Монголын сайхан бичигтнүүдийг шалгарууллаа

Хүмүүн бичиг сониноос жил бүр уламжлал болгон явуулдаг “Монголын сайхан бичигтэн-2017” улсын уралдааныг амжилттай зохион байгуулж, дүнгээ гаргалаа.

Тус уралдааны долоон ангилалд нийт 1000 гаруй оролцогч бичвэр, бүтээлээ ирүүлжээ. Говь-Алтайгаас бусад бүх аймаг, нийслэлийн дүүргүүдээс оролцсон бөгөөд Хөвсгөл, Дархан-Уул, Архангай, Төв аймгаас хамгийн олон бичвэр, бүтээл “уралдуулсан” байна.

Оролцогчдын хамгийн ахмад нь нийслэлийн Баянгол дүүргийн иргэн 90 настай С.Жигмэдсүрэн, Төв аймгийн Батсүмбэр сумын өндөр настан Т.Батбаяр, Хан-Уул дүүргийн өндөр настан С.Цэнд-Аюуш нар байв. Харин хамгийн залуу оролцогч нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөлийн ЕБС-ийн 3”д” ангийн сурагч Э.Энхгэрэл, А.Эмүжин, Г.Янжиндулам нар байлаа.

Уралдаанд гадаадын иргэд оролцдог уламжлалтай. Энэ жил ӨМӨЗО-ны иргэн Э.Цолмон уран бичлэгийн ангилалд өрсөлдөж, тусгай байр эзэлжээ. Түүний хувьд манай уралдааны “Уран бичлэг”-ийн ангилалд оролцсон анхны гадаад хүн болж байгаа хэмээн онцолж байлаа. Тэрээр Улаанбаатар их сургуулийн Монгол судлалын магистрын нэгдүгээр ангийн оюутан аж.

Хүмүүн бичиг сонины эрхлэгч Б.Элбэгзаяа энэ үеэр “Уран бичлэгийн ангилалд хүмүүс их оролцдог болсон байна. Сүүлийн үед залуу багш нарын авьяаслаг шавь нар, эмэгтэйчүүд ихэвчлэн оролцдог болжээ. Оюутан, сурагчид бийрээр бичих чадварыг их эзэмшдэг болсон байна. Уран бичлэгийн ангилалд оролцсон хүмүүс монгол бичгээ их сайн сурсан байна. Энэ бүхэн 21 дэх удаагийн уралдааны онцлог болж байна” гэв.

Уралдааныг энэ жил Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар дэмжин хамтран ажилласан байна. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хувь хүн болон байгууллагууд уралдааныг дэмжиж, ивээн тэтгэх нь үндэсний монгол бичгээ өвлөн суралцах, түүнийг төгөлдөр эзэмших хүсэл сонирхлыг бадраах буянтай сайхан үйлс болдог билээ. Тиймээс уралдааны шагналын санг жил бүр арвижуулах бодлогыг барьдаг байна. Энэ жилийн шагналын сангийн хувьд “Сурагчдын” болон “12-р ангийн сурагчид”-ын ангиллаас бусад бүх ангилалын тэргүүн байрын эзэнд гадаадад аялах эрхээр шагнуулахаар болсон байна. Түүнчлэн дөрвөн сурагчийг МУИС, МУБИС-д дөрвөн жил үнэ төлбөргүй  суралцах эрхтэй болжээ.

Уралдааны хамгийн өрсөлдөөнтэй бөгөөд хамгийн олон сурагч оролцсон нь “Сайхан бичигтэн анги” ангилал байв. Энэхүү ангиллыг багш сурагчийн хамтын хөдөлмөр, зүтгэлийг үнэлэх зорилгоор хоёр жилийн өмнө бий болгосон. Энэ жил тус ангилалд 100 орчим анги хамт олон өрсөлдсөн байна.

12-р ангийн сурагчдын ангилалд хамгийн их шагналын сантай юм. Энэ нь МУИС, МУБИС-д төрийн сангийн 100 хувь, буцалтгүй тэтгэлгээр суралцах эрхтэй гэсэн үг. Энэ ангилалд 100 орчим төгсөх ангийн сурагчид өрсөлдсөн байна. Тус ангиллын дийлэнх оролцогч нь бийрийн бичлэгтнүүд байлаа.

Тус ангилалд уралдаж тэргүүн байр эзэлсэн Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 12”б” ангийн сурагч Д.Содномдаш: “Энэхүү уралдаанд гурав дах удаагаа оролцож байна. Энэ уралдаанд оролцоход их сайхан байдаг. Өнгөрсөн жил оролцоод гуравдугаар байранд орж байсан бол энэ жил тэргүүн байранд орлоо. Анги хамт олноороо бас тэргүүн байр эзэлсэн сайхан жил байна. Бүтээлээ сарын хугацаанд хийсэн. Ч.Лодойдамба гуайн Солонго найрууллыг бичсэн. Үүнд хөдөөний цэвэр ичимтгий зан чанарыг харуулахыг зорьж ишлэл авч бичлээ. Хүний амьдрал солонгийн долоон өнгө шиг гэдгийг харуулсан өгүүллэг учир солонгийн долоон өнгийг гаргахын тулд энэхүү лед гэрлээр харуулж зохиомжоо гаргасан. Анх долдугаар ангиасаа эхлэн тав дах жилдээ монгол бичгийг сурч байна. Монгол бичгийн давуу тал нь хүний оюун ухааныг сайжруулдаг, үгийн баялагтай болгодог гэж боддог” гэсэн юм.

Бидний бусдаас ондоошуулж, давтагдашгүй өөр харагдуулдаг монгол бичиг маань эвхэж, хээлж, зурж, таталгаж болдог онцгой боломжит бичиг билээ. Тиймээс монгол бичгийн энэ боломжуудыг баяжуулахад эрэл хийсэн, урнаар сэтгэсэн байдлыг “Бичлэгийн бус бүтээлийн ангилал”-д харгалзан дүгнэдэг. Харин энэ жилийн хувьд, монгол бичгийг бодитой хэрэглэх талд илүү анхаарал хандуулсан нь сонирхолтой байлаа. Өөрөөр хэлбэл, Монголын уламжлалт ахуй, эд хэрэглэл дээр монгол бичгийг шигтгэн урлахад ур авьяасаа харуулахыг зорьсон байв. Тухайлбал, энэ ангиллын эхний хоёр байрт монгол гэрийг хоёр янзаар урласан бүтээлүүд шалгарсан. Түүнчлэн мандах төрийн малгай хэмээн бэлэгддэг монгол малгайн улаан залаан дээр “Хүмүүн бичиг” хэмээсэн хатгамал  бүтээл ч сонин байлаа. Энэ хатгамлыг эмэгтэй хүн бус эрэгтэй хүн урласнаараа онцлогтой байсан юм.

Бичлэгийн бус бүтээлийн ангилалд тэргүүн байр эзэлсэн Сэлэнгэ аймгийн Хөтөл сумын ЕБС-ийн багш Ж.Гэрэлмаа б бүтээлээ танилцуулж, сэтгэгдэлээ хуваалцлаа. Тэрээр “Уг тэмцээнд дөрөв дэхьжилдээ оролцож байна. Энэ жил “Номын өргөө” бүтээлээрээ оролцож байна. Миний номын өргөөнд 70-аад монгол бичгийн өлзий дэмбэрэл бүрдсэн сайхан үгийг бичсэн. Дөрвөлжин, угалзан бичгийг монгол бичигтэй хослуулан бичлээ. Миний бүтээлийн онцлог гэвэл монгол гэрт байх тавилга дээр монгол бичгийг шингээж өгснөөрөө онцлогтой” гэв.

Монголын өсвөр үеийнхэнд үндэсний бичгээ заан сургаж, монгол бичгийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй багш нар уралдааны хүндтэй оролцогчид билээ. Тиймээс тэргүүн байр эзэлсэн багшийг гадаадад аялуулах эрхээр урамшуулдаг. Энэ жил Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Титэм” сургуулийн монгол хэл бичгийн багш О.Оюунтунгалаг тус шагналыг хүртсэн байна.

Уралдааны хамгийн залуу оролцогчид бүхий ангилал нь “Сурагчдын ангилал” юм. Энэ жил уг ангилалд 200 гаруй сурагч өрсөлджээ. Сурагчид бийрийн бичлэгт өргөнөөр боловсорч байгааг  энэ ангилалд ирүүлсэн бүтээлүүдээс харагдаж байна.

Насанд хүрэгчдийн ангилалд янз бүрийн ажил мэргэжилтэй, насны ялгаа ихтэй хүмүүс оролцдог тул бичлэгийн өвөрмөц тиг зурлага, хэв маяг харагддагаараа сонирхол татдаг. Ялангуяа энэ ангилалд энэ жил 70 гарсан ахмадууд шилдэг оролцогчид болсон юм.

Тус ангилалд оролцсон Гандандэгчлэнгийн хийдийн Шашны дээд сургуулийн 4-р ангийн оюутан Н.Балжинням хэлэхдээ: “Энэ тэмцээнд Ч.Лхамсүрэнгийн” Хүрэн морь” найраглал ба урансайхны онцлог, үзэл санааны онцлог гэсэн бүтээлээрээ оролцсон. Найруулж алдаагүй сайхан бичихийн тулд сарын турш бэлдсэн. Мундаг хүний хэлсэн үг байдаг. Крилл бичгээр Цэдэнбалын түүхийг судлана, монгол  бичгээр хэдэн мянган ард түмнийг судлана гэсэн байдаг. Тиймээс түүхээ судалж, монгол бичгээ сурах нь зүйтэй” гэв

Уралдааны дүнг танилцуулвал:

1. “XII ангийн сурагчид” ангилалд Дундговь аймгийн Сайнцагаан сумын сурагч Э.Чойжи, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын сурагч Д.Содномдаш, Х.Түвшинтүлхүүр, Баянгол дүүргийн “Эрдмийн ундраа” сургуулийн сурагч П.Тунгалагтамир нар шалгарчээ.

 

2. “Сурагчид” ангиллын нэгдүгээр байрт Монгол Улсын Консерватор VIII ангийн сурагч А.Сарнай, хоёрт, Булган аймгийн Рашаант сумын IX ангийн сурагч Б.Нямсүрэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын XI ангийн сурагч Х.Уугантуяа нар шалгарчээ. Харин гуравт, Баянгол дүүргийн “Хүрээ тулга” сургуулийн X ангийн сурагч Г.Пүрэвсүрэн, Төв аймгийн Заамар сумын “Шижир алт” сургуулийн VII ангийн сурагч Мөнх-Орших нар шалгарлаа.

 

3. “Насанд хүрэгчид” ангиллын нэгдүгээр байрт, Шашны дээд сургуулийн оюутан Н.Балжинням, хоёр, СЭЗИС-ийн оюутан М.Данзанпэрэнлэй, гуравт, ХУИС-ийн Д.Урансолонго нар шалгарсан байна.

 

4. “Мэргэжлийн багш нар” ангилалд Хөвсгөл аймгийн “Титэм” сургуулийн багш О.Оюунтунгалаг нэгдүгээр байрт шалгарсан бол хоёрт, мөн аймгийн “Эрдмийн далай” сургуулийн багш Б.Анхбаяр шалгарав. Харин гуравт, Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Мандал” сургуулийн багш Э.Сүрэнчулуун нар шалгарлаа.

 

5. “Сайхан бичигтэн анги” ангилалд Баянхонгор аймгийн Баянцагаан сумын “Эрдмийн ундраа” ахлах сургуулийн багш О.Болормаа нэгдүгээр байр, хоёрт, Төв аймгийн Зуунмод сумын “Хүмүүн цогцолбор” сургуулийн багш Б.Отгонсүрэн, гуравт, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын багш Б.Мөнхцэцэг нар шалгарчээ.

 

6. “Уран бичлэг” ангиллын нэгдүгээр байрт Баянзүрх дүүргийн “Шавь” цогцолбор сургуулийн багш П.Батболор, хоёт, чөлөөт уран бүтээлч Ц.Бямбажав, гуравт, АЕГ-ын ажилтан Ч.Бямбадолгор нар шалгарлаа.

 

7. Бичвэрийн бус бүтээл ангилалд Сэлэнгэ аймгийн Хөтөл сумын багш Ж.Гэрэлмаа нэгдүгээр байрт, хоёрт Дундговь аймгийн Сайнцагаан сумаас оролцогч Б.Мөнх-Эрдэнэ нар шалгарав.

 

 

Б.Алтанчимэг

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

jui [ 41.85.161.169 ]      |     1-р сарын 09 -нд, 02:43 минутанд

Зээлийн Тойм, бага хүүтэй санхүүжилт олгодог. Олон банкуудаас татгалзсан уу? Хэрэв та өөрийн өрийг нэгтгэх санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу?  Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс бид нэмэлт и-мэйл намайг хүрэхийг оролдож .Дэлгэрэнгүй мэдээллийг орд ямар та хүсэж хугацаанд 3.5% 3% -ийн бага хүүтэй сонирхсон хүмүүст зээл санал болгож байна: vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com WhatsApp: 0033644664081

Go to top of page