Ж.Гүррагчаа: Сансарт жин байхгүй ч масс гэдэг ойлголт хэвээрээ

Монгол улсын анхны сансрын нисгэгч, БНМАУ-ын баатар ЗХУ-ын баатар, Хошууч Генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаа:  САНСАРТ ЖИН БАЙХГҮЙ Ч МАСС ГЭДЭГ ОЙЛГОЛТ ХЭВЭЭРЭЭ 

Союз-39 хөлгийн багийхан газардсаны дараа 1981 оны 3 сарын 30

Яагаад заавал хоёр тойрог нисдэг юм бэ?  

Энэ хоёр тойргийн хугацаанд бүх үзүүлэлтийг бүгдийг нь хэмжинэ. Сансрын хөлөг гарах ёстой өндөртөө гарч, авах ёстой хурдаа авч, хөлгийн бүхээгийн системүүд хэвийн ажиллаж байна гэдгийг тогтоосны дараа, тойрог замдаа орчихжээ гэдэг ойлголтыг хаа хаанаа аваад дараа нь скафандраа тайлдаг. Хэрэв ямар нэгэн юм болохгүй бол буцаж бууж ирэх арга хэмжээ л авна, тийм биз.

Скафандртай байгаа шалтгаан нь тэр байх нь ээ? 

 Яг тийм. Тойрог замдаа хүрсэн байна гэж үзсэний дараа газрын командаар хувцас хунараа тайлдаг. Хөлөг гурван тасалгаатай. Амралтын тасалгаа гэж бөөрөнхий юм байна. Ард нь бидний буугч аппарат байна. Түүний ард тоног төхөөрөмжийн агааргүй тасалгаа бий. Урд талд нь бин битүү байдал хангагдсан хүн амьдрах тасалгаа байгаа. Тэр өрөө рүүгээ шилжиж ороод хувцас хунараа тайлна. Скафандраа хатаадаг сэнсэнд холбоно. Хувцас хунар, дотуур хувцсаа ч тайлах ёстой. Шинэ дотуур хувцас өмсөж, нислэгийн ердийн хувцсаа өмсөөд дараа дараагийнхаа ажилдаа орно. Цагаан комбинзон өмсөх үү? Нислэгийн хувцас бол цэнхэр хувцас бий. Тэр хувцастайгаа үйл ажиллагаа явуулна. Энэ байна /Сансарт өмссөн хувцсаа үзүүлэв/.

Ямар сонин юм бэ? Материал нь даавуу юу? 

 Материал нь даавуундуу.

Цагаан комбинзонтой л төсөөлөөд байсан чинь цэнхэр юм байна. Тэр үед манайд өнгөт зурагт байсан биш дээ /инээлдэв/. Одоо санахад цэнхэр хувцастай зураг байдаг шүү дээ.  

Цагаан комбинзон чинь үндсэндээ скафандр шүү дээ. Ер нь цагаан, цэнхэр, ягаан ийм л гурван өнгийн хувцас байдаг. Ягаан нь буцаж бууж ирсний дараа холоос илрүүлэхийн тулд далай тэнгис дээр буусан тохиолдолд өмсдөг.

Дараагийн ажил нь юу байсан бэ?  

Тойрог замд ороод хөлгийнхөө бүх үзүүлэлтүүдийг шалгасны дараа амралтын жаахан хугацаа бидэнд өгдөг. Хоол ундаа идэх, биеэ засах, олон төрлийн хуурай нойтон салфеткаар нүүр гараа угаах боломжтой. Тэгээд л программын дагуу ажиллана. Гэхдээ тодорхой хугацааны дараа унтаж амарна.

Жингүйдлийн нөхцөлд хүн яаж унтдаг юм бэ?  

Амралтынхаа тасалгаанд унтлагын уутанд ороод унтчихна.

Маргааш нь шууд судалгааны ажилдаа орсон уу?  

Маргааш өдөр бол хамгийн хариуцлагатай. Яагаад гэхээр станцыг олж залгалт хийх хэрэгтэй. Тийм учраас газрын командаар үйл ажиллагаа явуулж 2-3 маневр хийнэ. Хэдийгээр бид Салют станц нисэж байгаа нэг хавтгай дээр эргэж байгаа ч бид доод талд нь, станц дээд талд нь байгаа. Тийм учраас хоорондоо өчнөөн мянган км-ийн зайтай. Хөлөг, станц хоёр яг ижил 8 км/сек хурдтай, гэхдээ нэг нь богино радиусаар, нөгөө нь өргөн радиусаар явж байгаа учраас доор явж байгаа нь түргэн гүйцэх боломжтой. Ийм замаар дөхөж очдог. Дөхөж очсоны дараа маневруудаа хийгээд тойрог замынхаа өндрийг өндөрсгөнө. Станц 400 км өндөрт байгаа бол бид 300 орчим км өндөрт. Тэр өндрөө нөхөж бараг ойролцоо очдог. Ингээд хоёр маневр хийсний дараа хөлөг, станц хоёр их ойрхон очиж нэг өндөрт гараад ирнэ. Ойрхон гэдэг маань 10-20 км гэсэн үг.

Энэ нь сансрын хувьд ойрхон зай гэсэн үг үү?  

Ижил хурданд бол ойрхон зай. Дараа нь холбох автомат систем ажиллаж бие биенээ хайгаад олдог. Хөлөг, станц хоёр ойртоход хөлгийн хөдөлгүүр ажиллана. Идэвхтэй хэсэг нь хөлөг. Идэвхгүй хэсэг нь Салют станц. Станц хөлөг ирж байгаа тэр тал руу холбох зангилгаагаа харуулах үүрэгтэй. Бүр ойртоод ирэхэд антеннууд бие биенээ чиглээд ажиллана. Станцын таг бол хөндий юүлүүр шиг, 80 см диаметртэй. Бид штангаараа энэ конус дотор цохих ёстой. Ингээд конус дотор багтааж цохиход гулгаад эцсийн цэгт очиход нь барьж аваад түгжчихнэ. Штанг механикаар ажиллаж татаад эхэлдэг. Эрэг шиг л юм даа. Хөлөг станц хоёр ойртож олон нүхнүүд рүү зүүнүүд нь яг бие биенээ олж орох ёстой. Залгалт хийсний дараа энэ хоёр кольцон дээр бие биенээ бариад авдаг дөрвөн том механизм бий. Тэд бие биенээ барьж аваад чангалчихна. Энэ хоёр хавтгайн хооронд хоёр давхар резинэн цагариган бүстэй. Ингээд резин тавиад шахчихад агаар алдахгүй бин битүү болно.

Хаалгаар орж гараад байгаа харагддаг. Тэр хаалга яаж бий болох вэ? 

 Бин битүү болоод хоёр дахь механик холбоо үүссэний дараа анхны механик холбоо тасарчихдаг. Хаалга яаж үүсэх вэ гэхээр конустай тал нь станцынхаа талаас, бидний штангтай хэсэгт хөлгийн амралтын тасалгаан дотор эргээд хоёр тийш нь болгочиход энэ хооронд нүх гарч хөлгөөс станц руу зорчдог коридор бий болно. Энэ хоорондох бин битүү байдлыг шалгаад, хөлөг станц хоёрын хооронд даралтыг яг ижил болгоод олон удаа шалгалт хийсний дараа люкүүдээ нээж газрын командаар нөгөө станцдаа зочин баг очдог. Бэлгээ бариад, тугаа мандуулаад л бид хоёр очсон доо.

Бичлэг нь зурагтаар гарч байсан шүү.

Ингээд дөрвүүлээ болоод ажиллаж эхэлсэн. Долоо хоногийн хугацаанд гурван төрлийн гэж болох туршилтуудыг хийсэн. Нэг дэх нь физик техник, техник технологийн Алтай-1, Алтай- 2, Эрдэнэт туршилтууд. Нөгөө нь эмнэлэг биологийн туршилт. Хүний бие организм дээр буюу сансрын нисэгчдийн бие дээр хийдэг туршилт гэж ойлгож болно. Биоритм, цусны эргэлт, мэдрэхүй гээд олон юм бий. Гурав дахь хэсэг нь байгаль, тандан судалгааны ажил. Бид нийт 30 орчим нэр төрлийн туршилтыг хийсэн. Мөн сурвалжлага, телевизийн нэвтрүүлэг хийх, мэндчилгээ дэвшүүлэх гээд олон ажил байсан. Хүүхэд багачууддаа зориулсан “Боролдойн цаг” гээд хөөрхөн нэвтрүүлэг бид явуулсан. Тэр үед ардын хувьсгалын партизан 45 хүн байсан юм. Тэдний захиа даалгаврыг авч явсан. Найрамдал, хамтын ажиллагаатай холбоотой Алтанбулагийн шороо, Халх голын шорооны дээж авч явсан. Нэгэнт Монгол Улсаа төлөөлөөд сансрын тойрог замд гарсных дэлхийн хүн ардад хандаж мэдэгдэл хийсэн. Ингээд Владимир Коваленок, Виктор Савиных нартай бид хамтарч ажиллаад 3 дугаар сарын 30-ны өдөр буцаж эх дэлхийдээ бууж ирсэн.

МАНАЙХАН БИД ХОЁРЫГ МОНГОЛ ХҮНИЙ ЁСООР ХАДАГ СҮҮТЭЙ УГТАЖ БАЙЛАА

Казакстанд газардсан. Газардахад яг ямар байв?

Буцаад буугаад ирэхэд Казакстаны уудам талд Жесказган хотоос 130 км-ийн зайд цэлийсэн талд буусан. Сансрын хөлөг маань их том шүхэртэй доошилж бууж ирдэг. Хажуугийн салхитай байсан болохоор жаахан хөөгдсөн маягтай л буусан. Хөдөлгүүрүүд ажиллаж байгаа нь мэдэгдсэн. Газардлаа гэдэг нь ч мэдэгдсэн. Газардсаны дараагаар газар дээгүүр өнхрөөд л алга болсон. Агаар дүүрэн 1000 м.кв шүхэр унтартлаа бас хугацаа орно. Буугч аппаратны хажуу талд сэртгэр юм бий. Туслах шүхэрний таг байгаа юм. Дараа нь харж байхад газрыг онги онги татчихсан байсан. Хажуугаараа ч, толгойгоороо ч өнхөрсөн байдаг. Тэгээд хажуу тал дээрээ тогтчихсон. Би дээд талд нь, командир доод талд нь. Бие биендээ баяр хүргээд байж байтал хайгуулын улс ирээд тогшиж, бид дотроос нь дохиогоо өгөөд л буулгаад авчихаж байгаа юм.

Манай гараг үлэмжийн сайхан юм. Бид түүний дээгүүр асар хурдтай нисэн өнгөрч байгаа учир хоногийн дотор үүрийн шаргал туяаг 16 удаа угтаж, үдэж байна. Энэ өндрөөс улс орнууд төдийгүй бүхэл тивүүд харагдаж Ази тивийн төвд оршдог манай орноос асар холын тив тивийн ард түмэн, бүх улс орнууд орчлонгийн уудамд асар хурдтай дүүлэн нисэх сансрын хөлөг шиг нэгэн гарагийн эзэд билээ. Тиймийн учир газар дэлхийгээ онцгойлон хайрлаж, энх тайван, амар амгалан амьдралыг эрхэмлэх ёстой. Монголын анхны Сансрын нисэгч Ж.Гүррагчаа тойрог замын цогцолборын бүхээгээс дэлхийн хүмүүст илгээсэн илгээлтээс

1981 он

Манай монголчууд та хоёрыг хэрхэн угтаж авсан бэ?

Эхлээд эрэл хайгуулынхан, дараа нь сэтгүүлчид ирсэн. За тэгээд манай Монголын төлөөлөгчид ирж байгаа юм. Тэр үед бид хоёр гараад сандал дээр суучихсан байсан. Нисдэг тэргээр ирээд гараад гүйцгээж байна аа. Хамгийн түрүүнд л камер барьсан хүмүүс, сэтгүүлчид, бас дарга удирдлагууд явж байна. Угтаж авсан улсуудын дотор Намын төв хорооны үзэл суртлын хэлтсийн дарга Түмэндэлгэр гуай, Чадраа гуай хоёр байсан. Харсан чинь сумын наадамд морио уралдуулсан уяачид шиг л гүйж явна. Гүйж явах хоорондоо л морь нь түрүүлээд нэг их баярлаж байгаа хүн байдаг шүү дээ. Яг л түүн шиг. Хөөе нөгөө аяга хаана байна, сүү хаана байна, хадаг хаана байна гээд л. /инээлдэв/ Ингээд л гүйчихсэн хурдалж ирлээ. Хадаг, дүүрэн сүүтэй аягатай барьсан чинь манай Жан зогсоолоо. Эмнэлгийнхэн ч “Хүүе болохгүй. Элдэв бусын юм идэж ууж болохгүй” гэлээ. Гэхдээ л манайхан бид хоёрыг монгол хүний ёсоор хадаг сүүтэй угтсан даа. Тэнд бас нэг бэлгэ дэмбэрэлтэй юм болсон. Монголчуудын газрын их баялаг Эрдэнэтийн зэс, таны сансарт нисээд бууж ирсэн Казакстаны их тал газрын баялаг Жесказганы зэс гээд зэсийн хавтан барьчихсан угтаж байсан. Ганзориг маань ирээд нисдэг тэргээр Жесказган дээр очоод, тэндээ баярын арга хэмжээ болж онгоцонд суугаад Ленинск хот руу явсан.

Танд тэр үед юу хамгийн их бодогдож байв?

Ер нь хүн орчиндоо амархан дасдаг. Хөл бол хэдэн цагийн дараа чадал орж байгаа юм. Гэхдээ л яг өдөр тутмын гүйж харайдаг шиг биш. Тэнхээ жаахан муутай. Нэг бодогдоод байсан юм юу гэхээр онгоцонд сууж байсан ч гэсэн сандлаасаа түлхчихэд л хөвчихөж болмоор санагдаад л...

Газар дээр буучихсан хойноо юу?

Би бүр хоёр хоногийн дараа Байконурын зочид буудлын коридороор явж байхад хүртэл тэгж бодогдоод байсан. Бие жигтэйхэн хөнгөхөн сайхан. Жаахан түлхчихэд л би ингэж алхаж гишгэж явалгүйгээр тэнд хүрчихмээр ч юм шиг.

Жингүйдлээс шууд газрын татах хүч рүү орж ирэхэд танд юу мэдрэгдсэн бэ?

Жингүйдлээс газрын татах хүч рүү ороод ирэхэд бол газар дээр явахад нэлээн төвөгтэй болчихдог. Долоо хоног гэдэг урт хугацаа биш. Гэхдээ тэр хугацаанд хүний бие организм тэр нөхцөлдөө дасчихсан байдаг. Харин газрын татах хүч бол асар их хүчээр дээрээс дараад байгаа юм шиг, эсвэл нэг их том ачаа үүрчихсэн ч юм шиг тийм мэдрэмж төрүүлсэн. Хөл долоо хоногийн турш цусан хангамж муутай байсан учир явах чадвар нэлээн муу. Хоёрдугаарт хөлийн явдаг практик үйл ажиллагаа гэдэг зүйл сансарт бол байхгүй байлаа.

Жингүйдлийн орчинд яаж явах вэ?

 Жингүйдлийн орчинд нэг цэгээс нөгөө цэгт очихын тулд эсрэг талынхаа хана руу жаахан түлхчихэд л аяндаа хөвөөд нөгөө талдаа очно шүү дээ. Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй юм. Хэдийгээр сансарт жин гэдэг ойлголт байхгүй боловч масс гэдэг ойлголт хэвээрээ. Тийм учраас би асар хүчтэй түлхээд нөгөө хананд очоод цохих юм бол яаж өвдөж хавдах вэ, тэр бүхэн яг бодитоороо болно.

Тийм ч амархан биш юм байна.

Хүн бодохдоо нэгэнт жингүй юм чинь тэнд очоод бараг ямар ч юм үүсэхгүй гэж боддог. Тийм биш. Масс гэдэг зүйл байгаа учраас тэр хүчийг тааруулах хэрэгтэй. Одоо бол сансрын хөлөг нэг их том биш байна. Ирээдүйд миний энэ албан өрөө шиг хөлөг бий болдог юм бол, хэрвээ би хүчээ тааруулалгүй эндээс түлхээд дунд хавьд нь зогсчих юм бол надад ер нь хөдөлгөөний эх үүсвэр гэж байхгүй болно. Хэчнээн явах гээд ч нөгөө тийшээ хөдөлж чадахгүй. Надад түлхэх хүч хэрэгтэй. Тийм учраас тэр хүчээ ч гэсэн тааруулж сурдаг учиртай байдаг.

Та жингүйдлийн орчинд чүдэнз зурж үзэв үү?

Чүдэнз зурж байгаагүй. Гэхдээ яаж асахыг бол мэднэ.

Яаж асах вэ?

Анхны сансрын нисэгчдээс сургуулийн хүүхэд асуусан гэдэг шүү дээ, энэ асуултыг. Жингүйдлийн орчинд чүдэнз зурвал дөл нь ямар байх вэ гэвэл модныхоо үзүүр дээр бөмбөг шиг зүйл байх ёстой.

Сансрын уудамд хөлөг юугаар ажиллаж явах вэ?

 Сансрын хөлөг өөрөө л явж байдаг юм. Тийм л энерги инерцийг сансрын хөлөгт өгч байна. Тэнд саад болох юм байхгүй. Тийм учраас өөрөө л шидсэн чулуу шиг дэлхийг тойроод эргээд байна. Нэмж хөдөлгүүр ажиллах шаардлага байхгүй. Хөдөлгүүр бол буцаж бууж ирэх, заллага жолоодлого хийх, ориентаци хийхийн тулд хэрэгтэй. Тийм учраас онгоц шиг хөдөлгүүрээ ажиллуулна гэсэн зүйл байхгүй.

Тэрийг л гайхаад байгаа юм.

Сансрын хөлгийн хурданд үйлчилгээ үзүүлэх юм байхгүй. Чулуу шидчихлээ гэхэд дэлхийн татах хүч доош нь татаад ирнэ. Агаарын үрэлтийн хүч үрж дээш явуулахгүй саад болно. Тэнд чинь тийм үйлчлэх хүчнүүд байхгүй учраас жингүйдэл гэдэг юманд орчихдог нь тэр юм. Ямар ч саад хийх юм байхгүй учраас анхны авсан тэр хурдаараа явна. Анх дэлхийгээс гарахдаа 20 сая морины хүчтэй хөдөлгүүр 9 минутад дэлхий орчмын тойрог замд оруулсны дараа 8 км/ сек хурдтай явна. Ер нь гайхаж биширмээр юм бол хүний оюун ухаан шүү дээ.


“УЯХАН ЗАМБА ТИВ” ГЭДЭГ ҮГИЙГ САНСРААС ҮЗСЭН ХҮН Л ХЭЛМЭЭР ЮМ ГЭЖ БОДОГДСОН

Сансар огторгуй ер нь ямар харагддаг юм бэ?

Сансарт чинь хараад байхаар юм байхгүй. Хамгийн гол нь манай эх дэлхий. Эх дэлхий сансраас яаж харагдах вэ гэдэг л гол нь. Сансрыг өөрийг нь харна гэх юм бол өдөр бол хав харанхуй. Үнэн хэрэг дээрээ нөгөө тийшээ харах юм бол дэлхийн бөмбөрцөг өөрийнхөө өнгөөр харагдаж байгаа. Бусад нь бол харанхуй хөх юм л байгаа шүү дээ. Яагаад гэхээр нарны гэрлийг барьж ойлгох, нүдэнд үзэгдэхээр болгох юм байхгүй. Ерөнхийдөө юу гэж ойлгох вэ гэхээр, гүн шөнө гэрэл тусгалаа гэхэд ялаа нисээд өнгөрөхөд л харагдана. Түүн шиг л бид сансрын хөлөг, хиймэл дагуул явж байна гэж харж байгаа нь түүнд ойсон гэрлийг нь харж байна гэсэн үг. Тийм учраас гэрэл ойгоогүй хэсэгт бол харанхуй.

Нарны аймгийн есөн гараг ялгарч харагдах уу?

 Бодитой гэрэл ойлгож байгаа юмнууд харагдана. Миний хардаг од бол нар шүү дээ. Сар бол шөнийн цагаар л харагдана. Бид ялгаж чаддаг болчихсон байгаа учраас Буд гараг тийм одны ордонд байна гээд ялгана. Гэхдээ холынхыг нь харахгүй. Манай дэлхийтэй ойрын гурван гараг буюу Нар, Сар, Дэлхий, Марс, Юпитер, Сатурн гарагууд бараг од шиг л харагдана.

Сансраас эх дэлхийгээ харахад танд юу бодогдож байв?

Сансраас манай дэлхий үнэхээр сайхан харагдана. Монгол хүний хувьд миний уулга алдаж анхны бодсон бодол бол уяхан цэнхэр замбуулин, уяхан замба тив гэж манай эцэг өвгөд яаж ингэж нэрлэв ээ. Яагаад? Үнэхээр тэндээс харсан хүн л тэгж хэлэхээр тийм яргуй шиг сайхан зөөлөн цэнхэр гараг байж байгаа. Дэлхийн бөмбөрцөг маань тийм гоё өнгөтэй харагддаг. Би тэр үед бодож байсан. Энэ тухай олон ч дахин ярьсан. Үнэхээр уяхан замба тив гэдэг энэ үг хүний санаа сэтгэлд бууж ирэхээр тийм тохиолдол тэндээс харахад л төрмөөр юм даа гэж. Олон зууны өмнөөс манай ухаалаг монголчууд уяхан замба тив гэж нэрлээд дуулж ирсэн шүү дээ.


Сансрын хамтарсан нислэгийн 30 жилийн ойгоор уг нислэгт үлэмж хувь нэмэр оруулсан хүмүүст Алтан гэрэгэ бүтээж дурсгал болгосон байна. Мөн сансарт авч явсан Эв модны бэлгэдлийг урлаж "Астро" парк дахь Сансар судлалын музейд байрлуулжээ.

Өвөг дээдэс маань сансраас эх дэлхийгээ харж байсан юм биш байгаа гэж бодогдож байна шүү.

Үнэхээр тийм харагддаг. Тойрог замд байхад бид анд нөхдөө монгол идээ ундаагаараа дайлсан. Борцтой цай, чацарганатай сүү, Монгол орныхоо дуу хуур, хөгжим бүжгийнхээ дээжийг тэнд үзүүлж байлаа. Норовбанзад гуайн дуулсан “Уяхан замба тивийн наран” сансрын уудамд хангинаж байлаа шүү дээ.

Сайхан байна шүү.

Эв модны наадам билэгдсэн тэмдэг бидэнд өгч явуулсан юм. Эв модны Зөвлөлтийн хэсгийг Салют станц руу түрүүлж явсан баг аваад явсан. Дараа нь бид хоёр Монголын далбаатай хэсгийг нь авч очоод сансарт эвлүүлсэн. Хоёрдугаарт манайхан үзэл сурталд баригдаад хийж чадаагүй нэг юм байдаг. Тэр нь Алтан гэрэгэ.

Тийм үү?

Алтан гэрэгэ авч явах талаар манайхан нэлээн хөөцөлдсөн боловч сүүлдээ үзэл суртлын асуудал гараад авч явж чадаагүй. Зөвлөлтийн тал бол 13-р зууны үеийн үйл явдалд нэг их таатай ханддаг байгаагүй л дээ. Бид чинь эзэн Чингисийнхээ нэрийг ч нэрлэж чаддаггүй байлаа шүү дээ. Тийм үе байсан учраас энэ нь агаарт үлдчихсэн юм. Сансарт Алтан гэрэгэ хүргэх нь ард түмний маань чин хүсэл байсан гэдэгт би огт эргэлздэггүй. Тийм учраас үүнийг амилуулахсан, хүмүүсийн хүсэл тэмүүлэл ийм байсан гэдгийг үзүүлэхсэн гэж боддог юм. Одоо цагт байсан бол хамгийн түрүүнд л Алтан гэрэгэ авч явах байлаа.

Сансраас дэлхийг харахад Монгол ялгарч харагдах уу? /инээв/

Сансраас харахад бол хил хязгаар гэж байхгүй шүү дээ. Хүн бодохдоо Монгол Улсыг Гүрбазарын хэлдэгчлэн дэлгэсэн тэрлэг шиг юм байж байгаа гэж төсөөлдөг юм. Сансраас харахад бол хуурай газар, далай тэнгис л ялгарч харагдана. Ер нь Монгол Улсыг таньж мэдэх хэд хэдэн ориентир бий. Байгал нуур өнгөрвөл манай нутаг руу орно. Баруун талаар орж ирэх юм бол Увс нуур. Хоёрхон минутын нислэг шүү дээ.

Монголын нутаг дээгүүр хоёрхон минут л нисдэг гэж үү?

Тийм ээ. Мориор давхиад баршгүй өргөн уудам нутагтай гэдэг маань сансрын хөлгөөр бол хоёр минутын л нислэг. Монголын Алтайн нуруу, Хөвсгөл, Хэнтийн уул харагдана. Томоохон нуурууд болох Увс, Буйр харагдана. Хөлгийн бүхээг дотор глобус байдаг. Яг явж байгаа газрыг глобус эргээд 90 км-ийн нарийвчлалтай гаргана. Тэндээс ялгаж харж болохоор юм гэвэл томоохон хэмжээний уул нурууд, том нуурууд. Шөнийн цагаар бол газар дээр байгаа гэрэлтэй юмнууд л харагдана. Манай дээр бол цөөхөн бүдэгхэн гэрэл бий дээ.

Хоёр гуравхан хот шүү дээ.

 Дархан, Эрдэнэт, Улаанбаатар харагдана. Бид Улаанбаатарын агаарын бохирдлыг тодорхойлох гэж 3 дугаар сарын 26-нд “Улаанбаатар” гэдэг туршилт хийсэн юм. Миний хөтөлбөрт ч байсан. Агаарын бохирдлын хэмжээ ямар байгааг хэмжихийн тулд 26-ны шөнө Улаанбаатар хотыг гэрэлтүүлж өгсөн. Зайсан зэрэг хотын гол хэсгүүдээр гэрэл асааж Зөвлөлтийн цэргийн ангийн том прожекторууд тусгаад Болгарын Спектр-15 багажаар хотын агаарын бохирдлыг тодорхойлсон. Тэр үед бохирдлын хэмжээ өндөр боловч талбай нь дөрвөн уулынхаа дунд өчүүхэн бага байсан. Одоо бол өөр тоо гарна л даа.


ЭНЭ ҮЙЛ ЯВДАЛ МОНГОЛ УЛСЫН ТҮҮХЭНД ХЭЗЭЭ Ч МАРТАГДАХГҮЙ

Сансрын нислэгийн ажилд их олон хүний хүч хөдөлмөр шингэсэн байх даа?

Ер нь сансрын нислэг гэдэг бол нэг л хүн сансарт нисээд алдар нэр нь түгсэн болохоос биш үнэн хэрэг дээрээ өчнөөн олон хүний хөдөлмөр зүтгэл ордог юм. Эрдэм шинжилгээний ажлын хөтөлбөрийг нь гаргах гэж манай ШУА, Сансар судлалын тасаг, энэ олон хүрээлэнгүүд бүгдээрээ ажилласан. Зураг хөрөг зурж гаргах, сурталчлах ажилд бол манай Монголын зураачдын холбоо, тэр тусмаа Ардын зураач Гомбосүрэн гуай бүх юмыг нь хийсэн. Ардын зураач Балбарын Гомбосүрэн гуай бол гайхалтай нарийн зураач. Тэр үед итгэл хүлээсэн хүмүүсийн нэг байж эмблемээс эхлээд зүүдэг, барьдаг юм бүгдийг хийж байсан. Тэр ч байтугай Сансар чихэр, Болор архи гэх мэтийн зураг загваруудыг хийсэн. Ийм улсуудын хөдөлмөр зүтгэл их бий. Мөн үг бичихээс эхлээд хөтөлбөр гаргахад Намын төв хорооныхон, ер нь их олон хүний хөдөлмөр орсон юм шүү дээ. Сансрын хамтарсан нислэгийг сурталчлах ажлыг бол манай орон үлгэр жишээ зохион байгуулсан. Хүн болгонд хүргэж чадсан, тийм биз.

Ёстой тийм шүү.

“Ажил болгоныг ингэж хийдэг бол бүтэхгүй ажил гэж яаж байх вэ” гэж хүмүүс ярьж байсан гэдэг. Тийм их зүтгэл гаргаж, төрөөс өндөр түвшинд анхаарал тавьсан даа. Үнэхээр хүмүүсийн сэтгэлд хүрсэн ажил болсон. Сансрын нислэгийн бэлтгэл эхэлж байсан тэр үеэс хойш бараг 40-өөд жил өнгөрсөн байна. Хүүхэд багачууд мэдэхгүй байх нь аргагүй шүү дээ. Өдөр болгон энэ тухай яриад байгаа биш. Гэхдээ энэ үйл явдал Монгол Улсын түүхэнд хэзээ ч мартагдахгүй. Түүхэнд бол нэг тодорхой хуудас үлдэнэ ээ.

Та өөрөөрөө бахархдаг уу?

Монгол Улсын түүхэнд, монголчуудын түүхэнд үлдэх том үйл явдал болсон. Ийм үйл явдалд оролцсоноороо би их бахархаж явдаг.

Сансрын нислэгийн дараа Улаанбаатарт ирэхэд том үйл явдал болсон шүү.

Бид 1981 оны 5 сарын 5-ны өдөр Улаанбаатар хотдоо ирсэн. Улаанбаатарт яаж баяр баясгалантай хүмүүс сэтгэл догдлон угтаж авсныг тэр үеийн хүмүүс андахгүй. Тэр үеийн сургуулийн хүүхдүүд бол онцгой сайн мэднэ. Манай төвийн захирал Георгий Береговой, сансрын нисэгч, дайны баатар, хурандаа генерал хүн биднийг ахалж ирсэн. Жанибеков, Ганзориг, Интеркосмосын хариуцлагатай албан тушаалтнууд ирсэн. Монгол орон маань жигтэйхэн сайхан хүлээж авсан. Энд байх тэр богино хугацаандаа олон газраар явсан. 5 сарын 9-ний өдөр Халхын голд шороо авсан газраа очоод Дархан хот, Эрдэнэт хот, Баян-Өлгий, Увс, Ховд аймагт очиж том аялал хийгээд буцсан. 5 сарын 13-нд буюу Жанибековын төрсөн өдөр миний төрсөн нутаг Булган аймгийн Гурванбулаг суманд очсон. Сумын төвөөс урагш Бүрдний энгэр гэдэг газар гэр барьчихсан байсан. Нутгийн ард түмэн тэр толгойг Сансар толгой гэж нэрлэсэн түүхтэй.

Одоо ч тийм нэртэй хэвээрээ юу?

Өнгөрсөн жил Сансрын хамтарсан нислэгийн 35 жилийн ойгоор надтай хамт Жуковскийн нэрэмжит агаарын цэргийн академи төгссөн хүмүүс /37 монгол хүн төгссөн/, сурч байгаа залуучууд санаачлаад энэ толгойг Сансар ухаа гэж нэрлээд “Эх дэлхийгээ хайрлаж яваарай” гэсэн сайхан үгтэй, нөгөө талд нь Жуковскийн нэрэмжит агаарын цэргийн академи төгсөгчдийн санаачилгаар бүтээлээ гэсэн бичигтэй гэрэлт хөшөө босгосон. Сансрын нислэгийн ажил төрөл хийхэд, ой тэмдэглэхэд тусалдаг өчнөөн хүн бий. Сансрын нисэгчийн шалгаруулалтанд сонгогдсон 13 залуу, манай академи төгссөн залуучууд их идэвхтэй оролцдог. Сүүлийн үед нэлээд хүчтэй дэмжлэг үзүүлэх гэж байгаа хэсэг бүлэг хүмүүс бий болсон. Тэр нь 1981-3-22-ны өдөр төрсөн хүүхдүүд.

Яг тэгнэ шүү дээ.

Тэд одоо 36 насанд хүрч байна. 1981-3-22-нд Монгол оронд нийтдээ 206 хүүхэд төрсөн байдаг юм. 37 нь эрэгтэй, 109 нь эмэгтэй хүүхэд.

Ямар сонин тоо вэ?

Тэдний 16 нь Гүррагчаа нэртэй. Улаанбаатарт 76 хүүхэд төрсөн. 3 сарын 22-ны өдөр бол тэдний төрсөн өдөр. Хоёрдугаарт сансрын нислэгийн өдөр болдог. Энэ хүүхдүүд бүх арга хэмжээнд, бас 35 жилийн ойд оролцсон. Энэ жил бид хөшөө босгосон газартаа мод суулгана гэж ярьж байгаа. Дуудахад бэлэн байдаг ийм хүч надад байна аа.

Сайхан байна шүү. Сансар гэдэг нэртэй хүн ч олон байгаа даа?

Гүррагчаагаас гадна Сансар, Сансармаа, Жанибеков, Жангүрням гэж нэртэй хүүхэд ч бий. Жанибеков, Гүррагчаа, тэгээд ням гараг байсан учир Жангүрням гэж л дээ. Сансар, Сансармаа нар бүр ч олон. Гүррагчаа гээд залуу дуулаад л байдаг. Аягүй бол тэр үеийн л хүүхэд байх даа гэж би бодож байгаа юм.

Танай нутагт Сансар гэдэг ургийн овог байдаг гэж дуулсан юм байна.

Сансар гэдэг овгийг авах нь зүйтэй гэж надад хүмүүс хэлж зөвлөж байсан. Монголчуудын 90 хувь нь Боржигон овогтой болсон. Бүгдээрээ л Чингис хааны хамаатан, Алтан ургийн улсууд юм шиг байгаа юм/инээлдэв/. Бас өвөг эцгээрээ голдуу нэрлэсэн улсууд ч бий. Би эхлээд Сансар гэдэг овог авсан. Нэг харсан чинь их дэлгэрэнгүй болоод, миний дүү нар бүгд л Сансар овгийнхон болоод явчихсан. Тэгэхээр нь би энэ овог надаас эхлээсэй гэж бодоод Хиад Сансар болгосон. Хиад Сансар овогтой хүн өнөөдөр зургаа байна. Миний хоёр хүү, би, миний ач нар гурван хүн бий. Энэ овог ингээд цаашаа явах учиртай байх аа гэж боддог.

Ганзоригийнхоо талаар та юу хэлэх вэ?

Ганзоригийн маань талаар сайхан бүлээн дулаан дурсамж үлдээсэй гэж би бодож явдаг. Бид хоёр бол сансрын их ажлаар халуун залуу насандаа уулзсан хоёр. Бараг 40 жил салалгүй хамт явж байна. Анх 1977 оны 10 сард л уулзаж байлаа. 40 жил бид хоёр үндсэндээ зам муруйсангүй. Ам ч муруйсангүй. Ингэж явсан хоёр андууд. Бид бие биенийхээ дэмжлэгээр л өдий хүрсэн. Ганзориг маань сэтгэл санааны ямар их тэвчээр хатуужил гаргаж, надад яаж үлгэр дуурайл болж байсныг нь дурдахад л хангалттай гэж болно. Ийм тэвчээр хатуужилтай залуу байсан. Бидний үр хүүхэд нүдэн дээр маань өслөө. Бид хоёр ямар ч хамаатан саднаас илүү ойр дотно найзууд. Энэ бол амьдрал бидэнд хайрласан, бурхан бидэнд хайрласан, бурхан биднийг холбосон ийм л найзууд байгаа юм. Өнөөдөр үр хүүхэд маань өсч өндийгөөд сайн сайхан явцгааж байна. Хэн хэн нь давгүй ээ л гэж хэлэхээр байгаа. Би хаа явсан газраа халуун дулаан үг хэлж, тэр сэтгэлээ ард түмэндээ ойлгуулж байхсан гэж боддог юм.

Та ном бичиж байгаа юу?

 Бичиж байгаа.

Монголын анхны, Дэлхийн 101 дэх сансрын нисгэгч, БНМАУ, ЗХУ-ын баатар, Хошууч генерал Ж.Гүррагчаагийн гэр бүл

Таны хүүхдүүд ямар мэргэжил эзэмшив. Мэргэжлийг тань залгамжилсан хүүхэд байна уу?

Байна аа, байна. Би хоёр хүүтэй хүн шүү дээ. Манай том хүү Иргэний нисэхийн ерөнхий газарт ажиллаж байгаа. Нисэхийн салбарт 10 гаруй жил ажилласан. Миний хоёр хүү боломжийн боловсрол эзэмшсэн. Том хүү орос, англи, солонгос хэлтэй. Миний бага хүү орос, англи, япон хэлтэй. Японд цэргийн академи дүүргэсэн. Миний мөрөөр явж байгаа цэргийн хүн. Москва хотод цэргийн атташегийн туслах гэдэг албанд өнгөрсөн намар томилогдсон. Манайх гурван хөөрхөн ачтай. Хоёр охин, нэг хүү. Миний том ач охин энэ жил сургуульд орсон. Хоёр дахь нь өнөө өглөө цэцэрлэгт явсан. Баахан хэрэг мандуулсан байх гэж би бодож байна. /инээлдэв/. Ер нь мандуулж чадахаар хүн байгаа юм. Бага нь нэг настай жаахан хүү байна. Амьдралд гэрэл гэгээ оруулдаг юм бол хүний ач нар байдаг юм байна. Ер нь өөрийнхөө хүүхдээс ч илүү хайрладаг байх. Манай Ганзориг надаас түрүүлээд ачтай болсон юм. Тэгээд л бүр жигтэйхэн юм болоод байхад нь шоолоод, би бол ингэхгүй гэдэг байсан. Тэгэхэд Ганаа маань “Чи өөрөө мэднэ ээ” гэж байсан. Амьдрал дээр тэр нь надад ирсэн. Одоо намайг хараад дооглодог юм /инээв/.

Та хүүхдүүдээ жаахан байхад тэр болгон хамт байх боломжгүй байсан байх?

Тэгсэн дээ. Ажил алба, цэргийн алба гээд. Хүүхдүүд маань цэцэрлэг, сургуулийн л хүмүүжлээр хүмүүжсэн. Манай том хүү бүр багаасаа Оддын хотхонд цэцэрлэгт явж байсан. Хүүхдүүд маань орос цэцэрлэг, орос сургууль гээд нэг тийм орос хүмүүжилтэй болсон. Тэрний буруу ч гэж байхгүй.

Таны эхнэр л ар амьдралаа хариуцаж явжээ дээ?

 Ёстой л хамаг юмыг нуруун дээрээ үүрч байсан. Гэр орны ажил гэдгийг би мэддэггүй юм. Одоо ингээд бодож байхад, би ер нь гэртээ юу хийж байсан юм, гэр орондоо яаж тусалж байсан юм гэхэд надад бол тун бага зүйл санаанд орж байгаа юм даа.

ЦЭДЭНБАЛ ДАРГА АЖЛЫН ДАРАА ӨРӨӨНДӨӨ ДУУДААД “ИНГЭЖ АЖИЛЛАДАГ ЮМ” ГЭЖ ЗААЖ ӨГЧ БАЙЛАА

Төр засгийн ажил руу ороод явж байхад танд ямар санагдаж байсан бэ?

Ерөөсөө бараг юу ч мэдэхгүй хүн их өндөр албан тушаалд очсон доо. Намын төв хорооны хэлтсийн орлогч эрхлэгч гэдэг бол их олон шат дамжлага дамжиж байж очдог алба. Гэтэл ер нь хүн командалж үзээгүй шахам хүн чинь гэнэтхэн том дарга болно гэдэг бол тухайн үедээ асар их итгэл найдварыг хүлээлгэсэндээ л байсан. Сайн хамт олон, сайхан хүмүүстэй энэ албаныхаа гарааг эхэлсэн. Манай хэлтсийн эрхлэгч хурандаа генерал Батаа гэж хүн байлаа. Тэр үеийн Намын төв хорооны боловсон хүчнүүд гэдэг чинь ажил амьдралын асар их туршлагатай. Өнөөдрийнх шиг улс төрийн нам ялсан гээд жагсаал цуглаанд оролцож явсан хүн дарга болчихдог үе байгаагүй.

Үнэхээр тийм дээ.

Намын төв хороонд ажиллана гэдэг бол тийм амархан байгаагүй. Намайг юм сураасай гэж тэр улсууд бүгд л бодож байсан шиг байгаа юм. Эргэн тойрон бүгд дэмжиж туслахыг л боддог. Тэр байтугай Цэдэнбал дарга ажлын дараа дуудаад надад “Ингэж ажилладаг юм” гэж зааж, ярьж өгч байлаа.

Мундаг байна шүү?

Батаа дарга бид хоёрыг Цэдэнбал дарга өрөөндөө дуудаж оруулаад, цэргийн анги дээр очвол ийм юмыг нь үзэж цэргийн хүүхдүүдийн амьдрал ахуйг сайн харж бай. Ард түмний дунд бол ийм юм үзэж бай. Би чамд жишээ болгоод 1953 оны нэг дэвтэр үзүүлье гээд өгсөн /арын нь өрөөнд өчнөөн л тэмдэглэлийн дэвтрүүд байх шиг байгаа юм/. 12 хуудастай сурагч дэвтэр дээр Дундговь аймагт ажилласан тухай тэмдэглэл байсан нь “Тийм улсуудтай уулзлаа. Дэлгүүр хоршоонд байгаа юм, ард түмний амьдралд хэрэгтэй юу дутагдаж байна, юу байхгүй байна” гээд бүгдийг биччихсэн байлаа. Тэр дэвтрээ үзүүлээд “Юмыг сайн тэмдэглэж авч бай. Ер нь тэмдэглэл зайлшгүй хэрэгтэй болдог. Сүүлд эргээд харсан ч, бас чи албаны хүн өчнөөн олон үүрэг даалгавар хүнд өгнө. Үүрэг даалгавар өгчихөөд биелэлтийг нь заавал үзэж бай. Тэгэхгүй бол үүрэг даалгавар өгөхийн хэрэг байхгүй. Тодорхой хугацааны дараа үзэж үр дүнг нь харж бай” гээд олон юм хэлж өгсөн. Батаа гуай бол надад үргэлж л тусална. Бодвол Цэдэнбал даргын “Их сайн сургаарай” гэсэн үүрэг байсан байх. Намайг монгол бичигт сургах гэж их оролдсон юм. Үүрэг даалгавраа цаасан дээр монгол бичгээр бичээд тавьчихна. Би нөгөөхийг нь ойлгохгүй. Төв хороонд монгол бичиг мэддэг улсууд байсан боловч тэр үед цөөрчихсөн байлаа. Рэнцэн гуай дээр нөгөө бичгээ бариад л очно. Аргагүйн эрхэнд оролдож эхэлж байгаа юм. Харамсалтай нь Батаа гуайтай даанч богино хугацаанд хамт ажилласан. 1981 оны 11 сард таалал төгссөн юм. Удаахан шиг ажилласан бол надад их түшиг тулгуур болж олон юманд сургах байсан даа.

Та Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн даргаар ажиллаж байсан байх аа?

 Хоёр жилийн дараа Батлан хамгаалахад туслах нийгэмлэгт /БХТН/ очиж ажилласан. Нийгэмлэгийн дарга Жамьян генерал гэж ёстой нэг мундаг хүн байсан. Хүмүүс бүгд ажлаа тэгж хийдэг бол төрийн ажил хийдэгдэнэ огт гэж байхгүй. Жамьян гуай бол асар шаргуу. Нэг тушаал гаргахад өчнөөн юм үзэж байж тушаалыг нь гаргана. Хууль зүйд нийцүүлнэ. Дээр нь ажил хийвэл дуустал ч гэдэг юмуу үг биччихнэ. Тэр нь нөгөө тушаалынхаа утга агуулгад яг нийцнэ. Бараг бүх юмыг гараараа бичиж хийнэ. Жамьян гуай халууцаж үзээгүй гэж байгаа юм. Өрөө нь жигтэйхэн халуун, тэгсэн мөртөө шинелээ нөмрөөд л сууж байна. Жамьян гуай ургацын комиссын дарга байсан юм. Уаз-469 машин чинь агааржуулалтгүй. Жолооч нь Шарав гуай гээд ахлагч байсан. Тэр хүн бол зуухан дотор явж байгаа юм шиг л явдаг байсан байх гэж би боддог юм. Тэгээд Жамьян гуайгаас нэг удаа “Та ер нь халууцдаг уу” гэсэн чинь “Вьетнам чинь халуун юм шиг байна лээ шүү” гэж хэлсэн. /инээлдэв/

Вьетнам руу явсан байна даа.

Олон удаа явсан. Намайг бол Сансрын хүү гэж нэрлэнэ, тэгж дуудна. Тийм сайхан улсуудтай би ажиллаж байсан даа. Жамьян гуай маань их сайхан урт насалсан. БХТН-ийн үндэс суурь, баазыг мундаг тавьсан хүн. Би бол бэлэн юман дээр л очсон. БХТН нь олон нийтийн статустай боловч цэргийн байгууллага байсан юм. Цэрэг армид жолооч нар, мэргэн буучид, шүхэрчид төлөвлөгөөний дагуу бэлтгэж өгдөг байлаа. Тэнд 1990 он хүртэл ажилласан.

САНСАРТ ХҮНЭЭ ИЛГЭЭСЭН ДЭЛХИЙН 10 ДАХЬ ОРОН БОЛСНЫ ЦААНА НАЙРАМДАЛ ХАМТЫН АЖИЛЛАГАА, ОРОС ХҮНИЙ СЭТГЭЛ БИЙ

1990 оноос хойш?

Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн төв зөвлөлийн даргын албыг 1990 онд авсан. Тэр үеэс өмнө МЗНН-ийн дарга гэдэг бол дандаа том дарга нар байдаг байлаа. УТТ-ны гишүүн, НТХ-ны нарийн бичгийн дарга Гомбожав гуай, Намсрай гуай, Дүгэрсүрэн гуай, Ширэндэв гуай нар. Тэр бүхний эцэст тийм өндөр албагүй хүн би хүлээж авсан даа.

МЗНН-ийг та харилцаа ид муудаж байх үед удирдаж байжээ дээ?

 90-ээд он бол их хэцүү үе байсан. Хүмүүсийн сэтгэл санааг зовоосон зүйл ч нэлээн гарч байсан. Харилцаанд сэтгэл зовсон улсууд ч зөндөө ирдэг байлаа. Бид ахмадуудыгаа энэ бүхэнд нэлээн сайн оролцуулж үгийг нь сонсъё гээд МЗНН дотроо ахмадын байгууллага байгуулж байсан. Ялангуяа Оросын барилгын байгууллагад ажиллаж байсан манай ахмад ажилчдын сэтгэл санаа нэлээн хүнд байлаа. Хамт ажиллаж байсан нөхрөө ингэсхийгээд л явуулчихлаа шүү дээ гээд л ярьдаг. “Яв даа” гэж хэлэхэд царай зүсийг нь харж байсан, өчнөөн жил барилга байшин бариад хамт ажиллаж байсан улсууд шүү дээ.

Оросын цэргийн ангиудыг гэнэт гаргаж байсныг л сайн мэдэх юм байна.

Цэргийн улсууд бол тушаалаар явж байгаа. Энгийн улсуудын хувьд манайхан үнэхээр хөнгөдсөн. Үнэхээр түргэдсэн. Өчнөөн жил амьдарсан дулаан гэр орондоо байсан хүмүүс чинь хилийн цаана гараад л палатка майханд өвөлжсөн шүү дээ. Тэр үеийн үйл явдлын талаар засаг төрийг тэргүүлж байсан улсууд зөвтгөж ярьж л байдаг юм. Үнэхээр тийм юм даа гэж ойлгогдохооргүй. Ямар ч шалтгаан ярилаа гэсэн хүний хувьд ойлгоход хэцүү, тийм биз.

Хэцүү.

Тэр улсууд Монголын төсвөөс идэж байгаа биш. Бидэнд л ашигтай байсан шүү дээ. Хэрвээ барилгачдаа жил ажиллуулчихсан бол спорт комплексийг бариад дуусгачих байсан.

Тэр үеэс эхлээд л Орос, Монголын харилцаа холдож эхэлсэн байх даа?

 Үнэн. Сэтгэл хөрвөл хөрөхөөр юм болсон. Бас нэг хэцүү юм нь ЗХУ маань үндсэндээ задарсан. 1992 онд ЗХУ-ыг задарсны дараа бид зохион байгуулалтаа өөрчлөх шаардлагатай болсон. Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн орнуудтай найрамдах Монголын эвлэл гэж байгуулсан. Тэр эвлэл нь дотроо улс орнуудын найрамдлын нийгэмлэгийг багтаасан. Орос, Белорусь, Украйн, Казах, Киргиз, Таджик гээд тус тусад нь Монголын нийгэмлэгүүдийг байгуулж, дээр нь шүхэр байгууллага үүсгэсэн. Энэ байгууллагууд одоо хүртэл байгаа.

Уламжлалт харилцаагаа авч үлдэх сонирхол аль аль талд нь байгаа л даа.

 Монголтой хамтын ажиллагаатай байх сонирхол ихэнх улсад нь байгаа. Одоо Евроазийн хамтын ажиллагааны нийгэмлэг гэж байна. Энэ бол үндсэндээ тэр орнуудыг багтааж байгаа. Эвлэл дотроо бол Монгол- Оросын найрамдлын нийгэмлэг хамгийн хүчтэй, хамгийн том нийгэмлэг. Бид явуулж ирсэн хамтын ажиллагааныхаа холбоог таслаагүй. Найрамдал хамтын ажиллагааны өдрүүдийг өнөө хүртэл тэмдэглэж байгаа. Өнгөрсөн жилээс энэ хамтын ажиллагаа, харилцаанд хүмүүс сэтгэл зовж эхэллээ. ОХУ Монголоос эдийн засгийн сонирхлоо татаж байна. Эрдэнэтээ худалдчихлаа. Монросцветметээ худалдчихсан. Одоо байгаа нь ганцхан төмөр зам. Саяхан манай төр засгийн удирдлагууд ОХУ-д очлоо. ОХУ- ын дээд удирдлагуудын зүгээс юу гэж хэлэв. Монголчууд та нар сахилгагүй, хариуцлагагүй, хэлсэн үгэндээ хүрдэггүй. Ийм харилцаан дээр ингэж хэлнэ гэж байдаггүй л байхгүй юу.

Тийм байх шүү.

Дээд түвшинд яагаад ингэж хэлэх болов? Үүнд хүмүүс сэтгэл зовж байна. Манай нийгэмлэгийн удирдах зөвлөлийн хурал дээр ард түмэндээ хандсан мэдэгдэл гаргавал яасан юм гэсэн санал хүртэл гарч байна. Бид яаж энэ харилцаа, хамтын ажиллагааг сэргээж сайжруулах вэ? Нийгэмлэг маань ямар тус хүргэх вэ гэдгийг ярилцлаа. Бид чинь төр засагтайгаа зөвшилцмөөр байна. Тэдний үг, санааг нь бас сонсмоор байна. Нөгөө талаас ОХУ-ын ЭСЯ-ны удирдлагуудтай санаа бодлоо солилцмоор байна. Тэгж байж шийд гаргахгүй бол энэ чинь эмзэг асуудал. Гэхдээ тухайн төр засаг, удирдлага нь шийдвэр гаргаж алхмууд хийх учраас өнөөдөр Монголыг тойрсон бодлого зөндөө л явагдаж байна.

Бид Оростой харилцаагаа сайжруулж илүү ойртохын тулд яах хэрэгтэй гэж та бодож байна вэ?

Ер нь харилцаа, хамтын ажиллагаа гээд яриад байгаа маань өнгөн талын өрмөн хэсэг нь юм л даа. Түүний доод талын суурь хэсэг бол их бат аа. Орос, монгол хүмүүсийн хооронд тавигдсан нөхөрлөл, найрамдал, халуун харилцаа их бат бэх суурьтай. Бүр Эв модны наадмаас эхлэлтэй. Цагийн аясаар л үзэгдэх өнгөн дээрээ өөр өөр болж харагдаад байна. Бид нар хоёр хөршөө ярихгүй гурав дахь хөрш гэж их ярьж байгаа. Гэтэл Монгол орныг өнөөдрийн хэмжээнд хүргэсэн юм бол энэ хамтын ажиллагаа шүү дээ. Дэлхийн улс орнуудтай сайн харилцаатай байлгүй яахав. Гэхдээ бид энэ хоёр хөршөө давж хаашаа ч явж чадахгүй. Энэ хоёр чинь хоёр талд байгаа. Нэгнийх нь дээгүүр, эсвэл доогуур нь гараад явчихна гэсэн ойлголт байхгүй. Заавал л дайрч гарна.

Орос, Хятад хоёртой баланстай байхын тулд бид яах нь зөв юм бол? Ийм байж чадвал бид амьдрах гээд байна шүү дээ.

Ер нь тэгж байж л тусгаар тогтнолоо хамгаалж үлдэнэ дээ гэж би боддог. Монгол Улсын тусгаар тогтнол Орос-Хятадын харилцааны тэмцэл дээр тогтож ирсэн. Түүх нь ийм. Энэ харилцаа бол Монгол Улсын өнөө маргааштай заавал холбогддог. Орос-Хятадын харилцаа сайжирч байгаа. Гэхдээ Монгол Улсыг их тойрч байна. Гаазын хоолой, бусад юмнууд нь тойроод л явчихлаа.

Жишээ нь, гаазын хоолой Монголоор явсан бол гээд бодохоор асуудал үүсэх байсан юм шиг санагддаг юм, бэлчээрээс эхлээд л?

Гайгүй. Төмөр замаас илүү асуудал гарахгүй. Төмөр зам газар дээгүүр явдаг бол гаазын хоолой газар доогуур явчихна. Тэр нь монголчуудад хэрэгтэй. Хүн ам олонтой газар дайрахдаа гааз өгчихнө. Улаанбаатар гэхэд утаа униараасаа салж болно шүү дээ. Бид хэрвээ гаазтай байсан бол энэ асуудлыг их хялбар шийдэх учиртай даа. Хурдны замууд яваад өгөх нь шиг байна. Тухайн төр засгаас явуулж байсан бодлогын алдаа гэж бас байгаа л даа.

Сансрын нислэгт гэхэд л ЗХУ- ын тус үнэлж баршгүй их шүү дээ?

Тэр чинь сайн андтай нөхөрлөсний ач.

Монгол ганцаараа бол сансарт нисэхээргүй байсан, тийм биз?

 Мөн ч болоогүй дээ /инээв/. Тийм хэмжээнд туслаад, эцэст нь сансарт нисгээд, сансарт хүнээ илгээсэн дэлхийн 10 дахь орон болсны цаана найрамдал хамтын ажиллагаа, орос хүний сэтгэл бий.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ж.Гүррагчаа. 2000-2004 он.

ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧДААРАА БИД БАХАРХАХ ЁСТОЙ

Та Батлан хамгаалахын сайд байсан хүн. Цэрэг армийнхаа талаар өөрийн бодлоос хуваалцана уу.

Би 1968 оны цэрэг. 2008 онд тэтгэвэрт гартлаа би цэргийн хүн байсан. Цэрэг армидаа би өнөөдөр ч хайртай байдаг. Цэргийн бараг бүх цолыг зүүсэн. Хоёрхон цол зүүгээгүй. Ахлах байлдагч, хошууч байгаагүй /инээв/. Би ахмад цолтой Байконурт байхад манай БХЯ- ны сайд, хурандаа генерал Авхиа гуай дэд хурандаа цол шагналаа гэж Улсын комиссын хурал дээр хэлсэн. Тэгээд хурандаа цолыг алгасч генерал цолтон болсон. Ер нь бол миний амьдралд болсон эерэг, сайн сайхан бүхэн цэргийн амьдралтай холбоотой, Монголын ардын армитай холбоотой. Армидаа миний хийж бүтээсэн, өгсөн юм нэг их биш байж мэднэ. Гэхдээ зэвсэгт хүчний төлөөлөгч, Монголын ардын армийн офицер сансарт ниссэн явдал бол манай ардын армийн бие бүрэлдэхүүн, зэвсэгт хүчний хамт олондоо сайхан л дуулдаж байсан байх гэж боддог юм.

Өнөөдөр манай цэрэг армийнхан Энхийг сахиулах хүчин дотроо манлайлдаг гэж би ойлгодог. Энэ ажлыг анх эхлүүлэхэд таны оруулсан хувь нэмэр их шүү дээ?

Ер нь жаахан онгирвол би тэрийг ярьдаг юм. 2000-2004 онд би Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд байсан. Энэ үед Олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцох тухай хууль эрх зүйн үндэс нь тавигдсан. Цэрэг цагдаагийн албан хаагчдыг олон улсын болон НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцуулах тухай хууль гэж гарсан. Энэ хуулийн үндсэн дээр 2002 онд ажиглагчаа илгээж, 2003 онд анхны цэргийн багаа илгээж байлаа. Өнөөдөр бид том том бүрэлдэхүүнээрээ зургаан сарын хугацаатай энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа. Манай залуучууд тэр албаа үнэхээр нэр төртэй хаадаг. Чих халууцуулсан юм байхгүй.

Бүр бахархмаар гэж болно. Аргагүй Чингисийн цэргүүд юм байна гэж хэлэгддэг гэж байгаа.

Ерөөсөө үлгэр жишээ болдог. 2000 оны түвшинд цэрэг арми ер нь хэрэгтэй юмуу, хэнд хэрэгтэй юм, хэнтэй байлдах гээд байгаа юм. Ямар буу зэвсэгтэй юм гэж ард түмэн асуудаг байлаа. Цэрэг армид янз бүрийн дэглэлт гээд юм байсан. Харин энхийг сахиулах ажиллагаанд манай зэвсэгт хүчний төлөөлөл оролцсон явдал бол армийн нэр хүндийг ард түмнийхээ дунд төдийгүй олон улсын хэмжээнд өргөж чадсан. Өнөөдөр хэн ч цэрэг, зэвсэгт хүчин юу хийдэг юм, яах гэж байгаа юм гэж асуухаа больсон. Зэвсэгт хүчний дотоод зохион байгуулалт, хяналт шалгалт сайжирсан. Өнөөдөр цэргийн албыг ганцхан жилээр хааж байна. ОУ-ын энхийг сахиулах ажиллагаа бол манай зэвсэгт хүчинд ихээхэн эергээр нөлөөлсөн. Одоо энэ рүү явах гээд тэмүүлцгээж байна шүү дээ.

Анхны багаа энхийг сахиулах ажиллагаанд илгээхэд танд юу бодогдож байв?

Эхлээд бол эрсдэлтэй байсан. Бид айж л байсан. Ирак гэдэг чинь үнэхээр буцалсан гал шиг юм байлаа. Тэр рүү хүүхдүүдээ явуулна гэдэг чинь их хэцүү. Юу л болох бол, яадаг бол гээд. Манай залуучууд үнэхээр сайхан ажилласан. Бараг баатар цол өгмөөр ч ажилласан. Өчнөөн олон нөхдийнхөө амь насыг аварч, халдлагыг зогсоож ирсэн. Цэргийн албан хаагчдаараа бид бахархах ёстой юм.

Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Гүррагчаа. 2004-2008 он

ЭНЭ ҮНДСЭН ХУУЛЬ, ЭНЭ ТОГТОЛЦОО ХАТУУ ЦАГИЙГ ДАВАХАД ИХ ХЭРЭГ БОЛСОН ЮМ ШҮҮ

Та Монгол Улсынхаа хууль тогтоох байгууллагад олон жил, бүр социализмын үеэс ажилласан. 90-ээд оны өөрчлөлт шинэчлэлтийн дараа ажиллахад ямар байв?

Би АИХ-ын депутатыг их олон жил хийсэн хүн. 1990 онд ардчилсан тогтолцоонд орсон анхны сонгуулийн нутаг дэвсгэрийн комиссын даргаар ажиллаж байлаа. Би бас гавьяатай үйлс бүтээсэн гэж боддог юм шүү /инээв/. АИХ-ын 430 депутатыг сонгох сонгуулийг удирдсан. Энэ бол онцгой сонгууль. Урьдны сонгуулиуд чинь гоё дээлээ өмсөөд, сайхан морио унаж очоод саналаа өгчихдөг баяр наадам байсан. Гэтэл энд өрсөлдөөн гараад ирсэн. Манай танай болсон, бие биенээ харддаг сэрддэг, бас олон улсын ажиглагчид гээд нөхдүүд ирчихсэн ямар л муу юм болоод явчихав гээд байдаг ийм хэцүү үе. Сонгуулийн комиссын гишүүд маань Хувьсгалт намын нэг хэсэг нь байна, нөгөө Ардчилсан залуучууд бол их омогтой байсан цаг. Улс төрийн товчоог буулгаад авчихсан, санаснаа хийнэ гэдэг үе нь байлаа.

Үндсэн хуулийг энэ 25 жилийн хамгийн том ажил гэж хэлэхэд буруудахгүй.

Үнэхээр тийм үе байсан. Тэр үед сонгуулийн нутаг дэвсгэрийн комиссыг та удирдаж байсан нь хүмүүст зөв зүйтэй ажил болно гэдэг итгэлийг төрүүлж байсан юм шүү.

 “Энэ ажлыг сайхан сонгууль болгоод өнгөрөөчих ёстой, эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй байх хэрэгтэй. Тэр комиссын дарга нь бол” гэж Очирбат ерөнхийлөгч намайг шахаж шамдуулаад, зарлиг гаргаж батлаад томилсон. Надад өмөг түшиг болж байсан сайхан улсууд олон байсан. Тухайлбал Хурматбек гуай. Бек захирлыг залуучуудтай ярихад үгийг нь сонсоно. Зохиолч Маам гуай их ухаантай хүн. Учир зүйг нь сайхан олно. Манай залуучууд омогтой давхиад ороод ирнэ. Дорлигжав ирнэ. Дугаар хорооны иргэн гээд Бат- Үүл ороод ирнэ. Ярьж байгаад бие биенээ ойлголцоод л явдаг байсан. Сонгууль дуусахад ямар нэгэн будлиан гараагүй. Ганц нэг тойрог дээр дахин сонгууль явуулсан. Гэхдээ цөөхөн. Тэр жил анх Үндсэн хуулийг баталсан юм. Үндсэн хуулийг энэ 25 жилийн хамгийн том ажил гэж хэлэхэд буруудахгүй байх. Өнөөдөр хэдийгээр өөрчлөх заалтууд байгаа тухай яригддаг ч гэсэн энэ Үндсэн хууль, энэ тогтолцоо хатуу цагийг давахад их хэрэг болсон юм шүү.

Парламентын тогтолцоотой байсан нь зөвдсөн гэсэн үг үү?

 Парламентын энэ тогтолцоо бол зөв байсан. Ерөнхийлөгчийн тогтолцоотой бол ажиллахад хэцүү байхаар цаг үе байлаа. Ер нь парламентын тогтолцооны ачаар л бид энэ бүхний ард гарч чадсан юм шүү дээ.

Дараа дараагийн парламентын сонгуулийг өмнөхтэйгээ харьцуулж хэрхэн дүгнэж байв?

Сонгууль гэдэг бол их түвэгтэй ажил. Би 1996 оны сонгуульд нутгаасаа нэр дэвшиж байлаа. Ер нь аливаа юм чинь нэг эргэчихээрээ ямар ч байгаад нэмэргүй, эргэлт буцалтгүй болчихдог. 1996 онд бол энэ залуучуудыг үзье гэсэн сэтгэлгээ их хүчтэй байсан. Бүр илт давамгай байсан. Дараа нь 2000 оны сонгуульд эд нар ч явахгүй юм байна, Хувьсгалт намдаа өгье гээд ханарсан. Ингээд нэг эргэчихсэн юманд бол хэн ч байгаад нэмэргүй л юм билээ. 1996 онд яг л тийм байсан. Энэ 2016 оны сонгуулийг хар. Би олимпийн аварга Түвшинбаярыг их өрөвддөг юм. Түвшинбаярт би хэлж л байсан. “Миний дүү сайхан бүтэн нэртэй явъя гэвэл улс төрөөс хол байгаарай. Энэ чинь хүн сонирхоод байхаар ажил биш шүү. Чамд бүх юм байна. Улс төртэй, улс төргүй бүгд байна” гэж хэлж байлаа. Хайран сайхан залуу. Энэ жил хаана ч байгаад нэмэргүй байхад ийм юм хийсэн.

2004 оны сонгуулиар та УИХ- ын гишүүнээр сонгогдсон шүү дээ.

 Сонгууль гэдэг бол хувь хүний хувьд их том сургууль юм. Дээр нь Улсын Их Хуралд байнга сууж байгаа хүн бол улс эх орныхоо төлөө гэсэн бодолтой хүн байх учиртай. Одоо чинь өөр бодолтой улсууд төрд ороод ирэх юм байна шүү дээ. Тийм улсууд дутагдал их гаргаж золиос нь ард түмэн болох юм. Сонгуулийн үр дүн шүү дээ, энэ их өр гэдэг чинь. Үүнээс гарах, сэхээнд орох гэж нэлээн юм болно доо. Одоо бид өрийг өрөөр төлж байна. Энэ чинь юу гэсэн үг вэ? Юм бүтээж мөнгө олж байж уг нь төлөх учиртай биз дээ.

ОДОО БОЛ МӨНГӨӨР Л ЯРИНА, “ЗА МИНИЙ МОРИНД СУНДАЛЧИХ” ГЭХГҮЙ

Та сансар судлалын ажилд ойр байдаг хүний хувьд манай залуучууд сансарт хөл тавих ямар алхам хийж байгааг сайн мэдэж байгаа байх?

Сансарт хиймэл дагуул хөөргөх гээд манайхан бэлтгэж байгаа шүү дээ. Тэр хиймэл дагуул бол 10х10 см хэмжээтэй. Хиймэл дагуулыг бүтээхэд монгол залуучуудын оюуны чадавхийг ашигласан, оролцсон юм бий. Энэ хиймэл дагуулыг тойрог замд гаргана. Хэд хэдэн орон хамтарч өөр өөрийн жижиг хиймэл дагуулаа Японы зөөгч пуужингаар тойрог замд гаргаж Олон улсын сансрын станц дээр байрлуулахаар бэлтгэж байна. 5 сарын 22-нд.

Одоо энэ 5 сарын 22-нд нисэх юм уу?

 Өмнө нь сансарт нисчих байх. Станцын бүхээгт байж байгаад дараа нь жинхэнэ тойрог замд гаргаад шидэх нь бол 5 сарын 22-нд. Төр засгаас бас дэмжлэг үзүүлсэн. Бага ч үгүй хөрөнгө мөнгө гарч байгаа. Нэгэнт хиймэл дагуул тойрог замд гаргаж байгаа юм чинь газрын удирдлагын станц байгуулах ёстой. Үүнийг Их сургуульдаа л байгуулах байх. МУИС-ийн багш нар гол түүчээ нь болоод Монголын нэрийг гаргасан бас нэг үйл явдал болно оо. Анхны хиймэл дагуул шүү дээ. Түүнээс гадна өөрийн гэсэн холбооны хиймэл дагуултай болох шаардлагатай. Тэр бол том асуудал. Бид өөрсдийн холбооны хэрэгцээг өөрийн хиймэл дагуулаар хангадаг болчихвол хиймэл дагуулын сувгийн түрээсэнд өгдөг ихээхэн хэмжээний мөнгө хэмнэгдэнэ.

Бид хиймэл дагуулын түрээсэнд хэр их мөнгө төлдөг юм бэ?

Би яг тоог нь хэлж мэдэхгүй байна. Нэлээд хэмжээний валют зарцуулж байгаа байх. Хиймэл дагуултай болохын тулд олон жилийн хүчин чармайлт шаардагдана. Өөрсдийн хиймэл дагуултай болчихвол 5-6 жилийн дараагаас ашигтай ажиллаж эхэлнэ. Тэр ч байтугай өөрийн хэрэглээнээс илүү гарсан зарим сувгуудыг түрээслэх боломж бүрдэнэ.

Тэгвэл монголчууд маань хэдэн жилийн дараа ахиц дэвшил гаргахаар алхам хийгээд л явж байгаа юм байна, тийм үү?

 Тийм ээ. Н.Алтанхуягийн засгийн газрын үед энэ хиймэл дагуулыг бүтээх үндэсний зөвлөл гэж байгуулаад багагүй ажил хийсэн. Харамсалтай нь дараагийн засгийн газар гарч ирээд хийсэн юмнуудыг нь байхгүй болгоод эхлэх юм. Бас ч гэж багагүй хөрөнгө зарсан юм билээ. ТЭЗҮ-г нь японуудаар гаргуулаад, гэрээ хэлцэл, нааш цааш явсан зардал овоо л юм болсон байсан. Уг нь энэ ажлыг үргэлжлүүлээд аваад явах ёстой юм. Уламжлал гэдэг юмыг алдагдуулж түрүүчийн хийсэн ажлыг орхиод байхаар утга авцалдаа муутай болоод байх юм. Сансрын аливаа хөтөлбөрийг урт хугацааны бодлогоор л хэрэгжүүлнэ шүү дээ.

Сансарт ниснэ гэдэг ойлголтын тухайд хоёр янзын тодорхойлолт яригддаг. Нэг нь дэлхийг тойрч нисэхийг сансарт ниссэн гэж үзнэ, нөгөө нь газрын гадаргаас 72-80 км-ээс дээш хөөрсөн тохиолдолд сансарт ниссэн гэж үзнэ гэдэг. Оросуудын болон НАСА-гийн тодорхойлолт юм шиг байгаа юм. Үүнийг тайлбарлаж өгнө үү?

72-80 км-ээс дээш гэдэг чинь баллистический спуск /дээшээ гарчихаад буцаад буугаад ирдэг/- ийг хэлж байгаа юм. Үүнийг сансрын нислэг гэж тооцохоо больсон. Хэрвээ баллистический спускийг тооцох юм бол 100 гаруй км өндөрт гараад буцаад буусан Алан Шепард гэдэг хүн Гагаринаас өмнө түрүүлж ниссэн болж хувирна. Сансрын нислэг гэж юуг хэлэх вэ гэвэл сансрын тойрог замд ороод дэлхийн бөмбөрцгийг ядаж нэг удаа тойрсон энэ нислэгийг сансрын нислэг гэж нэрлэнэ. Тэр нислэгт оролцсон хүнийг сансрын нисэгч гэж нэрлэнэ гэж тогтсон байгаа. Ийм олон улсын дүрэм журам бий.


Ихэнх хүмүүс бурхан тэр дээр байгаа гэж ойлгодог. Сансрын нисэгчдээс бурхан байна уу гэж их асуудаг байх даа?

 Энэ асуултад нэгэн хошин яриагаар хариулъя. Юрий Гагарин сансарт нисээд иржээ. Онгоцоор нисгэж ирээд л задгай машинаар угтаж аваад Кремльд дайллага цайллага болжээ. Никита Сергеевич Хрущев Гагариныг хүнээс зайдуу дуудаад асуусан гэнэ. “Юра, чи надад яг үнэнийг хэлээч, бурхан байна уу?” гэхэд нь “Бурхан байна аа” гэжээ. Никита Сергеевич “Би мэдсэн юмаа. Гэхдээ хэнд ч битгий хэлээрэй” гэсэн байна. Дараа нь Гагарин Ватиканд очиход Ромын пап дайллага цайллага хийгээд бас асуусан байна. “Хүү минь бурхан байна уу?” гэсэн чинь, “Гэгээнтэн минь бурхан байхгүй байна аа” гэж л дээ. “Би мэдсэн юмаа. Хэнд ч битгий хэлээрэй” гэсэн гэдэг /инээлдэв/.

Монголоос дараагийн хүн хэзээ сансарт нисэх бол?

 Улс төр, эдийн засгийн байдал нөлөөлнө биз дээ. Одоо бол мөнгөөр л ярина, “За миний моринд сундалчих” гэхгүй.

Нээрэн л моринд нь сундлаад сансарт ниссэн дээ.

Одоо тийм найз олдох уу?

Ярилцсан: Ц.Оюунчимэг

2017-04 сар "Зиндаа" сэтгүүл №04/504

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 16 )

ЗОЧИН [ 124.158.124.169 ]      |     3-р сарын 22 -нд, 11:22 минутанд

ОДОО ХҮН ТӨРӨЛХТӨН НАЙРАМДАХАА БАЙЧИХСИЙМ ШИГ ХҮМҮҮСИЙН ТОЛГОЙ ЭРГҮҮЛЭЭД БАЙХЫН ОРОНД КОММУНИСТ ҮЗЭЛ СУРТЛЫН АЧ БУЯНААР НИСЭЭД ИРСЭНЭЭ ШУЛУУХАН ХЭЛЧИХВЭЛ ИЛЭН ДАЛАНГҮЙ ЖИНХЭНЭ ЯАРИА БОЛОХ БАЙЖ

Зочин [ 139.5.218.207 ]      |     3-р сарын 22 -нд, 07:48 минутанд

Үнэхээр сайхан ярилцлага байна. Монгол түмний бахархал шүү дээ. Гүррагчаа баатар минь эрүүл энх урт удаан наслаарай. Одоогийн залуу үедээ иймэрхүү яриагаа байнга өгч байгаарай. Залуучуудийн буруу биш ч түүхээ мэдэх үүрэгтэй. Баярлалаа

Ll [ 66.181.182.51 ]      |     3-р сарын 22 -нд, 06:46 минутанд

Ganzorig sansar sudlaliin talaar harin ch ih yum hiisen ene hunees iluu medlegtei. Ene hun dutuu yrij bna.

koi [ 41.85.161.167 ]      |     1-р сарын 13 -нд, 00:11 минутанд

Анхаарах мэдээлэл !!! Та үнэхээр бухимддаг юм уу !!!!!!!!!!!!!! Төсөлдөө мөнгө, санхүүжилт хэрэгтэй юу? Та өр төлөхийг хүсч байна уу? Банк таны файлыг татгалзсан уу? Асуудлыг шийдэхийн тулд бидэнтэй холбоо барина уу, бид Айуда Санхүүжилтийг ядуу болон хэрэгцээтэй хүмүүсийн хэрэгцээг хангахын тулд байгуулж байна. Холбоо барих: vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

Zochin [ 27.123.214.104 ]      |     1-р сарын 12 -нд, 18:53 минутанд

Хүний туг гэж танийг хэлнэ. Урт наслаарай.

zochin [ 202.9.40.96 ]      |     1-р сарын 12 -нд, 14:41 минутанд

10 r horoolold barigdah gej baisan sport komplex iin neere l arag yas n boschihson bsan da, duusgasan bsan bol yadaj uvliin sport, olon saihan zuil boloh bsanbh, erguu heden yuga ch medehgui malnuudaas bolj oros ah nariiga huuguud l gargasan da, odo augaa tom oros oronbidniig zugeer l tui mai genedee

lef [ 59.153.115.248 ]      |     1-р сарын 11 -нд, 15:19 минутанд

hund achaag sansart avaavhhaar hongon baidag mass hamaarahgui

ene hvn [ 213.55.176.251 ]      |     1-р сарын 11 -нд, 12:02 минутанд

ene hvnii vils . unuudur mongold ashigaa ugsun vv . oros dagaj yvaad irsen ni vnen baih . ydaj uul uurhain orduudiig sansraas sudlaad vr ashigtai . yvsan bol . onoodor oyutolgoi . bvh orduudaa . gadniihand aldahgvi l baisan daa . sansart tegdeg sansart tiim yum idsen geed elii balai yum yrihiin . 3 say mongolchud yamar sansart amidrah bish . unuudur mongol uursduu 2 say dollor tulj baij olon ulsiin hiimel daguuld holbogdoh gej ydaj bn . za tegeed kabel gar utas nii sansriin holbootoi unuudriin shinjleh uhaaniig gvr ragchaatai yriad ch nemergvi . iim l amisga

ene hun-d [ 202.9.40.96 ] 1-р сарын 12 -нд, 14:38 минутанд

bitgii eliireed bai maanag mini, sansart 7 honood irsen, buh hiihajil hudluh uildle hurtel tuluvluud yavaad irj bhad yun uul uurhain litsenz ,erguu mal ve chi, yu ch oilgohgui bol yadaj duugai bgaach

Zochin [ 86.16.255.77 ]      |     1-р сарын 10 -нд, 16:57 минутанд

Tsedenbal dargiin holch mergen uhaantainh yum daa, ali ch ued unegui yum gej baihgui dee, Mongol uls zarlagiinh n taliig yamar negen helbereer tulsen l baigaa,,,

Amraa [ 103.229.121.83 ]      |     1-р сарын 10 -нд, 16:19 минутанд

Mash saikhan yariltslaga boljee. setguulch sain bn

иргэн [ 66.181.180.153 ]      |     1-р сарын 10 -нд, 06:24 минутанд

Үнэхээр ухаалаг монгол эр хүн,танд сайн сайхныг хүсье

Монгол хүү [ 180.149.78.99 ]      |     1-р сарын 10 -нд, 02:49 минутанд

САЙХАН ЗӨВ ҮНЭН ЯРИЛЦЛАГА БАЙНА. АМЖИЛТ ХҮСЬЕ

Zochin [ 49.0.135.140 ]      |     1-р сарын 10 -нд, 02:49 минутанд

Aztai hyn gee l dyysaj baigaa ium baihdaa.Sansariin talaar iy hiisen hyn ium bol?

Алтай [ 202.21.116.206 ]      |     1-р сарын 10 -нд, 02:30 минутанд

Амьд ярилцлага юм аа. Бидний бахархал болсон хүн. Аливааг өөрийхөө өнцгөөс биш өргөнөөр харж, томоор сэтгэж сурна гэж энэ байх

wow [ 182.160.2.223 ]      |     1-р сарын 10 -нд, 02:23 минутанд

СYYЛчийн øгYYлбэр жинхэнэ аймаар байлаа Одоо YнэгYй юм байхгуй шуу гэж Оросууд туслаагуй бол бид ч ичмээр дамшигууддаа Энэ муухай занг Муухай Монгол зан гдг Дэлхий Монголчуудыг худалч хулгайч хариуцлагаас зугтагч гэж л хардаг болсондоо

хөдөөний малчин [ 182.160.3.32 ]      |     1-р сарын 10 -нд, 01:44 минутанд

Азтай хүн дээ

Go to top of page