ЖЕНКОГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ

"Зиндаа" сэтгүүлийн “Гол тоглогч” буланд Монголын улс төр, эдийн засаг, бизнес, нийгэмд гол тоглогчийн үүрэг гүйцэтгэж буй хүний талаарх баримтат хөрөг нийтлэгдэх юм. Эхний “Гол тоглогч”-оор УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан, “Женко” группын үүсгэн байгуулагч Халтмаагийн Баттулга нэрлэгдлээ.


 

“...Женко хүчтэй байна. Ганцаараа аймаар хүчтэй байна. Монгол Улс, монгол төр, монгол иргэд хүчгүй байна.”

Б.Болдсайхан

Түүнийг илүү дутуу тодотголгүй, зүгээр л Женко гэдэг. Энэ нь эерэг, сөрөг хоёр утгатай. "Женко" гэдэг нь "Женерал компани" буюу толгой компани гэсэн утгатай үгийн товчлол. Гэвч тэртээ 1994 онд толгой компанийн тухай бодлоор энэ нэрийг бодож олсон гэдэг нь юу л бол. Учир нь тэр үед түүнд ямар нэг үйлдвэрлэл эрхлэх санхүүгийн боломж ч байгаагүй. Сингапур, Бээжингийн хооронд видео камер зөөж, ганзагын наймаа эрхлэхдээ байгуулсан компаниа ирээдүйд вант улс болтлоо томорно гэж тооцож энэ нэрийг сонгосон гэвэл үнэмшил багатай. Харин тухайн үед Сицилийн мафийн тухай өгүүлэх “Загалмайлсан эцэг” киноны гол баатар шиг болох далд сэрэл түүнд байжээ. Энэ утгаараа тэрээр тус киноны мафийн толгойлогчийн “Genco Pura” гэх компанийн нэрийг “зээлдэв”. “Genco” ингэж төрсөн юм.


“Би Францад тэмцээнд очиход тэнд нохой нь хүртэл өдөн хүрэмтэй байхыг хараад монголчууд бид яагаад өмсч болдоггүй юм хэмээн бодож зөөж эхэлсэн”

Х.Баттулга

Сэтгүүлч Д.Төрмөнхийн бичсэн “Миний мэдэх Женко Х.Баттулга” гэгч номонд түүний хэрхэн баяжсан тухай түүхийг баатарлаг, бадрангуйгаар дүрсэлсэн нь бий. Өмд оёж зарж, “Урлан” хоршоо байгуулж, видео кино гаргаж, үсчин хийж... энэ зууртаа “Загалмайлсан эцэг” киноны үйл явдал, утга санаанд автаж, мафийн толгойлогч болохоор өвчилж... Үүнийхээ дараа анхны ашигтай бизнесээ хийж, 10 долларын өдөн куртикийг 100 доллараар дамлах ухаан сийлж... гэх мэтээр өрнөнө. Гэвч тэр бол Д.Төрмөнхийн л “мэдэх” домог. Харин бидний мэдэх Женкогийн баяжсан түүх арай ондоо. Мөнгийг цэвэр бизнесийн арга ухаанаар олж байсан үе түүнд байдаг. Гэвч илүү их мөнгө, илүү том баялгийг тэр бизнесийн бус арга заль хэрэглэн бий болгосон юм. Тэр улстөрчидтэй нөхөрлөх, тэдний ашиг сонирхлыг хангах замаар “Баянгол” зочид буудал, “Мах импекс”, “Талх чихэр”, “ХИД” зэрэг төрийн өмчит компанийг хувьчилж авснаар эргэлзээгүй Монголын олигархиудын эрин үеийг эхлүүлсэн юм.

 

“Түүний түүх бараг л Монте Кристогийн түүх шиг. Бас улс төрд ороод ганцаархнаа шахам зөрж зүтгээд байгаа нь Дон Кихот ч юм шиг…”

Сэтгүүлч Б.Төрмөнх

Зарим нь энэ үйл явцыг луйвар гэдэг. Харин зарим нь хувьчлал гэдэг. Хэрвээ Женко улс төртэй хутгалдаагүй, тэр тусмаа улстөрчидтэй дотносоогүй бол ямар ч төрийн өмчийг өөрийн болгож чадахгүй байх байсан. Өөртөө хамгийн ашигтай байдлаар шүү. Жишээ татъя. “Баянгол” зочид буудлыг тэр хэрхэн өөрийн болгосон бэ. Тухайн үед “Баянгол” зочид буудлын хувьцааны багцыг Монголын хөрөнгийн биржээр худалдах гэж байж. Гэвч арилжаа эхлэхээс 10 минутын өмнө тусгайлан Х.Баттулгад ямар ч өрсөлдөөнгvйгээр 44 сая төгрөгөөр зарсан байдаг. Зочид буудлаа худалдаж авангуутаа Х.Баттулга шууд зочид буудал дээр өөрийн хамгаалагчдын хамт очин битүүмжлэн хураахад, тус зочид буудлын дансанд 600 сая төгрөг бэлнээрээ байсан гээд бодоход энэ нь хувьчлал байсан уу, луйвар байсан уу гэдэг нь ихээхэн анхаарал татна. Тэр үед Монголын хөрөнгийн биржийн захирал Н.Золжаргал байсан нь санамсаргүй давхцал байгаагүй. Удаад нь мань Женко төрийн өмчит “Мах Импекс”, “Талх чихэр” компаниудыг хувьчилж авав. “Мах импекс” компанийг л гэхэд “Эрдэнэт” үйлдвэрээс ОХУ-ын цахилгааны төлбөрт өгөх ёстой байсан гурван сая ам.доллараар авсан гэж яригддаг. УИХ-аас томилогдсон ажлын хэсэг уг хувьчлалыг шалгаад хууль бус гэж тогтоосон боловч тухайн үеийн УИХ авч хэлэлцээгүй өнгөрчээ. Төрийн өмчийг төрийн өөрийнх нь мөнгөөр хувьчилж авсан ч гэж яригддаг эдгээр хувьчлал нь Х.Баттулгыг маш том харагдуулж эхэлсэн юм. Энэ үеэс л тэр мафийн толгойлогч маягийн хэв шинжийг өөртөө цогцлоох болжээ. Өөрөө түүндээ бүр итгэчихсэн ч явсан үе бий байх. Үүний нэгэн нотолгоо нь 17 чингэлэг спиртийн цуутай хэрэг юм.

 

“Тэр хувийн цагдаатай, тагнуултай, прокурортой, шүүгчтэй өөрийн харьяаны сайн эрс гэмт хэрэгтнүүдтэй хэвлэл, радио телевизтэй. Түүнд байхгүй юм байхгүй”

БНН-ын дарга Б.Жаргалсайхан

Энэ бол муухан детектив зохиолыг ч давж гарах түүх юм. 1997 онд Монгол Улсын хилээр төмөр замаар 17 чингэлэг ачаа орж ирсэн нь 340 тонн спирт болох нь илэрч баригджээ. Төмөр замын цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн “Blade” компанийн захирал Халтмаагийн Баттуул, “Black Morgan” компанийн захирал Д.Бадамдорж, Б.Баярсайхан, олон жил шоронгоор явсан эрүүгийн элемент Тонтого гэх Жамбалсүрэнгийн Бат-Эрдэнэ нарыг шалгаж эхэлсэн байна. Энэ хэрэгт мөн “Женко” группийн эзэн Х.Баттулга, “Нарантуул” захын эзэн Ш.Сайхансамбуу, улсын арслан Д.Мөнх- Эрдэнэ тэргүүтэй нэр бүхий хүмүүсийг шалгасан байдаг. Хэргийг шалгах явц нэлээн удааширснаас гадна ёстой л хүний санаанд оромгүй хэрэг явдлууд өрнөсөн. 1997 оны 10-р сарын 5-ны шөнө тухайн үеийн УИХ-ын гишүүн асан С.Билэгсайханы нэр дээр бүртгэлтэй “Билэг” гаалийн баталгаат агуулахын хяналтын талбайд битүүмжлэгдэн хадгалагдаж байсан 17 чингэлэг спирт гэнэт усаар солигдсон байж. Хилээр орж ирсэн 17 чингэлэг спиртийг ус, ариутгалын бодис хэмээн гаалийн бүртгэлд хуурамчаар оруулсан баримтыг Монголын үндэсний телевизийн сэтгүүлчид тухайн үед хальсандаа буулгасан байсан боловч харамсалтай нь тэр бичлэг мөн ижил цаг хугацаанд хулгайлагдсан.

Бичлэг алдагдсан хэрэгт сэтгүүлч Д.Төрмөнх холбогдож байсан нь бас сонин. Тэрээр бичлэгийг Х.Баттулгад хулгайлан авч өгсөн үндэслэлээр хэсэг хугацаанд хоригдож байсан түүхтэй. Алдарт энэ хэргээс болж, манай гол баатар Монголдоо ирэхээс эмээж, олон сар гадаадад амьдарсан нь бодит үнэн. Монголд түүнийг интерполоор эрэн сурвалжилж байх үед тэр Түвдэд мөргөл үйлдэн, Хонконгод зургаан сар орчим орогножээ. Дээрх хэрэгт нэр нөлөө бүхий эрхмүүд оролцож, улмаар спиртийг ус болгоод хэргийг хэрэгсэхгүй болгож чадсан юм. Хэрвээ Ц.Элбэгдорж байгаагүй бол Х.Баттулга дээлээ нөмрөөд дуусах байсан ч гэж яригддаг. Хэргийг чимээгүй дарахад Ц.Элбэгдоржийн тус дэм байсан эсэхийг хэлж мэдэхгүй ч энэ үеэс хойш тэдний нөхөрлөл илэрхий зузаарсан нь бас л бодит юм. Онцгой албан татваргүй 340 тонн спирт ийнхүү маш нууц операцийн дор монголчуудын ходоод руу цутгасан гэж болно. Яг тэр үед Женкогийн хөрөнгө 10 дахин нугарсан байх магадлалтай. Тэр энэ үеэс л бусдаасаа тасарч, Монголын тэргүүн баян болж чадсан байдаг. 17 чингэлэг спиртийн хэрэг хийгээд улстөрчдийн нөлөө, эрх мэдлийн хүчээр түүнээсээ цэвэрхэн мултарч чадсан нь тэргүүн баян Женког улс төр сонирхоход хөтлөв. Улс төр, эрх мэдэлгүйгээр ямар ч мөнгө цаас болж хувираад, салхинд хийсч магадгүйг ойлгожээ. Яг л спиртийг ус болгож чадсан тэр ид хав, эрх мэдлийг өөрөө эзэмшихийг хүсч байлаа.


“Би Боломжийн хөрөнгө цуглуулсаан. Тиймд зарим нэг өлөн хүн шиг улсын мөнгө, төрийн албан тушаал руу өнгөлзөх шаардлага надад үгүй”

Х.Баттулга

Бизнесмэний хувьд тэр яах аргагүй сийрэг сэтгэж байлаа. Мөнгө олох боломж бүрийг тэр туршиж үзэж, гараа дүрж, толгойгоо ажиллуулж байв. Түүний бизнесийн түүх үнэхээр баялаг. Бас бахдам. Хийгээгүй, сэдээгүй, оролдоогүй, ороогүй бизнесийн салбар түүнд бараг байхгүй. “Саятан” сугалааг сэдэж, хонжворт нь BMW өгч явсан. Үүгээрээ тэр Монголд сугалаанд хошуурах анхны шанг татсан эрхэм. Гүржээс камазаар ногоон цай зөөдөг байсан. Ер нь түүнийг нүдэнд харагдсан бүхнээ дамлаж, хэд дахин нугалсан ашиг хийдэг байсан гээд хэлчихэд хилсдэхгүй. Монголын анхны дэлгүүрийн сүлжээг хүртэл тэр байгуулсан. “Сити шоп” гэх сүлжээ дэлгүүрийг нь монголчууд санаж буй биз ээ. Мөн анхны такси үйлчилгээг ч тэр нэвтрүүлсэн. “Сити такси”-гаар тэр үед бүх хүн үйлчлүүлдэг байв даа. Баар хүртэл ажиллуулсан. “Холливуд”, “Моторок”, “Маттис” зэрэг диско клуб 135 Х.Баттулга NEXT star цэнгүүн 1996 он тухайн үед түүний халаас руу маш их ашиг орлогыг цутгаж байв. Энэ тухайгаа тэрээр “Бид мөнгөө тоолж амждаггүй байсан. Тоолохын тулд хурлын том заал түрээслээд 10 гаруй нягтлан ажилладаг байлаа. Тэгээд мөнгөө хурдан тоолоод, доллар болгохгүй бол дараагийн өдрийн орлого ирэхээр багтахгүй болчихдог. Тэр их мөнгийг багтаах сейф байгаагүй. Сейфний оронд гэрээсээ баахан хувцасны шүүгээнүүд авчраад тавьчихсан. Тэдгээр шкафанд хийсэн мөнгө нурчих гээд байдаг байсан” хэмээн дурссан нь бий. 1997 оноос түүний бизнес илүү өргөн зургаар тэлж эхэлсэн юм. Улсын үйлдвэр, төрийн өмчит газруудыг тэр “энэрэл”-гүйгээр өөрийн болгож эхлэв. “Улаанбаатар” зочид буудал хүртэл Женкогийнх болсон байсан. “АПУ” компанийн 49 хувийг ч бусадтай хамтран эзэмшиж байсан үе бий. Хамгийн том хувьцаа эзэмшиж байсан хүний хувьд тус компанийн хувьчлалд Г.Алтангаар дамжуулан оролцсон боловч “Шунхлай” компанид алджээ. Ингээд нэгэнт өөрийн болгож чадаагүй учраас хувьцаагаа Г.Алтанд зарсан байдаг. Ер нь Женко улсын өмчийг ашиггүй байсан ч өөрийн болго гэсэн зарчмаар ажиллаж байлаа. Төрийн өмчүүдийг өөрийн болгосон түүх, үйл явцыг бүрэн задалж бичнэ гэвэл бүтэн номын хуудас дүүрнэ. Энэ бол бизнесийн гарын авлага, мафитай киноны бэсрэг зохиол шахуу эд. “Баянгол” зочид буудлыг гэхэд л тухайн үедээ 137 обьект эзэмшдэг ланжгар этгээд болох “Ажнай” Д.Бат-Эрдэнэд “бяцхаан” рекет үзүүлж байгаад авсан гэж дуулддаг юм даа. 1999 онд таван тэрбумын өртэй гэгдэж асан “Мах импекс”-ийг өөрийн болгов. "Мах импекс" компанийн төрийн өмчийн 51 хувийг 7.5 тэрбумаар авсан юм. 2000 онд “Талх чихэр” компанийг вант улсдаа нэгтгэв Женко ёстой л ангайсан бүхнээ залгиж байлаа. “Интер”, “Капитрон”, “Улаанбаатар”, Тээвэр хөгжлийн банкийг ч өөрийн болгож, хувь эзэмших болсон гэдэг. Гэвч эдгээр банкинд хувь эзэмшдэг гэдгээ эрс няцаадаг. Тэр санасан бүхэн рүүгээ сарвайж байлаа. “ХААН” банкийг ч авахаар санаархаж үзсэн. Оросын акул гэгддэг “Альфа” банктай хамтран оролцсон ч харамсалтай нь ялагдсан. Малайзчуудтай нийлж “Анод” банкийг ч авах оролдлогыг хийж байжээ. Түүгээр ч үл барам, өнөөдрийн шуугиан тариад буй “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг авч болох юм гэдэг анхны санааг 10 жилийн өмнө Женко гаргаж байсан гээд бод доо. Агуу уран сэтгэмж шүү. Тухайн үеийн хамтрагч “Жеральд металз” компанитай нийлж, “Эрдэнэт”-ийн 49 хувийг эзэмшиж болох юм гэж бодолхийлж чадсан л байгаа юм.

"Би Х.Баттулгад дургүйдээ биш. Гэхдээ улстөрчийнх нь өнцгөөс харахад түүн шиг сонирхолгүй этгээд байхгүй. Олигтойхон ярьж ч чадахгүй"

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж

Женкод улс төрд орох хэрэгцээ байсан байх, нөгөөтэйгүүр, улс төрд түүнийг гэх эрэлт ч байсан байх. Ардчилсан нам хамгийн олон фракцтай, фракцууд нь түнжин муутай нь түүний амжилт олсон шалтгаануудын нэг юм. Түүний улс төрд орж ирсэн нь Ц.Элбэгдоржтой салшгүй холбоотой. 1998 онд Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болсноор “Женко” Баттулга тэр хоёрын салж хагацашгүй нөхөрлөл эхэлжээ. Ц.Элбэгдоржийн тусламжтайгаар тус намын томоохон фракц болох МоАХ-г өөрийн болгож чадсан нь улс төрийн нүүдэл хийх чухал зэвсэг нь болж өгсөн. Нэг үе түүний үйл хөдлөл бүр хувийн карьер, бизнестээ чиглэгдэж байсан бол МоАХ-ыг санхүүжүүлж ирсэн тэр үеэс намын тэргүүлэх лидерүүдийн нэг гэгдэх болсон. Тэрээр улс төрд гайхалтай амжилт олсон юм. Бүрэн дунд боловсролтой нэгний хувьд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр удаа дараа сонгогдож, нам дотроо ардчиллын анхны лидерүүд (Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Р.Гончигдорж, Да.Ганболд гэх мэт)-ийн хэмжээнд хүрэхүйц, зарим үед тэднээс ч илүү нэр хүнд, эрх мэдэлтэй болж чадсан билээ. Х.Баттулга нь цагдаа, тагнуул, шүүх, прокурор, гэмт хэргийн ертөнцөд өөрийг нь хүндэлдэг олон фэнүүдтэй, өөрийн хамгаалалтын албаны халхавчин доор олон сайн эрсийг тэжээхээс гадна иргэдийн утсан харилцааг замаас нь сонсох аппарат хэрэгслээр тоноглогдсон бүхэл бүтэн кабинеттай гэгдэх болов. Тэр ийм хэмжээнд хүртлээ томорлоо. Үндэсний дарангуйлагч урт шар дээлтэй хүн гэгдэж байсан Н.Энхбаярын ноёрхлын үед ч ганц аюул, айдас нь Женко байсан гэдгийг түүхэн нөхцөл байдлууд гэрчилнэ. Мафи маягийн имиж, нэр төр нь түүнд улс төрийн оноо авчирч байлаа. “Женко юунаас ч айдаггүй. Эсвэл Женкогоос бусад нь айдаг.” Тэр улс төрд ийм л дүр бүтээдэг. 2016 оны сонгуульд ялагдах хүртлээ энэ дүр нь түүнд үнэхээр ч зохиж ирсэн. Тэр Ерөнхийлөгч ч болж магадгүй нэр хүндийн өндөрлөгт хүрээд байлаа.

“Х.Баттулга бол нохой. Гэхдээ хүний биш, өөрийн нохой”  

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн

“Хүний нохой идэхээр өөрийн нохой ид” Энэ бол Женкогийн зарчим. Хэлдэг үг, хийдэг ажил нь. Бизнесийн бүх эзлэн түрэмгийллээ тэр үүгээр тайлбарладаг. Жишээгээр бол, Монголын банк санхүүгийн салбар гадныхны гарт орж байгаад эмзэглэдэг учраас банкуудыг аль чадахаараа өөрийн болгохыг хичээдэг гэсэн үг. Магадгүй энэ өнцгөөсөө түүний худалдан авалт, хувьчлалууд нь өөртөө бус Монголдоо оруулсан том хөрөнгө оруулалт байж болно. Социализмын үед барьж босгосон “Max импекс”, “Талх чихэр” зэрэг үндэсний томоохон үйлдвэрүүд зах зээлийн шуурганд нэрвэгдэн дөнгөн данган ажилласан болж, өр зээлэндээ баригдаад байхад Х.Баттулга худалдан авч босгосон. “Талх чихэр” компанийг гэхэд л эзэмшиж байсан хүмүүс нь “Голомт” банкинд нэг сая 800 мянган долларын барьцаанд тавиад, төлж чадалгүй алдсан байсныг Женко худалдаж авчээ. Тухайн үедээ ажилчдынхаа эхний зургаан сарын цалинг тавьж чадахгүй гэх хэл аманд өртөж байсан ч өндийлгөж чадсан. Чухам эх оронч сэтгэл байсан уу, ирээдүйн хонжоог харсан уу гэдгийг өнөөдөр хэлэхэд хэцүү. Гэхдээ л тэр чадсан. Томоохон үйлдвэрүүд, нэн ялангуяа хүнсний үйлдвэрүүдээ харийнханд алдахгүй, улс орныхоо аюулгүй байдлыг бодсон алхам байсан эсэхийг үгүйсгэхгүй шүү дээ. Гэвч түүнийг харлуулах гэсэн сонирхол бизнесийн хүрээнд ч, улс төрийн хүрээнд ч хүчтэй илэрдэг. Зөвхөн Женког магтах, эсвэл муулах гэдэг ажил мэргэжил хүртэл бий болсон нь нууц биш. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн түүний тухайд “Гадныхантай нийлж, Монголоо гаднаас нь зарж идэж байгаа луйварчид нэг хүний толгойг таслах хэрэгтэй болж л дээ. Х.Баттулга бол эх орноо, Монголоо гэсэн зөв бодол сэтгэлтэй хүн” гэж хэлжээ.

“Х.Баттулга над дээр орж ирээд Тавантолгойг надад өгчих гэсэн. Би ав л гэсэн”

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж

 “Х.Баттулга над дээр орж ирээд Тавантолгойг надад өгчих гэсэн. Би ав л гэсэн” Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НОХОЙ ӨРӨӨЛИЙН Харин эсрэг талд түүнийг Орос, Хятад, Сингапурын мафитай холбох нь бий. “Загалмайлсан эцэг” киноны Монгол дахь гол дүр гэж өөрийгөө харагдуулахыг хүсдэг хүн нь ч тэр өөрөө. Дүрдээ хэт итгэж, сөөнгө хоолойгоор ярьж, мөрөвчтэй цамц өмсөж, цөөн дуугарч, хар шил зүүж, спортынхныг ивээлдээ авч, соёлыг дэмжиж, зэвүүн ёж инээмсэглэж, өршөөлгүй, өсөрхөг гэдгээ үе үе мэдрүүлж... Гэвч түүнийг утсан хүүхэлдэй гэх үзэл хандлага бий. Түүний ард том бүлэглэл, Орос болон Хятадын тэрбумтнууд зогсож байдаг гэх явган цуу тархсан байдаг. Хамгийн түрүүнд Сингапурын ах дүү Лим гэгчтэй түүнийг холбодог. Тэд Х.Баттулгатай бизнесийн эртний хамтрагч учраас ийм хардлагад зүй ёсоор өртдөг байна. Хардлагыг сэдрээсэн хэд хэдэн тохиолдлыг энд дурдъя. Женко 17 чингэлэг спиртийн хэргээр эрэн сурвалжлагдаж байхдаа Сингапурт Лимийнд нуугдсан гэлцдэг. Түүнээс хойш сав л хийвэл явдаг ганц орон нь Сингапур болж хувирсан төдийгүй энэ орноос жишээ авч ярих, нэвтрүүлэг хийх дуртай. Түүнчлэн төмөр замын онц ноцтой их хэмжээний мөнгө угаасан хэргээр шалгуулахаас оргон зайлж, Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа “Либерти Партнерс” компанийн захирал Ч.Ганбат одоо Сингапурт бүгсэн мэдээлэл бий. Эдгээр баримт хоорондоо ингэж холбогдож байгаа нь зүгээр л тохиолдол уу. Эсвэл Женкогийн цаана “Баянгол” зочид буудлын нууц эзэн гэгддэг хятад угсааны ноён Лим оршин байна уу. 138 Эсвэл түүний ард бүр Оросын мафи байдаг гэх. Хартай, хагас галзуу хүмүүсийн санаанаасаа зохиосон үлгэр үү. Магадгүй л юм. Нэг зарц хоёр эзэнд үйлчлэх боломжгүй шүү дээ. Гэвч одоогоор түүний зарц уу, эзэн үү гэдэг нь ч тодорхой болоогүй учраас аль ч хувилбар байх боломжтой гэсэн үг. Түүнийг Оросын олигархи Олег Дерипаскатай шууд хамаатуулдаг. Энэ тэрбумтан, мафиоз нөхөр 2006 оноос хойш Монгол дахь ашиг сонирхлоо Х.Баттулгаар дамжуулан илэрхийлэх болсон ч гэж үздэг. Ортой, эсвэл оргүй. Ортой байх магадлал нь, Олег Тавантолгойн ордыг илэрхий сонирхож байсан. Өөрөө ч үүнийгээ зарласан. Уг сонирхлоо ажил хэрэг болгохын тулд Х.Баттулгаар дамжуулан мөнгө цацаж эхэлжээ. Зөвхөн Монголын хэвлэлүүдийг худалдаж авахад зориулж 850 мянган ам.долларыг Женко руу шилжүүлсэн гэж УИХ-ын гишүүн асан Г.Уянга бичиж байлаа. Х.Баттулга Тавантолгойн төслийг улайран гацааж, зогсоож, уйлан дуугарсны цаад учир энэ байж ч мэднэ. Тэр Тавантолгойн ордын хувьцааг төрийн мэдэлд шилжүүлж, улмаар Оросын талд шилжүүлэх даалгавартай байсан ч гэдэг. Эхний зорилго нь биелсэн. Харин хоёр дахь зорилго нь биелэхийн даваан дээр Хятадын талын ашиг сонирхлыг төлөөлөгч “MCS” компанийн сөрөг довтолгоо амжилттай болсон хэмээдэг. Түүний эсрэг эртний анд, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг нь хүртэл тавьснаар Женко буулт хийхээс аргагүй болж, Тавантолгой дахь ашиг сонирхлоо татаж авахад хүрэв. Тэгээгүй бол Төмөр замын гэх хэргээр мөн л дээлээ нөмрөхөд хүрсэн байж магад. “Нохой хамартаа хүрэхээр усч” гэдэг дээ. Женкогийн хувьд живэхийг биш, эзэндээ гөвшүүлсэн ч чиглэлээ өөрчлөн сэлэхийг илүүд үзсэн байж болох.

 

“...Сонгодог утгаараа олигархи Монголд байхгүй ээ. Нэг байгаа. Баянхонгорын гаралтай нэг нөхөр. Тодорхой улстөрчдийг хөлсөлчихсөн, байнга тэжээж, тэтгэж, ашиглаж байдаг.”

Х.Баттулга

Нэг бол “MCS”, нөгөө бол “Женко”. Нэг бол Ж.Оджаргал, нөгөө бол Х.Баттулга. Үүнийг хоёр бизнесмэний нэгнийгээ ялж дийлэхийн төлөөх өрсөлдөөн гэхээсээ илүү хэн нь амьд үлдэх вэ гэдэг Монголын хамгийн том сөргөлдөөн гэж болно. Х.Баттулга, Ж.Оджаргал гэх хоёр эрхмийн хоорондох олон эрх ашгийн төлөөх мөчөөрхөл бүхэл бүтэн улс орныг, улстөрчидтэй нь хөлдөө чирэх ч тохиолдол байдаг. Хоёр заан тулалдахад хулганууд үймэлддэгийн нэгэн адил. Энэ тэмцэл нэн эртнийх бөгөөд маш өргөн хүрээнийх. Нэг аймгаас гаралтай хоёр эрхэм ямар учраас ийнхүү нэг нэгнээ үзэхээ байж, улс төр, бизнесийн том дайн өрнүүлэх болсон нь сонин. Уг нь энэ хоёр хүнийг харьцуулах, хооронд нь өрсөлдүүлэх ямар ч шаардлага үгүй. Гэвч зориудын тийм шаардлага, захиалга нийгэмд байдаг нь хачин. Өөрөөр хэлбэл, “Энэ хоёр эрхмийн хэн нь чухам бүтээн байгуулагч вэ?”, эсвэл “Хэн нь яг жинхэнэ бизнесмэн бэ?”, “Аль нь эх оронч вэ?” гэх мэт “хоёр морины уралдаан” их өрнөх болжээ. “Женко”-гийн Х.Баттулга, “MCS”-ийн Ж.Оджаргал гэх хоёр хүний тэмцэл, сөргөлдөөн гэж харагддаг ч цаана нь эрх ашгийн том зодоон бий гэдгийг хүн бүхэн мэддэг. Женко өөрөө ч энэ талаар “”MCS"-ийн Оджаргал бид хоёр нэг нутгийнх. Ганзага энэ тэр гээд бас л адилхан зовлон зүдгүүрээс босч ирсэн. Үг хэлээ ололцох тал дээр хамгийн сайн ойлголцох улс. Гэхдээ энэ бол хувь хүмүүс, нутгархах үзлээс давсан асуудал. Архи спиртийн лиценз, хотын газрын зөвшөөрөл, барилгын зөвшөөрөл байсан бол яахав дүүрч. Харин одоо яриад байгаа бүхэн бол хэдхэн хүний гэр бүлийн, ганцхан компанийн бизнесийн ашгаас давсан сэдэв” гэж ярьж байжээ. “Зөвхөн “MCS” гэх нэг компанийн эрх ашигт нийцүүлж бодлогоо тодорхойлдог төр гэж байж болохгүй” гэж Х.Баттулга ярьдаг бол эсрэг талд “Зөвхөн Женко гэх нэг хүний эрх ашигт нийцүүлнэ гэж байхгүй шүү” гэсэн эсрэгцэл байдаг. Тухайлбал, эмч Б.Болдсайхан, элийрэгч Ц.Уянга тэргүүтэй хүмүүс Женког үзэж чаддаггүй. Б.Болдсайхан “Ганцхан хүн ийм хүчтэй байна гэдэг үнэхээр мундаг бөгөөд аймаар. Гэхдээ ард нь Оросын төрийн ба мафийн холимог баг зогсож байгаа бол бүр аймаар. Тиймдээ ч аймаар ууртай, зоригтой байгаа байх” гэж ярьдаг. Х.Баттулга болохоор “Монголд нэг олигархи байгаа” гэж хэлсэн байдаг. Түүнтэй санал нийлэхгүй байна. “Монголд дор хаяж хоёр олигархи байгаа”.

“Энэ хүний шунал яасан их юм бэ, яагаад дуусдаггүй юм. Яагаад түгжилдэж хажуу дахь руугаа хутга шааж явдаг юм. Би үнэхээр ойлгохгүй байна.”

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин

Таамгаар бол, тэр Оросын тэрбум- тнуудын мөнгөөр Монголын уул уурхайн олон лицензийг эзэмшдэг. Мөн “АПУ” ХК, Улаанбаатар банк, Дарханы төмрийн үйлдвэр, Хөтөлийн цементийн үйлдвэр, “Төгрөг нуур” нүүрсний орд зэрэг улсын үйлдвэр, аж ахуйн газруудыг маш олноор нь хямд хувьчилж авсан гэж яригддаг. Дээр дурдсан бүх өмч хөрөнгө өдгөө Женкогийн оролцоогүй. Гэвч оролцоотой гэж шуугисаар ирсэн нь зүгээр ч нэг цуурхал бас биш. Учир мэдэх хүний яриагаар бол, тэр дээрх компаниудад хувь оролцоотой байсан гэхээсээ илүү хувьчлалд нь бас гар бие оролцоод өнгөрсөн гэж ойлгож болох гэнэ. “АПУ” ХК, “Улаанбаатар” банкны хувьд асуудал нэгэнт тодорхой болсон. Эхэндээ хувь эзэмшиж, хувьчлалд оролцож байсан боловч түүнийгээ бусдад алдсан. Дарханы төмрийн үйлдвэр, Хөтөлийн цементийн үйлдвэрийн тухайд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгоос 12 сая доллараар авч байсан гэж шуугидаг. Түүний өмч хөрөнгийн тухай энэ мэт дуулиан тасрахгүй л дээ. Женкогийн уул уурхайн олон компанийн нэг Камл /CAML/ нь “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн туслан гүйцэтгэгч Хятадын 26 компанид монгол ажилчдыг зуучлахдаа ажлын нэг байрнаас цалингийн 50-иас илүү хувийг сааж өндөр ашигтай ажилладаг гэсэн мэдээлэл нэг үе хэвлэлд гарч байсан. Мөн “Номаранг”-ийн гэгдэх 120 сая долларын ихэнхийг Женко авсан гэж хэсэгтээ л шуугисан. Солонгосын “Номаранг” компаниар дамжуулан “Daewoo”, “LG” корпорациас 120 сая доллар луйвардсан гэх хэргийг уншигчид санаж буй биз ээ. Болсон процес нь одоогийн Төмөр замын гэх дуулиантай нэлээд төстэй өрнөсөн байдаг. Сингапураас Монгол руу бараа ачуулсан баримтууд “Монгол шуудан” банк, Тээвэр хөгжлийн банкуудад ирж, хоосон контейнерүүд Улаанбаатарт бууж эхэлжээ. Харин барааны төлбөрийг “Номаранг”-ийнхан Х.Баттулгын заасан данснуудад шилжүүлсэн байсан гээд л цуурхсан. 2006 оны сүүлээр Худалдаа хөгжлийн банкийг худалдаж авсан төлбөр нэрээр 65 сая ам.долларыг гадаад руу шилжүүлсэн гэх том дуулианыг тарьж байсан. Худалдаа хөгжлийн банкийг “Жеральд металз”-ийнхан Х.Баттулгад худалдсан гэдэг ч үнэн хэрэгтээ худалдаж, худалдан авсан нэрээр гадаад руу асар их мөнгө гаргасан үйл явц л өрнөсөн гэж харддаг. 2008 оноос хойш Барилга хот байгуулалт, Зам тээврийн сайд, Хөдөө аж ахуйн сайдаар ажиллахдаа төрийн мөнгийг завшсан, угаасан, шилжүүлсэн гэх олон хэрэгт нэр холбогджээ. Гэвч тэдгээр нь нэг ч удаа нотлогдож, батлагдаж байсан удаагүй. Баримт нь байгаа хэрнээ гагцхүү манай гол баатар холбоотой, эсвэл буруутай гэсэн баримт л олдож өгдөггүй зовлонтой. Тухайлбал, БНХАУ-ын “China CNP Corporation limited” корпорациас авсан ашиглагдах боломжгүй, стандартын шаардлага хангахгүй 60 сая ам.долларын зургаан зүтгүүр, мах, талх, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахад гаргасан 720 тэрбум, МИАТ-ийн 9.3 тэрбум төгрөгийн хэрэг, “Зоос”, “Голомт”, Худалдаа хөгжлийн банкуудаар 2009-2013 оны хооронд нийтдээ 475 орчим тэрбум төгрөг угаасан гэх иргэн О.Эрдэнэсолонгын хэрэг гэх мэтэд нэр холбогддог ч нотлогдсон нь үгүй. Одоо “Шинэ төмөр зам” төслийн 199 сая долларыг угаасан хэрэгт нэр холбогдож, түүний хүрээлэлд багтдаг хүмүүс баривчлагдаад байгаа билээ. Хэр баргийн хүн холбогдох нь байтугай бодож ч чадахгүй олон ноцтой хэрэг энэ мэтээр хөвөрдөг. Гэвч эдгээр таамаг нь Женког буруутай гэдгийг нотлох биш, харин их гарын тоглогч гэдгийг л тодотгосоор байна.

“Х.Баттулга гэж хүн байгаагүй бол би Олимпийн аварга болж чадахгүй байсан”

Олимпийн аварга Н.Түвшинбаяр

  Тэр их спортод хайртай хүн. Эх орныхоо нэрийн өмнөөс босож барилдаж, тэмцэж зодолдож явсан хүний хувиар тэр Монголдоо хайртай хүн. Тиймдээ ч Олимпийн анхны алтан медалийг Монголд авчрахад хамгийн том алдар гавьяаг тэр байгуулсан. Жүдо бөхийг дэлхийн түвшинд хүргэхийн төлөө гарамгай зүтгэсэн. 2006 онд Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон даруйдаа тус холбоог 22 дэд ерөнхийлөгчтэй болгож, хувиасаа жил бүр тэрбум гаруй төгрөг зарцуулсан. Үүний хүчинд Монголын жүдо бөхийн хөгжил илт сэргэж, тив дэлхийн тэмцээнүүдээс медаль түүх болсон билээ. Монгол хүн Олимпын наадмаас анх удаа алтан медаль авлаа 2008 он 141 “Х.Баттулга гэж хүн байгаагүй бол би Олимпийн аварга болж чадахгүй байсан” Олимпийн аварга Н.Түвшинбаяр Бээжингийн олимпоос монголчууд алтан медаль авсан нь Х.Баттулгын шууд гавьяа. Энэ хүн тулдаа л олон улсын шүүгчидтэй ойлголцож, олимп дэлхийн хэмжээний томоохон хэлцлүүдэд Монголын байр суурь хамгаалагдах болсон юм. Женкогийн нэр нөлөө, мөнгө, эрх мэдэл байгаагүй бол олимпийн алтан медалийг бид авч чадахгүй байсан нь гашуун боловч үнэн. Үүгээрээ олимпийн алтан медалийг мөнгөөр авсан гэж хэлэх гэсэнгүй. Гагцхүү энэ хүний менежмент, ур ухаан, спортыг ойлгож мэдэрдэг авьяас, сэтгэлийн хүчээр алтан медалийн оосроос монголчууд бид атгасан юм шүү. Олимпийн аварга Н.Түвшинбаярыг хэрвээ сум гэвэл нум нь Х.Баттулга мөн. Тэр сумаа зүгээр нэг тавьчихаагүй. Чамгүй ухаан, ур чадвар зарцуулсан гэдэг билээ. Юу гэвэл, Н.Түвшинбаярыг олимпийн эрхийн оноо авах тэмцээнүүдээс бусад тэмцээнд оролцуулахгүй нөөсөн нь тухайн олимпод амжилт үзүүлэх боломжийг нэмэгдүүлсэн. Өрсөлдөгчдөд нь Н.Түвшинбаярыг судлах боломж олгоогүй учраас хэний ч анхааралд өртөөгүй байсан залуу гэнэт цоорч, их аваргуудыг ээлж дараалан далаар нь цэвэр тавьсан нь ийм учиртай. Үүнийг л Женкогийн жинхэнэ тактик, цэвэр менежмент гэж хэлнэ. Түүгээр ч зогсохгүй, 2008 оны долдугаар сарын 1-ний эвдрэлцэл, буудалцааны дараах их эвлэрэл хүртэл энэ хүний ач гавьяа. Төв талбайдаа Монгол гэх үндэстний хувиар нэгдэн цуглаж, нийтээрээ нэгэн омогшилтой, нэгэн зүрх сэтгэл, итгэл мөрөөдөлтэй гэдгээ гүнээ ойлгон ухаарсан түүхэн эвлэрлийг Женко хийж чадсан. Ийм учраас тэр гарцаагүй гол тоглогч. Зарим үед зөвхөн гол тоглогч байгаад зогсохгүй тоглоомын дүрэм зохиогч, захиалагч нь ч болох үе түүнд бий.

“Өөрийгөө дараачийн Ерөнхийлөгч гээд итгэчихсэн нэг хүн байна. Тэр зорилгодоо хүрэхийн тулд юу ч хийхээс сийхгүй байна ш дээ.” 

 УИХ-ын гишүүн Ц.Нямдорж

Женкод нэг гайхалтай чадвар бий. Тэр нь гар бие оролцсон бүх зүйлээ бүрэн эзэлж авч, өөрийн тугаа хатгаж чаддаг чанар юм. Хэвлэл мэдээллийн салбарыг тэр яг л тийм замаар атгасан. 2004 онд УИХ-ын гишүүн болсноосоо хойш хэвлэл мэдээллийн салбар руу орж, “Дээдсийн амьдрал” сонинг ивээн тэтгэж, “Ардчилал” сонинд хөрөнгө оруулалт хийж, “Монголын мэдээ” сонинг худалдаад авчихсан. Мөн “С1” телевизийг УИХ- ын дарга асан З.Энхболдтой хамтран босгосон. Үүнээс хойш түүний тугаа хатгасан хэвлэл мэдээллийн хэрэгсэл маш олон. “Улс төрийн тойм” сонин, assa.mn, mminfo.mn сайт, “2-р суваг” гэх мэтээр үргэлжилнэ. Гэвч эцэстээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэдний эзэнг худалдаж авах нь Женкод хангалтгүй санагдсан. Ингээд тэр хэвлэл мэдээллийн хэрэгслийг сэтгүүлчтэй нь, сэтгүүлчийнх нь үзэл бодолтой нь хамт “эзэмшиж” эхэлсэн. Үүний хамгийн тод жишээ нь, Монголын урдаа барьдаг контент үйлдвэрлэгч “Херо энтертайнмент” студийг тэр эзэнтэй нь хамт залгилаа. Мөн хэд хэдэн сэтгүүлчид, уран бүтээлчдийг үзэг хийгээд үзэл бодолтой нь хамт амжилттай эзлэн авлаа. Одоо тэдний хэн нь ч эзнийхээ тухай ганц муу үг унагахгүйгээр үл барам эцсийн бэхээ дуустал Женког магтан мандуулах зорилгод үйлчилнэ. Яг ийм үзэгдэл өнөөдөр улам хавтгайрч, Женкогийн замналаар сэтгүүл зүйг түрэмгийлж байна. Мөнгөтэй улстөрч бүр хувийн сэтгүүлчтэй болж, тэд нь олон нийтэд бус эздэд үйлчилж байгаа нь үнэн бодит төрх болоод байгаа. Урхагт нь Монголын сэтгүүл зүй ямар ч хүчгүй, үнэт зүйлгүй болж, сэтгүүлчид улстөрчдийн захиалсан хөгжмийг л тоглодог завсрын уран сайханчид болж хувираад байгаа нь эмгэнэлт үнэн. Сэтгүүл зүйг “манкурт” боолчлолын ийм эмгэнэл рүү дөрлөн хөтөлсөн хүмүүсийн нэг нь маргах аргагүй манай Женко. Тэр сэтгүүл зүйг тархи угаах зэвсэг болгон ашиглаж чадсан. Чадсаар ч байгаа. Женко хүсэх юм бол нийгмийн сэтгэл зүйг удирдаж чадна. Аймшигтай сонсогдож байгаа биз. Түүнд зэвсэг нь бий. Жишээ нь ч бий. “Зуун чухал сэдэв”, “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгээр тэр олон нийтийн оюун санаанд нөлөөлж чадаж байсан. Монголын баялгийг найман замаар урд хөрш рүү зөөх гэж байгааг сэрэмжлүүлсэн нэвтрүүлэг, “Ирвэс хамгаалах сан”-гийн биологич Т.Лхагвасүмбэрэл агсан, “Мүүн”-ий урсгал гэх мэт сэдвүүдийн гол автор буюу цаад захиалагч нь Женког гэж харддаг нь ч дэмий хоосон зүйл биш. Учир нь ганцхан түүнд л ингэж чадах дайны хүч бололцоо, хур туршлага, мөнгө, баг бий билээ.

  

“Надад Улсын баатар, Хөдөлмөрийн баатар цол ёстой хэрэггүй. Энэ бүгдийг би ямар нэг шагналын төлөө хийгээгүй.”

Х.Баттулга

Женко бол эх оронч, үндэсний үзэлтэй гэдэг нь маргаангүй. Үүнийг хүлээн зөвшөөрөхийг эс хүсэгч нийгмийн бүхэл бүтэн давхарга бий боловч Женкогийн хийсэн, бүтээсэн, сэдсэн, сэтгэсэн бүхэн үндэсний бахархал, Монголын дархлааг бий болгох зорилгыг агуулдаг. Тэр өөрийн бизнесээ хүртэл энэ зарчим, ийм зорилгод нийцүүлэн хөгжүүлдэг. Тэр хэзээ ч мөнгөө ганцаараа идээд, уугаад өнгөрөхийг хүсээгүй гэж ярьдаг. Монгол оронд монгол хүн л эзэн нь байх ёстой гэж тунхагладаг. Тэр эх орныхоо ирээдүйд хэрэгтэй, үндэсний бахархлыг сэргээсэн бизнест хөрөнгө оруулдаг. Үүнийхээ шанд Женко бол эх оронч, үндэсний үзэлтэн гэх хатуу дэмжигчдийн бүхэл бүтэн фронтыг талдаа татаж чадсан. Тэрбээр ард түмнийхээ үндэсний бахархлыг нь сэргээх үүднээс Түмэн хишигтэн, Чингисийн морьт хөшөөг босгосон. Харин үндэсний дархлааг бий болгохын тулд Их Майдар цогцолборыг бүтээхээр зорьж байна. Монголын төр хийж чадаагүй бүтээн байгуулалтыг тэр хийсэн юм. Үнэхээр ч бахархал, дархлаа гэдэг бол аливаа үндэстний оршин тогтнохын үндэс. 54 метр өндөр Их Майдар бурханы бие лагшныг орчин цагийн урлагийн бүтээл болгон 108 метр өндөр суварган байгууламжийн хамт Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Зүрх Хайрхан уулын энгэрт цогцлоон босгоно. Энэ цогцолборыг бүтээхийн ач холбогдлыг Женко тайлбарлахдаа “Буддизм бол бидний дархлаа юм. Миний ойлгож байгаагаар үндэстэн болгоны хувьд шашин нь дархлаа болж байдаг. Дархлаа нэг бол улс орон нэгдэнэ. Монгол үндэстэн бахархалгүй, дархлаагүй болж болохгүй. Тиймээс бахархал ба дархлааг нь нүдэнд нь харагдаж, сэтгэлд нь тэмтрэгдэхээр бүтээгээд, босгоод өгье гэж бодсон юм” хэмээн ярьжээ. Энэ бол хэрийн бизнесмэн, баргийн улстөрчөөс гарахгүй том сэтгэлгээ юм. Зөвхөн энэ хоёрхон үг хийгээд үйлсээр нь түүнийг Монголын сод хөвүүн гэж бахдан сайшааж болно. Хэрэв нүгэл хилэнц гэж түүнд бий бол зөвхөн үүнийх нь төлөө тэдгээрийг цайруулж болно. Өөрөөр хэлбэл, Женко ингэж сэтгэж, ингэж бодож чадсанаараа өнөө цагийн жинхэнэ баатар төдийгүй эрин үеийн сэтгэгч юм.

“Эх орныхоо төлөө их зүйл хийхийг хүссэн ч энэ хүн ганцаардаж байна”

Олимпийн аварга Н.Түвшинбаяр

Монголчууд түүнээс уйдсан уу, урвасан уу. Ямартай ч хүсээгүй ялагдлыг нь амсуулж, “хийгээгүй” хэргээр нь яллаж байна. Улс төрөөс тэр өөрийн хүслээр биш, бусдын хүсэл, хүчин чармайлтаар түр хөндийрөөд байна. Гэвч хамгийн гол нь тэр гол тоглогч хэвээрээ. Бизнес дэх гол тоглогчийн роль нь улам л тэлж байгаа юу гэхээс хумигдаагүй. Улс төрд ч ялгаагүй. Хэдийгээр эрх мэдлээ алдсан ч эх орончийн үүрэг хийгээд PR-ийн хүчин чадал, нөөц бололцоо нь түүнд байсаар байгаа. Женкогоос цөөнгүй хүн нүүр буруулсны дотор дотны анд Ц.Элбэгдорж нь бий. Намынх нь нөхөд дунд нэг бус нэг хэсэг фракц бий. Өөрийнх нь дэргэд үлдсэн “дүү нар”-ынхаа ихэнхийг алдлаа. Түүний эргэн тойрны туслах, бие хамгаалагч, зөвлөхүүдийг бүгдийг шахуу баривчилж, мөрдөн шалгаж, эрэн сурвалжилж эхлэв. Уг нь цагдаа, хүчний байгууллага, бизнесийн өрсөлдөгчид нь АН-ынх атал өөрийнхөө бүтээлцсэн засаглалийн заазуурт өөрөө өртсөн. Үүний хариулт нь мөнөөх алдарт “Мөнхийн нөхөр гэж үгүй. Мөнхийн эрх ашиг л гэж бий” гэх үгэнд оршиж буй. Нэг намынх нь нөхөр Х.Тэмүүжин хүртэл “Зарим гэмт хэрэгтэн өөрийгөө хамгаалж УИХ-д нуугддаг боллоо. Жишээ нь энэ Х.Баттулга байна. Л.Гантөмөрийг Мүүн гээд, дараа нь М.Батчимэгийг тагнуул, намайг хар тамхины хэрэгт хутгах гээд сүүлдээ нэг хүүхэнтэй унтсан болгож хувиргасан кампанит ажлыг хийсэн хүн бол ганцхан Х.Баттулга. Үнэхээр их мөнгөтэй, илүүдээ гарсан мөнгөтэй, тэр их мөнгийг хаанаас олсон нь гайхалтай, одоо цагдаа нар шалгаж байгаа нь яамай. Шударгаар мөнгө олдог хүн ийм тэнэг юманд зарахаасаа харамсана. Нэг сэдэв рүү шуугиулж байгаад араар нь өөр юм амжуулах санаатай байдаг. Монгол Улс албан ёсны мафитай болчихож” гэж ярьсан. Тэгвэл Женког өмгөөлөх хүмүүс ч олон. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нэгэнтээ “Монгол Улсад хөгжих бодлого байсаар байтал хэрэгжүүлэхгүй, хэрэгжүүлэх сонирхолгүй хэсэг хүмүүс байна. Бодлого гаргах ажилд хамгийн нөлөөтэй хүмүүст буюу Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид энэ бодлогыг хэрэгжүүлэх сонирхол алга. Харин Х.Баттулга мэтийн гишүүдэд бол ажиллах бодол байна” гэж хэлж байв. Аргагүй дээ, тэднийг адилтгаваас ялгаагүй л чононууд. Нэг нь шархадсан чоно бол нөгөө нь ганцаардсан чоно бөлгөө.

“Зорилго нь хэзээ ч ханахгүй, дуусахгүй. Хүнд гар. Халуун сэтгэлт, хар шилт. Хэнд ч ойлгогдохгүй, хэнийг ч ойлгох. Хачин нууцлаг” 

 Яруу найрагч Б.Галсансүх

Х.Баттулга энгийн даруу, үг дуу цөөтэй, эх оронч, үндэсний үзэлтэй, хиргүй тунгалаг харагддаг хүн. Үг дуу ч цөөтэй. Гэм хор ч үл цухуйна. Гэвч холбогдсон хэргүүд, хийсэн үйлдлүүд нь яавч бага гарын “цагаан захтан”-ы үйл хэрэг биш байдаг юм. Тэр цөөн бус удаа асуудалд орж байсан, тэр тоолондоо хэл амнаас чимээгүйхэн мултардаг нь гайхалтай. Түүнтэй холбоотой ямар ч хэрэг утаа мэт замхран алга болдог тавилантай. Энэ хүн өнөөдөр хүчээ алдаж байна. Бизнес, улс төр, хууль эрх зүйн хүрээнд Женко ялагдал хүлээж эхэллээ. Бизнесийн хувьд хэдийгээр олон компани, хувь эзэмшил нь хэвээр байгаа ч хүсэл зорилго нь болоод байсан Тавантолгойг алдсанаар бизнесийн хамгийн том ялагдал, ирээдүйн гол хохирлоо тэр хүлээв. Тавантолгойг авч чадаагүйгээс хойш Женко бизнесийн гол тоглогч биш гэдгээ ухамсарлаж буй. Мэдээж их хөрөнгөтэй, тэргүүн баян хэвээрээ. Гэвч одоогийн хөрөнгө нь ирээдүйн Х.Баттулгын мөрөөдөл, шунал хүслийг санхүүжүүлэхэд хараахан хүрэлцэх дайны их биш. “Женко” группийн дайны компани Монголд дор хаяж 20 орчим бий шүү. Улс төрд тэр чухал дэмжлэгээ алдлаа. Өөрийн тойрогтоо нэр дэвшээд, хамгийн гол өрсөлдөгчдөө ялагдлаа. Дээр нь хууль эрх зүйн хувьд эргэлзээтэй байдалд байна. Улсын хөрөнгийг шамшигдуулсан, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр эрүү үүсэн шалгагдаж, ойр тойрны хүмүүсийг нь толгой дараалан баривчилж хориод байна. Риогийн олимпод жүдо бөхийн тамирчдаа ахлан явах үед нь зөвхөн Бразил руу ирж, очих зөвшөөрөлтэйгээр хил нэвтрэх эрх олгосон гэдэг. Ийм нөхцөл байдалд Женко одоо хэрхэх бол... Энэ хүний толгойд өнөө ч дэлхий багтсан хэвээрээ гэдэгт эргэлзэх юм алга. Өнгөрсөн 20 жилд ийм байж чадсан Женко ирэх 20 жилд ямар байж чадах вэ гэдэг нөөц бололцоог нь төсөөлж үзвэл хэн ч эрхгүй сүрдэж таарна. Магадгүй үүнээс ч агуу том Женког бид олж харж мэднэ. Түүний гэтэлт бүр нь олзондоо шунах арслан барыг санагдуулна. Тэр бизнест ч, улс төрд ч гялалзсан лидер шиг аашилдаггүй. Гэвч хамгийн их ашиг, хамгийн том олзыг нь тэр хамж ирсэн. Даруухан зантай, даржинхан боловсролтой хүн энэ бүхнийг яаж хийв ээ. Ийм замналыг тун цөөн хүн туулдаг. Тэдний амжилтад хүрсэн арга зам нь нууц, хэрэглэсэн зэвсэг нь нууц учраас тэднээс нийтээрээ сүрддэг. Хэрэв зөв зам, зөв зэвсэг хэрэглээгүй бол эрх мэдэл, сүр хүч нь нуран унадаг тавилантай. Энэ нийтлэлийг “Сицил мафи” хэмээх номынх нь эхний үгээр төгсгөе. “АЛИВАА БЭЛ ХӨРӨНГӨ ХЭТЭРХИЙ ИХ БОЛ ТЭР НЬ ГЭМТ ХЭРГЭЭС ҮҮДЭЛТЭЙ”.

 

ТАЙЛБАР: Энэхүү хөрөг нийтлэл нь 2016 оны арванхоёрдугаар сард "Зиндаа" сэтгүүлд нийтлэгдсэн бөгөөд нийтлэл бичигдэх үед Х.Баттулга нь УИХ-ын сонгуульд ялагдал хүлээчихсэн, Төмөр замын хэрэгт нэр холбогдон шалгагдаж байсныг уншигч авхай нарт сануулж байна. Тус нийтлэл хэвлэгдсэнээс хойш таван сарын дараа Х.Баттулга нь АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр тодорч, улмаар ялалт байгуулсан билээ.

 

Нийтлэлч: Д.Дамдинжав

2016-12 сар. “Зиндаа” сэтгүүл №1 /501/

 


Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 37 )

Иргэн [ 43.250.126.130 ]      |     1-р сарын 10 -нд, 07:34 минутанд

Энэ бол Баттулгын яг үнэн нүүр царай. Гагцхүү саяны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ард түмний тархийг угааж, өөрийн болон өрөөлийн тухай санаж бодож явдаг бүгдийг эргүүлж ард түмний санааг 360 градус эргүүлж чадсанд аа ерөнхийлөгч болсон юм.

nasaa [ 49.0.157.147 ] 1-р сарын 11 -нд, 13:35 минутанд

mai tenegt dund huruu

Зочин [ 43.250.126.130 ]      |     1-р сарын 10 -нд, 07:30 минутанд

Үнэн бичсэн байна. Одоогийн байж байгаа байдал дандаа хагалган бутаргах хов жив хэрүүлийн шинжтэй юм ярьж явах Энэ нөхөр улс орныхоо төлөө юу ч хийж чадахгүй улс төр хууль эрх, эдийн засаг гадаад бодлого юу ч мэдэхгүй. бизнесээ бодно

дахүмбэ [ 27.123.212.134 ]      |     1-р сарын 10 -нд, 05:34 минутанд

Баттулгий туулсан бизнист эх орон эргэд түмнихээ цус хөлсииг сорж идэх шунлаас өөр юуч алга

дахүмбэ [ 27.123.212.134 ]      |     1-р сарын 10 -нд, 05:34 минутанд

Баттулгий туулсан бизнист эх орон эргэд түмнихээ цус хөлсииг сорж идэх шунлаас өөр юуч алга

jui [ 41.85.161.170 ]      |     1-р сарын 10 -нд, 01:57 минутанд

Сайн байна уу Бид ядуусыг дэмжиж, тэмцэж байгаа ядуурлыг бид богино, дунд, урт хугацааны зээл санал болгодог нэр томъёо. Та банк хориглоно та санхүүгийн асуудалтай байна уу, гацсан, эсвэл та өөрийн төслийг холбох шаардлагатай санхүү байна,  гэрийн зээл. Бид асар их хурд, найдвартай байдал нь жилийн 3% -ийн ханшаар хувь хүн болон худалдаачдад зээл санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина уу. vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com WhatsApp: 0033644664081

Zochin [ 59.153.113.190 ]      |     1-р сарын 10 -нд, 01:52 минутанд

Yag ene bichsen shig gej bodoj handah ni utgagui .undesnii 2 uildveree avarsan setgeliig harahad ene hund tiim ih shunal bhgui gedegt itgeltei bna. Zugeer suuj hanahaa medehgui shunaltai shuumjildeg humuus biznes oldoh uedee olj hunii shunaliig ugui bolgoj chaddag zuil shuu gedgiig medehgui bj bichjee

ЗОЧИН [ 122.201.25.46 ]      |     1-р сарын 10 -нд, 00:59 минутанд

БАТТУЛГА ЕРӨНХИЙЛӨГЧ Л МОНГОЛ УЛСЫГ УЛС ШИГ УЛС БОЛГОНО ДОО.

Amina [ 122.201.24.127 ]      |     1-р сарын 09 -нд, 17:31 минутанд

Jenko sudlalyn instutiin zahiralyn yafmaghan araa bodson yaj ch medne gesen sanaa zuhalzsan bichver umdag hoorhos odoo chichirch yavaa daa hamryn dor hagarhai zuraas bolj

Зочин [ 202.9.44.65 ]      |     1-р сарын 09 -нд, 17:14 минутанд

Ээ күүрээ эн нөхрийн төлөө саналаа өгсөн юмсан. Ийм гэж ёстаа бодсангүй шүү

Thh [ 66.181.161.65 ] 1-р сарын 09 -нд, 17:39 минутанд

Thh

Gerel [ 89.65.92.134 ] 1-р сарын 09 -нд, 23:39 минутанд

Yasan ooroo itgej ynemshij bna uu

нүд чих [ 49.0.212.248 ]      |     1-р сарын 09 -нд, 17:02 минутанд

Энэ нийтлэл женкогийн түүхийг хар цагаанаар нь бодитоор бичсэн юм шиг байна.Манай бизнесийхэн болон,цагаан захт луйварчингуудтай харьцуулахад аргагүй хотны банхар болох нь тодорхой байна.Хээрийн чонотой нийлсэн банхар нохой хаяагаа хадардаг,үүрэндээ өлзийтэй биш, өштэй мэт.байдгийг монголчууд мэднэ. Муугаар бичээд байгаа чонотой нөхөрлөхийг илүүд үздэг нөхдүүд мэдэж аваарай.

зомби [ 27.123.212.139 ]      |     1-р сарын 09 -нд, 15:43 минутанд

магтаал гэж ойлголоо захиалгаар бичжээ.. бид боловсролыг бус хvчийг херенгийг унэлдэг болжээ энэ та нарт цус л авчирна даа.. дараа нь хэдэн уеэрээ цусаараа телж мэдэх юм шуу одоо бол Женко надад таалагддаг гэхдээ л мер нь цус унэртуулдэг

Dorlig [ 89.65.92.134 ] 1-р сарын 09 -нд, 23:40 минутанд

Enees deer Xen bna? Odoi

gal [ 180.149.98.42 ]      |     1-р сарын 09 -нд, 14:20 минутанд

zugeer ch neg nohoinuudiig zugeer bailhgahgui l nohoi l doo

gotob [ 103.26.193.172 ]      |     1-р сарын 09 -нд, 12:51 минутанд

bvgd l ingej holjson shtee ,noming garbal basl ingej bicheh bhdaa ,tamiin togoonii vher mongol ,chingelger ni spirt zoogoogvi hvn bdag uymuu bch zoojil blaa harinch alt nvvrs uhaj uls ornoo zaraagvi saishaaltai hvn uym bn

zochin [ 66.181.161.66 ]      |     1-р сарын 09 -нд, 12:38 минутанд

Davjaaa bietei dalban chihtei danhar tolgoitoi ter yu ve

Ганбаатар [ 66.181.160.29 ]      |     1-р сарын 09 -нд, 11:19 минутанд

Хэний нохой болохыг харах л үлджээ. Хууртаж ханадаггүй монголчууд. Хуушуурнаас өөр тансаг хоолгүй монголчууд.

Женко [ 202.179.26.103 ]      |     1-р сарын 09 -нд, 10:19 минутанд

Алд бие минь булчинлаг Ахуй төрийг базахад булчин хэрэгтэй

juju [ 66.181.178.60 ]      |     1-р сарын 09 -нд, 09:10 минутанд

JINKO nadad tuslaach

Дармаа [ 66.181.184.155 ]      |     1-р сарын 09 -нд, 07:43 минутанд

Ямар их бялдуучлал вэ? Баттулга бол зүгээр л шуналаа дийлдэггүй хүн гэж л энэ бичсэн зүйлсийг уншихад харагдлаа. Үнэхээр аугаа байхыг хүсэж байгаа юм бол ганц үйлдвэр барьчих. Үгүйдээ Баянгол буудлаа аятайхан аваад явчих хэрэгтэй биш үү

123 [ 202.9.43.193 ]      |     1-р сарын 09 -нд, 06:46 минутанд

shunal ihdwel shulam gej end eh ornii vner ch alga. eh oron bol ard tvmen. tedniigee uuriin erh ashigt ashiglaj zoliosolj bsan hvn hezeed baatar bolohgui

Boli odoo [ 202.9.44.73 ]      |     1-р сарын 09 -нд, 06:20 минутанд

Zarim ni bugsii ni doloohodoh gevl doloohne mgl yalna ch geh shig. Yumiig 1 talaas harj hey tuilshrah sainii yor ogt bish. Denduu haralgan bna da aliigaa medhgui ulsuud

ЗОЧИН [ 122.201.25.46 ]      |     1-р сарын 09 -нд, 06:18 минутанд

БАТТУЛГА ЕРӨНХИЙЛӨГЧ Л МОНГОЛ УЛСЫГ УЛС ШИГ УЛС БОЛГОНО ДОО.

Ха [ 150.129.141.165 ] 1-р сарын 09 -нд, 17:07 минутанд

Шаана биз

Pee [ 150.129.143.161 ]      |     1-р сарын 09 -нд, 06:14 минутанд

Yamar urt ym bee. Yaj bichdeg bna aa

зочин [ 202.179.25.213 ]      |     1-р сарын 09 -нд, 06:00 минутанд

Баянхонгороос 2 Нохой төрсөны нэг нь Эх орон Газар шороогоо хамгаалсан нөгөө Нохой нь гадны Чононуудтай нийлж Байгалийн Баялгаа гадагш нь зөөж хэдүүлэхнээ Баяжиж буй гадны Нохой гэж Бямбасүрэн гуай үнэхээр онож дүгнэсэн дээ

Зочин [ 103.229.121.164 ]      |     1-р сарын 09 -нд, 06:00 минутанд

Сайн мэдэхгүй юм! Социализмийн үеэс л сайд нарыг таньдаг байсан нь нөлөөлсөн байх!

с [ 150.129.141.112 ]      |     1-р сарын 09 -нд, 05:41 минутанд

энэ дэмжээд үхэх гээд байдаг улсуудыг нэг л өдөр энэ женко нь ашиг хийж зараад идчихнэ гэдгийг ойлгохгүй л байх даа.

Сицил [ 202.21.108.200 ] 1-р сарын 09 -нд, 07:29 минутанд

Чамд тэгээд ямар хувилбар байгаа юм, баасанхүү, ми энколд байгаа юм уу? Ишшшш

Z [ 49.0.135.2 ]      |     1-р сарын 09 -нд, 05:26 минутанд

Jenco mandan badrag hurai hurai hurai

Z [ 49.0.135.2 ]      |     1-р сарын 09 -нд, 05:26 минутанд

Ydag ym chadaj bga ymand arga bhgvi

mn [ 202.131.243.190 ]      |     1-р сарын 09 -нд, 05:20 минутанд

зохиол оо зохиол

Baliar liuvarchin [ 112.72.11.115 ]      |     1-р сарын 09 -нд, 04:43 минутанд

Bayalag buteedeggui zugeer hulgaildag.

Baliar liuvarchin [ 112.72.11.115 ]      |     1-р сарын 09 -нд, 04:43 минутанд

Bayalag buteedeggui zugeer hulgaildag.

Baliar liuvarchin [ 112.72.11.115 ]      |     1-р сарын 09 -нд, 04:43 минутанд

Bayalag buteedeggui zugeer hulgaildag.

Baliar liuvarchin [ 112.72.11.115 ]      |     1-р сарын 09 -нд, 04:43 минутанд

Bayalag buteedeggui zugeer hulgaildag.

sara [ 1.25.153.218 ]      |     1-р сарын 09 -нд, 04:24 минутанд

iim hun l mongold heregtei.archaagui yum naraar yadag yum.Battulga bol cool.ih zov hun.ireedui tsag hugatsaa haruulna.oros singa ovoo nariig hulhidana.haraarai.

mgl [ 122.201.22.10 ]      |     1-р сарын 09 -нд, 04:18 минутанд

Iim l luivarching songochihood mongol yallaa geed bgaa teneguudiig haraad orovdoh yum . Ikh deerees unnahad iluu ih l ovdoh bh daa

с [ 150.129.141.112 ]      |     1-р сарын 09 -нд, 03:43 минутанд

Алхсан гишгэсэн бүр нь хамгийн том луйвар

zochin [ 202.179.26.158 ]      |     1-р сарын 09 -нд, 03:36 минутанд

erunhiilugchruu bitgii dairaad bgaarai YAnz buriin yumni gar hul bolj yavdgaa bolioch

jenko [ 202.9.40.181 ]      |     1-р сарын 09 -нд, 03:22 минутанд

wow