Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс 2017 оны ажлаа тайлагналаа

Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангийн хурлаа өнөөдөр дүүргийн Соёлын ордонд хийлээ. Тайлангийн хуралд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Сумъяа нар оролцлоо.

Дүүргийн нутаг дэвсгэрт 2017 онд 421 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 39 хэргээр буюу 8.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Бүртгэгдэх үедээ сэжигтнээр тооцвол зохих этгээд нь тогтоогдоогүй нийт 287 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 73 хэргийг илрүүлж, хэргийн илрүүлэлт 25,4 хувьтай байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 2017 оныг “Архигүй жил” болгон зарласантай холбогдуулан архидан согтуурахтай тэмцэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэгт тус цагдаагийн хэлтсээс хэв журмын ахлах байцаагч нар багтсан бөгөөд ажлын хэсгийг дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулан “Архигүй Налайхчууд” хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд “Гэр бүлсэг Налайх” хөтөлбөр болон “Эргүүл”, “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх”, “Архидан согтуурахтай тэмцэх” дэд хөтөлбөрүүдийн төслийг хүргүүлж 2018 онд хамтран ажиллахаар төлөвлөж байна.

Тайлангийн хурлын үеэр Засаг дарга Ч.Раднаабазар хэлсэн үгэндээ:  “Цагдаагийн албаны тухай хууль шинэчлэгдэн батлагдаж өнгөрсөн онд шинэ хуулиа ёслол хүндэтгэлтэй хүлээн авч хэрэгжүүлж эхэлснээс хойш нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Шинэ хуульд цагдаагийн алба маань гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах гэсэн 3 үндсэн чиг үүрэгтэй байхаар тусгаж, цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагааг хуулиар баталгаажуулж өглөө.

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны стандартыг дээшлүүлэх, үйл ажиллагаагаа иргэдийн хэрэгцээ, шаардлагатай уялдуулах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журмыг сахин хамгаалах үүргийн дагуу 2017 онд та бүхэн амжилт бүтээлтэй ажилласан гэдгийг хэлье.

Дүүргийн зүгээс гэмт хэргийн гаралтыг бууруулахад анхаарч хороодыг үе шаттай камержуулах, гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, уурхайн эдэлбэр газар орчмыг цэгцлэх, иргэдийн хяналтыг сайжруулах, материаллаг баазыг нэмэгдүүлэх чиглэлээр багагүй ажлыг зохион байгуулан ажиллалаа. 

Цаашид нийгмийн эмзэг сэдэв болоод байгаа хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хамтарсан багийн ажиллагааг илүү идэвхжүүлж ажиллах, гэмт хэргийн гаралтыг бууруулахад та бидний хамтын ажиллагаа, хүчин чармайлт маш чухал юм.

Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ сахин биелүүлэх ажилд өндөр амжилт хүсэн ерөөе” гэв.

Мөн Цагдаагийн хэлтсийн хамт олонд “Иргэдийн оролцоотой хөгжлийн төлөө” бүтээлч аяны туг дэвтрийг гардуулан өгч, туг аялах хугацаанд бүтээлч, санаачилгатай ажил хийж тайлагнахыг үүрэг болгосон юм.


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page