэмжээд ном, хэвлэмэл танилцуулга гаргаж, үзэсгэлэн зохион байгуулж байсан юм. Францын аялал жуулчлалын хамгийн том хот Ницца дахь Азийн урлагийн музейд үзэсгэлэнгээ зургаан сарын турш гаргаж францчуудад болон тэнд аялахаар ирсэн жуулчдад үзүүлж байлаа. Хувийн цуглуулгаа Францын засгийн газрын дэмжлэгтэйгээр гаргасан өөр хүн одоогоор байхгүй. Үзэсгэлэнгийн дараа Францын талаас үзэсгэлэнгийн тайлан гаргаж өгөхөд 70.000 хүн үзсэн байсан. Ницца бол манай Улаанбаатар шиг л хот. Танайд хэдэн музей байна гэсэн чинь, 50 музей байна. Ямар чиглэлийн музей үзэх вэ гэж байсан. Гэтэл Улаанбаатарт маань улсын цөөхөн хэдэн музей л байна. Бид музей байгуулж чадах хүмүүсээ дэмжих ёстой юм. Төрөөс дэмжинэ гэхээр мөнгө өгдөг юм бодоод байдаг. Мөнгө өгөх биш, өгөхгүйгээр дэмжих олон арга байна. Урлагийг дэмждэг олон аргуудаас дэлхийд түгээмэл байдаг нэг арга бол татвараас чөлөөлөх. Энэ аргыг хэрэгжүүлж яагаад болохгүй гэж?

Та өөрийн цуглуулгаар музей гаргая гэж боддог биз дээ?

2005 онд анх музей байгуулсан шүү дээ.

Одоо хаана байгаа юм бэ?

Одоо бол хураачихсан. Яагаад гэвэл зориулалтын байр сав, хамгаалалт гээд олон асуудал байна. Болж өгвөл олны хүртээл болгохсон гэж боддог. Одоохондоо боломж бололцоо, цаг хугацаа нь бүрдээгүй юм болов уу. Аливаа юм цаг хугацаанд захирагдана. Жишээ нь, Францад “Чингис хааны өлгий нутаг дахь Буддын шашны эрдэнэсүүд” гэдэг үзэсгэлэнгээ гаргаж байлаа. Тэр үзэсгэлэнгээ Монгол Улсдаа бүрэн хэмжээгээр тавьж үзүүлье гэж боддог. Өнөөдөр монголын ард түмэн ахуй амьдралын олон асуудалтай байгаа ч урлаг сонирхдог, музей үздэг цаг хугацааг гаргах хэрэгтэй юм. Хүүхдүүддээ багаас нь урлаг соёлыг таниулж, музей үзүүлж, урлаг соёлын боловсрол олгохын чухлыг манайхан зах зухаасаа ойлгож эхэлсэн байх. Түүнээс гадна би орчин үеийн монгол дархны ажил бас хийдэг. Орчин үеийн хэрэглээний урлаг л даа. Монгол хүний өөрийн амьдралын хэв маягт таарсан эмээл, хазаар, хутга, эдлэл хэрэглэл, хувцас хунар, аягыг алт, мөнгөөр урладаг. Арван хэдэн дархчууд ажилладаг юм. Энэ ажлаа шинэ шатанд гаргах, орчин үеийн асар их авьяастай төрсөн хүмүүсийг тодруулж, тэдний авьяасыг хөгжүүлж, урьд өмнөх он цагийн хүмүүсийн хийсэн бүтээлийг давах зорилготой.

Том зорилго байна шүү?

Хүний оюун санаа 17 дугаар зууны үеийнхээс хөгжсөн ч юм уу, заримдаа бүр доошоо орчихсон ч юм шиг янз янзын л юм бодогддог юм. Тэгэхээр бас тэрийг нь давуулж бүтээл хийж үлдээх, уламжилж үргэлжлүүлэн авч явах бодлого байгаа. Нэг их өндөр ашиг олдог ч ажил биш. Гэхдээ хосгүй бүтээлийг хойч үедээ үлдээхийн төлөө хүчин чармайлт гаргаж байна. Ер нь үнэхээр сайн юм хийдэг улсууд бол маш их цаг хугацаа зарцуулдаг. Энгийн дархан долоо хоногт нэг аяга гаргахад, жинхэнэ мастер дархан бол сард нэг аяга гаргах жишээтэй. Нэг сар, хоёр сар, нэг жилд нэг аяга хийж байна шүү дээ. Хүмүүсийн хөдөлмөрийн үнэ цэнэ, үнэлэмж, цаг хугацаа, сэтгэл зүй, арга барил, техник технологи гэдэг асуудал бол аливаа бүтээл төрөх цаг хугацааг тодорхойлдог. Манай дарханы газрын дархчууд Монголдоо эхний аравт орно гэж би боддог шүү.  


АНХНЫ ЦУГЛУУЛГА МААНЬ ЗАНАБАЗАРЫН БҮТЭЭЛ БАЙЛАА

Танайх бүтээлүүдээ захиалгаар хийдэг үү?

Тийм ээ. Уран дархны ажлыг хүмүүс их амархан гэж бодоод байдаг. Нэг сарын хугацаанд хийлгэнэ гэж захиалга өгчихөөд 20 хоногт багтааж авах гээд байдаг тал бий. Ингэхлээр заавал нэг юм нь дутуу болох гээд байдаг. Бид хангалттай цаг хугацаа зарцуулж чанартай бүтээл хийж өгөхийг л гол зарчмаа болгодог доо.

Таны хамгийн анхны цуглуулга хэний ямар бүтээл байсан бэ?

Буддын шашны урлагийн болон хэрэглээний урлагийн бизнесийг анх эрхэлж байсан болохоор хаана, хэнд ямар бүтээл байгааг мэддэг байлаа. Анхны цуглуулга маань 1995 онд Занабазарын бүтээлээс эхэлсэн. Миний нэг танилд маш олон жил хадгалагдаж байсан нэгэн бүтээлийг Германд гурав дөрвөн жил Европ- Монголын хооронд бизнес хийж цуглуулсан мөнгөөрөө худалдаж авсан. Тэгээд долоо хоног гэрээсээ гарахгүй хараад сууж байлаа.

ХАМГИЙН САЙН УРЛАГИЙН БҮТЭЭЛ ЦУГЛУУЛДАГ ХҮМҮҮС БОЛ ЭЛИТҮҮД, ЯЗГУУРТНУУД БАЙДАГ

Занабазарын ямар бүтээл нь байсан юм бэ?

“Язгуурын таван бурхан” гэдэг бүтээл. Тэр үеэс хойш олон цуглуулга нэмэгдсэн. Одоо Буддын шашны урлагийн цуглуулгаараа альбом гаргасан байгаа. Би ер нь гурав, дөрвөн чиглэлээр цуглуулгаа хийдэг. Монголын он цагуудыг авч үлдэх хэрэгтэй юм байна. Дараа нь бид үүнийг хараад монгол хүн ийм юм хийж байсан юм шүү гэдэг бахархлыг авч үлдье гэж бодоод л цуглуулдаг юм. 2000-3000 жилийн өмнө ахуй амьдралдаа хэрэглэж байсан Хүрэлийн үеийн он цагийн цуглуулгыг бас хийсэн. Одоо надад Хүннүгийн үеийн нэг сайхан цуглуулга бас байна. Эрдэмтэдтэй хамтраад ном гаргахаар бэлтгэж байгаа. 13 дугаар зуун буюу Монголын Эзэнт гүрний хүчирхэг байсан он цагийн цуглуулга ч бий. Тэр цуглуулгаа каталоги болгоод олон нийтийн хүртээл болгох зорилго тавьж байна. Оросын Санктпетербург хотын Эрмитажийн Дорно дахины хэлтсийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан М.Г.Крамаровский, А.Юрченко нарын Чингис хааны үеийн Алтан ордны улсыг судалдаг эрдэмтэдтэй хамтарсан ном гаргах гээд, тэд маань бүтээлүүдийг судалж байгаа. Судалгааны ажил дуусвал олны хүртээл болгоно.

Одоо тодорхой байгаа мэдээллээр, манайд урлагийн бүтээл бүтээсэн оргил цаг үе нь хэдийд байдаг вэ?

Манай улс олон мянган жилийн түүхтэй орон хэдий ч урлаг бүтээж байсан зуун 17, 18 дугаар зуун буюу Буддын шашин Дорно дахинаас манайд дэлгэрсэн зуунд хамгийн их урлагийн бүтээл хийсэн байдаг. Аливаа урлаг бол шашин дагаж хөгждөг. Буддын шашныг дамжиж орж ирсэн энэ урлаг бол оюуны урлаг юм гэж үздэг түүхэн судалгаа бий. Урлагийг дотор нь хэрэглээний урлаг, оюуны урлаг гэж хоёр ангилж болно. Хэрэглээний урлаг гэдэгт олон зуун жил хэрэглэгдсэн эд зүйлсийг ойлгож болно. Тухайн цаг үед оюуны урлаг бол Өндөр гэгээн Занабазарын бүтээлүүд буюу төвдийн буддын шашин өргөн дэлгэрсэн 17 дугаар зуунд бий болсон байдаг.

Урлагийн бүтээл цуглуулж буй хүний баримталдаг зарчим юу вэ?

Дэлхийн урлаг судлаачид аливаа улс үндэстнийг судлахдаа ямар үед урлаг нь хамгийн өндөр зэрэглэлд хөгжсөн байна гэдгийг эхлээд мэдэхийг эрмэлздэг. Түвшин нь өөр өөр болохоор хүн хүний цуглуулга өөр. Хамгийн сайн урлагийн бүтээл цуглуулдаг хүмүүс бол элитүүд, язгууртнууд байдаг. Энгийн хүмүүс бол гутлаас эхлүүлээд цэвэр шаазан, тэмдэг, уран зураг, зоос гээд олон төрлийн эд өлгийн зүйл цуглуулна. Тийм учраас дэлхийн хүмүүс сонгодог цуглуулгыг яаж хийж байна, яагаад цуглуулдаг юм, ер нь ямар ямар түвшинд хийдэг юм байна гэдгийг судалж байсан. Аливаа үндэстний соёл урлагийг хэн авч явдаг юм гэдгийг ч сонирхдог байлаа.

Соёл урлагийг ямар хүмүүс авч явдаг юм бэ?

Ерөөсөө хувийн салбарынхан дэлхийн соёлыг авч явж байна. Тухайлбал, Америкийн олон музей, Лондонгийн музей, Парисийн Луврын музейд дэлхийн соёлын өвүүд олноороо байна. Одоо Хятад улс дэлхийн соёлыг цуглуулж эхэлж байна. Тайвань гэхэд дэлхийн соёлыг цуглуулах бодлого баримталж байна. Монголчуудын хамгийн хүчирхэг байсан 13 дугаар зууны үеийн бүх цуглуулга Тайваньд байна. Америкийн Метрополитен гэхэд л олон зуун хүний цуглуулгаар бий болсон музей. Хүн мөнх биш, цаг хугацааны эрхээр яваад өгнө. Дараа нь үлдсэн эд өлгийн зүйлсээ музейд хандивлаад, тусдаа заал гаргаад жилд тодорхой хэмжээний ашгийг нь аваад явж байгаа туршлага байна. Манай улс ямар бодлоготой байгаа нь одоогоор ойлгомжгүй байна. Нэн тэргүүнд байгаа юмаа маш сайн хамгаалах, хамгийн гол нь эрдэм шинжилгээ, судалгааны ажлаар судлах шаардлага их байна. Бид урлагаа судлаад, түүнийгээ ном болгоод ард түмэндээ таниулаад өгчихвөл ард түмэн өв соёлын үнэт бүтээлүүдээ аваад хадгалчихна шүү дээ.


МАНАЙД УРЛАГ СУДЛАЛЫН САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЦАГ НЬ БОЛСОН

Хүннүгийн үеийн өвөрмөц гоё олдворууд манай олон музейд харагддаг. Мөн Өвөрмонголын Ордос, Хөх хотын музейд үзэж байлаа. Түүнчлэн шинээр байгуулагдсан Чингисийн морьт хөшөөний музей, Хүннү моллын музейд бас харж байсан. Ийм олдворууд танд хэр их байдаг вэ?

Хүннүгийн үеийн хүрлийн олдвор 340 орчим байна. Тэр үед нүүдэлчдийн хийсвэр сэтгэлгээний урлаг маш өндөр хөгжсөн зуун гэж үздэг.Одоо бол загвар гаргана, дахин хийнэ. болохгүй бол хүн авчирч харуулж байгаад хамтарч хийнэ. Тухайн үед төрөлхийн авьяастай хүн бодоод л шууд хийдэг байсан учраас маш задгай, гайхамшигтай сэтгэмжтэй, хийсвэрээр бараг нүдээ аньж байгаад тархинд орж ирснээ хийдэг байсан байх. Ордосын хүрэл дэлхийд алдартай л даа. Монголын хүрлийг бол дэлхийн эрдэмтэд Монгол алтайн язгуурын урлаг гэж үздэг. Хүрлийг анх Ордосоос олж, Ордосоос дэлхийд гарсан. Монголд яг адилхан хөгжиж байсан он цаг байгаа. Дэлхийд Ордосын хүрэл 1000 долларын үнэтэй байхад, Монголын хүрэл 100 долларын үнэтэй. Манайх сурталчилж дэлхийд гаргаж чадаагүй, орчин үеийн хэллэгээр бол брэнд болгож чадаагүй гэсэн үг. Монголын урлаг ийм хямдхан байх нь монгол хүний үнэлэмжид асар их нөлөөлж байна. Өнөөдөр монгол хүний үнэлэмж яг л тэр дэлхийн зах зээлд хүрэл үнэлж байгаатай адил байгаа. Хүний оюун ухааны хөгжлийг тодорхойлдог зүйл бол урлаг. Одоо үед өнгөрсөн цагийнх нь урлагаар оюуны чадамжийг тодорхойлж, улс орнууд урлагийн бүтээлээ өмнөө бариад дэлхий рүү зүтгэж байна. Харин бид нүүрс, ноолуураа бариад доллар хайж явна. Доллар хайгаад, нүүрс бариад дэлхий рүү зүтгээд байхаар хүмүүс биднийг сонирхохгүй. Бид түүхээ, түүхэн цаг хугацаанд бүтээсэн урлагаа өмнөө бариад дэлхий рүү зүтгэж, дэлхийн зах зээл рүү гаргах хэрэгтэй. Гэтэл манай улс урлагийн бүтээлээ худалдахыг хориглоод хаачихсан байгаа. Гааль дээр урлагийн гэх бүх юмыг хураагаад авчихдаг. Тийм учраас бидний урлагийн бүтээлийг хэн ч сонирхдоггүй.

Монголыг ирээдүйд удирдах, Монголын ирээдүйн зах зээлийг хөгжүүлэх тэр хүмүүс монгол хүний бүтээсэн урлагийн талаар мэдэгдэхүүнтэй болох хэрэгтэй.

Гарал үүслийн гэрчилгээ, худалдаж авсан баримттай бол болмоор л юм?

Өнөөдөр дэлхийн зах зээлээс 50 тонн алт аваад, үнэтэй уран зураг аваад ирж чадах боломжтой болсон цаг шүү дээ. Дэлхий глобальчлагдсан. Урлаг өнөөдөр хүн төрөлхтнийх болсон. Бидний өнгөрсөн цаг хугацаанд бүтээсэн урлаг бол монгол хүн бүтээж хүн төрөлхтний урлагийн санд оруулсан хувь нэмэр учраас хүн төрөлхтнийх болчихсон. Тэрийгээ эзэмших үү, үгүй юу гэдгээ тодорхойлж бичих ёстой юм. Бид зүгээр л Монголынх гэдгийг нь судалгааны баримтаар нотолж, тодорхойлон бичиж, дэлхийд таниулах ёстой. Хэдэн жилийн өмнө Францын зах зээл дээр Занабазарын Ногоон дарь эх бурхныг 3,5 сая еврогоор худалдаж авсан. Гэтэл салбарын сайдаас нь эсэргүүцэл бичээд хэл ам болж байлаа. Уг нь Монголын бүтээлийг өндөр үнээр худалдаж авлаа гэж баяр хүргэвэл зохих байсан гэж би боддог. “Найрамдал” медалиараа шагнадаг ч юм уу. Бидний бүтээл дэлхийд үнэ хүрч байна шүү дээ.

Нэг зүйлийг тодруулахад, хүн үндэсний соёл уламжлалаа судалж мэдэхийн тулд анхны алхмаа юунаас эхлэх ёстой юм бэ?

 Эхлээд урлагийн боловсрол эзэмших хэрэгтэй. Урлаг бол бүх боловсролын үндэс нь. Улстөрч, бизнесмэн болъё гэж байгаа хүн заавал урлагийн анхан шатны боловсрол эзэмшсэн байх хэрэгтэй. Тэр тусмаа үндэснийхээ урлагийг сайн мэддэг байх нь чухал. Ялангуяа Монголын ирээдүйг авч явах, Монголыг ирээдүйд удирдах, Монголын ирээдүйн зах зээлийг хөгжүүлэх тэр хүмүүс монгол хүний бүтээсэн урлагийн талаар мэдэгдэхүүнтэй болох хэрэгтэй. Герман хүнтэй тэдний соёлын талаар яриад байвал, та герман хүн үү, би герман хүн үү гэнэ биз дээ? Тэгсэн атлаа монгол соёлын талаар асуухад мэдэхгүй гэвэл хэн ч биш болдог байхгүй юу. Монгол соёлоо мэдэхгүйгээр бид дэлхийн хүн болж чадахгүй. Монголд цуглуулагч нар олон байгаа. Надаас төрж гарсан, миний найзуудаас, манай зах зээлээс төрж гарсан урлаг цуглуулдаг хүмүүсийн том зах зээл бий болчихсон. Одоо тэд нарт их сайн мэдээлэл өгөх хэрэгтэй байна.

Энэ зорилгоор л бид хамтран ажиллана шүү дээ.

Тийм ээ. Урлагийн талаар, түүхийн талаар маш зөв мэдээлэл авах боломж олгох хэрэгтэй. Домгийн мэдээлэл өгч болохгүй. Домгийн мэдээлэл авснаас болоод хүмүүс яаж байна гэхээр 13-р зууныхаа дээлийг Хүннүгийн дээл гээд нэрлэчихсэн. 17 дугаар зууны хөөргийг Хүннүгийн хөөрөг гээд явж байна шүү дээ / инээлдэв/. Одоо бид нар 21 дүгээр зуунд, оюун ухааны зуунд амьдарч байгаа. Тийм учраас аливаа зүйлийг нотолдог, баримтжуулдаг, түүхийг мэддэг, мэдэж байж харьцдаг ийм он цаг юм. Магадгүй 17, 18 дугаар зуунд хүмүүс мухар сүсгээр ч юм уу мэдээллийг хүлээж авдаг байсан байж болно. Бид бол бүтэн гурван зууны дараах хүмүүс учраас аливаа зүйлийг танин мэдэж, мэдсэнийхээ дараа хандлагыг нь, утга учрыг нь ойлгодог болох хэрэгтэй. Нэг том асуудал Монголд байна. Урлаг судлалын салбарыг яаралтай хөгжүүлэх хэрэгтэй болсон. Урлаг судалдаг хүмүүс ард түмэн хоёрыг холбох хэрэгтэй байгаа. Урлаг судлаач нар урлагийн бүтээлийг ард түмнээсээ судлах ёстой юм, уг нь. Энэ зах зээл дээр би гучаад жил ажиллахад монголын цөөхөн урлаг судлаачдын нэг нь болоод явж байна. Хоёр гуравхан урлаг судлаач энд бидэнтэй харьцаж байна. Бусад урлаг судлаачид хаана явна аа?


АЛИВАА САЙН БҮТЭЭЛ ГЭДЭГ ОЛОН ХҮНТЭЙ ХАМТАРЧ БАЙЖ ТӨРДӨГ

Өчнөөн олон хүн тэр мэргэжлээр төгсөж байгаа биз дээ?

Тэд нар мэдсэн сурсан зүйлээ бичиж соён гэгээрүүлэх ажлаа хийх тэр тогтолцоог нь төр яагаад тогтоож өгөхгүй байна вэ? Баруунд хамгийн өндөр зэрэглэлийн мэргэжил бол урлаг судлаач шүү дээ. Саяхан нэг хүн хүүхдээ дагуулаад ирсэн. Хүүхэд нь Нью-Йоркт эдийн засгийн чиглэлээр дээд сургууль төгссөн. Гэтэл урлагт дуртай болчихсон. Одоо яах вэ. Дөрвөн жил эдийн засгаар суралцчихаад одоо урлагаар сурна гээд байна гээд. Тэгэхэд нь би “Яах вэ, хүүхэд чинь дөрвөн жил явж байгаад өөрийнхөө өгөгдлийг олоод авсан байна шүү дээ. Хүүхдээ хүссэн сургуульд нь сурга” гэсэн. Одоо тэр хүүхэд Метрополитен музейд дадлага хийж байгаа.

Хуучны эд зүйлсийн хуурамч, жинхэнэ эсэхийг ялгахад хэцүү биз?

Хэцүү байлгүй яахав. Ер нь хуурамч зүйл гэдэг бол өнөөдөр төрөөд л маргааш хуурамч болох магадлал ихтэй. Яагаад гэвэл өнөөдөр би нэг юм хийлээ, маргааш нэг хүн дуурайлгаад хийж л байдаг. Жишээлбэл 15 дугаар зууны бүтээлийг 18, 19 дүгээр зуунд хийчихсэн л байдаг. 12 дугаар зууны бүтээлийг 13, 14 дүгээр зуунд хийнэ. Энэ мэтчилэн зуун зууныг дамжуулаад хийчихдэг.

Тэгэхээр аль нь яг 12 дугаар зууных гэдгийг яаж мэдэх вэ?

Тэрийг мэддэгт л миний мэргэжил оршдог байхгүй юу. Энэ мэргэжлийг Харвард төгсөөд ч олж авч чадахгүй. Би бол гучин жил энэ ажлыг хийгээд мэддэг болсон. Аливаа зүйл металл, чулуу, мод, цаас, шавар, алт, мөнгө аль нь вэ гэдгээсээ болоод бүгд өөр өөр. Тэр болгоноор нь өөр өөр мэргэжил эзэмшинэ шүү дээ. 13 дугаар зууны алт ямар юм, 17, 18, 19, 20 дугаар зууны алт ямар юм? Өнөөдрийн алт ямар юм гээд бүгдийг нь судална. Хятадын алт, Монголын алт, Сибирийн алтыг нэгбүрчлэн судалж байж ялгааг нь мэдэж авна шүү дээ.

Та олон ном судар уншиж судалгаа хийсэн үү?

Надад баялаг номын сан байна. Уншина, үзнэ, харна, хамгийн гол нь бид Америкийн музейд очно, дуудлага худалдаа, үзэсгэлэнд очно. Тайваньд очно, үзэсгэлэнг нь үзнэ, музейг нь үзнэ, цуглуулагчийн цуглуулгыг үзнэ. Үзэсгэлэнд тавьж байгаа юмыг бүгдийг нь үзнэ. Европын үзэсгэлэнд ч очно, үзмэрийг нь үзнэ. Цуглуулагчийн гэрт очиж үзнэ. Юмыг гараараа барьж нүдээрээ харна гэдэг бол нэгдүгээр зэргийн асуудал. Магадгүй нэг эрдэмтэн 100 ширхэг бүтээл үзээд нэг ном бичсэн байж болно. Би тэгэхэд 1000-ыг бариад үзчихсэн байдаг.

Энэ сайхан эмээл танай бүтээл үү?

Тийм ээ. Дөнгөж дуусгаад л тавьчихаад байна. Монгол эмээлний загвар дизайныг өөрчлөхийг зорьсон. Яагаад гэвэл орчин үед хэрэглэж байгаа эмээл дээр сууж болохгүй байна, суухаар хөл гуя, хувцас хунар урчих гээд байна гээд судалгаа хийсэн. Монгол хүн дэлхийн талыг эзэлсэн том эзэнт гүрнийг байгуулахад ямар эмээлтэй байсан юм. Энэ олон мянган км замыг туулахдаа Чингис хаан ямар эмээлтэй хаа хүрч вэ гээд судалсан. 13 дугаар зууны монгол эмээлээс дизайныг нь гаргасан юм. Аливаа сайн бүтээл гэдэг бол олон хүнтэй хамтарч байж төрдөг. Жишээлбэл, монгол морины сайхан эмээл хийе гэхэд, нэг хүн бол хэзээ ч гоё эмээл хийж чадахгүй. Хоёр хүн бас чадахгүй. Нэг сайн эмээл хийхэд найман хүн оролцож байна. Тэгж байж сайн эмээл гарч байна. Тэгэхээр олны хүч оломгүй далай. Гол нь зөвлөлдвөл оюун ухаан тэлнэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Сайн зүйлийг бүтээхэд ганц хүн бол багадна. Нэг санаа бол хөдөлгөх хүч нь болно. Гэхдээ олонтойгоо хийх юм бол илүү сайн болно.

Түүх судлалын бүтээлүүдэд монголчуудын эдэлж хэрэглэж байсан эдлэл хэрэгслийн тухай хэр тодорхой дурдсан байдаг вэ?

Бид бол хүн ам цөөн ч гэсэн хамгийн том үндэстний нэг. Дэлхийд хамгийн том эзэнт гүрнийг байгуулсан, дэлхийн түүхийг өөрчлөхөд үнэтэй хувь нэмрээ оруулсан ард түмэн. Тийм учраас түүхээ соёлтойгоо, хэрэглээний урлагтайгаа холбож судалдаг ажлуудыг маш сайн болгох хэрэгтэй гэж боддог. Одоо бол манайхан түүхийг дэндүү хийсвэр бичээд байна гэж би ойлгоод байгаа. Чингис хааны тухай 200 гаруй ном 20 жилд гарлаа. Тэнд Чингис хаан ямар гуталтай байсан юм, ямар дээл өмсдөг, ямар эмээлтэй байсан, ямар малгайтай байв гэдэг талаар нэг ч судалгааны мэдээлэл байхгүй. Чингис хаан ямар гэрт амьдарч байсан юм, морин тэрэгтэй байсан уу, үгүй юу, морио унаад л яваад байсан уу гэдгийг бид судлаагүй байна. Сэлмийг нь хүртэл бид судалж чадахгүй байна. Чингисийн залгамжлагчдыг судалдаг олон улс үндэстнүүд, эрдэмтэд байна. Тэндээс эх сурвалжаа авах хэрэгтэй. Эх сурвалжгүйгээр аманд орсноороо их ярьж байна, манай эрдэмтэд. Энэ бүхэн ард түмнийг төөрөгдүүлж байгаа. Муу үг модон улаатай гэдэг. Муу мэдээлэл ард түмэнд өгч болохгүй. Дандаа сайн сайхан, зөв мэдээллийг өгөх бодлогыг баримтлах хэрэгтэй.

Та бидний хамтын ажиллагааны үр дүнд манай уншигчид үнэт өв соёлынхоо талаар ойлголттой болж, монгол соёлоо уламжлуулан авч үлдэх хүсэл эрмэлзэлтэй болно гэж найдаж байна. Та манай уншигчдад хандаж та юу зөвлөх вэ?

13 дугаар зууны соёл, эмээл, мөнгөн аяга ямар байсан юм гэдгийг уншигчид маань “Зиндаа” сэтгүүлээс унших болно. Зуун зуунаар нь танилцуулсан мэдээллийг сэтгүүлийн хуудсаар дамжуулан хүргэхийг зорьж байна. Энэ бүгд нотлох баримттай, судалгаатай. Тодорхой хэмжээнд судалсан эрдэмтдээс энэ сэдвүүд дээр туслалцаа авч бичүүлнэ. Сэтгүүлд нийтлэгдэх мэдээллүүд урлагийн боловсролд жинтэй хувь нэмэр оруулна байх гэж бодож байна. Ер нь орчин үеийн залуучуудад жаахан ч гэсэн соёлын үрийг тарих хэрэгтэй байгаа. Соёлын үрийг тарих тал дээр монгол хүмүүсийн урлаг соёлын мэдлэг боловсролыг өчүүхэн ч гэсэн дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах болов уу гэж бодож танай “Зиндаа” сэтгүүлтэй хамтран ажиллаж байна. Эрхэм уншигчид та бүхэн бидний хамтран бэлтгэх нийтлэлүүдээс оюуны урлагийн мэдрэмжинд нөлөөлөх мэдлэг мэдээллийг дугаар алгасахгүй уншиж байгаарай. Алтан унжлагат хэмээх тахиа жилдээ эрүүл энх, сайн сайхан байж, үндэстнийхээ өв соёлыг дээдлэн, үндэснийхээ баяраар монгол дээлээ өмсөж хөөргөө бариад өвгөдөөсөө мэнд усыг нь бүрэн асууж золгоорой гэж “Зиндаа” сэтгүүлийн уншигчдадаа хүсэн ерөөж байна. Язгуурын гурван соёл болох морь унах эмээл, ан гөрөө хийх хутга, хоол идэх аягаа хэрэглэж байгаарай. Язгуурын монгол соёлоо уламжилж авч үлдээрэй гэж захья!

Танд баярлалаа.

Ярилцсан: Ц.Оюунчимэг

2017-02 сар. “Зиндаа” сэтгүүл №3 /503/

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

islam [ 103.212.118.198 ]      |     1-р сарын 07 -нд, 04:27 минутанд

HUN NEGEES ILUU HUNTEI BELGIIN HARTSAAND OROH ESGUI BURHANII NOMOND TEGEJ SURGADAG

Ard [ 172.58.40.187 ]      |     1-р сарын 06 -нд, 18:47 минутанд

Soyoliin uviig ard tumen bish tuunees songogdson tur zasag hsmgaalah yostoi. Bitgii utopi uim yari.