Э.Энхмөнх: Ухааны чадлаараа улсаа хөгжүүлэх Монгол хүн олон бий

Монголчууд дэлхийн оюуны спортод оролцож, алдар цуутай аваргуудыг ялан дийлж байна гэх чихэнд чимэгтэй мэдээгээр бид сэтгэлээ баясгадаг болоод удаж байна. Анхандаа "Монгол хүн ой тогтоолтын дэлхий аварга боллоо" гэхэд гайхах, бишрэх зэрэгцэж бахдан, сайшаадаг байсан бол өдгөө "Бид л дэлхийн ой тогтоолтын аварга болох ёстой" мэт санаж, сэтгэдэг болжээ. Тиймээс "Зиндаа" сэтгүүлийн “Дэлхийн Монгол“ булангийн энэ удаагийн зочноор биднийг ийнхүү бахдал, омогшил дүүрэн болгосон оюуны спортын тамирчин Э.Энхмөнхийг онцолсон юм. Тэрбээр 52 хөзрийг 22 секундэд цээжилж дэлхийн рекордыг эвдсэнийхээ дараахан дэлхийн нэр хүндтэй хэвлэл мэдээллийнхний гол бай болоод зогсохгүй "Казинод тоглож болохгүй шилдэг тоглогчдын жагсаалт"-д ч бичигдээд амжсан. Ийнхүү дэлхий нийтийн чихийг дэлдийлгэж, нүдийг бүлтийлгэсэн жирийн нэгэн монгол хүүгийн оюуны спорт руу хөтлөгдсөн энгийн бус хувь тохиолын "гудамж"-аар хамтдаа алхацгаая.


Э.ЭНХМӨНХ: УХААНЫ ЧАДЛААРАА УЛСАА ХӨГЖҮҮЛЭХ МОНГОЛ ХҮН ОЛОН БИЙ

Таныг БНХАУ-ын хамгийн олон үзэгчтэй ой тогтоолтын "Super brain" шоунд оролцож байх үед анх холбогдож байсан. Тэр өдрөөс хойш бараг жилийн дараа ярилцахаар боллоо. Үнэндээ танихгүй байх гэж бодсон шүү?

 Тухайн үед та надтай онлайнаар холбогдож, ялалтын талаарх сэтгэгдлийг минь асууж байсан. Харин энэ удаад тантай нүүр тулан уулзаж, энэ эрхэм сэтгүүлд ярилцлага өгөх болсондоо тун их баяртай байна.

Тухайн үед таны оролцож, ялалт байгуулсан "Super brain" шоуны талаар олон нийт "Монголыг Хятад даяар сурталчилсан маш том соёлын ажил боллоо" хэмээн ярьж байсан. Энэ шоу таныг олон нийтэд илүүтэй таниулж өгсөн байх?

Тэрбум гаруй хүнтэй БНХАУ- ын дөрвөн хүн тутмын нэг нь үздэг томоохон шоунд урилгаар оролцоод, ялалт байгуулна гэдэг нэр төрийн хэрэг байсан. Монголчуудын маань үндсэрхэг үзэл намайг олон нийтэд илүүтэй таниулж өгсөн байх гэж боддог юм. Юу гэхээр тухайн үед Э.Энхмөнх дэлхийн хэмжээний шоунд оролцож байгаа нь бус Хятадын газар нутагт Хятад хүнтэй өрсөлдөөд ялалт байгуулсан нь манайханд илүү чухал, магтмаар бахадмаар санагдаж байсан болов уу. Тиймдээ ч ирсний маань дараа маш олон хүн "Чи соёлыг түгээж, Монгол туурга тусгаар улс шүү гэдгийг баталж чадлаа" гэж надад хэлсэн.

Энэ тэмцээнд та олон улсын тамирчидтай нэг баг болж орсон. Монголчууд дангаараа баг бүрдүүлж очиж болоогүй юм уу?

Тиймээ. Тус тэмцээнд оролцсон манай “Х team” багийн хувьд тив тивээс ирсэн шилдэг тамирчдаас бүрдсэн. Миний хувьд Ази тивээ болон Монгол Улсаа төлөөлж тус багийн гишүүн нь болж шоунд оролцсон. Австрали тивээс шооны дэлхийн аварга Feliks Zemdegs, Испанийн судокугийн дэлхийн аварга Martin Lopez Norses , Өмнөд америкийн Перу улсын шоог харахгүйгээр эвлүүлдэг Gianfranco Huanqui, Швед улсын дэлхийн ой тогтоолтын хошой аварга Jonas Von Essen нартай хамтарч Хятадын тамирчдаас бүрдсэн шилдэг багийн эсрэг өрсөлдсөн. Тэгээд болоогүй Хятадуудыг буулган авч, ялалт байгуулсандаа маш их баярладаг. Мэдээж монголчууд хятадын эсрэг тоглох боломжийг бий болгохыг хүсэлгүй яахав. Энэ боломж бололцоог бүрдүүлэхийн төлөө Монголын Оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар багш маань хөөцөлдөж байгаа. Тун удахгүй ажил хэрэг болоод Монголын ой тогтоолтын аваргууд хятадын шилдгүүдтэй өрсөлдөх байх аа.

Ер нь монголчуудын хамгийн хүчтэй өрсөлдөгч хаанах вэ?

Оюуны спорт Монголд хөгжөөд тун бага хугацааг туулсан. Гэхдээ бид Азийн хамгийн чанга, хүчтэй өрсөлдөгчид гэж боддог. Харин дэлхийн хэмжээнд Герман, Швед, Англи, Америк, Хятад гэсэн таван улсын тамирчид хүчтэй өрсөлдөгчид байдаг. Эдгээр улс орны хувьд тархийг нь судалдаг тусгай судалгааны баг хүртэл ажилладаг. Ой тогтоолт, оюуны спорт гэдэг бол энэ улсын тамирчдын амьдралын нэг хэсэг болчихсон зүйл. Гэтэл эсрэгээрээ манай Монголын тамирчид ой тогтоолт, оюуны спортыг чөлөөт заваараа, ажил хөдөлмөр, хичээл сургуулийнхаа хажуугаар суралцдаг ч дэлхийд үнэлэгдэж чадахуйц хэмжээнд чанга өрсөлдөгчид байна гэдэг чамлахааргүй амжилт шүү.

Таны хувьд "Super brain" шоуны ямар төрлөөр нь өрсөлдөж ялалт байгуулж байв. Өөрийнхөө гүйцэтгэсэн даалгаврыг дэлгэрэнгүй тайлбарлаач?

Таван тамирчны хоёр нь нэг баг болж оролцсон. Тиймээс дөрвөн төрөлд өрсөлдсөн гэсэн үг. Би ганцаарчилсан даалгавар гүйцэтгэсэн. Тодруулбал, 15х15 харьцаатай 225 таван ширхэг нүдэнд секунд бүрт нэг тоо гараад алга болно. Тэгэхдээ дэс дарааллаар биш аль ч нүдэнд, ямар тоо гарч ирэх нь тодорхойгүй. Тодорхойгүй хэдий ч цээжлэх ёстой.


Тэгэхээр 225 секунд шаардлагатай гэсэн үг үү?

Тийм. Үүний дараа таван минут дахин дотроо бодож боловсруулаад төв тайз руугаа очно. Тэнд ч гэсэн адилхан 225 ширхэг дотроо гэрэлтэй шоонууд байх бөгөөд гэрэл нь энд, тэнд анивчиж байгаад удааширсаар нэг шоон дээр зогсоход гурван секундын дотор тэнд ямар тоо гарсныг санаж олонгуутаа өмнөө байрлах 1-9 хүртэлх тоог наасан лаазан ханыг нурааж зөв тоогоо олох ёстой. Ийм л даалгавар гүйцэтгэсэн.

Өмнө нь ийм төрлийн даалгавар гүйцэтгэж байсан уу ?

 Үгүй. Тиймээс жаахан бэрхшээл тулгарсан. Учир нь гэрээний дагуу шоу зохион байгуулагчдын зүгээс гурван долоо хоногийн өмнө даалгаврын тухай мэдэгдэх ёстой байсан ч нэг долоо хоногийн өмнө өгсөн. Тэгээд л даалгавраа авангуутаа тэмцээнд оролцох хүртлээ бэлдсэн. Гэтэл Хятад руу нисэхийн өмнөх шөнө зарим нэг зүйлийг өөрчилсөн тухай дахиж хэлсэн. Тэгээд явах зуураа онгоцонд, очоод буудалдаа шөнийн гурван цаг хүртэл бэлдсэн.

Ой тогтоолтын спортод ерөнхий 10 төрөл байдаг гэж сонссон. Та энэ төрлүүдийн хэдээр нь хичээллэдэг вэ?

 Оюуны тэмцээний төрөл маш олон. Ой тогтоолт, цээж бодолт, спорт өрөлт, шоо, судоку гэх мэтээр цааш үргэлжилнэ. Хамгийн анх ой тогтоолтын сургалтад хамрагдахдаа бүх төрлөөр хичээллэж байсан. Тиймээс бүгдийг нь зэрэг эзэмшиж, өрсөлдөж чадна. Гэхдээ ой тогтоолт нь бусад төрлөөсөө илүү сонирхолтой санагдсан учраас би сонгон хичээллэх болсон. Ой тогтоолт дотроо арван төрөлтэй. Тодруулбал, хөзөр, тоо, зураг, зүс царай, түүхэн зураг зэргийг цээжилнэ гэсэн үг. Цээжлэх хугацаа нь Улсын аварга, Олон улсын аварга, Дэлхийн аваргын тэмцээнээсээ шалтгаалаад 10-60 минут хүртэл уртасдаг.

Анх ер нь хэзээнээс эхэлж ой тогтоолтоор хичээллэсэн бэ?

Би 2014 оны нэгдүгээр сараас ой тогтоолтын спортоор хичээллэж эхэлсэн. Оюун ухааны академийн ерөнхийлөгч Х.Хатанбаатар багш манай сургууль дээр ирж миний сонирхлыг татсан ой тогтоолтын маш олон техникийг харуулсан төдийгүй амьдралд хэрэглэхээр чухал сургамжийг хэлсэн. Багшийнхаа яриаг анх сонсоод л ой тогтоолтоор хичээллэх болсон. Хичээллэж эхэлснээсээ хойш улам бүр сонирхолтой санагдаж, их зүйлийг сурч байна.

Оюуны спортоор хичээллэж эхлэхэд хэцүү байсан уу?

Яг үнэндээ анх ой тогтоолтоор хичээллэж байхдаа би ч чадахгүй юм байна гэж бодох үе байсан. Яагаад гэвэл, 52 хөзрийг хамгийн удаандаа таван минутын дотор цээжлэх ёстой ч би цээжилж чаддаггүй, цээжиллээ гэж бодсон ч бүрэн гүйцэд санадаггүй байсан учраас тэр.

Энэ хэцүү үеэ хэрхэн давсан бэ?

Тухайн үед багш "Чи хийж чадна. Чи энэ чадлаараа хичээгээд бай. Чамайг хийж чадна гэдэгт итгэлтэй байна" гэж хэлж байсан. Энэ үг өөртөө итгэх итгэлийг улам төрүүлж, эрч хүчтэй болгосон гэх үү дээ. Тухайн үед сэтгэлийн гал бөхнө гэгч л болсон байсан. Тэгсэн тэр галыг маань Х.Баасансүрэн багшийн урмын үгс сэргээж, дүрэлзүүлж өгсөн дөө.

-МОНГОЛ ХҮНИЙ ОЮУН УХААНЫ ПОТЕНЦИАЛ ДЭЛХИЙН ЭХНИЙ 5-Д БИЧИГДДЭГ-

Монголчууд ой тогтоолтоороо дэлхийд хэддүгээрт эрэмбэлэгдэж байна вэ?

 Сүүлийн жилүүдэд монголчууд оюун ухааны спортоор их идэвхтэй хичээллэж эхэллээ. Түүгээр ч зогсохгүй 20-30 жил оюуны спортоор хичээллэсэн ямар ч тамирчинтай өрсөлдөж чадахуйц чадварлаг тамирчид маш ихээр түрэн гарч ирж байна. Жишээ нь, Монголын өсвөрийн тамирчид дэлхийн ой тогтоолтын 17 рекордын 13-ыг нь дангаараа эзэмшдэг. Тиймээс манай өсвөрийн тамирчдыг дэлхийд номер нэг гэдэгтэй хэн ч маргадаггүй. Монгол хүний оюун ухааны потенциал дэлхийн эхний 5-д бичигддэг. Харин эсрэгээрээ буюу ашиглагддаггүй гэсэн үзүүлэлтээрээ бол доороосоо 5-д ордог. Хөгжүүлж л чадвал монгол залууст авьяас байгаа. Ер нь би оюуны чадварыг зөв хөгжүүлж, үнэлж чадсан улс орон хөгждөг. Ухааны чадлаараа улсаа хөгжүүлэх Монгол хүн олон бий гэж боддог шүү.

Таны хувьд хэчнээн рекордыг эзэмшиж байна. Ямар ямар төрлөөр...?

Тэмцээнд оролцоогүй жил гаруй хугацаа өнгөрсөн учраас одоогоор эзэмшиж буй дэлхийн болоод монголын рекорд байхгүй. 2014- 2015 онд идэвхтэй тэмцээнд оролцож байх үедээ хөзөр цээжлэх төрлийн олон улсын хоёр ч рекордыг эзэмшиж байсан. 2014 оны наймдугаар сард Энэтхэгт зохион байгуулагдсан олон улсын тэмцээний 37 секунд байсан рекордыг 33 секунд болгоод, есдүгээр сард нь Хонгконгод зохион байгуулагдсан олон улсын тэмцээн дээр 22 секунд болгож шинэчлэн тогтоосон. Мэдээж тэмцээн уралдаан гэдэг утгаараа өрсөлдөөн, рекордын төлөөх зорилго тэмүүлэл гэж байдаг.

Хичнээн хөзрийг тийм бага хугацаанд цээжлэсэн гэсэн үг вэ?

52 хөзрийг 22 секундэд нэг ч алдалгүйгээр цээжилж санаж байна гэсэн үг. Энэ тэмцээний үйл явцыг тайлбарлавал, эхлээд хүн бүр дээр шүүгч ирнэ. Цаг 5 минутаас эхэлж явна. Тэр таван минутдаа багтаагаад хөзрөө цээжлэх ёстой. Цээжилж дууссаны дараа дахин шинэ хөзөр надад өгнө. Би түүнийг өмнө нь шүүгчийн цээжлүүлсэн шиг байрлуулаад шалгуулах ёстой. Тэр хугацаа маань хэр богино байгаагаас шалтгаалаад рекорд өөрчлөгдөнө.

Мэдээж өгсөн өгөгдлийг маш хурдан цээжилж байгаа. Эсрэгээрээ мартах хугацаа нь хэр байх вэ?

 Ер нь бол тамирчдын хувьд мартахыг хүссэн зүйлээ мартаж, санамаар байгаа зүйлээ насан туршдаа ч мартахгүй байж чадна. Хэрвээ хүсвэл долоон жилийн өмнө хаана хэнтэй ямар хоол идсэн гэдгээ ч санаж чадна. Харин хэдий хэмжээний зүйл санахаасаа шалтгаалаад ачаалал нь өөр байна.

-ТОО ЦЭЭЖИЛЖ СУУГААД ГЭНЭТ ИНЭЭДЭГ. ХӨНДЛӨНГИЙН ХҮМҮҮСТ СТАНДАРТ БУС ХАРАГДДАГ БАЙХ АА-

Ой тогтоолтын тамирчин гэхээр бэлтгэл нь маш сонирхолтой санагдаж байна. Бусад тамирчдын бэлтгэл нь хүний нүдэнд илт байдаг. Харин та бүхний хувьд бэлтгэл чинь тархин дотроо болдог учраас сонирхолтой санагдаад байна л даа?

Хүн бүрт өөрийн гэсэн аргачлал бий. Тухайлбал 52 төрлийн хөзөр байлаа гэж бодоход миний хувьд гурав гурваар нь цээжилдэг. Хөзөр болгон хүний нэр, дараа нь эд зүйлс буюу утас, дугуй гэх зэрэг. Гурав дахь нь үйл үг. Ингэснээр цээжлэх боломжит хувилбар нь 160- 170 орчим гэсэн үг. Товчилбол эхлээд хүний нэр, эд зүйлс, үйл үг. Даваа утсаар ярив гэж төсөөлөөд дахиад тухайн үйл явдлыг ямар нэгэн орчинд байрлуулснаар бүрэн цогц болно гэсэн үг.


Өдөрт хичнээн цаг бэлтгэл хийх вэ?

 Ой тогтоолтын тамирчин хүний хувьд бэлтгэлийг өдөр бүр хийх шаардлагатай. Таван минут, 20 минут эсвэл гурван цаг ч хамаагүй бэлтгэлээ хийх ёстой. Тэмцээн дөхөөд ирэхээр бэлтгэл бүр чамбайрна. Багш маань ч тэгж шаарддаг. Ой тогтоолт ихэвчлэн хүний төсөөлөл дээр явагддаг. Ингэж төсөөллөө ашиглана гэдэг нь хүний тархинд дахь депокус гэсэн бодис сэтгэл хөөрөл шаардсан үед ялгардаг. Ингэснээр аливааг хурдан цээжилдэг. Хүн ч гэсэн сайхан төрсөн өдрийн баяр, эсвэл уй гашуутай өдрийг бид хэзээ ч мартдаггүй. Яг үүнтэй адил гэсэн үг л дээ.

Ер нь ой тогтоолтын спортоор хичээллэх нь хувь хүнд ямар нөлөө үзүүлдэг вэ?

Багш маань хүн чанараа хэзээ ч хаяж болохгүй гэж үргэлж захидаг. Үүний дараа амжилттай бай. Тийм болохоор зөв хүн болж төлөвшихөд их нөлөөлдөг байх гэж боддог. Эрүүл мэндийн талаас ч гэсэн тархи сайн ажиллуулж байгаа нь эерэг талтай.

Үргэлж аливаа зүйлсийг бодож цээжилдэг хүний хувьд эргэн тойрноосоо хэр тасарч чаддаг вэ ?

Тийм зүйл гардаг. Жишээ нь тоо цээжилж суугаад гэнэт инээдэг. Гэтэл хүн харахад зүгээр л нэг тоо хараад инээгээд байх нь бусдад стандарт бус харагддаг. Мөн аливааг цээжлэх үедээ бүх анхаарлаа тухайн зүйл рүүгээ хандуулж чаддаг. Энэ нь орчноосоо тасрах үйлдэл байх.

Маш их дуу чимээтэй орчинд ч гэсэн үү ?

 Хичнээн дуу чимээтэй орчинд ч гэсэн бүх анхаарлаа нэг зүйлд төвлөрүүлж чадна.

Анхаарлаа төвлөрүүлэхийн тулд маш тайван амгалан, тэвчээртэй байх ёстой биз дээ?

Анхаарал маш чухал л даа. Гэхдээ анхаарал төвлөрүүлдэг аргыг багш нар хэрэглэдэг. Хүмүүс "Манай энэ ёстой өрөмний өт шиг. Нэг ч удаа зүгээр суудаггүй" гэж ярьдаг шүү дээ. Тэгвэл тийм хүүхдүүдийг бүр багаас нь сургах боломжтой.

Тухайлбал ямар арга байх вэ?

 Сонгодог төрлийн хөгжим сонсгох, цагийн зүү ширтүүлэх, дэвтрийн цаасан дээр тоо цифр бичээд ажиглуулах гэх мэт олон арга байгаа.

Оюуны спортоор хичээллэхийн сайн, муу тал гэж байгаа юу. Манайхны дунд хүүхдийг бага байхад нь ачаалалд оруулж болохгүй гэх яриа байдаг?

Харин ч багаасаа эхлэх ёстой гэж боддог. Ер нь сайн талыг нь нэрлээд дуусахгүй. Тухайлбал, тархины үйл ажиллагааг идэвхжүүлж, аливааг өөр түвшинд харж, сэтгэж, боддог болно. Энэ нь бодит байдал дээр үг хурдан цээжлэх, үелэх системийг хурдан тогтоох гэх мэт нөлөөтэйгөөс гадна сурлагын дүн сайжирдаг.

- ЭХЛЭЭД ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛ. ДАРАА НЬ ТУУШТАЙ ХИЧЭЭЛЛЭ –

Хүмүүс танаас "Хэрхэн амархан бодож, цээжилж сурах вэ" гэсэн асуултуудыг асуудаг байх. Та юу гэж хариулдаг вэ?

Миний хувьд тамирчин учраас энэ асуултад хариулахад хэцүү. Мэдээж оюуны спортын тамирчин болохын тулд урт хугацааны бэлтгэл шаардагддаг. Яагаад гэвэл ой тогтоолтын 10 төрлийг эзэмшиж, тэмцээнд оролцох ёстой учраас тэр. Гол нь дэс дараалалтай сурахаас гадна үнэхээр сурах хүсэлтэй байх нь чухал.

Нууц биш бол таны мөрөөдөл?

Монголынхоо мал аж ахуйг хөгжүүлэхийг хүсч мөрөөддөг. Монгол Улсын хамгийн том баялаг бол мал аж ахуй. Гэтэл энэ салбарын өнөөгийн байдал үнэхээр хүнд байна. Бид 60 сая гаруй малтай гэдэг мөртлөө түүнийгээ хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах вэ, малынхаа махыг хэрхэн экспортлох вэ гэдгээ ч шийдэж чадахгүй байгаа нь харамсалтай. Тиймээс сургуулиа төгсөөд, боломж бололцоо нь бүрдсэн даруйд энэ салбарт өөрийн чадах бүхнээ хийнэ гэж боддог.

Сонирхолтой мөрөөдөл байна. Та чинь унаган хотын хүүхэд байх аа?

Долоодугаар анги хүртлээ БНСУ-д амьдарч байсан. Тиймээс хөдөө олон удаа явж үзээгүй. Гэхдээ Монголоо гэх зүрх сэтгэл байхад юуг ч мөрөөдөж, хийж бүтээж болно гэж боддог.

Ингэхэд ямар чиглэлээр суралцдаг билээ?

 Би багадаа сэтгэл зүйч болно гэж хүсдэг байлаа. Гэхдээ Монголд маань энэ мэргэжлийн орон зай дутмаг, бас би хүмүүстэй тийм ч сайн ярилцаж чаддаггүй болохоор өөр мэргэжлээр сурахаар шийдсэн. Одоо Санхүү эдийн засгийн дээд сургуульд Маркетинг менежментийн чиглэлээр суралцдаг. Нэгдүгээр дамжааны оюутан.

Хамгийн ойр ямар тэмцээнд оролцох төлөвлөгөөтэй байна?

Энэ жил Улсын долоо дахь аварга шалгаруулах тэмцээнд оролцох гэж байсан боловч хичээлтэй байгаад амжсангүй. Ирэх зунаас багштайгаа зөвлөлдөж байгаад тэмцээнийхээ төлөвлөгөөг гаргаад оролцоно.

Магадгүй таны ярилцлагыг уншаад ой тогтоолтын спортоор хичээллэхийг хүсч байгаа хүмүүст хандаж юу гэж хэлэх вэ?

Эхлээд ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛ. Дараа нь ТУУШТАЙ ХИЧЭЭЛЛЭ. Аливаа зүйлийн амархныг хүсэх биш, хэцүүг нь даван туулж чадвал хэн ч гэсэн амжилтад хүрч чадна гэж хэлье.

Ярилцсан: О.Шинэтуяа

2017- 04 сар №04 /504/

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 3 )

koi [ 41.85.161.167 ]      |     1-р сарын 13 -нд, 00:09 минутанд

Анхаарах мэдээлэл !!! Та үнэхээр бухимддаг юм уу !!!!!!!!!!!!!! Төсөлдөө мөнгө, санхүүжилт хэрэгтэй юу? Та өр төлөхийг хүсч байна уу? Банк таны файлыг татгалзсан уу? Асуудлыг шийдэхийн тулд бидэнтэй холбоо барина уу, бид Айуда Санхүүжилтийг ядуу болон хэрэгцээтэй хүмүүсийн хэрэгцээг хангахын тулд байгуулж байна. Холбоо барих: vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

зочин [ 202.72.240.5 ]      |     1-р сарын 12 -нд, 06:14 минутанд

монголчууд оюуны өнөдөр мэдрэмжтэй хүмүүс дээ даанч сүүлийн үед сухар сүсэг нь их болоод балайраад байх юм миний дүү мөнгөтэй болоод фермерийн аж ахуйг дэлхийн хэмжээнд хүртэл хөгжүүлээрэй гэж бэлэгдэе

Зочин [ 202.179.24.192 ]      |     1-р сарын 12 -нд, 05:15 минутанд

Ямар гоё юм бэ ийм сайхан оюунлаг ходолморч зорилготой залуусаа харахаар хайр хурэх юм унэхээр бахархалтай сайхан юм Амжилт

Go to top of page