Цоодолын Хулан: Би дургүй

2018 оны 01 сарын 16

Та бүхний сэтгэл оюуныг цэнгүүлэх  “Зиндаа найраг” булангийн энэ удаагийн дугаараар Нацагдоржийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Хулангийн "Би дургүй" шүлгийг сонордуулъя.

Уншсан Д.Амартүвшин



БИ ДУРГҮЙ

Цаг гозойж байхад би алс замд гарахгүй

Цангинтал хундага хаг шиддэг Орос занд дургүй

Цайг нь уучихаад аягыг нь хөмрөхөд дургүй

Цагаа олж ухаантнаа хайрладаггүй Монгол занд би дургүй

           Өлийд бүдрээгүй ажнайг магтаалаар булж алахад дургүй

           Үхэлд ч автаагүй баатар эрийг одонгоор дарж авахад дургүй

           Үлгэр нялуун төгсдөг ч сайн хүн зовоход би дургүй

           Үс нь буурал хөгшин намбагүй явбал бүр дургүй ээ

Цэргийн дарга нар согтуу гуйвахад би дургүй

Цэцгэн охид надаас янжуурын гал сургалхад дургүй

Цэмцгэр нь дэндүү харчуул цагаан гартнуудад дургүй

Цэвэр цааснаа шүлэг биш матаас бичихэд бүр дургүй ээ

           Доголон хүний дэргэдүүр би гүйж өнгөрөх дургүй

           Дороо эргэцэх илжиг мэт олны дунд гэлдрэх дургүй

           Ядуусын дунд гангалах дургүй

           Тансаг найран дээр ганцаардах дургүй

            Яруу найрагчийг хэтэрхий урт наслахад яагаад ч юм дургүй ээ

Холоос айсуй морьтон гэнэт өөр зүгт давхихад дургүй

Холбиромтгой ааш уян жаданд дургүй

Нүүрнээс далдуур хүн муу хэлэх

Нүд нь дээр минь гөлөг зодоход бүр дургүй

           Хэтэрхий халуун, хэтэрхий хүйтэнд би дургүй

           Хэтэрхий омголон, хэтэрхий ноомойд дургүй

           Бурханыг нулимах адыг өргөмжлөх дургүй

           Бусдад дагаар орох, адгуусыг тамлахад бүр дургүй ээ

Дургүй бүхнийг минь надад чи үзүүлж ханасан эх орон минь

Дургүйгээ хүртэл хайрлах гэж би хүү чинь болсон

Цайг нь уучихаад аягыг нь хөмөрдөггүй ёсоо бодож

Цаг гозойж байсан ч би тань дээр ясаа тавина даа эх ороон


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ШОУ(202.179.26.195) 2023 оны 03 сарын 02

ЖЕНКОГИЙН ЗӨВЛӨХ САЙХАН ЮМАА.ЗҮГЭЭР ШОУДААД Л

1  |  0
Zochin(175.211.79.96) 2018 оны 01 сарын 17

Alivaa uymig hetruulvel hor bolno.

0  |  0
Top