Ирээдүйг гартаа атгасан тэрбумтны түүх

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 08

Байгальд ээлтэй цахилгаан машины эрин үед хувьсал хийгээд байгаа Тесла компани болон ирээдүйд хүн төрөлхтнийг Ангараг гариг дээр алхуулах томоохон зорилт тавьсан SpaceX-ийг үүсгэн байгуулагч Илон Маскийг өдгөө мэдэхгүй хүн гэж бараг үгүй биз. Тэрбээр өдгөө 20,8 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтад 80 дугаар байранд бичигдэж байгаа бол Форбес сэтгүүл Илон Маскийг Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтын 21 дүгээр байранд жагсаасан юм. Тэгвэл тэрбумтан өөрийнхөө туулж өнгөрүүлсэн амьдрал нь тийм дардан байгаагүй аж.

Тэрбээр энэ тухай өгүүлэхдээ “Бага байхад минь эцэг эх хоёр минь намайг дүлий гэж бодсон учраас хүчээр мэс ажилбар хийлгэсэн юм. Хүмүүс надтай ярьж байхад нь би ихэвчлэн алсыг ширтээд, гүн бодолд дарагдчихсан байдаг байснаас болж намайг дүлий гэж бодсон гэдэг. Үнэн хэрэгтээ бие махбодид минь ямар ч хөгжлийн бэрхшээл байгаагүй төдийгүй би зүгээр л сэрүүн зүүдэлж, мөрөөдөлдөө умбасан жаалхүү байлаа. 3 настай байхдаа ааваас би “Дэлхий яг хаана байгаа юм бэ?” гэж асуухад аав минь намайг бусад хүүхдүүдээс арай өөр гэдгийг мэдэрсэн гэдэг. Сургуульд байхад намайг хүүхдүүд байнга л дээрэлхдэг байв. Нэг удаа тэр хүүхдүүд намайг шатнаас түлхэж унагаад, ухаан алдтал зодсон юм. Тэр явдлын дараа аав минь хүртэл төрсөн хүүгийнхээ царайг таниагүй гэдэг. Зодуур, дээрэлхүү хүүхдүүдээс залхахдаа би бүх зүйлийг үл тоон, номын ертөнц рүү шумбан орсон юм. Зохиолч Дуглас Адамсын “Сансар огторгуйн аялагчийн гарын авлага” ном амьдралыг харах өнцөг, ертөнцийг үзэх үзлийг минь бүхэлд нь өөрчилж, огторгуй, технологи бас ганц хүн ч гэсэн дэлхий дахинд ямар их чухлаар нөлөөлж болохыг надад ойлгуулсан юм. 10 нас хүрэхэд минь ээж, аав хоёр минь гэрлэлтээ цуцлуулав. Тэр үед би ээж аав хоёр минь салж байгаа гэдэг дарамт, шаналлаа мартагнахын тулд компьютерт шимтэх болов. Компьютерт дурлаж, шимтсэнээр задгай огторгуйд тулалдаж байгаа сансрын хөлөгтэй Бластер тоглоомоо зохиосон юм. 17 нас хүрээд, эцэг эх минь хориглож байсан ч би Өмнөд Африкаас нүүж, Канадад очиж суурьшиж байлаа. Тэнд очоод би модны үйлдвэрт төсөөлөхийн эцэсгүй хүнд ажилд орсноо одоо ч гэсэн тод санадаг юм. Тас харанхуй жижиг хонгил руу мөлхөж ороод, өдөржин халуун элс ухаж гаргадаг байв. Бид гучуулаа 30, 30 минутын ээлжтэйгээр хонгил руу ордог байсан бөгөөд нэг хүн хонгилд 30 минутаас илүү хугацааг өнгөрүүлбэл амиа алдах өндөр эрсдэлтэй байлаа. Ажилд ороод эхний долоо хоногийнхоо ард гарахад гучин хүнээс гурав нь л ажилдаа тогтож үлдсэн байж билээ.


Тэр л үед “Би чинь юу л хийгээд байна даа” гэсэн бодол надад төрсөн юм. Тэр гал төөнөсөн давчуу хонгилоос аль болох хурдан гарч, амьдралдаа юу хийж бүтээх ёстойгоо би дэндүү сайн мэдэж байлаа. Энэ үеэс хойш нилээд хэдэн жилийн дараа профессор болох мөрөөдлөө хөсөр хаяж, анх байгуулсан хоёр компаниа зарсныхаа би SpaceX-г байгуулсан юм. Бидний туйлын зорилго юу вэ гэж үү? Хүн төрөлхтнийг өөр гариг эрхэс дээр амьдрах тэр боломж бололцоог бүрдүүлэхийг бид зорьж байна. 2006 онд анхны туршилт маань бүтэлгүйтлээ. Анхны пуужин маань агаарт хөөрөөд 33 секундын дараа дэлбэрэв. 2007 онд хоёр дахь туршилтаа хийхэд, агаар мандалд хүрч амжилгүй, хөдөлгүүр нь доголдож, дэлбэрсэн юм. 2008 оны 3 дугаар сард итгэл найдвар минь бөхөхийн ирмэг дээр 3 дахь туршилтаа хийхэд пуужин маань хяналтаа алдаж, хэдэн хэсэг задран унасан юм. Дахиад ч олон туршилт хийгдэж, тэр бүрт бүтэлгүйтэл, дэлбэрэлт саад бэрхшээл болон өмнө тулгарч байсан ч бид эцэст нь пуужингаа задгай сансарт гаргаж чадсан юм.


Би “Сансар огторгуйн аялагчийн гарын авлага” номон дээр гардаг хөлгийн нэрээр пуужингаа бараг л “Алтан зүрх” гэж нэрлэхэд бэлэн байлаа. Одоо харин анхны хөлөг онгоц маань 2020 онд Ангараг гариг дээр газардах төлөвлөгөөтэйгөөр бид шаргуу ажиллаж байна” хэмээжээ.

1971 онд төрсөн Илон Маск төрсөн дүү Кимбал Маскийн хамтаар үүсгэн байгуулсан Zip2 нэртэй вэб програмын компаниа 1999 онд бэлнээр 307 сая ам.доллар, хувьцаагаар 34 сая ам.доллараар буюу нийт 341 сая ам.доллараар худалдаж, үүнээс 22 саяын ашиг олсон байна. Улмаар 7 хувийн хувьцааг нь эзэмшиж үлджээ. Үүний дараагаар тэрээр интернет төлбөр тооцооны paypal.com-г үүсгэн байгуулж, бас л өндөр үнэ буюу 1,5 тэрбум ам.доллар хүргэж зарснаар өнөөдрийн их хөрөнгөө босгох, цаашлаад мөрөөдлөө биелүүлэхээр зорих үндсээ тавьсан байна.

Илон Маскийн хамгийн том зорилго бол хүмүүсийг Ангараг дээр суурьшуулах юм. Тэрбээр хэлэхдээ  “Нар 500 сая эсвэл нэг тэрбум жилийн дараа хэтэрхий том тэлж, эх дэлхийд ойртсоноор хүн амьдрах боломжгүй болгоно. Тийм ч учраас Ангараг гариг руу аялал хийж, колонио байгуулах нь нэн чухал байна. Замдаа ямар нэгэн саад бэрхшээлтэй учрахгүй бол Ангараг дээр очоод, дэлхий рүү буцаж ирэлгүй тэндээ үхсэн ч яахав” гэсэн байна.


Ариунаа Онгио 

zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хишгээ(202.131.234.82) 2018 оны 01 сарын 08

Хүү минь үүнийг унш

0  |  0
Эрдэнэ(66.181.160.114) 2018 оны 01 сарын 08

Үнэхээр агуу мөрөөдөлтэй тэрбумтан 21р зууны Да Винчи хэмээн нэрлэдэг юм.

0  |  0
HASAN(202.9.43.230) 2018 оны 01 сарын 08

AUGAA UMAA MANAI ZALUUCHUUD AGHI ZALHUU 2 OO BOLIHVOL CH DUTAH UMGUI UHAAN BII

0  |  0
Top