Францын эрүүгийн процесс

 

ГАДААД ОРНУУДЫН ЭРҮҮГИЙН ПРОЦЕССЫН ОНЦЛОГ

Цуврал

Доктор Ph.D  П.ЭРДЭНЭБАТ

Улсын Ерөнхий Прокурорын Газрын Сургалт Судалгааны Төвийн  Судлаач, Багш, Хяналтын прокурор, Хууль цаазын ахлах зөвлөх

Өмнөх нийтлэлд Герман улсын эрүүгийн процессын онцлогийн талаар та бүхэнд толилуулсан билээ.  Энэ удаад   Судлаачид, хуулийн байгууллагын ажилтан, энэ чиглэлээр сурапцаж байгаа прокурор судлаачдаа зориулж Франц улсын эрүүгийн процессын онцлогын талаар оюуны мэдлэгт нь  нэмэр болгож   дараахь нийтлэлийг толилуулж байна.

 Францын эрүүгийн процесс

Франц нь эрүүгийн болон эрүүгийн процессын анхны төрөлжсөн хуулийг бүтээгч, эх газрын системийг үүсгэн хөгжүүлсэн орны хувьд гэмт хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх ажиллагааны арвин баялаг уламжлалтай орон билээ. Тэр тусмаа шүүхийн өмнөх шатан дахь мөрдөн шалгах болон мөрдөн байцаалтын харъяалал, үе шатыг процессын нарийвчилсан нөхцлүүдээр зохицуулах, эрүүгийн хэргийн нотлох ажиллагааг шүүхийн хяналт, эрх мэдлийн хүрээнд хэрэгжүүлэх, ЭБША-д процессын хэлбэрүүдийг бий болгох талаар анхны жишиг журмуудыг нэвтрүүлж хэвшүүлэхэд шийдвэрлэх нөлөө үзүүлсэн байдаг.

Франц Улсын эрүүгийн процессын нэг онцлог нь гэмт хэргийг гурван категорт ангилалд авч үзэж, тэдгээрт тохирсон процессын журмыг ялгавартай тогтоосон байдагт оршино.

Нийтлэг нөхцөл, журам: Францын эрүүгийн процессын эрх зүйн эх сурвалжуудыг тухайн холбогдох хэм хэмжээтэй нь уялдуулан авч үзэх нь чухал ач холбогдолтой. Эрүүгийн процесст шууд хамааралтай эрх зүйн голлох эх сурвалжийг дурьдвал:

  1. Үндсэн хууль (1958);
  2. Эрүүгийн процессын хууль (1958);
  3. Иргэний болон Хүний эрхийн тунхаглал (1789);
  4. Шүүхийн тухай хууль (1978);
  5. Хүний үндсэн эрхийн тухай Европын конвенц (1950);
  6. Засгийн газар, Төрийн зөвлөлийн тогтоол, декретэд тусгагдсан процессын журмууд г.м.

Францын Үндсэн хууль, Европын холбооны хууль тогтоомж, Хүний эрхийн конвенц зэрэгт шүүх эрх мэдлийн суурь зарчмууд, хүний халдашгүй эрхийн баталгаа, процессын хязгаарлалт, хамгаалалтын тухай өгүүлсэн нь бий. Францын Үндсэн хуулийн 66-р зүйлд: "Хэнийг ч дур мэдэн эрх чөлөөг нь хасч болохгүй. Хувийн халдашгүй эрхийг хамгаалагч шүүх эрх мэдэл нь хуулиар урьдчилан тогтоосон нөхцлийг сахиулах үед энэ зарчмыг хүндэтгэн хангуулах ёстой” ” гэж заажээ. Иргэний болон Хүний эрхийн тунхаглалын 7-р зүйлд: "Хуульд тусгайлан журам болон зааснаас бусад ямар ч тохиолдолд хүнийг баривчлах буюу цагдан хорих, тэрчлэн яллах ажиллагааг явуулж болохгүй”; 9-р зүйлд "Хуулиар хатуу тогтоосон нөхцөл, журмын дагуу зайлшгүй хариуцлага хүлээх нь нотлогдсоноос бусад ямар ч тохиолдолд гэм буруугүй гэж тооцогдох эрхтэй гэж заасан. Францын нэгдэн орсон Европийн хүний эрхийн конвенцийн 5-р зүйлд: "Хуулиар тогтоосон журмаас гадуур хэний ч эрх чөлөөг хязгаарлаж болохгүй” гэж заасны дээр хуулиар тогтоосон журам нь эрх зүйн суурь зарчмуудаар нөхцөлдсөн зайлшгүй шаардлага бүхий тодорхой үндэслэлүүдийг тусгасан байдлаар илэрхийлэгддэг.

Одоо үйлчилж буй Францын Эрүүгийн процессын хууль нь 1958 оноос 1970-аад оны дунд үе хүртэлх хугацаанд цэргийн болон тусгайлсан шүүхийн бүрэн эрхийг өргөтгөх, ялын бодлогыг чангатгах, сэжигтэн яллагдагчийн эрхийг зарим талаар хязгаарлах, прокурор, цагдаагийн чиг үүрэг, эрх мэдлийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн өөрчлөлт, зохицуулалтыг бий болгох замаар хэрэгжиж иржээ. Харин 1970-аад оны дунд үеэс эхлэн эрүүгийн процессын тогтолцоог ардчилал, хүний эрхийн шаардлагад нийцүүлэхэд чиглэгдсэн шинэчлэлт, өөрчлөлт хийгдэж, ЭБША-нд оролцогчдын эрхийг өргөжүүлж, баталгааг хангах, хохирогч, гэрчийг хамгаалах механизмыг бүрдүүлэх, хүнд биш хэргүүдийг уян хатан, түргэн шуурхай шийдвэрлэхэд чиглэгдсэн журмуудыг шинэчлэн хуульчилсан байдаг". Энэхүү эрүүгийн процессын хууль нь эх газрын инквизицийн системийн мөрдөн шалгах тогтолцооны мөн чанарыг бүрэн илэрхийлдгээс гадна гэмт хэргийн категорчлолын ангиллаас хамаарч харьцангуй ялгавартай процедур бүхий журмыг тогтоосноороо нилээд онцлог юм.

Францын эрүүгийн процессын тогтолцоо нь тодорхой шатлал, харъяалал, үйл ажиллагааны зааг, зарчмуудтай бөгөөд нийтлэг агуулгаар нь авч үзвэл шүүхийн өмнөх болон шүүхийн гэсэн хоёр үндсэн үе шаттай. Шүүхийн өмнөх ажиллагаа нь дараах үе шатаас бүрдэнэ. Үүнд:

  • Эрүүгийн хэргийг шуурхай илрүүлэх;
  • Мөрдөн мөшгих ажиллагааг үүсгэх;
  • Мөрдөн шалгах болон эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх;

Эрүүгийн хэргийг мөрдөн шалгах болон хянан шийдвэрлэх ажиллагаанд Үндсэн хууль, Хүний эрхийн Олон улсын гэрээ, конвенц, Европийн Холбооны хууль тогтоомжид заасан дараахь үзэл баримтлал, зарчмуудыг удирдлага болгодог байна . Үүнд:

  • Эрүүгийн хэргийг мөрдөн мөшгих, мөрдөн шалгах процесс нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанаас зааглагдсан, харьцангуй тусдаа байх;
  • Эрүүгийн хэргийг нотлох ажиллагааны арга, хэлбэр нөхцлүүдийг шүүхийн оролцоо, хяналтын дор тодорхойлж хэрэгжүүлэх;
  • Гэмт хэргийн категор, ангилал тус бүрийн онцлогт процессын журмыг тогтоон мөрдүүлэх;
  • Шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор мэдэгдэн зарлахаас өмнө ямар ч тохиолдолд хэний ч гэм буруутанд тооцохгүй, гэмт хэрэг үйлдсэн гэж харьцахгүй байх;
  • Шүүн таслах ажиллагаа нь гүйцэтгэх болон хууль тогтоох эрх мэдлээс хараат бус, бие даасан бөгөөд хэргийг үнэн бодитойгоор тогтооход чиглэгдсэн байх;
  • Эрүүгийн процесст оролцогчдын эрхийг баталгаатай хангах, эрх ашгаа хамгаалах боломжийг олгох;
  • Хууль болон түүнтэй уялдаж гарсан хуульчилсан актаар тогтоосон хэм хэмжээнээс гадуур ямар ч процесс ажиллагааг явуулахыг хориглох;
  • Гэмт хэргийн талаарх мэдээлэл, баримт сэлтүүдийг нотлох баримт мөн эсэхийг зөвхөн шүүхийн оролцоо, хяналтан дор үнэлж тооцох;
  • Яллагдсан ба ялласан, хохирсон ба хохироосон аль ч этгээдийн хувьд хууль шууд бөгөөд эрх тэгш үйлчлэх г.м.

Францын ЭБША-ны бас нэг онцлог нь нотлох баримтыг цуглуулж, шалгах чиг үүргийн ялгаанаас хамаарч гүйцэтгэн шуурхай илрүүлэх, хялбаршуулж шийдвэрлэхээс гадна мөрдөн мөшгих болон мөрдөн шалгах ажиллагааг цагдаагийн мөрдөгч , прокурор, мөрдөн байцаалтын шүүгч зэрэг субьект өөр өөрийн онцлог, зарчмаар хэрэгжүүлдэг. Түүнчлэн харьцангуй хаалттай явагддаг тагнан турших, гүйцэтгэх, мөрдөн мөшгих ажиллагаа нь уян хатан бөгөөд нээлттэй явагддаг шүүн таслах болон шүүхийн урьдчилсан мөрдөн байцаалтнаас нилээд зааглагдсан, ялгаатай байна. Гэмт хэргийн категорчлолд тохирсон гурван шатлал бүхий эрүүгийн процессын агуулгыг чиг үүргийн болон үе шатны онцлогоор нь тус тусад нь тоймлон дурьдвал:

А. Эрүүгийн хүнд, онц хүнд гэмт хэргийн хувьд: (Criтеs)

I. Шуурхай гүйцэтгэн илрүүлэх;

II. Мөрдөн мөшгих ажиллагааг үүсгэх;

III. Мөрдөн шалгах болон 1 үе шатны мөрдөн байцаалт;

IV. Шүүхийн урьдчилсан мөрдөлт буюу 2 үе шатны мөрдөн байцаалт;

V. Анхан шатны эрүүгийн шүүн таслах ажиллагаа;

VI. Давж заалдах болон хяналтын шатны шүүхийн ажиллагаа г.м

 

Б. Эрүүгийн хүнд биш хэргийн хувьд: (Delits)

I. Шуурхай гүйцэтгэн илрүүлэх;

II. Мөрдөн мөшгих ажиллагааг үүсгэх;

III. Анхан шатны хялбаршуулсан (засан зөвтгөх) шүүн таслах ажиллагаа

IV. Давж заалдах болон хяналтын шатны шүүн таслах ажиллагаа г.м

 

В. Жижиг хэргүүд буюу Эрүүгийн зөрчлийн тухайд: (contraventions)

I. Шуурхай гүйцэтгэн илрүүлэх;

II. Мөрдөн мөшгих ажиллагааг үүсгэх;

III. Эрүүгийн зөрчил буюу жижиг хэргүүдийг цагдаагийн харъяаллын шүүхээр түргэвчилсэн журмаар шийдвэрлэх ажиллагаа г.м. Дээрх гурван шатлал бүхий процессын үе шатууд нь нэг талаас гэмт хэргийн шинж, бүрэлдэхүүн, нийгмийн хор аюул, үр дагавар зэргийг маш нарийн харгалзан үзсэний үндсэн дээр шүүгч, прокурор, цагдаа гэсэн гурван субьектийн оролцоо, чиг үүргийн онцлог, хамаарлаас үүдэн зохицуулагдсан байдаг. Нөгөө талаас мөрдөлт, мөрдөн шалгах тодорхой ажиллагааг явуулахад шүүхийн болон прокурорын зөвшөөрөл тэрчлэн шүүх, прокурорын зөвшөөрөлгүй цагдаагийн эрх мэдлийн хүрээнд бие даан явуулах процесс ажиллагаа зэргийг тусгасан зэргээрээ онцлогтой.

"Хэрэг бүртгэлт” гэдэг ойлголт нь Баруун европ болон Франц, Германд Пост-социалист орнуудад хэрэглэгддэгтэй адилгүй бөгөөд огт өөр агуулгаар илэрхийлэгдэнэ. Энэ нь ихэнхдээ гэмт хэрэг, хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг газар дээр нь шуурхай шалгах, нотолгооны эх сурвалжуудыг хамгаалж, бэхжүүлэх, цаашид мөрдөн мөшгих, мөрдөн шалгах эсэхийг урьдчилан тодорхойлох бие даасан үе шат юм.

Цагдаагийн ажилтнууд (Офицер, агент, мөрдөгч) прокурорын даалгавар, удирдлага, хяналтын дор гүйцэтгэх болон эрэн сурвалжлах ажиллагааг биечлэн явуулдаг. Эрүүгийн хэргийн нотлох ажиллагааг хэрэгжүүлэхэд оролцдог цагдаагийн субьект нь шүүхийн цагдаагийн ажилтан гэсэн статустайгаар зохион байгуулагдсан байдаг.

Францын Эрүүгийн процессын хуулийн 12-р зүйлд: "Шүүхийн цагдаагийн гүйцэтгэх болон шуурхай ажиллагаа нь прокурорын чиглүүлэх удирдлага дор хэрэгжих бөгөөд цагдаагийн офицер, агент иргэнд үйлчлэх цагдаа зэрэг субьектийн ажил үүрэгт хамаарагдаж харьяалагдсан байна” гэж заажээ. Эрүүгийн процессын хуулийн оршлын 1-р зүйлд: "Эрүүгийн процесс нь уг ажиллагаанд оролцогчдын эрхийг тэнцвэртэйгээр хангаж, шударга, зохистой, байдлыг хамгаалахад чиглэгдсэн байна.” Эрүүгийн процессын бүхий л ажиллагаа хүнлэг ёс, шударга ёс, хуулийг гуйвалтгүй биелүүлэх шаардлагад нийцсэн байхаас гадна чирэгдэлгүй, дарамт шахалт болон эрүү шүүлтээс ангид байхаар хуульчлагдсан байна.

 

Шүүхийн өмнөх эрүүгийн процесс: Шүүх хуралдаан зарлахаас өмнө буюу хэргийн шүүх хэлэлцэхээр хүлээн авахаас өмнө мөрдөн мөшгих болон мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж, явуулж, дуусгах шаардлагатай бөгөөд мөрдөлт явуулахтай холбогдсон ажиллагааг дараахь дөрвөн ангилалд ялган авч үздэг.

 

1) Онц ноцтой гэмт хэргийн мөрдөн байцаалт (Investigation of "flagrant of offences);

2) Урьдчилан бэлтгэх мөрдөн байцаалт (Preliminary investigation);

З) Байцаан бүртгэх буюу таниулах мөрдөн байцаалт (Identity chek);

4) Шүүхийн мөрдөн байцаалт (judicial investigation) r.M.

Энэхүү ангилал нь мөрдөн мөшгих, мөрдөн шалгах, байцаан шалгах ажиллагааны үйл явц, үйлдэл бүхэн түргэн шуурхай чирэгдэлгүй, тус тусдаа хариуцлагатай бөгөөд хэргийг шударгаар бодитойгоор тогтооход оршдог байна. Онц ноцтой хэргийн мөрдөн байцаалт нь олон жилээр хорих ял эдлэх түгээмэл төрлийн хүнд хэргүүдийг зохион байгуулалттайгаар үйлдсэн нь ноцтой хохирол үр дагаврыг бий болгосон нь илэрсэн боловч нилээд цаг хугацаа, үе шатыг дамжин, шалган тогтох шаардлага гарч ирсэн нөхцөл байдалд явагддаг. Энд прокурор болон мөрдөн байцаалтын шүүгч онцгой үүрэгтэй байна. Уг мөрдөн байцаалтыг явуулахад цагдан хорих арга хэмжээг авахаас эхлээд гүйцэтгэх, эрэн сурвалжлах шинжилгээ хийлгэх, мөрдөн мөшгих, мөрдөн шалгах, зэрэг олон талт процесс ажиллагааг бүхэлд нь хамруулж хийдэг байна.

Урьдчилан бэлтгэх, мөрдөн байцаалт нь Шүүхийн цагдаагийн агент, гүйцэтгэх ажилтны зүгээс мөрдөн мөшгих, шуурхай илрүүлэх ажиллагаа явуулдгаас үүдэн орон байр, тээвэр, өмчлөлийн обьектод нэгжлэг үзлэг хийх, хураан авах гэрчийн мэдүүлгийг газар дээр нь шалгахтай холбоотойгоор гэмт хэргийн факт, нөхцөл байдлыг газар дээр нь нотлох баримт болгон бэхжүүлэхэд чиглэгдсэн процесс ажиллагаа юм. Энэ нь харьцангуй бие даасан мөрдөн байцаалтын хэлбэр болно. Энэхүү ажиллагааны туршид прокурор чиглүүлэх, удирдах байр суурьтай оролцохоос гадна мөрдөн байцаалтын шүүгч зөвшөөрөл олгох замаар хяналтыг хэрэгжүүлнэ.

Байцаан бүртгэх буюу таниулах мөрдөн байцаалт нь прокуророос мөрдөн мөшгих ажиллагааг үүсгэсэн фелони болон зарим деликтийн хэргүүдийг прокурорын санаачлагаар эсвэл хохирогчийн гомдлоор мөрдөн шалгахад чиглэгдэнэ. Үүнд мөрдөн байцаалтын шүүгчийн нотлох баримтыг шалгах, үнэлэх болон хэргийг шүүхэд шилжүүлэхтэй холбогдсон ажиллагаа хамаарагдана. Шүүхийн өмнөх шатны эрүүгийн процессын хэрэгжүүлэгч субьектэд цагдаагийн офицер, агент прокурор, мөрдөн байцаалтын шүүгч онцгой үүрэг хүлээсэн байдаг.

Цагдаа ба прокурор: Шүүхийн цагдаагийн офицер нь шуурхай гүйцэтгэх, хэрэг бүртгэлтийн ажиллагааг бие даан хангах замаар эрүүгийн процесст оролцдог бол цагдаагийн агент, туслах агент нь гүйцэтгэх болон эрэн сурвалжлах ажлыг биечлэн зохион байгуулж, хэрэгжүүлдэг. Тэр тусмаа илэрхий тодорхой буюу илэрч, баригдсан, эсхүл хохирол, үр дагавар багатай жижиг хэргүүдийг (Petty offense) шалгаж шийдвэрлэх талаар бие даасан өргөн бүрэн эрхтэй байдаг.

Прокурор нь мөрдөн мөшгих ажиллагааг үүсгэн эхлүүлж, шүүхэд яллах талыг төлөөлж оролцох, мөрдөн байцаалтын шүүгчийн зөвшөөрөл, хяналтын дор мөрдөн шалгах тодорхой ажиллагааг удирдан чиглүүлж, зохион байгуулах, нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх чиг үүрэгтэй байна. Зарим тохиолдолд хуульд заасан үндэслэл бүхий баримт сэлтүүд нь шалгагдаж нотлогдсон үед мөрдөн мөшгих ажиллагааг зогсоох, яллах ажиллагаанаас татгалзах эрхтэй байдаг. Харин хүнд биш жижиг хэргийг цагдаагийн шүүх дээр шийдвэрлэх үед 10 хоногоос дээшгүй баривчлах тохиолдолд уг хэргийн яллагчаар цагдаагийн комиссарууд оролцож болдог. Прокурор нь нэгжлэг үзлэг хийх, гүйцэтгэх ажиллагаа явуулахад зөвшөөрөл өгч хяналт тавих ба мэдүүлэг гаргуулахад чиглэгдсэн таниулах болон байцаалтын ажиллагааг биечлэн хэрэгжүүлж болно. Цагдаагийн офицер, комиссарууд нь хэрэг бүртгэлтийн шинжтэй шуурхай гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа гэмт хэргийн нөхцөл байдалд холбогдох нотолгооны эх сурвалж болох баримт сэлтүүдийг бэхжүүлж хамгаалахаас гадна прокурорын болон мөрдөн байцаалтын шүүгчийн даалгавар, үүрэг болгон хариуцуулсан ажлыг гүйцэтгэнэ. Хэрэг бүртгэлтийн буюу шуурхай гүйцэтгэн илрүүлэх ажиллагаа нь жижиг хэргийн хувьд бие даан шийдвэрлэх, хүнд болон онц ноцтой хэргийн хувьд түүнийг мөрдөн шалгах ажиллагаа явуулах урьдчилсан нөхцлийг бүрдүүлэх зорилготой байдаг”. Прокурор нь Хууль зүйн яамны бүтцийн харъяалалд багтдаг ч мөрдөн мөшгих ажиллагааг удирдан чиглүүлж, шүүх хуралдаанд яллах чиг үүрэг хэрэгжүүлэхдээ харьцангуй хараат бус бөгөөд шүүх эрх мэдлийн хүрээнд ойр, түүнээс хамааралт шинжтэй байна. Мөрдөн мөшгих ажиллагааг хариуцан зохион байгуулж, яллах ажиллагааг биечлэн хэрэгжүүлж байх зарим тохиолдолд мөрдөн байцаалтын шүүгч прокурорын хяналтанд байх нь бий.

            Хууль зүйн сайд нь Ерөнхий прокурор бөгөөд давж заалдах шатны шүүх болон анхан шатны шүүхийн дэргэд улсын прокурор байна. Прокурор нь эрүүгийн процессын зарим онцлог шаардлагаас хамаарч бодит үнэнийг тогтооход чиглэгдсэн удирдамж, зааврыг өгч, мөрдөн шалгах ажиллагаанд мөрдүүлэх онцгой бүрэн эрхтэй бөгөөд энэ нь шүүгчтэй адил магистратын зарим эрх эдэлдэгтэй холбоотой. Магистратын эрх гэдэг нь улсыг төлөөлсөн төрийн түшмэлийн онцгой эрх дарх юм.

Мөрдөн байцаалтын шүүгч. (Investigating jude, custody judge): Мөрдөн байцаалтын шүүгч нь шүүх эрх мэдлийн субьект мөн боловч, шүүхийн өмнөх мөрдөн шалгах ажиллагааны үе шатанд бие даасан байр суурийг эзэлж, эрүүгийн хэргийн нотлох ажиллагааг хэрэгжүүлэхэд шийдвэрлэх үүрэгтэй субьект юм. Энэ субьект нь эрүүгийн хэргийг шүүн таслах, ял оногдуулах зэрэг чиг үүрэг хэрэгжүүлдэггүй. Мөрдөн байцаалтын шүүгч нь эрүүгийн хэргийн нөхцөл байдлын талаарх яллах, цагаатгах бүхий л баримтыг шалган цуглуулж нотлох ажиллагаанд бие даан оролцоно.

Энэ нь Монгол, Орос зэрэг Пост-социалист орнуудад ихэвчлэн хэрэгждэг прокурорын хяналтын болон эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэхтэй холбогдсон чиг үүргүүдийг хариуцаж шийдвэрлэж оролцдог. Тэр тусмаа хүнд, онц хүнд гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчийн мэдүүлгийг нотлох баримт болгон үнэлэх; баривчлах цагдан хорих арга хэмжээг авахад урьдчилсан хэлэлцүүлэг, хяналт, зөвшөөрөл олгох замаар шийдвэр гаргаж оролцох, яллах нотлох баримтын зэрэгцээ цагаатгах баримт сэлтийг нотлох баримт болгон тооцох эсэхийг шалгаж үнэлэх, зэрэг өргөн хүрээнд идэвхитэй оролцдог байна. Зарим онцгой тохиолдолд хүнд биш хэргийн мөрдөн шалгах ажиллагааны нотлох баримтыг шалган үнэлэхэд оролцох нь бий. Процессын шүүхийн бүрэлдэхүүнд багтаж, тухайн харъяалах шүүхээс 3 жилийн хугацаагаар сонгогдон томилогддог мөрдөн байцаалтын шүүгч нь прокурорын чиг үүргээс ангид үйл ажиллагаа явуулж, цагдаагийн гүйцэтгэх, эрэн сурвалжлах болон мөрдөн мөшгих, баривчлах, цагдан хорих ,болон нэгжлэг, таньж оруулах болон мэдүүлэг гаргуулах ажиллагаанд хяналт тавина. Цагдаагийн ба прокурорын чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь саад болохгүй, зөвхөн процессын албадлага хэрэглэх, нотлох баримтыг цуглуулж шалгах ажиллагаанд хяналт тавих замаар оролцдог ажээ. (Францын Эрүүгийн процессын хуулийн 49-52-р зүйл)

Баривчлах, цагдан хорих ажиллагаа: Баривчлах болон цагдан хорих ажиллагаа нь эрүүгийн процессын шүүхийн өмнөх шатан дахь онцгой тохиолдолд авдаг таслан сэргийлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ юм. Эрүүгийн гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж буй хүнийг хэн гэдгийг нь олж тогтоох, биеийн байцаалтын мэдээллийн үнэн зөв байдлыг нягтлан тогтоох шаардлагаар 4 цаг хүртэл хугацаанд баривчлах арга хэмжээ авна. Цагдаагийн офицер, комиссар зэрэг мөрдөлт явуулах эрх бүхий албан тушаалтан уг арга хэмжээг авах эрхтэй бөгөөд түүнээс дээш болон 24 цаг хүртэл баривчлах тохиолдолд прокурорын зөвшөөрөлтэйгээр түүний хяналтанд хэрэгжинэ. Мөрдөн мөшгих ажиллагааг үүсгэсэн тохиолдолд 48 цаг хүртэл хугацаатайгаар баривчлах арга хэмжээ авч болно. Энэ тохиолдолд /24 цагаас дээш/ мөрдөн байцаалтын шүүгчийн тогтоол, шийдвэрийг үндэслэнэ. Баривчлах үндэслэл нь тухайн хэрэгт сэжиглэгдэж байгаа нь тодорхой баримт,сэлтүүдээр нотлогдож, оргон зайлах нөхцлийг нь хааж таслан зогсоох бодит нөхцөл бий болсон зэргийг харгалзаж тусгасан байдаг. Зохион байгуулалттай үйлдэгдсэн гэмт хэргийн хувьд 96 цаг хүртэл сунгаж баривчлах арга хэмжээ авч болно. Энэ тохиолдолд баривчилсанаас хойш 48 цагийн дараа өмгөөлөгч авах эрхийг хангах журам үйлчилдэг.

Мөрдөн мөшгих ажиллагааг үүсгэж, мөрдөн байцаалтын хэрэг нээснээс хойш цагдан хорих арга хэмжээг хэрэглэх журмыг Францын эрүүгийн процессын хуулийн 145.1-р зүйлийн "d”-д тодорхой хуульчилж өгчээ. Тухайлбал уг заалтаар бол Эрүүгийн хуулинд 5 жилээс дээшгүй буюу наад зах нь 1 жилээс доошгүй хорих ял оногдуулахаар хуульчилсан гэмт хэрэг үйлдсэн байж болох этгээдийг 4 сар хүртэл хугацаагаар цагдан хорих арга хэмжээ авч болно. Харин 10 жилээс доошгүй хорих ял эдлэхээр заагдсан хэргийн хувьд зайлшгүй үндэслэл бүхий онцгой тохиолдолд нэг жил хүртэл сунгаж цагдан хорих арга хэмжээ авч болно. Энэ нь зөвхөн зарим хүнд ноцтой хэргийн хувьд онцгой нөхцөлд хэрэглэгдэнэ. Гэхдээ цагдан хорих хугацааны дээд хязгаар 4 сар гэдэг нөхцлийг мөрдөн байцаалтын практикт жишиг болгон хуульчилсан байна”o.Цагдан хорих арга хэмжээний үндэслэл нь гарцаагүй бөгөөд бодит нотолгоонд тулгуурлахаас гадна шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, хяналтан дор тусгайлан хариуцсан шүүгчийн шийдвэрээр хэрэгжинэ.

Мөрдөн байцаалт, мөрдөн шалгах ажиллагааг дуусгах, эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх: Мөрдөн мөшгих болон мөрдөн байцаалтын тодорхой ажиллагааг хэрэгжүүлэхэд прокурор санаачлагатай идэвхтэй оролцдог бол мөрдөн байцаалтын шүүгч нь эрүүгийн хэргийн материалыг бүрдүүлэх, хэргийг шүүхэд шилжүүлэх, нотлох баримтыг шалган үнэлэх, бэхжүүлэх талаар чухал үүрэг рольтой. Мөрдөн байцаалтын үе шатыг дуусгаж, эрүүгийн хэргийг шилжүүлэх ажиллагаа дараахь нөхцөл журмын дагуу явагдана. Үүнд:

  1. Мөрдөн байцаалтын ажиллагааг дууссан гэж прокурор үзээд, санал /"яллах нэхэмжлэл”/-аа гаргасан тохиолдолд хэргийн материал болон нотолгооны эх сурвалжуудыг гэмт хэргийн бүрэлдэхүүн, нотолгооны цогц шалгуур хангагдсан эсэхийг мөрдөн байцаалтын шүүгч нарийвчлан хянаж үзнэ.
  2. Дээрх байдлаар хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримт бүрэн хангагдсан гэж үзвэл яллах санал бүхий дүгнэлтээ гарган хэргийн материалыг яллах камер буюу шүүхэд шилжүүлэх шатны тусгайлсан байгууллагад шилжүүлнэ.
  3. Яллах камер нь нотолгооны бүрдэл, нотлох ажиллагааг нягтлан шалгах үүрг бүхий эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх асуудлыг хариуцсан тусгай нэгж юм. Энэ нь 3 хүний бүрэлдэхүүнтэй байх ба нотолгооны бүрдэл хангагдаагүй гэж үзвэл зохих шаардлагыг тавьж, мөрдөн байцаалтыг дуусгах буюу нөхөн хийлгэхээр буцаах, эсхүл нотолгоо хангагдсан гэж үзвэл эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх тухай тогтоол гарган хэргийн материалын хамт шүүхэд шилжүүлнэ.
  4. Яллах камер нь нэг талаас байцаалтын шүүгчийн үйл ажиллагаанд хяналт тавих, нөгөө талаас нотолгооны шүүхийн чиг үүргийг хүлээх бөгөөд эрүүгийн шүүх бүрийн дэргэд байрлаж, байнгын ажиллагаатайгаар үйл ажиллагаа явуулдаг.

Эрүүгийн хэргийн шүүн таслах ажиллагаа: Францын шүүхийн процессын нэг онцлог бол нэгэнт л хэргийг материалаар нь шүүхэд хүлээн авсан үед эргээд прокурорт болон мөрдөн байцаалтанд буцаах зохицуулалт байхгүй. Эрүүгийн шүүх нь яллагдагчийг шүүхэд шилжүүлэх талаар шүүгчийн ямар нэг захирамж, шийдвэр гаргадаггүй. Зөвхөн тухайн хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэх чиг үүргийг л шууд хэрэгжүүлдэг байна. Харин Францын эрүүгийн процессын хуулийн 283-287-р зүйлд зааснаас үзэхэд хэргийг үнэн бодитойгоор нэг мөр шийдвэрлэхэд тодорхой үйл баримтыг нэмж тогтоох гарцаагүй шаардлагатай гэж үзвэл шүүгч захирамж гарган шүүх хуралдааныг түр завсарлаж, нэмж тодруулах зарим процесс ажиллагааг явуулж, эргээд шүүх хуралдааныг үргэлжлүүлдэг байна. Эрүүгийн шүүн таслах ажиллагааны нийтлэг журмыг шүүх хуралдааны дэс дараалал, процедур, зарчимтай уялдуулж тоймлон авч үзье.

Шүүх хуралдааны процессын өмнө түүний бэлтгэлийг хангах, тангарагтны төлөөлөгчдийг сонгон томилохоос эхлэх бөгөөд шүүхийн байцаалт, шүүмжлэн хэлэлцэх болон асуултын листийн бүрдүүлбэрийг хангах, зөвлөлдөн шийдэх, шүүхийн тогтоол гаргах зэрэг үйл явцыг өөртөө багтаана. Ассизийн шүүх гэж нэрлэгдэх Тангарагтны оролцоо бүхий эрүүгийн шүүх нь шүүх хуралдаан даргалагч давах шатны шүүхийн гишүүн хоёр шүүгч, орон нутгийн шүүхийн зөвлөх зэрэг бүрэлдэхүүнтэйгээс гадна хуульд заасан журмын дагуу сонгогдож, нэрсийн жагсаалтанд бичигдсэн тангарагтны 9 төлөөлөгчөөс бүрддэг. Энэ төрлийн шүүх нь ноцтой буюу хүнд төрлийн гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд чиглэгддэг ба түүний тогтоолыг давж заалдах эрхгүй байдаг.

Давж заалдах эрх зөвхөн засан зөвтгөх буюу хүнд биш хэргийн (delit) болон цагдаагийн шүүхийн шийдвэрт илүү хамааралтай юм.

  1. Эхлээд яллах талыг төлөөлж оролцож буй прокурорын зүгээс иргэний нэхэмжлэгчийн санал дүгнэлтийг сонссоны дараа шүүгдэгч, гэрчийг байцааж, эд мөрийн болон бичгийн нотлох баримтыг шинжлэн, шинжээч мэргэжилтэн, хохирогчийг байцааж, ихэвчлэн асуулт хариулт явагдана.
  2. Шүүхийн байцаалт дууссаны дараа шүүмжлэн хэлэлцэх, мэтгэлцэн шинжлэх ажиллагааг явуулах бөгөөд яллах болон цагаатгах талыг төлөөлсөн прокурор ба өмгөөлөгч нар харилцан санал дүгнэлтээ гарган, тус тусын нотлох баримтыг шүүхээр үнэлүүлэх замаар шүүхийн хэлэлцүүлгийг явуулна.
  3. Тангарагтны төлөөлөгчид зөвлөлдөн, гэмт хэрэг үйлдэгдсэн болон гэм буруугийн талаар дүгнэлтээ гарган шүүх бүрэлдэхүүнд танилцуулна. Зарим тохиолдолд ял оноох үндэслэлийг дүгнэлтэндээ тусган дурьдаж болно.
  4. Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж, гэмт хэргийн болон шүүгдэгчид ял оногдуулах эсэхийг шийдвэрлэж, ялын тогтоол гарган, уншиж танилцуулна.

Ассизийн буюу тангарагтны эрүүгийн шүүх бол эрүүгийн хүнд болон ноцтой гэмт хэргийг давах шатны журмаар шийдвэрлэдэг. Засан зөвтгөх буюу ердийн шүүх нь хүнд биш дунд зэргийн хэргийг гурван мэргэжлийн шүүгч буюу зөвхөн торгох ялыг хэлэлцэх үед нэг шүүгчтэйгээр шүүх хурлыг явуулдаг. Цагдаагийн шүүх дээр жижиг, хэрэг зөрчлийг зөвхөн нэг шүүгчийн оролцоотой шийдвэрлэдэг. Ердийн болон цагдаагийн шүүхийн тогтоол, шийдвэрт давж заалдах гомдол гаргах боломжтой байна.

Тангарагтны эрүүгийн шүүх дээр 10 ба түүнээс дээш жил хорих ял эдлэхээр заагдсан хэргийг шийддэг бол ердийн шүүх дээр 10 жил хүртэл хорих болон 20,000 евро хүртэл торгох ялтай хэргийг голчлон шийдвэрлэдэг. Тэгвэл цагдаагийн шүүх нь 1500 евро хүртэлх торгууль хүлээлгэх жижиг хэргүүдийг харьяалан хүлээн авч шийддэг байна.

Францын эрүүгийн процессын мөн чанар, онцлог болон үнэт зүйлсийг дараахь байдлаар тоймлон дүгнэж болно.

  1. Прокурор нь бие даасан хяналтын чиг үүрэг хэрэгжүүлдэггүйгээс ГaДНа шүүхийн байцаалтанд хязгаарлагдмал эрхтэй, идэвхгүй байдлаар оролцдог.
  2. Шүүхийн өмнөх мөрдөн шалгах ажиллагааны бүхий л үйл явцад шүүхийн хяналт, оролцоо маш хүчтэй, өргөн хүрээнд хэрэгждэг.
  3. Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд шүүгч удирдан чиглүүлэх байр суурьтай бөгөөд шүүхийн байцаалтыг явуулж, бусад оролцогчид шүүгчийн зөвшөөрөлтэйгээр шүүгдэгч, гэрч, шинжээч, хохирогчид асуулт тавих эрхтэй зэрэг нь сонгодог инквизицийн загварыг бүрэн илэрхийлдэг.
  4. Хүнд болон ноцтой хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэдэггүй. Зөвхөн давах шатны шүүх шууд хүлээн авч хэлэлцэх бөгөөд гаргасан шийдвэрт нь гомдол гаргах, давж заалдах эрхгүй байна.
  5. Францын эрүүгийн процесст нотлох баримтыг харьцангуйгаар шатлан үнэлэх зарчим үйлчилдэг бөгөөд шүүх хуралдаан дээр шүүхийн тогтоолд тусгагдсанаар нотлох баримтыг эцэслэн үнэлж, гэмт хэрэг хийсэн гэм буруутай нь тогтоогдсон гэж үзнэ.
  6. Хүнд биш, хөнгөн жижиг хэргүүдийг ихэнхдээ анхны мэдээллийн эх сурвалжуудыг шалган бэхжүүлсэн протокол, хэрэг зөрчлийн (Reports), репортс, мэдүүлгийн листүүдэд үндэслэн, хялбаршуулсан журмаар, түргэвчилсэн уян хатан зарчмаар шуурхай шийдвэрлэдэг.

Бүхэлд нь авч үзвэл Францын эрүүгийн процесст олон шат дамжлага, хэт нарийвчилсан процедурын зохицуулалт, шүүхийн оролцооны давуу байдал зэрэг негатив нөлөөллийн зарим хүчин зүйл байгааг үгүйсгэх аргагүй боловч дийлэнх тохиолдолд эх газрын инквизицийн тогтолцооны тогтвортой хэв шинжийг илэрхийлж, эрх зүйн орчин нь тухайн улсынхаа нийгмийн онцлогт зохицож, сонгодог жишгийн чиг баримжаагаа алдалгүй хадгалж, улам хөгжүүлж, боловсронгуй болсоор ирснийг тэмдэглэх нь зүйтэй.

                                                     Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төв


Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )