Мал эмнэлгийн чадавхийг дээшлүүлэхэд БНСУ-тай хамтран ажиллана

2018 оны 01 сарын 15

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яам, БНСУ-ын Хөдөө аж ахуй, ойн яам 2003 онд хооронд хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах протокол байгуулсан. Уг хамтын протоколыг хэрэгжүүлэх зорилгоор хоёр улсын  яам  хоорондын хөдөө аж ахуйн хамтарсан хороог 2004 онд байгуулан 2 жил тутамд хурлаа зохион байгуулан хамтын ажиллагааны чиглэл, хамтарсан төсөл, арга хэмжээг тохиролцдог уламжлалтай.

 

Хамтын ажиллагааны хүрээнд Монгол, Солонгосын Хөдөө аж ахуйн хамтарсан хорооны 7 дугаар хурлыг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо ХХААХҮЯ-нд зохион байгуулав.

Энэ удаагийн хурлаар өмнө нь хөдөө аж ахуйн салбарт хийж хэрэгжүүлэхээр тохиролцсон яриа хэлэлцээ, төсөл хөтөлбөрийн талаар хэлэлцэж, авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааныхаа үр дүнг хэлэлцлээ.

Хоёр тал тус хурлын үеэр мал аж ахуй, мал эмнэлгийн салбарт шинэ технологи нэвтрүүлэх, тэжээл үйлдвэрлэх зэрэг чиглэлд хамтарсан төсөл хэрэгжүүлэх саналыг харилцан танилцуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцов.

Энэ хүрээнд 2019 оноос “Монголын мал эмнэлгийн салбарын чадавхийг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлэхээр боллоо.

Монгол улс, БНСУ-ын яам хоорондын хамтарсан хорооны хамтын ажиллагааны үр дүнд хөдөө аж ахуйн салбарт олон төсөл хөтөлбөр хэрэгжиж үр өгөөжөө өгч байгаа юм. Тухайлбал, “Монгол улс дахь амьтны гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологи, эрүүл ахуйн хяналтын системыг сайжруулах” төслийг 2012-2015 онд амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд уг төслийн хүрээнд Монгол Улсын Технологийн дээд сургуульд мах, сүү боловсруулах жижиг оврын  үйлдвэр байгуулсан юм.

Яам хоорондын 7 дугаар хурлын үеэр Солонгосын тал Монгол улсын Технологийн дээд сургуульд айлчлан, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид төслийн үр дүнг тогтвортой үргэлжлүүлэхэд анхаарч ажиллах талаар санал солилцлоо. Мөн төслийн хүрээнд мах, сүүний чиглэлээр сурч байгаа оюутнууд болон тус үйлдвэрийн ажилтнуудын чадавхийг дээшлүүлэх сургалтыг  зохион байгуулж байна.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top