Ш.Сүрэнжав: Онцгойрох гээд ойлгогдохгүй юм бичих хэрэггүй

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 07

Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав гуайтай уулзах сайхан хувь тохиолоо. Үгээр урлахын эрдмийн ноён оргилд өөрийнхөө өндөрлөгийг бий болгосон түүний үг болгон нь өнөө үеийн бидэнд сургамж болохоор байлаа. 

“Зүрхний чинь ховдолд бурхан мэндлэх ёстой байтал цусны чинь дусалд аалз сэрвэл яана”

-Билигт сайхан өдөр уулзаж байгаадаа баяртай байна. Таныг их шүтлэгтэй хүн гэх юм билээ?
- Энэ өдөр /Шинийн 15/ ном хурал хуруулбал бүтэмжтэй бүх юм сайн байдаг сайн бэлгэ дэмбэрэлтэй өдөр л дөө. "Арван тавны саран гарахад агаар тэнгэртээ дүүрэн дээ" гээд дуу хүртэл байдаг. Үгүй яахав дээ, миний сүсэг бишрэл гэж сүйд болоод байх юу байхав. Их сургуульд байхад биднийг англи хэл, хятад хэлний курс гээд хуваасан юм. Хотынхон арын хаалгаддаг ч юм уу, сэргэлэн ч юм уу англи хэлнийхэд нь орчихоод би хятад хэлний курсэд нь орсон. Хоёр жилийн хугацаанд хятад хэлийг базаалттай сураагүй. Тиймээс төвд ном үзье гээд. Төвд ном үзэх сонирхолтой ч байлаа. Манай ангийн сэргэлэн хүү нэг өдөр "Судар бичгийн хүрээлэн"-гээс шар дээлтэй хүн дагуулаад ирэх нь тэр. Тэгээд тэр хүнээрээ бидний хэдэн хүүхэд төвд ном заалгасан юм. Одоогоор бол цагийн багш гэсэн үг. Тэгсэн өнөөх багш маань хоёр жилийн дараа дэвшээд Гандандэгчилэн хийдийн тэргүүн хамба, номч мэргэн гавж Гомбожав гэдэг хүн болдог байгаа. Багш маань нэрийн номонд сүрхий учраас хоёр жилийн турш бидэнд нэрийн ном заасан. Эхлээд эмээгийнхээ Цэрэндулам гэдэг нэрийн утгийг Уртнасан гэж мэддэг боллоо, Ингээд л Сүрэнжав гэдэг нь сахин аврагч гэсэн үг. Дамбаа гэвэл дээд, Умбаа гэвэл галуу, Даваа гэвэл саран, Нямаа гэвэл наран болно гээд нэрний учрыг андахгүй мэддэг болсон л доо. Манай багшийг яагаад номч мэргэн гавж гэсэн бэ гэвэл, номонд гаргууд хүн байсан болохоор тэр.

Бидний үед бол материалист үзлийг эрхэмлэдэг байлаа. Гэсэн нэг хүн энэ үзлийг мохоох гээд багшаас “Гомбожав гуай, Богд уул бол биет л зүйл. Та юу гэж бодож байна” гэсэн байгаа юм. Тэгсэн хариуд нь багш төдөлгүй дор нь түгдрэлгүй хариулсан байгаа юм. “Богд уул бол намайг байхад байж байгаа юм, Намайг байхгүй болоход цуг үгүй болж байгаа юм” гэж хариулж. Тэгээд тэр хүн дахиж нэг ч үг дуугараагүй гэдэг. Эндээс харахад юмыг мэргэн онож хэлдэг хүн байсан байгаа биз. 
 

-Таныг Далай ламтай уулзаж явсан гэдэг?

 
-Шавийн эрдэм багшаас, дэнгийн гэрэл тосноос гэж. Би 1990 онд Ардын их хурлын депутат, Ерөнхийлөгчийн зөвлөх болчихоод Энэтхэгт Утга зохиолын академийн урилгаар анх очоод гурван хүсэлт тавьсан юм. Нэгдүгээрт, Ганга мөрний ус авч буцна, хоёрдугаарт Гималайг харна, гуравт Далай ламтай уулзана. Тэгсэн Далай ламтай уулзах чинь бүтэхгүй дээ. Та уржигдар Таж Махалын тэнд бослого үймээн гарч байгааг хараа биз дээ. Далай лам чинь бүр Өмнөд Энэтхэгт байгаа. Дүйнхэрийн ванд ном тавиад явж байгаа гээд энэтхэгчүүд надад хариулдаг байгаа.

Тэгэхээр нь “Би бол бурхны шажинтай хүн. Буддын сургаальд итгэдэг. Танайх ч бурхны шажинтай улс. Тэгэхээр би нэгэнт Далай ламтай уулзана гэж итгэсэн хойно, заавал Далай ламтай уулзана” гэж учирлаж хэлэхэд тэр даруй зөвшөөрч надад галт тэрэгний билет захиалаад Далай ламын байгаа хотод очиж билээ. Тэгээд би 40 минут Далай ламтай уулзсан. Гарт нь хүрэх завшаан олдож, сайхан танилцсан. Далай ламтай уулзахад сандраад болдоггүй. Тэгээд аль 20, 30 жилийн өмнө багшийнхаа зааж өгч байсан Далай ламын тухай шадыг төвдөөр дуудлаа /төвдөөр уншиж эхлэв/. 

Тэгтэл Далай лам төвдөөр хэлж байгаа болохоор ойлгоод “Тиймээ энэ Далай лам гэдэг нэрийг Монгол хүн өгсөн байдаг. Энэ нэрээрээ л би дэлхийд дуурсагдаж байна” гэлээ. Тэгэхээр нь бие тавираад сандрал арилаад ярих юм ч ундраад их сайхан тухтай уулзсан даа. 

-Таны саяны төвдөөр уншаад байгаа зүйл чинь ямар утгатай юм бэ?

-Эгшиглэнт манзувширын гол аялгуунд гойд мэргэшсэн

Эрдэнэт Богдсын шашныг өргөгсдийн гол мод

Элдэв үйлийн сайн үйлийг өөрөөсөө түргэн гаргасан

Эрдэмтэй Далай ламдаа сүслэн залбирвя гэсэн утгатай л даа. Сүүлд Чой хамбатай ярилцаад хадмал орчуулгыг нь хийсэн л дээ.

-Та лам хүн шиг л төвдөөр дуржигнуулж өгөх юмаа?

-Хийморийн сан, Дөрвөн уулын сан, Говийн лха, Цагаан шүхэрт гээд зарим төвд номыг цээжээр мэднэ ээ. Багш маань “Та нар уншлага тогтоо. Тэгвэл хэл нугарч өгдөг” гэж захидаг байлаа. Сүүлд Москвад сурч байгаад Хийморийн сан тавиад баларч байлаа, тухайн үедээ. 1996 онд Гандангийн өндөр Жанрайсаг босоход телевизийнхэн надаар хөтлүүлсэн байхгүй юу. Сүсэг бишрэлтэй хүн болоод ч тэрүү, их чөлөөтэй өөрийнхөө шүтээний өмнө их сайхан хөтөлж байсан санаанд гэнэт буулаа.

-Шашин гэж ярьсных, сүүлийн үед Монголд маш олон шашны урсгал орж ирж байна. Хүмүүс ч их хошуурч байна. Хүний сүсэг бишрэл гэдэг чөлөөтэй ч, энд нийгмийн нэг гаж үзэгдэл бий болоод байх шиг?


-Олон шашин их хавтгайрвал муу. Чингисийн үед их олон шашинтай байсан ч нэг л захиргаатай байсан. Их засаг гэсэн хуулин дор л хүн бүхэн бөхийж байсан. Одоо бол нам, нам бараг нэг хуультай. Намын бараг дарангуйлал болчихсон. Ийм үед олон шашин тэмцэлддэг, эцэстээ лалын орнууд шиг болох жишээтэй. Ийм л аюултай зүйл л дээ. Ер нь тэгээд бурхныг гаднаас нь эрдэггүй. Бурхныг дотроосоо хайдаг байх л хэрэгтэй. “Зүрхний чинь ховдолд бурхан мэндлэх ёстой байтал цусны чинь дусалд аалз сэрвэл яана” гэж би сэрэмжлүүлсэн шүлэг бичиж байлаа. Би гэж бодож чадвал бурхан их ойрхон байдаг. Бурхны аврал байна уу гэвэл, байна. Тийм учраас заяа нь хаясан хүн гэж ч ярьдаг. Монголчууд мөнх тэнгэрт итгэдэг шиг би тэнгэрт итгэдэг. Амьдрал маань ч надад ойлгуулсан. Анх 1963 онд эхнийхээ томилолтоо аваад Завхан явах онгоцноосоо хоцорч байсан юм.

Саваагүй зандаа хөтлөгдөөд “Энэ шувуу нисдэг газраас газар руу харахад их гоё байдаг байх гэж бодоод нэг зуу татаад суувал ч их гоё доо” гэсэн юм бодоод архи хайж яваад хоцорсон хэрэг л дээ. Тэгээд хаа байгаа хойшоо нисгэгчдийн байр руу гүйж ороод манай ангийн хүүхдийн нөхөр нь Магсар гээд онгоцны радиаст байсан. Тэрний авгайгаас очиж хөргөгчийг нь уудлуулж, жаахан юм уучихаад эргээд очсон онгоц нисээд явчихсан. Гэтэл тэр онгоц очоод Отгонтэнгэрийг мөргөчихсөн байсан. Тэнд "тэнгэр" маягийн юм намайг харсан байгаа биз.

Тэр цагт яваад өгсөн бол өдийд ийм "Эрийн гурван наадам"-ын кино хийчихээд, Ардын уран зохиолч болчихоод сууж байхгүй л байлаа. Хулан “Яруу найрагч хүн гэдэг бол бага зэрэг тэнэгдүү байдаг” гэж их гоё хэлсэн байдаг. Би тэр гэнэн сэтгэлдээ хөтлөгдөөд явчихсан. Их хашир муу санаатай хүн бол онгоц хөөрчихнө гээд яг цагтаа очно доо. Гэтэл би өөр л юм бодож явлаа. Монголчууд “Санаа сайн бол заяа сайн”, “Сайн явна гэдэг санааных байдаг Сайхан төрөх бол заяаных байдаг” гэж хэлсний ард аугаа их ухаан шингэсэн байгаа юм л даа. 

-Монголчуудын уламжлалт ухаан гэж их л аугаа зүйл шиг байгаа юм даа...

-“Хүн гэдэг бол эргэлдсэн улаан хуй дотор цацарч байдаг ганц зул юм” гэж Арьяан хэлсэн байдаг. Хүнээс бол гэрэл цацарч байдаг учраас зул байхгүй юу. Эргэлдсэн улаан хуй гэдэг нь дэлхийн соронзон орныг хэлж байгаа хэрэг. “Хөдөө хээр битгий хэвт. Нар зуны өвчин тусна” гэж ээж минь намайг багад загнадаг байлаа. Байгалиа их мэддэг байсан л хүний үг юм билээ, одоо бодоход. Нүүдэлчин монголчууд хүүхдээ “Гадаа ямар болох нь уу” гээд өглөө гаргаад харуулдаг байлаа. Байгальтайгаа их ойр байдаг хүмүүс бол монголчууд. Хөдөөний бичиг үсэг мэдэхгүй авгай хүртэл “хөдөө хээр битгий унт” гэж байгаа нь өнөө уртраг өргөрөгийн соронзонгийн учрыг мэддэг байсан байж таараад байгаа юм. Нэг хөдөөний хүүхэд хээр унтчихаад ам цангаад хүйтэн юм уугаад байна гээд байсан чинь могой залгисан байдаг. Нөгөө халуун уур гарахаар могой чинь хүйтэн цустай амьтан болохоор гэдсэнд нь орчихсон байгаа юм. Ингээд аймгийн нэгдсэн эмнэлэгт хагалгаа хийж тэр могойг нь авч байсан. Тэр хөдөөний улсууд их юм мэднэ шүү дээ. Биднийг багад мал муулахыг харуулдаггүй байсан бол одоо хүн алахыг орой болгон телевизээр харуулж байна шүү дээ. Байгаль хамгаалах ухааныг биднийг ухаан ороход л сургачихсан.

“Чи ногоо яах гэж тасдаад байгаа юм. Энэ чинь нялх амьтан та нар шиг хүн болох гэж байгаа. “Чи тэр булгийн эх рүү сүү дусаа ваа. Лусын нүд цайна” гээд. Нүгэл гэдэгт итгүүлж сургасан. Цадахад цагаан хурганы сүүл хатуу, өлсөхөд өөхөн цагаан чулуу зөөлөн гэж. Үүнийг ойлгоогүй яваад сүүлд 60 хүрч ойлголоо.

Намдаг гуай сүүлд шоронд байсан талаараа надад ярьж байсан. Хамгийн сүүлд 1941 онд шоронд байхад нь "Лоозон наа" гээд цагаан гурилын жанхуу өгсөн гэдэг. Тухайн үед цагаан гурил долооход хөлс чахраад сайхан байсан гээд ярьж байсныг нь сонсоод л ээжийн хэлсэн үгийн учрыг тунгааж билээ. 

Хөгжинө гэдэг чинь хүнийг хүн биш болгоод л байна

-Сүүлийн үед манай залуучууд цахим бас сонсдог гэх мэт номыг түлхүү ашиглах болж. Ялгаагүй л ном ч гэсэн хэвлэмэл унших тэр мэдрэмжээс шал өөр биз? 

-Мэдээж ялгаа бий. Интернет интэр нь бидний үед байгаагүй. Их юм хөгжөөд нарийн нандин юманд дасаж. Гэтэл номыг гартаа барьж, нүдээрээ харж уншина гэдэг бол өөр зүйл. Одоо харин номыг уншина гэж хайнга, зүгээр нэг мэдээлэл аваад өнгөрч байгаа юм. Өөрсөддөө болоод байгаа байх л даа. Хөгжинө гэдэг чинь хүнийг  биш болгоод л байна.
-Та бол социалист нийгмийн хүн. Харин энэ капиталист нийгмийг юу гэж боддог вэ. Энэ хоёр нийгмийн сайн, муугийн ялгааны талаар юу хэлэх бол?
-Социалист нийгэмд баян гэж байсангүй, хоосон гэж байсангүй. Бизнесмен гэдэг бол сайнаар яривал бизнесмен, муугаар яривал захын банзчин, дамын наймаачин л байхгүй юу. Хэдхээн ялгаа байна шүү дээ. Социализм чинь бол хүн, хүндээ нөхөр гэж үнэн ч бай худлаа ч бай лоозонтой байлаа. Замын хажууд жолооч зогссон байхад яасан ийсэн гээд ядахдаа асуудаг байлаа. Капитализм хөрөнгөтөн дээр үндэслэсэн нийгэм бол хүн хүндээ чоно. Тийм учраас хүн үхээд байхад хамаагүй, хувиа бодсоор л байна. 

-Монгол ёс жаягаа бид улам л гээсээр байх шиг?

-Манай нүүдэлчдийн соёлд их сайхан уламжлал байдаг. “Үртэй хүн жаргана үндэстэй мод найгана” гэж. Ээж аавыгаа хөгширч үхтэл нь асарч тойглодог. Гэтэл Японд яаж байна. Мөнгө л хураагаад байна. Яаж байгаа юм гэхээр хөгшрөхөөр асрамжид очих мөнгө гээд л. Ийм зүйл рүү л орчихгүй байх хэрэгтэй. Эх орондоо хайртай байх ёстой.

“Дэлхий дээгүүр зөндөө л их явлаа
Дэли Ньюрк, Парисаар ч явлаа
Дэнж дээрээ ганцхан би жаргалтай
Дэлхийд Монгол минь байвал би байна гэж”
би боддог. Энэ үнэн. Ямар ч сайхан орон бай Монголыг минь гүйцэхгүй. Тийм учраас Мөрдоржид Чойбалсан шагнал өгдөг нь их учиртай. 

“Хөдөө тал минь малаар дүүрэн 
Хөвчийн ой нь ангаар баян 
Хөрсөн дор нь эрдэнээр дүүрэн
Хүний хэрэгцээ цөм багтсан 
Яндаж баршгүй далай шиг яасан баян нутаг вэ 
Ямар их хувь заяагаар бид эзэн болж төрөө в
э" гэж. Энэ дуу бол дууны манлай. Яахав муу нэртэй луу данстай Сэнгээ гуай бичсэн ч гэсэн эх орондоо оруулсан их том буян. Манай хөгжмийн зохиолчид яруу найрагчид социализмын үед бол маш их юм хийсэн. Энэ утга зохиолыг үгүйсгэж болохгүй. Үеийн үед хүмүүсийг хүмүүжүүлдэг. Путин саяхан нэгэн шийдвэр гаргалаа. Боловсролын системдээ утга зохиолын хичээлийг нэмэгдүүл гэсэн. Гэтэл манайх эсрэгээрээ хасаад байдаг хачин л юм болоод байгаа юм. Эх орондоо хайртай, ижий аавдаа хайртай, эх нутагтаа хайртай байх ухаанд утга зохиол сургадаг. Муу нэртэй ч луу данстай ч дээр үед ёс зүй, суртахуун бас ч сайн байлаа шүү дээ. 

"Цаг төрийн үймээн нь нарийн үзвэл илүү юм даа"

-Муу нэртэй луу данстай л гээд байх юм та. Яг тэр үеийнхээ анд нөхөд, утга зохиолын төлөөлөгчдийн тухай дурсвал?
-Чойном бидний нэг онцлог бол урд үеэ их хүндэтгэдэг байлаа. Яахав Чойном тэр үеэ шүүмжилсэн байгаа биз. Чойном, Гайтав хоёр бол нэг зоосны хоёр тал гэж. Гайтав нь магтдаг, Чойном нь шүүмжилдэг нь муу байхгүй юу. Ер нь Бадарч, Дулмаа, Талийгаач Пүрэвсүрэн, бидний урд бол Бэгзийн Явуухулан, Сэнгийн Эрдэнэ, Цэгмидийн Гайтав, Чойжилын Чимид гээд мундаг улс байсан. Эднийг залгаж гарч ирсэн Л.Түдэв, С.Эрдэнэ хоёр бол үеэсээ их тасархай улс. Илүү юм даа. Энэ үеийг шүтэж, сайн юмыг нь их авсан. Нэг их тусгай заагаагүй ч гэсэн ингэдэг юм байна гээд хараад их л юм мэдсэн. Бидний нэг онцлог бол бие, биеэ их дэмждэг. Шинэ шүлэг биччихвэл “нөхөртөө очоод унших юмтай боллоо” гээд баярладаг. Одоо бол уншихгүй байна шүү дээ. Аягүй бол миний юмыг хулгайлчихна гэнэ биз. Харин бид бол шүлгээр бие, биенээ сэрээж байлаа. Жишээ нь, Чойном  “Хүн” романдаа

“Урсгал туулын сэрүүн дэнж
Уушаан дэнгийн эрээн багана 
Униар татсан олон барилга 
Улаанбаатар минь сайн байна уу”
гэхээр яг хотын зүүн урдаас ороод ирчихсэн юм шиг санагдаад би энд сэрээд “Жүжигчин” гэдэг найраглал бичиж байлаа. 

Майлсаар, майлсаар мал гэдэг шиг бид их зам туулж, зохиолч хүн гэдэг ингэдэг юм байна, ийм байх хэрэгтэй юм байна гэдгийг давж өдийг хүрсэн. Бадарч бид чинь ажилтай үетэй ажилтай ажилгүй үедээ ажилгүй л явдаг байлаа. 

-Та өөрийнхөө ч юмуу үеийнхээ нөхдөд тохиолдсон хөгжилтэй явдлаас яриач?

-Бадарч л гэхэд нэг удаа Нацагдоржийн музейн жижүүр байгаад хөөгдсөн байдаг. Мань хүн шөнө тамхи татмаар санагдаад байхаар нь гучаад онд Нацагдоржийг санагдуулах хатуу хайрцагтай тамхийг нь аваад татчихсан чинь хөөгдчихсөн. Би ч гэсэн намын хурал дээр нэг согтуу очоод заяатай л алуулаагүй шүү дээ. Чойном намын хуралд дээр Явуухулан руу хутга барьж элдсэн. Удвал гуай л харин хутгыг нь хураагаад авчихсан гээд хөгийн юм их болж байлаа. Би боддог юм. Удвал гуай дотроо Чойномыг жаахан хүмүүжиг гэж бодсон байх гэж. Тийм учраас сүүлд өмөөрөөгүй учир энд л байгаа байх. Бидэнд алдаа ч байсан. Оноо ч байсан. 

-“Багш” найраглалынхаа тухай. Одоогийн багш нарын талаар юу хэлэх вэ? 

-Багш хүн дандаа өглөг өгдөг. Нэг муу хөдөөний хүүхэд өдий зэрэгтэй яваа нь миний сайных биш. Багшийн л ач. Энэ мэтийг бүгдийг бодож би багш найраглалаа бичсэн. Монголын ард түмэн гурван л юм шүтдэг Багш дор, Ном дор, хуварга дор мөргөдөг. Тэгэхээр хамгийн дээд юмаа багшдаа зүйрлэдэг. Ленин гэж бичсэн чинь нэг юм дутаад Ленин багш, бурхан гэж хэлэхээр бас нэг юм дутуу бурхан багш гэж ямар сайндаа нэрлэх вий вээ. 

-Дуулдаггүй хүн байдаггүй гэдэг шиг шүлэг бичдэггүй монгол хүн цөөхөн гэдэг?

-Манай ард түмэн яруу найрагч. Хэдхээн мөрөнд асар их ухааныг багтаадаг тийм л мундаг улс. Зүгээр жирийн иргэд нь цаана чинь англи, монголоор шүлэг хийж байна шүү дээ. Ямар гэсэн чинь 
“Утсаар яривал факс 
Ууш зууш нь кекс
Уншдаг ном нь секс
Унтдаг байр нь люкс
Амандаа зуудаг нь кент
Арилжаа хийдэг нь цент
Амраг нууц нь мисс
Амь сахигч нь босс
Шөнийн цэнгээ нь баар 
Хөлөглөдөг унаа нь жийп
Хүсэлтэй хөгжим нь поп”
гэх мэтээр...

-Та маш олон сайхан дууны үг зохиосон. Өнөө цагийн дууны үгийн талаар? 

-Сүүлйин үеийн дууны үг ч замбараагаа алдаж дээ. Бидний үед одоогийн Мэргэжлийн хяналт гэдэг шиг том хяналт байлаа. Хөгжмийг Лувсаншарав, Шүлгийг Явуухулан зөвшөөрөөгүй бол радио телевиз авахгүй. Харин одоо хэн дурны хүн дуу хийж байгаа болохоор шүүмжлэх зүйл их байна. Юу гэж шүүмжилж байна вэ гэсэн

“Чанх дэргэд хүүхэд уйлах юмаа гэхээр” Ий чөтгөртэй дуу байна. “Чамайг тойрон эргэлдэнэ” гэхээр эргүү хүний дуу юм уу гэх, “Толгой дээр чинь бороо болон шаагиж, өлмий доор чинь цэцэг болно дэлгэрнэ” гэхээр хаашаа юм наад чинь шарилж тойроод байгаа юм уу, нэг микрофон барьсан сэгсгэр хар юм үзэгчид рүү үсэрч очоод өвгөн, эмгэн хоёрын урд нь зогсож байгаад “Буцах цагийн жамыг дагаж буурайж нэг нь үлдэнэ шүү” гээд "хараагаад", Поп дуучин хөдөө очоод “Хайрын бурхан чи минь хаана байна” гэхээр нь хөдөөний нэг өвгөн харж байгаад “Хаа байхав дээ хүү минь, хаа гуяны чинь завсар л байхгүй юу” гэж.                                                                    Дууг ийм элэг доог болохоор хийх хэрэггүй.

Яруу найраг доторх хамгийн яруу нь дуу байдаг шүү дээ. Зохиолчид бол энгүүн сайхан бичих хэрэгтэй. Түүнээс бус онцгойрох гээд ойлгогдохгүй юм бичихийн хэрэггүй. Тийм учраас Тольстой “Энгүүн бичихийг яаж сурах вэ” гээд тэмдэглэл бичиж байсан. Бусдаас онцгойрох гээд яахав. Нөгөө бусад загаснаас онцгойрох гээд эрэг дээр үсрээд хатаж үхдэг, бусад барнаас онцгойрох гээд ойгоос гараад хотруу ороод тэндээ торонд ордог гэдэг шиг л зүйл болно шүү дээ. Ямар ч хүн биеэ тоож эхэлснээс хойш хамаг сайн зүйл үгүй болно гэж мэргэн үг байдаг. 

-Сэтгүүлзүйн өнөөгийн байдлыг та юу гэж дүгнэх вэ?

-Нохой л нэг баас шээс шиншилж явдаг шүү дээ. Түүн шиг нэг хэсэг хэвлэлүүд тэр тэнд тэр булан орцонд явж байна гээд л бичиж эхэлсэн. Энэ бол сэтгүүлчийн ёсзүйд нийцэхгүй биз дээ. Харин одоо зарим зүйл арай дээрдэж байна.

-Монголын утга зохиолыг нэгэн уул гэвэл та өөрийгөө тэр уулын ноён оргилд хүрч чадсан гэж боддог уу?
-Өөрийгөө үнэлнэ гэж юу байхав, аяндаа цаг хугацаа харуулаад өгнө. Ер нь бидний үеийнхэн оргилыг буй болгосон уу гэвэл болгосон. Чимид шиг гадаад хэлийг сурдаг бол юм сурлаа гэж хэлж болно. Бидний үеэс бол Л.Түдэв дарга их мэдлэгтэй. Биднийг архи ууж явж байх үед орос хэл дээр тэр номыг уншиж байсан хүн. С.Эрдэнээ бол сэтгэлзүйн нарийн юмыг бичдэг. Өгүүлэмж нь хөгжим сонсоод байгаа юм шиг яруухан. Түүн шиг Монголын утга зохиол бол өөрийнхөө оргилуудыг төрүүлсэн Намдаг гуай гэхэд л эрдэнэ агуулсан уул шиг л хүн байсан. Намдаг гуай бидэнд юу гэж хэлж байваа гэвэл,

“Урдаар их бод, өөрийн болгож ав. Урдаар ухаанаа идэхгүй бол дараа нь махаа иднэ шүү” гэж хэлдэг байлаа. Харин архи уухгүйн тухайд “Хэрвээ би архи ууя гэвэл миний дайснууд баярладаг. Ухаантай хүн бол дайснаа баярлуулья гэж боддоггүй” гэж хэлж байгаа юм. Тийм тарни мэт үг хэлдэг. Тэгэхээр Намдаг гуайн тэр “Цаг төрийн үймээн” нь романуудын орой дээр байдаг нь тэр байхгүй юу. Яахав “Тунгалаг тамир” бол кино мино болсон болохоос бус Цаг төрийн үймээн нь нарийн үзвэл илүү юм даа.

-Яруу найрагч хүн гэж яг ямар хүнийг хэлэх вэ?
-Хүний сэтгэлийн доторхийг нээж, хүнд хэрэгтэй зүйл хэлж чаддаг хүнийг яруу найрагч гэнэ л дээ. Яруу найрагч хүн гэдэг чинь Д.Сэнгээ шиг шүлгээ уншдаг цог золбоотой амьтан байх хэрэгтэй. Мориор зүйрлэвэл хонины номхон морь биш уралдаанд давхидаг омголон морь шиг байхыг л хэлнэ. 
-Монголын утга зохиолын өнөө үе, цаашдын чиг хандлагыг та яаж харж байна?
-Өнөөдөр сайн хүмүүс байна шүү. Бүгдээрээ ч сайн биш юм.. Зарим нь нийтлэл шиг, зарим нь толгой холбоод дэмий юм урсгах юм. Энэ дунд онцгой хүн байна. Тэр хүн бол Хулан байна.

“Эмзэг гоё сарнайг хүн бүхэн мэддэг ч
Эмэнд ордог цэцгийн нэрийг мэддэггүй”
гэж урд үеийн бид ч хэлээгүй үнэнийг Хулан л хэлсэн шүү дээ. Ингээд хэлээд байвал мэр сэр хүмүүс байна.

-Жишээ нь? 
-Би олныг хэлмээргүй байна. Байх ч үгүй. Зарим нь өөрийгөө болчихсон гэж бодоод байх шиг байгаа юм. Зарим овоо байсан хүмүүсийг дарга болгоод алаад байх юм. Жишээ нь энэ Чилаажав байна. Дарга болохоосоо өмнө 
“Дэлгэрийн буурал тал дэлхийд өндөр байдаг 
Намхан буурал дэнж минь надаас өндөр байдаг”
гээд бичиж байсан шүү. Эх орноо өөрөөсөө өндөрт тавьж байгаа нь сайхан. 

-Таныг утга зохиолын хүрээнийхэн чинь Горькийн сургуульд явснаасаа хойш эрс өөрчлөгдсөн гэх юм билээ?
-Би “Хөх тэнгэрийн хур” гэдэг номтой ирсэн юм, Москвагаас. Мөн “Дээрээ нартай дэлхий” гэсэн номтой ирсэн байхгүй юу. Тэр номын хавтасны зургийг одоогийн та нарын магтаад байгаа Б.Лхагвасүрэн зурсан. Энэ чинь хавтасны л зураач байсан хүн. Миний тухай Дашбалбар “Монголын уран зохиолд Хөх тэнгэрийн хур” шинээр дэлгэрсэн цэцэг юм” гэж дэмий бичээгүй байх гэж би боддог. Дашбалбарын тухайд бол, гурван авгайдаа гурвууланд нь байр авч өгсөн хүн шүү дээ. Өөр гурван авгайдаа гурвууланд нь байр авч өгсөн хэн байгаа юм. Тэр их мэдрэмтгий хүн л дээ. Аавыгаа нас барахад шүлэг бичээд

”Дээлийг чинь өмсөөд бүсийг чинь бүслээд 
Дэлхий дээр үр нь алхаж л явна даа 
Арван тавны сар урьдын адил мэлмэрнэ 
Алга болсныг чинь нэг л итгэж өгөмгүй санагдана”
гэж өөр аавынхаа тухай ингэж бичсэн хүн хаана байгаа юм. Тийм хүнийг л бид улс төрд алдсан. Дашбалбар нэг муудалцаад хэлсэн шүү дээ. “Та нар биднийг коммунизм гэж худлаа үлгэрт итгэж явсан гэх юм. Ардчилал гэдэг чинь Америкийн зохиосон үлгэр шүү дээ” гэж хэлсэн байдаг. Өөр хэн тэгэж хэлсэн юм бэ.

Зарим ойлголтуудын тухай...


-Сүрэнжав гуай танаас зарим нэгэн ойлголтуудын тухай асууя?

-Хүний шунал?
-Сэтгэл гэдэг их нарийн. Хүн ерөөсөө төрөлхийн шунахай. Шунал чинь хүнийг өөрийг нь ч амар заяа үзүүлчихгүй байгаа юм. Хэчнээн 20, 30 давхар барилга бариулаад байна л гэнэ. Тэгээд яг үхэхээрээ нүцгэн ирсэн шигээ нүцгэн л буцна. Торгоор ороовол орооно биз. Тэр бариулсан барилгын хана туургыг нь аваад үхэхгүй нь лавтай. Хүн үүнийг нэг ч бодохгүй байна шүүдээ. Шунал гэдэг чинь хүнийг хүн биш болгож байна. Гэтэл энэ шуналыг капитализм бий болгоод байгаа юм.
-Хариуцлага?
- Чингис Айтматов их сайн жүжиг бичсэн юм. Намайг Москвад байхад “Дээрээс унасан чулууны эзэн олддоггүй” гэсэн нэртэй жүжиг л дээ. Хэсэг уулчид Хирошима ууланд авирч байсан нэг нь хальт гишгэсэн юмуудаа чулуу унагасан чинь доор байсан тариачны толгой дээр унаад үхсэн байгаа юм. Тэгээд энэ чулуу хаанаас унав гээд л бүх хүмүүс л "Би биш" гэж л дээ. Тэгэхээр яах аргагүй л энэ дээрээс унасан гээд байдаг. Ингээд дээрээс унасан чулууны эзэн олдоогүй гэдэг. Энэ яг манай өнөөгийн нийгэмд байгаа юм. Хариуцлага хүлээх хүн олдоггүй. 

-Үнэн гэж байдаг юм уу?
-Хэцүү дээ. Үнэнийг ер нь олсон хүн ч алга. Үнэн гэж харьцангуй юм. Энэ амьдрал чинь ч гэсэн зүүд шиг юм. Бурхны сургаалийн хоосон чанарыг Эрдэнзуугийн лам нар хаалгаараа гарахаасаа залхуураад ханаараа гаргаад гарчихдаг байсан гээд бодохоор... За тэгээд яриад байвал, Ардчиллыг чинь анх гарч ирэхэд ардаа дээдлэх улирал ирлээ гэж байсан харин одоо ардчилал байгаа гэхэд ч хэцүү байхгүй гэхэд ч хэцүү л болсон байна ш дээ. Сайхан юмыг сайхан л авч явж байх ёстой. 
-Итгэлийн тухай?
-Итгэл хэрэгтэй шүү дээ. Итгэл аугаа юм бидний үед хүчтэй байлаа. 1965 онд Мяасүрэнтэй “Итгэлийн дуу” хийж явлаа. Маргаашдаа их итгэнэ. Итгэл алга болбол амьд явахад утгагүй болно шүү дээ. 
-Амьдралын зарчмыг залуу хойчдоо захиж хэлбэл?
-Хамгийн гол нь хүн байх. Монголын үр удам гэдгээ санаж эх хэлээ л хайрлах. “Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл” гээд л уламжлалаа, хэл соёлоо мартахгүй байх учиртай. 
-Анд нөхдийн тухай?
-Нөхөд гэдэг ч дээ. Би ямар сайндаа дуу бичээд “Нөхөд гэмээ нь нөхөд байжээ Нөхөд зарим нь ноход болжээ” гэж бичээд буржгар Жагаа дуулсан шүү дээ. Одоо нөхөд гэж итгэхэд амаргүй л болж дээ. 

Монголын утга зохиолын нэгэн оргил болох Шаравын Сүрэнжав гуайтай ийн хөөрөлдлөө. Дал гарсан хүн гэхэд толиотой гэж жигтэйхэн. “Үс сайхан бол зүс сайхан. Өчигдөр үсээ засуулчихсан. Би дандаа ордны үсчнээр засуулчихдаг юм” гэж ярих. Сүрэнжав гуайн хэлж ярьж байгаагаас үзвэл хөгшин хүн мартамхай болдог гэдэг үг ор үндэсгүй мэт санагдсаных нуух юун. Тэр амьдралынхаа алтан үеийг ёстой нөгөө төдөлгүй ярьж, түгдрэлгүй хариулна гэдэг шиг л ярих шинжтэй. Яасан ч цээж сайтай хүн бэ. Аугаа, аугаа...

2014 он

С.Өлзийбаяр

Эх сурвалж: Zindaa.mn


Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
САЙХАН(66.181.176.236) 2021 оны 02 сарын 03

Үнэхээр сайхан ярилцлага уншлаа. Уйлж үзлээ, инээж бас суулаа. Сайрхан хүмүүн үгүй болслон ч хэлсэн ярьсан хийсэн бүтээсэн бүхэн нь мөнх юм даа

0  |  0
koi(41.85.161.167) 2018 оны 01 сарын 13

Анхаарах мэдээлэл !!! Та үнэхээр бухимддаг юм уу !!!!!!!!!!!!!! Төсөлдөө мөнгө, санхүүжилт хэрэгтэй юу? Та өр төлөхийг хүсч байна уу? Банк таны файлыг татгалзсан уу? Асуудлыг шийдэхийн тулд бидэнтэй холбоо барина уу, бид Айуда Санхүүжилтийг ядуу болон хэрэгцээтэй хүмүүсийн хэрэгцээг хангахын тулд байгуулж байна. Холбоо барих: vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

0  |  0
ДОО(202.9.42.202) 2018 оны 01 сарын 08

МУНДАГ НАЙРАГЧ Л ДОО. ДААНЧ СҮҮЛД ҮНЭЛЭХЭЭ БОЛЬЖ. НАМ ДАГАСАН МАНУУХАЙНУУД ҮНЭЛЭХГҮЙ Л ДЭЭ

0  |  0
За(202.72.245.203) 2018 оны 01 сарын 08

ЗӨВ ШҮҮ ШҮЛЭГ УНШИЖ БАЙНА ГЭЭД БААХАН ГЭНГЭНЭСЭН ХҮМҮҮС ДҮҮРЧЭЭ Хөдөө тал минь малаар дүүрэн Хөвчийн ой нь ангаар баян Хөрсөн дор нь эрдэнээр дүүрэн Хүний хэрэгцээ цөм багтсан Яндаж баршгүй далай шиг яасан баян нутаг вэ Ямар муу хувиаар ядуу зүдүү амьдарна вэ бид. Ийм л байнадаа

0  |  0
Баадай(122.201.24.157) 2018 оны 01 сарын 08

Алдаа хайж амьдрах хорвоо болж

0  |  0
Amar(174.0.31.132) 2018 оны 01 сарын 07

Urt udaan naslaarai.

0  |  0
Aguu hvn sh dee(202.55.191.42) 2018 оны 01 сарын 07

Jinhene aguu nairagch hvn dee.mongoliin shvlegiin neg tom orgil doo.getel 1990 on hvrtel hen ch toohgui baisan babuuguun lhagvasvren odoo of bolood bna.oligtoihon shvlegiin mor sh vgui ch dee.

0  |  0
Top