Б.Баатарсүх: Томуу, томуу төст өвчин зөвхөн Монгол улсын асуудал биш

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 09

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын тандалт, урьдчилан сэргийлэлтийн албаны дарга Б.Баатарсүхээс томуу, томуу төст өвчний талаар тодрууллаа.

-Сурагчдын амралт эхэлснээр томуу болон томуу төст өвчний тархалт хэр байна вэ?

-2017 оны нэгдүгээр сарын 2-ны  байдлаар томуу, томуу төст өвчин 12.2 хувьтай байсан. Харин 2018 оны нэгдүгээр сарын 2-ны байдлаар 11.3 хувьтай байна. Өнгөрсөн оны мөн үеэс 0.9 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм. Томуу, томуу төст өвчний 80 орчим хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж байна. Гэхдээ он гарснаар эхний долоо хоногийн байдлаар 11.3 хувьтай байгаа. Дараа долоо хоногт хэд болох нь тодорхойгүй.

-Нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагын зүгээс ямар арга хэмжээ авч байна вэ?

-Дүүргүүдийн нэгдсэн эмнэлэг ачаалал ихтэй байна. Үүний дагуу ор нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаа. Үүнд насанд хүрэгчдийн орыг хүүхдийн тасаг руу шилжүүлэх мөн эмнэлгийн байр, нөөц орон зай болох хүүхдийн тоглоомын өрөө, эмчилгээний өрөө, эмч нарын өрөөг суллаж нэмэлт орнуудыг байрлуулж байгаа юм. Хүүхдүүдийг эмнэлгийн хонгил, шалан дээр хэвтүүлэхгүйн тулд эрүүл мэндийн байгууллагаас нэн түрүүнд дээрх арга хэмжээг авч ажиллаж байна. 0-5 насны хүүхдийг гэрт нь эмчилж асруулахын тулд эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгож байгаа. Энэ нь маш чухал юм. Эмнэлэгт хэвтээд өөр вирусээр давхар өвчилж, нэмэлт халдвар авах магадлалтай учир аль болох гэрт нь эмчийн зөвлөгөөний дагуу асаргааг цаг тухайд нь хийж, гэрт нь тусгаарлах нь хамгийн зөв эмчилгээний арга болоод байна. Оноос өмнө орны ачаалал 70-80 хувийн ачаалалтай байсан. Харин он гараад  30-40 хувийн орны ачаалалтай ажиллаж байна. Үүнээс үзэхэд өвчлөл тодорхой хэмжээгээр буурсан нь харагдаж байгаа юм.  

- Бага насны хүүхдийн дунд томуу, томуу төст өвчлөл их байгаа нь юутай холбоотой  байна вэ?

- Томуу, томуу төст өвчлөлөөр 0-5 насны хүүхэд өвчилж байна. Яагаад гэвэл амьсгалын замын эрхтэн нь богино байдаг. Хүүхдийн өөрийн эрхтэн системийн онцлог нь агаарын харшлын замын өвчнийг хүлээж авах нүхжилт үүсэх бүрэн боломжтой. Мөн бага насны хүүхдийн дархлаа нь бүрэн тогтоогүй гэх мэт зүйлээс болж хүүхэд амархан өвчлөлд өртдөг. Тухайн хүүхдэд асаргаа сувилгаа дутагдсан, дур мэдэн эмчилгээ хийх гэх мэт олон шалтгаанаас болж өвчин хүндрэх магадлалтай. Өвчлөлөөс сэргийлэхийн тулд хүүхдээ дулаан хувцаслах, амин дэмээр баялаг хоол хүнс өгөх, орчны эрүүл ахуйгаа цэвэр байлгах ёстой юм. Арванхоёрдугаар сар, нэгдүгээр сар, хоёрдугаар сард томуу, томуу төст өвчлөлийн вирус идэвхитэй байдаг үе. Энэ нь зөвхөн Монгол улсын асуудал биш. Сэрүүн хойд бүсийн улс орнуудад цаг агаарын байдалтай холбоотой томуу, томуу төст өвчлөл өндөр байгаа.

-Ханиад хүрсэн үед заавал антибиотик хэрэглэх шаардлагатай юу?

-Вирусын гаралтай өвчин учраас ханиадны шинж тэмдэг дөнгөж эхлэх үед шууд антибиотик өгөх нь эмчилгээний тактик биш. Дөнгөж ханиад хүрч эхлэхэд нь гэрт нь тусгаарлаж, дулаан хувцаслаж, халуун бүлээн шингэн зүйл их хэмжээгээр уулгах ёстой. Илчлэг чанар ихтэй хоол өгч, аарц, аньс, чацаргананы шүүс, цагаан гаатай сүү, зөгийн балтай сүү, сармистай шөл өгөх зэргээр хүндрэхээс нь өмнө эмчилж болно. Нэн түрүүнд антибиотокоор эмчилж болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Мөн эмчийн бичиж өгсөн эмчилгээг яг зааврын дагуу хэрэглэх нь зүйтэй.

-Мөн хамар, хоолойд утлага хийж ариутгадаг энэ нь  хэр үр дүнтэй арга  вэ?

-Вирусын халдварын үед амьсгалын замын эрхтэнг зонхилж гэмтээдэг учир урьдчилан сэргийлэх болон эмчилгээний зорилгоор ам, хамар, хоолойд утлага хийх нь ач холбогдолтой. Утлагыг содын уусмалаар хийнэ. 200 мл усанд 4,0 грамм хүнсний сода хийгээд буцалтал халааж, толгойгоо банны алчуур зэргээр бүтээж 10-15 минут хамраараа уур амьсгалж, амаараа гаргах байдлаар өдөрт нэг удаа утахад болно. халуун ус, ууранд түлэгдэхээс болгоомжлох хэрэгтэй.

-Байгууллага аж ахуйн нэгжид зөвлөгөө өгөхгүй юу?

-Сургууль, цэцэрлэгт ирцийн тандалт хийж, томуугийн сэжигтэй хүүхдийг гэрээр нь байлгах, гар угаах угаагуурын тоог нэмэх, шингэн саван, бүлээн ус, ариутгах бодис, гарын хатаагуур зэрэг нөхцлийг сайжруулах, агааржуулах, ариутгах, халуун хоол, ундаар үйлчлэх, маск зүүлгэх.  

Улс, хувийн хэвшлийн байгууллагууд ажил, үйлчилгээгээ хэвийн явуулах нөхцөлийг хангах, ажлын байранд цэвэрлэгээ, агааржуулалт, ариутгал хийх, албан хаагчид, ажилчдаа витаминжуулах, маскжуулах, гар угаах нөхцөлийг бүрдүүлэх,чанартай хоол ундаар үйлчлэх, илүү цагаар болон даарах, ядрах гэх мэтийн хөдөлмөрийн таагүй нөхцөлд ажиллуулахаас зайлсхийх хэрэгтэй. Шаардлагатай ажил мэргэжлийн хүмүүсийг вакцинжуулах, ажилчдын ар гэр, ахуй амьралд нь анхаарал тавих, томуугаас сэргийлэх энгийн аргуудыг байгууллага дээрээ хийх, энэ төрлийн мэдээллийг авах боломжийг сайжруулах ёстой. Бүх байгууллагууд өгч байгаа зөвлөмжийг баримтлан үйл ажиллагаагаа явуулах нь гарз хохирол, хүндрэл багатай даван гарах нөхцөл юм.

Э.Цэрэнлхагва

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top