“Фортуна”-г үгүйлсэн уйтгарт парламент

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 10

 

Чуулганы танхимд боов боорцог гаргаад тухалдаг, батлагдсан хуулийн хойноос завсарлага авах гэж эргүүтдэг гишүүдтэй байлаа ч дэндүү уйтай. Айлд богино өмдөө мартсанаа Төрийн ордонд мэдээлчихдэг хар хоргүй гишүүн байгаад ч уйтгартай хэвээрээ. Арга мухардсан уу яасан, сүүлдээ ичимдэг эрхтнийхээ зургийг аваад нийгмийн сүлжээнд тараадаг гишүүн гарч ирээд ч хэрэг алга. Дэндүү уйтай хэвээрээ. Саяхан л хошин шог үзэж, муухан уран сайхны кино үзэснээс УИХ-ын чуулганы хуралдаан үзэх нь илүү сонирхол татаж байв. Чуулган тэр чигээрээ мэргэжлийн урлагийн байгууллагын нэгэн сүүдэр тусгал, сонирхогчдын театр шиг байв. Парламентийг сонирхолтой болгож байсан гишүүдийн тэргүүн эгнээнд “фортуна” Н.Батбаяр зүй ёсоор орж ирнэ.

Байнгын хороо, УИХ, Засгийн газрын гээд бүхий л хуралдаанд тэнгэрийн улаач болсон гишүүн маань байнга л уран зөгнөл ярих нь муухан зохиолоос ч илүү амттай санагддагсан. Гавьяат эдийн засагч Н.Батбаяр нь Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа шинжлэх ухааны талаасаа гэхээсээ илүүтэй билэгдлийн тоо ярих нь элбэг. Ер нь хаа хамаагүй гэнэт бодит байдлаасаа алсарч эрүүл бус сэтгэлгээтэй болдог. УИХ-ын чуулганы хуралдаанд согтуу ирж, УИХ-ын даргад агсам тавина. Гэнэт гишүүдийн карт суглаад танхимаас зугтана. Байсхийгээд л 99, 888, 33 гэх зэргээр бэлгэдлийн тоо ярьж, шинжлэх ухаанчаар хандах учиртай Төрийн ажлыг шашны зан үйлтэй холбоно. Ерөөсөө Төрийн түшээ бүү хэл эгэл жирийн иргэнд баймгүй араншин гаргадаг нь парламентийг сонирхолтой болгож байв. Ямар сайндаа УИХ-ын гишүүдийн тоог 99 болгоно хэмээн Ц.Нямдоржоор зад загнуулж байхав дээ.

Гэхдээ мань эр чинь “Гэнэтийн ашгийн 68” гэдэг хуулийн автор шүү дээ. Сүүлд хямрал нэрээр уг хуулийн утгыг алдуулсан санагдана. Үүнийгээ ч билгэдлийн тоо гэдэг. Тэрбээр 2006 онд УИХ-д сууж байхдаа “Ашигт малтмалын үнийн гэнэтийн өсөлтийн татвар” гээчийг санаачлан батлуулсан. Ингэхдээ Японы мэргэжлийн сүмогийн 68 дахь аварга буюу Ёкозүнагаар монгол бөх тодорсныг бэлгэшээн уг хуулийг санаачилсан гэдгээ тунхаглаж анх удаа инээд барж билээ. Энэ хууль нь батлагдсанаар алт олборлогчдын уур цухлыг барж байсан санагдана. Гэхдээ Н.Батбаярын автортой энэ хууль бол сайн хууль байсан гэдэгт алт олборлогчдоос бусад олон хүн эргэлзэхгүй. Магадгүй, түүний улстөрийн түүхэндэх хамгийн том гавьяа энэ болж үлдэх байх.

Саяхан даа, өнгөрөгч парламентийн үед Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд түүнийг орж ирэхэд өрний асуудал хэлэлцэж байв. Харин мань Н.Батбаяр гэнэт “Та нар өр гэж болохгүй. Аливаа зүйл дандаа утга учиртай, билгэдэл гэж зүйл бий. Өр гэж ярьж болохгүй, өглөг гэж ярих ёстой” хэмээн хадуурснаар хуралдаанд суугчдын инээдийг барсан бол өдгөөгийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг ёстой л дэлбэлэх шахсан. Өр гэснээс мань эр Н.Алтанхуягийн Засгийн газарт Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа “Чингис” бондыг босгохоор АНУ-д очсон хэрэг. Тэнгэрийн харъяат сайд маань Монгол Улсын дансанд бондын мөнгийг үтэр түргэн оруулахаар хоног төөрүүлсэн буудлынхаа үүдэнд гал мандаан бөөлсөн гэх мэдээлэл ч явж л байсан. Ийнхүү бөөлж байж оруулж ирсэн мөнгө нь өнөөдрийн гол өр болчихоод байгаагаас өглөг болоогүй. “Чингис” бондын хүрээнд хийгдсэн зам, гудамж, үйлдвэржилтэд оруулсан мөнгөний тоо бүгд 888, 99, 33 гэх мэт билгэдлийн замаар олгогдсон учраас өнөөдөр эргэн төлөгдөхөд эргэлзээ төрүүлсэн өр болчихоод байгаа юм. “МАК”-д олгосон гэх 109 тэрбум ч Н.Батбаяртай холбож ойлгоход гэмгүй. Яагаад заавал 109 гэж, уг нь 100, 110 байж болно шүү дээ.

Гэхдээ Н.Батбаярын зангидаж асан “Чингис” бондын мөнгийг бүхэлд нь өр гэж ойлгох нь өрөөсгөл юм. Тус мөнгөөр лавтай зургаан аймгийг хатуу хучилттай замаар холбосон. Өргөн зузаанаас нь идсэн уусныг нь тэртээ тэргүй илчлээд шүүхийн шатанд шалгаж л байна. Н.Батбаяр өөрөө ч шалгуулж байгааг бид мэднэ. Энэ мөнгөний эх үүсвэрээр Ц.Гарамжав гишүүний “Монполимет” Монгол Улсад байхгүй орчин үеийн дэвшилтэт технологи бүхий цементний үйлдвэр байгуулаад 500 ажлын байр шинээр бий болгочихлоо, Н.Номтойбаяр гишүүний “МАК” хийт бетоны үйлдвэр байгуулаад олон ажлын байр бий болгочихлоо гээд дурдаад байвал эерэг зүйл олон бий. Хамгийн наад зах нь Улаанбаатар хотын гудамж төсөлд 33 хэмээх тоо зоож өгснөөс ядахад тал хувь нь хэрэгжсэн биз дээ. Ийм л нэг хөгтэй хөлтэй гишүүнийг үгүйлсэн парламент дүнсийсээр байна.

А.Толбо

www.zindaa.mn

 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Samdan(66.181.161.86) 2018 оны 01 сарын 11

dunsger parlament aaa gj. Hezee neg dulsnee gargadiin bgan hahaha ter n uguujtei bgasai daa

0  |  0
Гэцүү гэцүү (103.26.193.67) 2018 оны 01 сарын 10

Дүнсийж дүлсээр энэ парламент нэг өдөр тэсэрч дэлбэрч сүйд болохвий дээ хөөрхий дарга нь ч хэт дүнсгэр юм ядахдаа нямка ах шиг ярвалдаад шарвалзаад үсчээд байхгүй яасан ч томоотойн хөөрхий хууль гаргах их хэцүү байдаг байх дөлж дөлж дүлж дүлж нэг юм болсон болоогүй гээд л муудалцаад унах юм засгийн газарт байх бүүр чиг л хэцүү байх аа. Өчигдөрхөн ярьснаа өнөөдөр нь юу билээ л болоод явчихна авнаа л гэнэ тэгснээ больё өгнөө л гэнэ тэшснээ ерөөсөө авахгүй бол болохгүй л гэнэ. Энэ хооронд иргэд яасан ирюйснийг нь ойлгож ч амжилгүй үлдэнэ гэжгаа

0  |  0
zochin(202.9.40.200) 2018 оны 01 сарын 10

sogtuu tolgoilson iim erguu humuuseer duuren horvoog bid yaltai, iim malnuudiig tolgoi deere gargsan ard tumen huurhii, unen gej, shudarga zuil gej ene horvood uneheer baidag bol, bi 13-r zuunda ergej ochood iimerhuu erguunuudiin tolgoig avahsan, hairan ch eh oron, mongol mini

0  |  0
Top