Улсын харцага Б.Одгэрэл: Зүлэг ногоон дэвжээнээ нутаг ус, аавынхаа нэрийг дуудуулахад сайхан байдаг

Сумын наадмын хүүхдийн барилдаанд анх зодоглосон Б.Одгэрэл хүү Сэлэнгэ аймгийн Жавхлант сумандаа 38 жил завсардсан улсын цолыг авчирч нутгийн зон олны хайр хүндэтгэлийг хүлээж яваа билээ. “Зиндаа” сэтгүүлийн “Гарьд магнай” булангийн зочноор Улсын харцага Бат-Очирын Одгэрэлийг урьж оролцууллаа.

Та сайхан хаваржиж байна уу. Бөхийн бэлтгэл сургуулилт сайн биз дээ?

Сайхан хаваржиж байна. Бэлтгэл сургуулилтаа тогтмол хийж байгаа. Заалны барилдаанууддаа оролцоод явж байна.

Таныг багадаа бөхөд дуртай биш харин хурдан морь унах их дуртай хүүхэд байсан гэж сонссон? Эндээс яриагаа эхлэх үү?

 Манай аав аймгийн алдарт уяач хүн. Хөдөөний хүүхдүүд яаж өсдөг билээ тэр жамаар л өссөн. 1997 онд сумынхаа 20 жилийн ойгоор азарга, соёолон насны морь унан түрүүлж байсан. Дараа жил нь азарга, их насны морь унаад азарга маань аман хүзүүдэж, их нас маань айрагдсан. Сайхан байсан. /инээв/ Гэвч удалгүй мориноос хасагдаж үзэгч болсон доо.

Монгол хүн бүрийн цусанд барилдаанч зан чанар байдаг. Хөдөө өссөн хүүхдүүд багаасаа л ноцолдож өсдөг. Бөх болоход юу нөлөөлөв.

Хурдан морь унадаг хүүхдүүд ер нь их шартай байдаг. Өдөр морио хөлсөлчихөөд ч юмуу, эсвэл орой морьдоо сойчихоод байж байхад уяач нар унаач хүүхдүүдийг хооронд нь барилдуулдаг байсан. Хамгийн анх 1999 онд морь унахаа байчихсан хүүхэд наадам үзээд явж байсан чинь аав маань хүүхдийн барилдаанд намайг бүртгүүлчихсэн. “За миний хүү барилдана даа” гэсэн. Анх удаа наадамд барилдаад шөвгийн дөрөвт үлдээд сумынхаа Мөнхжаргалд уначихлаа. Гэтэл морь унадаг байсандаа ч тэр юмуу, түрүүлэх байсан гэж бодсон уу, уйлаад босоогүй удсан. Уйлаад хэвтээд байсан чинь үзэгчид жаахан шоолох маягтай болоод аав маань гүйж ирээд засуултай хамжиж өргөж босгоод аваад явж байсан. Одоо ч тэр үйл явдал санаанаас гардаггүй юм/Инээв/.


Тухайн үед анх удаа барилдсан гэхэд чамгүй амжилт үзүүлж байжээ. Цаашдаа барилдаад болох юм байна гэж бодоод барилдахаар шийдсэн үү?

Уначихаад баахан уйлсан болохоор үеийн хүүхдүүд, ах нар ч гэсэн жаахан шоолох маягтай байсан. Түүнээс хойш Жавхлант сум, Ерөө сум, Дарханы Орхон сумууд маань хавар цэргийн баярын үеэр залуучуудын тойргийн барилдаан зохион байгуулдаг байсан юм. Сайн барилдсан залуучуудад сумын начин цол олгодог дүрэмтэй байлаа. Тэр барилдаан тухайн үед манай үеийнхэнд тэр чигт нь нөлөөлж залуус маш их барилдах сонирхолтой болсон. Мөн манай ангийг дааж авсан Дадалдорж гэж физикийн багш бидийг дэмждэг байсан юм. Өөрөө сумын заан цолтой бөх болоод ч тэр байх. Манай анги чинь банди нар зонхилсон охидууд цөөтэй дандаа сахилгагүй хөвгүүд л байлаа. Тэр сум дундын тойргийн барилдаан ангийнханд маань их нөлөөлсөн. Би тэр үеэс л барилдаж эхэлсэн. Манай ангиас чөлөөт бөхийн ОУХМ Г.Амархүү, Сумын заан Б.Батбилэг, Сумын начин Энхбилэг зэрэг барилддаг залуус төрөн гарсан. Гэхдээ тэр үед надад бэлтгэл сургуулилт хийгээд бөх болно гэсэн бодол байгаагүй. Манай ангийн ОУХМ Г.Амархүү маань Дархан-Уул аймагт МУГД Ц.Баярсайхан багшид шавь орчихсон Дарханы спортын ордонд бэлтгэл хийдэг байлаа. Нэг өдөр намайг чи очиж үзэх үү гэхээр нь би зүгээр л харах гэж очсон юм. Бэлтгэл үзээд сууж байсан МУГД Ц.Баярсайхан багш чи ингэж суухаар өөрөө ороод бэлтгэл хийгээд үз гэхээр нь би тэгье гээд л анх албан ёсоор чөлөөт бөхөөр хичээллэж эхэлж байлаа.

Таны чөлөөт бөхийн суурь үндэсний бөхөд хэрхэн нөлөөлсөн бэ?

Чөлөөтөөр барилдаж байсан манай үндэсний бөхийн сайхан сайхан аваргууд зөндөө бий. Х.Баянмөнх, Ж.Мөнхбат аваргаас эхлээд л бүгд чөлөөт бөхөөр Олимп, Дэлхийн аваргад амжилттай сайн барилдаж байсан. Ер нь чөлөөт бөх хүний мэдрэмж, уян хатан байдал, мэхний хувилбаруудыг их хөгжүүлж өгдөг. Цаашлаад өөр бөхийн спортын төрлөөр барилдахад их дөхөмтэй болдог байх.

Барилдаж эхлээд хэн нэгнийг үлгэрлэн дуурайдаг байв уу?

Бидний хичээллэж эхлэх үед Ганхуяг гээд мундаг залуу байсан. Одоо Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа. Ганхуяг маань явсан тэмцээнээсээ медальгүй ирнэ гэж байдаггүй, их гоё техниктэй. Мөн барилдахаас гадна бөхийн урагшаа, хойшоо сольт дасгал зэргийг маш гайхалтай төгс хийдэг байсан юм. Ийм учраас Ганхуяг маань бидний үеийнхэнд үлгэр дуурайл болдог байлаа. Бид хэд одоо ч сайхан найзууд.

2015 оны баяр наадмаар Монгол Улсын харцага цол хүртсэн. Тэр наадмын тухай дурсахад сайхан байдаг байх?

Хүн аливаа зүйлийг хийж эхлэснээсээ хойш илүү дээшлүүлж дэвшүүлэхийг л хүсдэг юм байна. Бусад хүмүүс ч надтай ижилхэн бодолтой байдаг байх. Би 2007 онд Дархан-Уул аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртэж байсан. 2009 онд бас Дархан-Уул аймагтаа түрүүлж хурц арслан болоод байлаа. Улмаар аймагтаа түрүүлээд баталсан хүн чинь дараагийн даваа харагдсан л даа. Ойр хавийн найз, ах дүүс маань ч гэсэн чи одоо улсын цол авах ёстой гэж хэлж байсан. Нэгэнтээ барилдаж эхэлсэн юм чинь улсын цолтнуудын гэр бүлд багтчих юмсан гэж бодож эхэлсэн л дээ. Улсын харцага цол авдаг жил бэлтгэл сургуулилт маш сайн хангагдсан байлаа. 2014- 2015 оны хоорондох заалны барилдаануудад тогтмол сайхан барилдаж наадмын өмнөх бүх цэргийн наадамд үзүүрлээд, бэлтгэл сургуулилт боломжийн байгаа нь өөрт мэдэгдэж эхэлсэн. Тэгээд наадамд урамтай сайхан барилдаж тухайн үед аймгийн арслан байсан Ч.Ганзоригоор зургаа давж улсын харцага цолыг авч өөрийн зорилгоо биелүүлж чадсан.

Тавын даваанд таныг Э.Энхбат начин амлаж авсан. Танд юу бодогдож байсан бэ. Цолны даваа гэдэг сэтгэл зүйн хувьд хүнд байсан байх?

Э.Энхбат начин гурван удаа тав давчихсан начингуудын манлай, жүдогийн суурьтай сайн бөх. Өмнө нь бид хоёр гурван удаа таарч барилдахад би хоёр удаа давчихсан байсан. Би ч цолны даваанд сайхан барилдаад давна гэсэн бодолтой гарч Э.Энхбат начингаар тав давж улсын цолны босго давсан. Хожим нь сонсоход Э.Энхбатыг чи Б.Одгэрэлийг амлаад авчихвал барилдаан чинь тохирох юм бишүү гэж найз нөхөд нь зөвлөсөн гэдэг. Тав давчихаад мэдээж хөөрч баярлаж байсан байх. Танд тухайн үед хэн зөвлөгөө өгч байв? Тав давчаад би жаахан баярлах гэсэн ч Г.Эрхэмбаяр аварга, Т.Өсөх- Ирээдүй харцага, Н.Бүрэнбаатар начин нар “За миний дүү одоо баярлаж догдолж болохгүй, Даваа болгон цолтой дээшээ сайхан барилдана шүү. Цай хоолоо идээд тайван сайхан суу” гэж хэлж байсан. Ах нарынхаа зааж зөвлөсний хүчинд би Ч.Ганзориг начнаар зургаа давж улсын харцага цолонд хүрсэн гэж боддог юм.


Мэдээж унаж, давдаг л спорт. Танд нэг тийм харамсмаар барилдаан байдаг уу?

Яахав жаахан эвгүй маргаантай ч гэх юмуу, хөлийн цэцийн шийдвэрээр өвдөг шороодсон барилдаан байдаг юм. 2014 оны наадмаар аймгийн арслангууд хоёрын даваанд нугарч, оноолтоор аймгийн арслан Н.Золбоотой хоёрын даваанд таарсан. Барилдааны явцад засуул зогсгэж дохио өгөөд миний гараас барьчихсан юм. Би ч зогсчихсон байсан. Гэтэл яг тэр мөчид нь аймгийн арслан Н.Золбоо мэх хийж таараад би уначихсан л даа. Тэгээд засуул болохоор би зогс гээд дохио өгөхөд Б.Одгэрэл зогсчихлоо гэж хэлсэн. Харин хөлийн цэцүүд шийдвэр гаргаад намайг унасанд тооцсон. Тэр үед л жаахан тийм юм болсон доо. Уг нь тухайн жилд миний бэлтгэл сургуулилт маш сайн ханачихсан байсан юм.

Өсгөж өндийлгөсөн ижий аав, Өсөж торнисон нутаг усаараа Монголчууд маань овоглодог. Ялангуяа бөхчүүд маань бөхийн дэвжээнд гарах болгондоо дуудуулах нь сайхан байдаг байх?

Тэгэлгүй яахав, зүлэг ногоон дэвжээнээ нутаг ус, аавынхаа нэрийг дуудуулахад сайхан байдаг. Миний аавыг Иваны Бат- Очир, ээжийг маань Чимэгийн Батжаргал гэдэг. Увс аймгийн Малчин сумаас гаралтай хүмүүс. Сэлэнгэ аймгийн Жавхлан суманд аав, ээж хоёр маань 1980 онд ирж суурьшсан. Сэлэнгэд ирээд таван жилийн дараа би төрсөн юм билээ. Би Жавхлант сумандаа л сурч, боловсорч, тоглож өслөө дөө. Ерөө, Хараа, Шарын гол гэсэн сайхан гурван голтой. Зэдрийн булаг гэж булагтай, ер нь уул, ус тэгширсэн сайхан нутаг даа.

Удахгүй наадам болно. Танд цолоо ахиулах юмсан гэсэн бодол байдаг байх?

Наадмаар бэлтгэлдээ эртхэн гарна гэсэн бодолтой байгаа. Энэ жилийн наадмаар бодсон юм байна. Ямар ч байсан тэр өдрийн тэнгэр л мэдэх байх. Өөрийн зүгээс бэлтгэл сургуулилтаа сайн хийж энэ жилийн наадмаар сайн барилдаж цолоо ахиулахыг л хичээнэ дээ.


ДАРХАН ХАЙРХАНЫ БӨХЧҮҮД

Үг:Д.Ууганбаатар

Ая: Б.Бямбабаяр МУУГЗ, хөгжмийн зохиолч

Бурхантын хөндийд галаа асаасан

Бахархам түүхтэй түмний өлгий

Хараа голынхоо уснаас ундаалсан

Хувьтай олны хайртай хөвгүүд

Дахилт:

Дархан хайрханы бөхчүүд

Даамай хүчтэй эрчүүд

Дэлхий, олимпийн дэвжээнд

Дэлгэр Монголоо мандуулсан юм аа

Даяар олныхоо цэнгэл наадамд

Даван, даван, дэвэн, дэвэн дуурсагдсан юм аа

Ээтэн гутлынхаа улаар тамгалсан

Эрдэнэ вангийн бөхийн сорилготой

Шарын гол, Орхоны хөндийгөөр

Шалгарсан хүчтэнүүдийн хууч домогтой

Дахилт:

Цэнгэн баярласан наадамчдыг шуугиулан

Цолоо ахиулж бяр хүч нэмсэн

Есөн хөлт цагаан тугаа тойрон дэвсэн

Ерөөлийн даллагатай хийморлог эрчүүд ээ

Дахилт:

Ярилцсан: Б.Энхтулга

2017- 04 сар №04 /504/

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page