Төв банкны Ерөнхийлөгчийн цалингаа нэмүүлэх санал дэмжигдэх үү

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 11

Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцэж байгаа билээ. Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн өргөн мэдүүлсэн юм.

Улсын Их Хурлаас 1996 онд баталсан Төв банк (Монголбанк)-ны тухай хуулиар “Монголбанк Засгийн газраас хараат бус байна” гэж хуульчлагдсан ч Төв банкны бие даасан, хараат бус байдлыг олон улсад тогтсон индекс үзүүлэлтээр тооцоход Монголбанкны бие даасан, хараат бус байдал дунджаар 0.5 буюу 50 хувьтай “хангалтгүй” гэсэн үзүүлэлт гарчээ. Монголбанкны бие даасан, хараат бус байдал  хангалтгүй, мөнгөний алдаатай бодлого, шийдвэр, үйл ажиллагаа нь үнэ,ханшийн тогтворгүй байдал, улсын өрийн дарамт, гадаад валютын хомсдол, улс орны эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлж байна хэмээн үзсэн байна.

Тиймээс хууль санаачлагчид нь Монголбанкны хараат бус, бие даасан байдлыг хангах, Монголбанкны Ерөнхийлөгчийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд хамтын удирдлагын зарчим нэвтрүүлэх, Монголбанкны засаглалын бүтэц, зохион байгуулалтыг олон улсын жишигт нийцүүлэх, мөнгөний бодлогын хэрэгжилтийг сайжруулах, Монголбанкны үйл ажиллагааг ил тод, тодорхой болгох, Монголбанкны үйл ажиллагаанд өмнө нь гарч байсан алдаа дутагдлыг дахин гаргахгүй байх эрх зүйн орчинг бүрдүүлэх зэрэг агуулгаар Төв банкны тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулахаар төлөвлөсөн байна.

Мөн Монголбанкны удирдах албан тушаалтанд тавигдах шаардлага, шалгуурыг нэмэгдүүлэх,  хараат бусаар ажиллах эрх зүйн үндсийг бэхжүүлэхээр тусгажээ.

 УИХ-аар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхэд   гишүүдийн дунд маргаан дагуулсан нэг асуудал нь Төвбанкны Ерөнхийлөгчийн цалинг хэмжээ.  "Монголбанкны удирдлагуудын цалинг УИХ тогтоодог болъё" гэсэн саналыг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Жавхлан, Д.Тогтохсүрэн нар гаргаж буй.  

УИХ-ын гишүүн З.Нарантуяа энэ талаар хэлэхдээ "Төрийн өндөр албан тушаалтнуудын цалингийн сүлжээг УИХ-ын тогтоолоор баталдаг. Энэ тогтоол Төв банкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч нарт ч хамаатай. Төв банкны Ерөнхийлөгч цалингаа нэмүүлэх санал оруулж ирсэн нь ёсзүйн хувьд цагаа олоогүй. Тэр тусмаа өөрөө өөрийнхөө цалингийн төсвийг батална гэдэг байж болохгүй асуудал" гэдгийг тодотгож буй. 

Харин УИХ-ын гишүүн Б.Жавхлан "Төв банкны Ерөнхийлөгч нарын цалин,ажилчдынхаа дундаж цалингаас бага байдаг. Ажилчдынх нь цалин Ерөнхийлөгчийнхөө цалингаас өндөр байдаг энэ гажуудлыг засах хэрэгтэй. Төвбанкны удирдлагуудын цалинг УИХ тогтоохдоо энэ гажуудлыг анхаараарай" гэсэн байр суурийг илэрхийлж байсан юм.

Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар тус  хуулийн эцсийн хэлэлцүүлэгийг хийнэ.

Ш.Адъяамаа


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.41.32) 2018 оны 01 сарын 11

Юу хийсэн гэж? Ард тумэн уйгээгуй ядуу байхад дарга нар ард тумнээ ядуурууллаа гэж цалин авдаг юм шиг энгийн ардад сонсогдож байна.

0  |  0
ЗОЧИН(112.72.11.122) 2018 оны 01 сарын 11

ЮУ ВЭ, ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ТУШААЛТНЫ ЦАЛИНГ НЭМЭЭГҮЙ БАЙЖ ЭНЭ ГАХАЙГИЙН БАГАДЛАА ЮУ. БАЛАЙРААД БАЙГААРАЙ.ЯМАР НЬ ИЙМ САНАА ГАРГАДАГ БНАА.АРД ТҮМНИЙ ТАТВАРЫН МӨНГИЙГ ЯМАРВАА ЮМАНД ЗОРИУЛАХААР БОЛ САНАЛ АСУУЛГА ЯВУУЛЖ БАЙМААРСАНДАА

0  |  0
Hehe(183.177.97.14) 2018 оны 01 сарын 11

Ajilchid ni dargaasaa ih tsalin avdag gene uu

0  |  0
Top