Сэрүүн сэвшээ бүх биеэр чинь долгилог

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 12

Хээр талын зэрлэг цэцэгсийг Хөндөж яахин зүрхлэх би. Байгаа энэ л хэвээр нь Мянган ертөнцийн буддад тахил болгон өргөе.

-Зэн багш Гүмин

Бодлын тойрог дунд чи бодит ахуйгаас алдуурдаг. Бясалгал бол бодлын тойргоос түр ч атугай гарахын нэр. Нэгэнтээ амсах юм бол мөрөөдөл бүхнээ сэгсэрч хаях тийм хүчтэй жаргал таашаалыг хүртэнэ. Бясалгалыг амтлаагүй цагт сэрүүн зүүд хөвөрч, ирээдүйгээс горьдсон хэвээр. Өнөөдөр чинь өчигдрийн хувьд ирээдүй байсан. Өчигдөр ч бас түүний урьд өдөр ирээдүй байсан. Өнгөрсөн өдөр бүхэн чинь хэзээ нэгэн өдөр ирээдүй байсан. Тэглээ гээд чи жаргалтай байна уу? Өдөр бүхэн ирээдүйг мөрөөдөөстэй. Илүү сэрж, илүү сэхээрч, бодит ахуйг мэдэр. Тэртээх цэцгийн тухай бодолд авталгүй өмнөө байгаа цэцгийг хар. Миний хэлэх гэж байгаа үгийг биш, яг одоо хэлж байгаа үгийг сонс. Ганц агшин ч атугай алгасах юм бол чи намайг алдана. Агшин хормоор энэ чинь арилахад бэрх зуршил, эдгэхэд бэрх хууч болдог болохоор маргааш ч чи алдана, нөгөөдөр ч мөн алдах вий. Тэр хэрээр мөрөөдөх зуршил чинь улам бөхөжнө.

Саяхан би нэг сайхан япон үлгэр уншлаа. Дэлхийн ард түмэн бүхэнд ийм санааг илэрхийлсэн үлгэр домог бий. Утга төгөлдөр энэ түүхийг сонс:

Эрт урьд нэгэн чулуучин эр байжээ. Тэрээр хад асгаас чулуу олборлох хатуу хүтүү ажил хийдэг байв. Ажил нь хүнд атал авдаг хөлс нь шалихгүйд сэтгэл гонсгор байв. Ер нь хэн сэтгэл хангалуун билээ дээ. Эзэд хаад хүртэл ханамжгүй байхад эгэл чулуучныг хэлээд яах вэ. Тэрээр хүнд ажилдаа цөхөрч:

-Би тохитой сайхан орон дээр торгон хөнжил нөмрөөд амарч хэвтдэг баян хүн болмоор байна гэж орь дуу тавив.

Тэгтэл сахиусан тэнгэр дээрээс бууж ирээд:

-Хэлсэн ёсоор чинь боллоо гэв.

Ийм явдал зөвхөн үлгэрт биш, бодит амьдралд тохиодог. Чи өөрийн ертөнцийг бодлоороо бүтээж, хүслээрээ урладаг. Бодит ахуй чиний хүсэл зоригтой зохилдон ижилсэхийн тулд хэдэн хором, хэдэн өдөр гэхчлэн хугацаа орно. Юутай ч бодол бүхэн хэзээ нэг өдөр биеждэг.

Тийнхүү мань эр тохилог орон дээр торгон хөнжил нөмрөн хэвтэх баян болоод байтал дэргэдүүр нь эзэн хааны хөсөг өнгөрөв. Ард, урд нь олон торгон цэрэг бараа болж, алтан шүхэр дуаз орой дээрээ мандуулсан сүйх тэргэнд заларч яваа хааныг хараад, өөрийнх нь дээр тийм алтан шүхэр үгүйд гомдсон баян:

-Би хаан л болмоор байна гэж хашгирав. Сахиусан тэнгэр урьдын адил гарч ирээд: - Хэлсэн ёсоор чинь бүтлээ гэв.

Тийнхүү хаан болоод алтан шүхэрт сүйхэнд заларч, ар өвөртөө олон бараа бологч лугаа сүрийг үзүүлэн явтал гал халуун наран газар дэлхийг төөнөн шарахуйд өвс ногоо, хүн амьтан цөм гундаж зовов. Эрхт тэнгэрийн наран дор эзэн хаан, энгийн өвс ч ялгаагүй өчүүхэн болохыг хараад:

-Би нар л болмоор байна гэж хашгирчээ.

Тэр даруй сахиусан тэнгэр бууж ирээд:

-Хэлсэн ёсоор чинь бүтлээ гэв.

Тэрээр нар болоод илч гэрлээ арван зүгт цацрааж, эзэд хаадын ч нүүрийг шарж, хөлсийг гоожуулж баясан байтал дундуур нь үүл халхлав. Өөрийг нь үл тоон хөшиглөх тэр үүлийг хараад эрх хүчин дутуу санагдсанд:

-Би үүл болмоор байна гэж хашгирав.

Сахиусан тэнгэр гарч ирээд:

-Хүсэл тань ёсоор боллоо гэв.

Нарыг халхлах үүл болон нүүж, хурын их усаар гол мөрдийг үерлүүлэн, тариан талбай, байшин сууцыг хаман авч, сүр хүчийг үзүүлтэл хад чулуу л түүнийг тоосон шинжгүй ханхайж байлаа. Түүнийг хараад үүл болсон заяа нь дорд санагдаад:

-Би хад болмоор байна гэж хашгирав.

Сахиусан тэнгэр ч урьдын адил адислажээ. Тэгээд нар шарсан ч ажрахгүй, хур шаагисан ч тоохгүй хад байц болон ханхайж байтал алх цүүц, царил зээтүү агссан хүмүүс хүрч ирээд тал талаас нь өмлөж цөмлөхийг үзээд “Намайг дийлэх хүчтэн байдаг юм байна” гээд сэтгэл гонсойж:

-Би хүн л болмоор байна гэжээ.

Сахиусан тэнгэр бууж ирээд:

-Хүсэл тань ёсоор боллоо гэв.

Ингээд тэр буцаад чулуучин болжээ. Ажил нь хүнд, ацаг хөлс нь бага ч сэтгэл хангалуун ажиллах болсон гэнэ.

Хэдийгээр энэ сайхан түүх ч гэлээ төгсгөлтэй нь би санал нийлэхгүй. Учир нь, хүмүүс тийм амархан сэтгэл ханахгүйг би мэднэ. Тойрог бүтэн болж, эхлэл дээрээ эргэн ирснээр үлгэр жаргажээ. Гэвч амьдралын бодит түүхэнд хүрдэн тойрог дахиад л эргэдэг. Сансрын хүрд гэж Энэтхэгт өгүүлдгийн учир тэр. Чулуучин эр Будда болохоос нааш түүх давтагдахыг би харж байна. Тэрээр ахиад л сэтгэл ханамжгүй болж, тухтай буйдан дээр торгон хөнжил нөмөрч хэвтэхийг мөрөөдөж таараа. Тэгээд түүх урьдын адил хөвөрнө. Үнэхээр сэтгэл ханасан бол чулуучин үхэл, амьдралын тойргоос гэтэлсэн Будда болох учиртай. Сэтгэл бүхэнд ийм зүйл тохиолддог. Нэг зүйл хүснэ, тэр нь эрт, орой нэгэн цагтбиелнэ. Хүсэл биелсэн ч ханамжгүй хэвээр байгаагаа мэдэрнэ. Тэгээд өөр эрэл, өөр зовлонг бүтээнэ. Эндээс нэг зүйл ойлгох хэрэгтэй. Хүсэл чинь биелэхгүй бол чи гутарна, биеллээ ч бас шанална. Энэ бол хүслийн хяслант тавилан юм. Хүсэл биелэнгүүт үй түмэн шинэ асуудал гарч ирдэг. Эзэн хаан болоод дэргэдээ бараа бологч, дээрээ алтан шүхэртэй залрах үед нар нүүрийг чинь тийм хурцаар төөнөх тухай чи бодоо ч үгүй байдаг. Нар болж мандахын цагт үүлэнд халхлагдана гэдгээ мэдээ ч үгүй байдаг. Энэ мэтчилэн хүслийг дагаж хяслын давалгаан эцэс төгсгөлгүй давлана. Орчихуйн тойргийг ухаарч, түүнээс гэтлэх хүртэл гинжин хэлхээ үргэлжилнэ.

Амьдрал энд, одоод бий. Бурхан энд, одоод бий. Түүнийг мөрөөдөл дотроо эрэх юм бол хэзээ ч олохгүй. Учир нь, бурхан бол гүн ханамжаас өөр юу ч биш. Сэтгэл чинь “Үүнийг хийж, түүнийг гүйцээж байж л жаргалд хүрнэ. Ийм ч ордон, тийм ч тухгүй бол яаж жаргах юм бэ?” гэж цаг үргэлж шавдуулсаар. Аз жаргал чинь болзолтой бол чи зовлонт амьтан хэвээр үлдэнэ. Аль байгаагаараа, чулуучин бол чулуучнаараа жаргаж чадахгүй бол уй гуниг дуусах цаггүй. Би ажлын хүнд, амьдралын хэцүүг мэднэ. Гэхдээ тэр бүхнийг үл тоон байгаагаараа жаргалтай байж чадахгүй бол хэзээ ч жаргахгүйг бас мэднэ. Ямар ч болзол тавихгүй, таашаан баясахаас өөр жаргалд хүрэх зам байхгүй. Та нар аз жаргалаа бусниулах аргыг яаж ийгээд сүвэгчилдэг. Дутуу гуцуу зүйлийг юунаас чиг илрүүлнэ. Тэгээд тэр дутуу чинь мөрөөдөл болж хувирдаг. Бүх зүйл бүрдсэн төлөвт чи хүрч чадахгүй. Бүх зүйл бүрдлээ ч уйдах болно. Сэтгэлийн уг механизмыг зүгээр ажигла. Хүссэн бүхнээ олох юм бол “Одоо юу хийх вэ?” гээд гиеүрч эхэлнэ.

Тэнгэрийн оронд очигсод уйтгарладаг тухай би сонссон, үнэн буй за. Тэд хүслийг хангагч галбарваас модны дор сууцгаана. Юу хэлнэ тэр даруй сахиусан тэнгэр хүслийг нь биелүүлнэ. Хүсэл, биелэл хоёрын дунд зай завсар гарахгүй. Диваажинд уйтгарлаж, газар дэлхийг эргэн мөрөөсөгчдийн тухай энэтхэг домог цадигт олонтаа өгүүлдэг. Тэд дэлхийд байхдаа диваажинг мөрөөдөж, тэнд хүрэхийн тулд өнгө мөнгө, эрх мэдэл, хорвоогийн жаргалыг огоорч, даяанчид болцгоож байсан. Тэгээд диваажинд хүрсэн хойноо газар дэлхийг эргэн санагалзах аж.

Шинэхэн тийрэлтэт онгоцны нисгэгч тэртээ доорх хөндийг зааж, хоёрдугаар нисгэгчдээ хэлсэн нь:

-Тэр цэгийг харж байна уу? Хөл нүцгэн жаал байхдаа би тэнд голын хөвөөнд загасчилж суудаг байлаа. Дээгүүр онгоц өнгөрөх бүрийд нисгэгч болохыг мөрөөддөг сөн. Харин одоо унаган багын газраа хараад, тэр үедээ эргээд очмоор санагдлаа.

Жаалхүү загасчилж суухдаа нисэхийг мөрөөдөж байсан бол нисгэгч эр буцаад хүүхэд болон загасчилж суухыг хүсэмжилнэ. Амьдрал ийм маягаар өрнөдөг. Алдар хүндгүй үедээ чи алдартан болохыг мөрөөднө. Гудамжаар алхахад чинь хэн ч танихгүйд гуниглаж, өөрийгөө эс оршигч мэтээр мэдэрнэ. Оршин буйгаа мэдрэхийн тулд, нэр алдарт хүрэхийн төлөө зүтгэсээр хүсэл биелэхийг үзнэ. Хаа явсан газар чинь олны нүд онилж, түмний хөл түжигнэнэ. Түүнээс болж чи өөрийн зоргоор гарч, орж чадахаа больж, шоронд орсон мэт амьдарна. Гудамжаар орь ганцаараа юм шиг эрх чөлөөтэй алхаж явсан энгүүн сайхан өдрүүдээ эргэн үгүйлнэ. Алдартай хүмүүсээс асуугаарай. Вольтер дурсамжиндаа энэ тухай бичсэн байдаг. Олны танил болоогүй эгэл нэгэн байхдаа алдаршихын хүслэн болж, он удаан шаргуу хөдөлмөрлөжээ. Эцэст нь тэр Францын сод алдартан болсон юм. Өндөр их нэр хүндээсээ болж өрөөнөөсөө цухуйхад ч бэрх болжээ. Тухайн үед аугаа хүний хувцасны өөдөс ч аливаа муу ёр, барцдаас хамгаалдаг гэсэн мухар сүжиг түгээмэл байв. Хааяа нэг гарах тохиолдолд тэрээр цагдаагийн хамгаалалтан дор гардаг байж. Эс бөгөөс хүмүүс түүн рүү өлөн чоно шиг довтолж, тасар татах шахан дайрдаг байжээ. Алдартай байхын зовлонд цөхөрсөн Вольтер “Ханалаа, боллоо, би бараг алдрын авсанд талийгаач болох нь. Одоо үнэхээр ангижирмаар байна” гэж бурханд залбирах болжээ. Сахиусан тэнгэр гарч ирээд “Тааллаар чинь болъё” гэж хэлсэн бизээ. Аажмаар түүний алдар цуу бүүдийж замхарчээ. Хүмүүс үнэхээр хуйсгануур шүү дээ. Өчигдөрхөн чамайг тахин шүтэж байснаа маргааш нь дэвсэлж нулимна. Алдар хүндийн оргилд байсан хүн хожмын нэг өдөр мартагдсан дууль болдог. Хүмүүсийн санаа бодол цаг агаар шиг хувирч, загвар моод шиг өөрчлөгддөг. Тэр жамаар Вольтерийг хэн ч тоож харахаа больжээ. Буудал дээр адаглаад ганц хүн тосох байлгүй гэж горилсон түүнийг гагцхүү нохой нь тоссон гэдэг. Өнгөрөх үед нь түүний дэргэд гуравхан хүн, тэгээд нохой нь байжээ. Тэрээр эргээд алдар нэрийн мөрөөсөл дунд амьсгал хураасан буй за. Ийм л орчихуйн тойргоор амьдрал хөвөрдөг. Бодол бол зовлон бүтээх механизм гэж болно. Бодлоос гэтэлсэн даруйд ямар ч шалтгаангүй гэнэт жаргалтай болдог. Тэр жаргал амьсгал мэт энгүүн аясаараа байх болно. Ухамсартай, ухамсаргүй, унтаа, сэрүүн аль ч үедээ чи амьсгалсаар байдаг. Жаргал түүнтэй адил. Амгалан жаргал бол чиний мөн чанар, язгуур оршихуй гэж Дорнын мэргэд хэлдэг нь учиртай. Бодлоос сугарч ажих юм бол угаас заяамал амар амгаланг мэдэрч эхэлнэ.

“Би яагаад дандаа ирээдүйг мөрөөдөж явдаг юм бол оо?” гэж надаас асуудаг. Одоо-г амтлахгүй учраас мөрөөдөлд автдаг. Энгүүн тааваараа баясах хором чөлөөг алхам бүрээсээ эр. Моддыг харахдаа зүгээр харц бол. Шувуудын жиргээг сонсохдоо зөвхөн сонор бол. Тэр дууг зүрхэн тольтдоо хүргэж, бүх оршихуйдаа түгээ. Далайн хөвөөнд суухдаа давалгаан хүрхрээтэй нэгд. Давалгаан хүрхрээнд өнгөрсөн ч үгүй, ирээдүй ч үгүй. Түүнтэй нэгэн хэмнэлд орох юм бол чи өөрөө зэрлэг онгон хүрхрээ болно. Модыг тэврээд ногоон өнгө гэрэл, эрчмээр амьсгал. Элсэн дээр хэвтээд хорвоог март. Сэрүүн сэвшээ бүх биеэр чинь долгилог. Голын усанд шумбахдаа голыг өөрийн дотуур урсга. Аливааг таашаах хором бүртээ бүрэн төгс уусч бай. Тэдгээр хором бүхэн бурханаас ирэх анхны илгээлт, сайн мэдээг авчирна.

Сайн мэдээ Библид байхгүй. Харин голын урсгал, далайн давалгаан, оддын аниргүмд бий. Хотол ертөнц өөрөө бурханы илгээлт. Түүнийг тайлж унш. Түүний хэлэнд суралц. Энэ бол энд-одоо байхуйн хэл. Та нарын хэл бол өнгөрсөн, ирээдүйд байхын хэл. Оюун бодлын хэлээрээ яриад байх юм бол чи оршихуйтай хэзээ ч айзам зохицолд орохгүй. Энэ зохицлыг амтлаагүй цагт зүүд мөрөөдөлд автсаар байна. Эгэл хөсрийн чулууг эрдэнэс хэмээн эндүүрч, цүнхээ дүүргэн үүрч яваа үгээгүй хүнтэй адил. “Хөсрийн чулуу үүрч яваад яах гэсэн юм бэ?” гэж түүнд хэлээд нэмэргүй. Намайг зальдаж байна гэж бодно. Өөр юу ч үгүй болохоор үхэн хатан зууралдсаар байна. Тийм хүнд “Наадхаа хая, орхи” гэхийн оронд жинхэнэ маргад эрдэнэ, очир алмаазыг харуулах нь зөв. Жинхэнэ эрдэнэсийг харах агшинд түүний хуурамч эрдэнэс замхарч таараа. Тэр цагт хэлсэн хэлээгүй хөсрийн чулуугаа гаргаж хаях вий. Тийм учир би чамд өнгөрсөн болоод ирээдүйгээс сал гэж хэлэхгүй. Одоо байгаатай илүү холбогдохыг зөвлөнө. Бодит ахуйн сүр жавхланд хуурамч зүйлс аяндаа замхарна.

Нийтлэлч: П.Бадрал

2017-04 сар "Зиндаа" сэтгүүл №04 /504/

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top