Танайх биш ээ, манай орлого нэмэгдэнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 11

 

Манай хамаг том дарга нарын нэг нь “Татвар нэмснээр танай орлого нэмэгдэнэ...” гээд зарлачихаж. Зурагт үзэж суусан эмээ цочоод, аягатай цайгаа нүүлгэж орхисон гэнэ. Зурагт ч унтарсан юм байх, эмээ ч хэсэг цамнаад тайвшраа биз... Нээрээ “яасан муухай юм дуулгадаг хүү вэ” тэр. Тэр эмээ энэ яваа насандаа тийм юм дуулаагүй болохоор “эвэртэй туулай” үзсэн юм шиг болоод, аягатай цайгаа тэр чигт нь “явуулж”. Уутанд байхдаа үржээд байдаг “эрдэнийн үрэл” л биш бол татвар нэмэгдээд байхад орлого нэмэгдэх нь хаашаа ч билээ.

 Хуучин Засгийн үед гоё тоонд дуртай нэг гишүүн байж билээ. “99 гишүүн”, “68 хувийн татвар”,.. гээд огторгуйгаас олсон тооныхоо оролцоотойгоор хууль зохиож, ажил явуулж, хамаг асуудлаа шийддэг байв. АН-ын гишүүн хүн л дээ. Тэр хүн маш олон гоё тоо мэддэг байснаараа ганцаараа алдаршсан. Харин МАН-ыхан цөмөөрөө ганцхан тоо цээжилснээрээ энэ цагт алдаршиж эхэлжээ. Уг нь их эртнээс бэлгэдсэн тоо юм. Ардын засаг байгуулагдахад Бодоо, Данзан... нарын долоон хүн улс орныг аврах үйл ажиллагааг идэвхийлэн, Оросыг зорьж, Ленинд бараалхсан түүхтэй. Ленин ч баргийн хүн хүлээж авдаггүй байсан нь гарцаагүй. Долуулаа иржээ, гэхээр нь тосоод авна гэж үзээд явуулсан нь оносон гэж өнөөгийн МАН-ыхан үздэг юм болов уу даа...

 Түүнээс хойш МАН-ыхан долоогийн тоог тахин шүтэж иржээ. “Анхны долоо”, “Долоон бурхан харвадаггүй”, “Долоон төрлийн татвар”,..гээд үргэлжилж байх жишээтэй. Ер нь долоогийн тоонд аврал нуугддаг гэж ойлгодог юм шиг байгаа юм. Долоон татвартаа хөөрхөн нэр олоод өгчихсөн өхөөрдөж байх жишээтэй. “Монголын эдийн засгийг аварсан МАН-ын долоон татвар” гэж байгаа юм. Анхны долоогоос ч илүү нэр хүндтэй татварууд байх нь. Мань долоон татвар Монголд төдийгүй гадаадад алдаршсан жишээ бас байна. Тухайлбал Өмнөд Солонгост манай долоогоос “цалингаас авах татвар” нь онцгой анхаарал татсан бололтой.  “Юмыг яаж мэдэх вэ” гэж бодоод тооцоолсон биз.

 Манай хууль хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн тэднийхэн өндөр цалинтай иргэдийнхээ нэрийг дурайлгаад, тоог эрийлгээд гаргаад ирлээ. Монголд 1 сая 500 мянган төгрөгөөс дээш цалинтнуудаасаа татвар нэмж авах хууль хэрэгжихэд,  өмнөд Солонгост нэг тэрбум вонын цалинтай 14 байна гээд зарлачихаж байна шүү дээ. Манай хууль үнэн хүчтэй нь мэдрэгдэж байгаа хэрэг л дээ. Иргэддээ яаж үйлчилдгийг ч давхар сануулж байгаа байх. Солонгосчууд ч тийм хуультай болохыг хүссэний илрэл ч мөн биз.

 Хууль санаачлагчдыг маань ч удахгүй урьж, судалгаа зөвлөгөө авах нь гарцаагүй. Ер нь “авралын” долоон татвар хэний гэрт орлого оруулахыг сошиалын нөхөд саяхнаас нээн илрүүлчихээд, хурдтайгаар бие биедээ мэдэгдэж байгаа. Тэр орлого нэмэгдэх айлын тоонд сошиалчдынхаас нэг ч айл багтаагүйд тэд мөн их уурсаж байгаа юм.  Манайх ч тэр айлуудын тоонд ороогүй гэдгийг би нэг муухан мэдээд байгаа юм. Харин тэр “татвар нэмснээр танай орлого нэмэгдэнэ” гэж хэлсэн хүний орлого хамгийн түрүүнд нэмэгдэхийг манай мэргэн сошиалчид олоод тогтоочихож. Тэр хүн, татвар нэмснээр хэний орлого нэмэгдэхийг өөрөө олж мэдчихээд баярлахдаа олон нийтэд мэдээлж л дээ. Тэгэхдээ үгийн алдаа гаргаад, “манай” гэж хэлэхийн оронд “танай” гээд хэлчихэж. Мэргэн уншигч та дээрх үгийг залруулан уншиж, жинхэнэ утгаар нь ойлгохыг хичээгээрэй. Гол нь уураа барих нь чухал юм. Зөрчлийн тухай хууль ч гэж бас бий.

Л.Ганзул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
харамсаж байна(103.229.121.96) 2018 оны 01 сарын 12

ОЮУ толгойн гэрээг яаралтай эргэж харах ёстой. Эхлээд ЭРДЭНЭТтэй ижил татаварыг бүрэн авдаг болое. ОЮУ толгойн луйвард оролцож хагартлаа баяжиж, гадныхны гар, хөл бологч нартай хатуухан арга хэмжээ тооцох цаг болсон. ХӨРӨНгийг нь бүрэн хураах хүртэл арга хэмжээ авах ёстой. АРАЙ их давруулсан байна

0  |  0
харамсаж байна(103.229.121.96) 2018 оны 01 сарын 12

ОЮУ толгойн гэрээг яаралтай эргэж харах ёстой. Эхлээд ЭРДЭНЭТтэй ижил татаварыг бүрэн авдаг болое. ОЮУ толгойн луйвард оролцож хагартлаа баяжиж, гадныхны гар, хөл бологч нартай хатуухан арга хэмжээ тооцох цаг болсон. ХӨРӨНгийг нь бүрэн хураах хүртэл арга хэмжээ авах ёстой. АРАЙ их давруулсан байна

0  |  0
үл мэдэх?(122.201.20.190) 2018 оны 01 сарын 11

Баттулга бөх юу хийж байна аа, 48 обшор дансаар тэргүүлээд байв уу?

0  |  0
zochin(202.131.225.197) 2018 оны 01 сарын 11

60 ter bum M.Enkhboldiin orlogo nemegdene

0  |  0
trtr(66.181.184.108) 2018 оны 01 сарын 11

tatvariig nemeed iluug olson tohioldol delhiin tuuhend baihgui dee.

0  |  0
Top