”Тогтвортой хөгжил-сургуулийн өмнөх боловсрол” үндэсний зөвлөгөөний зөвлөмжийг хүргэе

2018 оны 01 сарын 12

Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх оновчтой арга замыг хамтран дэвшүүлж, сургуулийн өмнөх боловсролын тогтолцоог эрчимтэй, хариуцлагатай, үр ашигтайгаар хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор зөвлөлдөн чуулсан БИД: 

·      Хүүхдийн эрхийн конвенц, Боловсролын тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хуулийн холбогдох заалтуудыг эш үндэс болгож,

·      Ургаас эхлэн зургаа хүртэлх нас бол хүний бие бялдар, оюун санаа, нийгэмшихүйн хөгжлийн суурь тавигдаж, хүн төрх төлөвшдөг хамгийн чухал үе шат болохыг хүлээн зөвшөөрч,

·      Бага насны хүүхдийн хөгжилд бол гэр бүл, боловсрол, эрүүл мэнд, цагдаа, мэргэжлийн хяналт, хоол тэжээл, нийгмийн хамгаалал, орон нутгийн захиргаа, хэвлэл, мэдээлэл, иргэний нийгэм, олон улсын байгууллагын хамтын ажиллагаа нэн чухал гэдгийг сайшаан дэмжиж дараах зөвлөмжийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр санал нэгдэж байна.

1.    БАГШИЙН ХӨГЖЛИЙН ХҮРЭЭНД

1.1.        Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд цэцэрлэгт хөгжим, биеийн тамир, хувилбарт сургалт, ээлжийн багш заавал ажиллуулах, арга зүйчийн эрх, үүргийн тухай заалт оруулах;

1.2.        Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд цэцэрлэгийн хэв шинж, хувилбарт сургалтын төрөл хэлбэрийг оновчтой тодорхойлох, байгууллагын цэцэрлэгийн тухай заалтыг шинэчлэх;

1.3.        Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг тус хуульд нэгтгэж боловсруулах;

1.4.        Цэцэрлэгийн багш, арга зүйч, эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэх;

1.5.        Сургуулийн өмнөх боловсролын багшийн мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох журмыг шинэчлэн боловсруулж, багшид анги даалт, кабинетийн нэмэгдэл олгох шийдвэр гаргах;

1.6.        Цэцэрлэгийн багш бэлтгэж байгаа их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, хөтөлбөрүүдийг шинэчлэх;

1.7.        Цэцэрлэгийн туслах багш, хүүхэд харах үйлчилгээ эрхэлж байгаа иргэнд мэдлэг, чадвар эзэмшүүлэх сургалтын хөтөлбөрийг Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Сургуулийн өмнөх боловсролын сургууль хамтран боловсруулж, хэрэгжүүлэх;

1.8.        Хүүхдийг хөгжүүлэх сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоомын үйлдвэрлэлийг хөгжүүлж, цэцэрлэгийн төсөвт сургалтын хэрэглэгдэхүүн худалдан авах, боловсруулахад шаардагдах зардлыг нэмж тусгах;

1.9.        Цэцэрлэгийн эрхлэгчийн цалингийн шатлалыг ЕБС-ийн захиралтай ТҮБД-7, цэцэрлэгийн арга зүйчийнхийг ЕБС-ийн сургалтын менежертэй ТҮБД-6, туслах багшийнхыг дотуур байрны багштай ТҮБД-3 тай тус тус ижил болгох;

1.10.      Цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолтод тавих шаардлагад 10-аас дээш жил ажилласан байхаар тусгах;

1.11.      Цэцэрлэгийн багш ажлын байран дээрээ хөгжих, эрдмийн болон мэргэжлийн зэрэг цол хамгаалахад СӨБС-иас дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, хамтын ажиллагааг бий болгох;

1.12.      Багш нарыг компьютерээр хангах;

1.13.      Арга зүйч нарын цалинг нэмэгдүүлэх, шатлал ахиулах, амралтын хоногийг багш нарынхтай адил 48 хоног болгох;

1.14.      Илүү цагийг тооцож, нэмэгдэл хөлс болгох;

1.15.      СӨБ-ийн багш нарыг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт жилд 1 удаа үнэ төлбөргүй хамруулах.

2.    СУРГАЛТЫН АГУУЛГА, АРГА ЗҮЙН ХҮРЭЭНД

2.1.        Цөм хөтөлбөрт эцэг, эх асран хамгаалагчдад гэр бүлийн орчинд бага насны хүүхэд хөгжүүлэх мэдлэг, чадвар, арга барил эзэмшүүлэх агуулгыг тусгах;

 

2.2.        Үндэсний хэл, соёл, ахуйн уламжлал, ёс заншлыг хүүхдэд эзэмшүүлэхэд чиглэсэн агуулгыг цөм хөтөлбөрт нэмж тусгах;

2.3.        Гэр бүлийн болон аюулгүй байдлын сургалтын хөтөлбөр боловсруулж, албан болон албан бус сургалт зохион байгуулах;

2.4.        Бага насны хүүхдийн хөгжлийн стандартыг шинэчлэн боловсруулах;

2.5.        Хүүхдийн чадвар, чадамж, хөгжлийн ахиц, цэцэрлэгийн үйлчилгээний чанарыг үэнэлэх журам тус тус боловсруулж, хэрэгжүүлэх;

2.6.        Хүүхэд харах үйлчилгээний эрх зүйн баримт бичигт бага насны хүүхдийн боловсрол, хүүхэд хөгжүүлэх агуулга, арга зүй, сургалтын орчны талаар тусгах.

2.7.        Элсэлтийн шалгалтын шалгуур үзүүлэлтэд нэмэлт хийх (хэл ярианы согогтой, хүүхдэд хайртай чанар зэргийг харгалзах);

2.8.        Багш бэлтгэх сургалтын цөм хөтөлбөрт эрүүл хооллолт, хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлын талаархи сургалтын модулыг нэмж оруулах.

3.     ГЭР БҮЛИЙН БОЛОВСРОЛЫН ХҮРЭЭНД

3.1.        Эцэг, эхчүүдэд бага насны хүүхдийн хөгжлийг гэр бүлийн орчинд дэмжих чадвар олгох сургалтыг хувилбарт сургалтын хэлбэрт оруулж, хуульчлах, сургуулийн өмнөх боловсролын тухай хууль дахь эцэг, эх, асран хамгаалагчийн эрх үүргийн тухай заалтыг шинэчлэх;

3.2.        Японы Хүүхдийг Ивээх сангийн 2012-2017 онд 4 аймгийн 30 суманд туршилтаар хэрэгжүүлсэн “Орон нутгийн бага сургуульд элсэн орох гэж буй 5-6 насны хүүхдүүдийг сургуульд бэлтгэх” төслийг үндэсний хэмжээнд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх;

3.3.        Эцэг, эхчүүдэд зориулсан сургалтын хөтөлбөрийг ургийн үеэс эхлэн хүүхдийн насны үечлэлд нийцүүлэн боловсруулж, албан, албан бус сургалт, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нөлөөллийн арга хэмжээ тогтмол зохион байгуулах;

3.4.        Цэцэрлэгээс эцэг, эх асран хамгаалагчтай хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын талаар байгуулах гэрээг шинэчлэх, гэрээнд эцэг, эхчүүдэд чадвар олгох сургалтыг зохион байгуулах, оролцох, үнэлэх, хариуцлага тооцох талаар нэгдсэн заавар боловсруулж, аймаг, нийслэлийн Боловсрол, соёл, урлагийн газруудад хүргүүлэх;

3.5.        Ерөнхий боловсролын болон их,дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт гэр бүлийн боловсролын агуулга тусгаж цаг нэмэгдүүлэх;

3.6.        Сургалтын байгуулагад сэтгэл зүйч ажиллуулах;

3.7.        СӨБ-ын хүүхэдтэй эцэг эхэд улирал бүр ” Эцэг эхийн өдөр “ хүүхэддээ зориулах цагтай болгох эрх зүйн зохицуулалт хийх.

4.     ШИМ ТЭЖЭЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ХҮРЭЭНД

4.1.        Цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрт бага насны хүүхдэд хоол, шим тэжээлийн боловсрол олгох агуулга тусгах;

4.2.        Хүүхдэд чиглэсэн эрүүл бус хүнсний бүтээгдэхүүний зар сурталчилгаанд хяналт тавих;

4.3.        Цэцэрлэгийн барилгын зураг, төлөвлөлтөд гал тогооны орчин нөхцөлийг мэргэжлийн түвшинд тусгах;

4.4.        Хүнсний хангамжийн тогтолцоог сайжруулах (хүнсний ложистик, дотоодын хүнсний хангамж, хагас боловсруулсан хүнсний түүхий эдийн хангамжийг бий болгох);

4.5.        Тогоочийн мэргэжил дээшлүүлэх сургалт, зэргийн нэмэгдэл олгох асуудалд зохицуулалт хийх, тогоочийн ажлын байрны тодорхойлолт, ачааллын нормативыг баталгаажуулах;

4.6.        СӨБ тухай хуулийн 15.4 – д заасан “Төрийн өмчийн цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын тодорхой хувийг эцэг, эх, асран хамгаалагчаас, Нийгмийн халамжийн тухай хуулийн 20.2-т заасан хүүхдийн хоолны зардлыг улсын төсвөөс тус тус санхүүжүүлнэ.” хуулийн заалтыг хэрэгжүүлэх.

5.     ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ХҮРЭЭНД

5.1.        “Цэцэрлэгийн үлгэрчилсэн дүрэм”, “Цэцэрлэгийн аюулгүй байдлын дүрэм”-ийг шинэчлэх;

5.2.        Бага насны хүүхэд, өсвөр үеийнхнийг цахим орчны сөрөг нөлөөллөөс хамгаалах хөтөлбөр боловсруулах, хүүхэд хамгааллын хүрээнд хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, нийгмийн цахим сүлжээний байгууллагатай хамтран ажиллах;

5.3.        Бага насны хүүхдийн эрхийг хамгаалах зорилгоор сургуулийн өмнөх боловсролын сургалтын байгууллагыг бүрэн камержуулах;

5.4.        Цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, бүлгийн багш, туслах багш, эцэг, эх, асран хамгаалагч нарт зориулсан бага насны хүүхдийг гэр бүлийн хүчирхийлэл, хүн худалдаалах гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх чадвар эзэмшүүлэх албан, албан бус сургалт зохион байгуулах;

5.5.        Цэцэрлэгийн эрхлэгч, багш, ажилтны хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод дүрэмд багш ажилтны ёс суртахууны хэм хэмжээ, хүүхэд хамгааллын асуудлыг тодорхой тусгаж, хариуцлага тооцож ажиллах.

6.    ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД

6.1.        Цэцэрлэгийн хүүхдийн хоолны шим тэжээллэг байдал, төсвийн хяналтыг оновчтой болгох;

6.2.        Цэцэрлэгийн хоолны чанарт тавих эцэг, эхчүүдийн хяналтыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах;

6.3.        СӨББ-ын эмчийн ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулах;

6.4.        Цэцэрлэгийн хүнсний хангамжид орон нутгийн болон дотоодын үйлдвэрлэлийн чанар, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хангах ажлыг дэмжих, эрчимжүүлэх;

6.5.        Цэцэрлэгт нийлүүлэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын хяналт, үйлдвэрлэл, үйлчилгээнд тавих төрийн болон иргэний хяналтыг сайжруулахад хамтран ажиллах;

6.6.        Хүүхдийн зохиолчдыг дэмжих аян өрнүүлж, СӨБ-ын хүүхдэд зориулсан үлгэр, телевизи, радиогийн цуврал нэвтрүүлгийн цагтай болох;

6.7.        Монгол хүний зан чанар, ёс зүйг сайжруулахад чиглэсэн агуулга бүхий нэвтрүүлгийн тоог нэмэгдүүлэх;

6.8.        Байгууллагууд цэцэрлэгийн орчин дахь хүүхэд хамгаалал аюулгүй байдлын талаар боловсролын байгууллагатай хамтын ажиллагааны төлөвлөгөөтэй байх, холбогдох зардлыг байгууллагынхаа төсөвт тусгах

7.    ЗӨВЛӨМЖИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ, ХЯНАЛТ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам нь зөвлөмжийг түгээх, холбогдох яам, газар, байгууллагуудтай хамтын ажиллагааны төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, харъяа байгууллага, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, Нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтэс, төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч нарт чиглэл өгч, хэрэгжилтэд хяналт тавих, зөвлөмжийн агуулга, хэрэгжилтийн үр дүнг олон нийтэд сурталчлах үүрэг хүлээнэ.

Зөвлөгөөнд оролцогч байгууллага нь өөрийн чиг үүргийн хүрээнд зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, зөвлөмжийн агуулга, хэрэгжилтийн үр дүнг олон нийтэд сурталчлах үүрэг хүлээнэ.

Сургуулийн өмнөх боловсролын багш нар нь хууль, тогтоомж, батлагдсан хөтөлбөрийн хүрээнд сургалтын үйл ажиллагаа зохион байгуулж, хүүхдийн бие бялдар, оюун санаа, сэтгэц нийгэмшихүйн хөгжлийг хангах талаар идэвх санаачилгатай ажиллаж, багшийн ёс суртахууны хэм хэмжээг ямагт баримтлах үүрэг хүлээнэ.

Эцэг, эх, асран хамгаалагч нар нь бага насны хүүхдээ гэр бүлийн орчинд хөгжүүлэх чадварыг заавал эзэмшин цэцэрлэг, сургалтын байгууллагын үйл ажиллагаанд тогтмол дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах үүрэг хүлээнэ.

“ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ”

ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦОГЧИД

Та бүхэн саналаа БСШУСЯ-ны info@mecs.gov.mn мэйл хаягаар илгээх буюу бичгээр өгөх боломжтой.

УЛААНБААТАР ХОТ   

2018.01.09

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
koi(41.85.161.167) 2018 оны 01 сарын 13

Анхаарах мэдээлэл !!! Та үнэхээр бухимддаг юм уу !!!!!!!!!!!!!! Төсөлдөө мөнгө, санхүүжилт хэрэгтэй юу? Та өр төлөхийг хүсч байна уу? Банк таны файлыг татгалзсан уу? Асуудлыг шийдэхийн тулд бидэнтэй холбоо барина уу, бид Айуда Санхүүжилтийг ядуу болон хэрэгцээтэй хүмүүсийн хэрэгцээг хангахын тулд байгуулж байна. Холбоо барих: vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

0  |  0
Top